Монголчуудын нүүдэллэх зан үйлийг дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамныхан мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Нүүдэлчин” наадмын үеэр албаныхан ийнхүү амласан байна. Монголоос дэлхийд бүртгүүлсэн өвийн тоо тун удахгүй нэгээр нэмэгдэж магадгүй гэсэн үг. Ийм жишгээр манай улс байгалийн болон соёлын өвүүдээ дэлхийд бүртгүүллээ л гэдэг. Гэвч тэдгээрийгээ хэрхэн хамгаалдаг нь “нууц” байсаар ирэв.
30 ӨВӨӨ БҮРТГҮҮЛЖЭЭ
Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгджээ. Түүнээс хойш өдий хүртэлх хугацаанд дэлхийн өвийн үндсэн жагсаалтад зургаан газар нутаг, дурсгалаа бүртгүүлээд байна. Тодруулбал, анх 2003 онд Увс нуурын ай сав газрыг бүртгүүлжээ. Харин хамгийн сүүлд өнгөрсөн жил буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолборыг уг жагсаалтад багтаасан юм. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, дахин давтагдашгүй үнэ цэн бүхий дурсгалуудыг эл жагсаалтад оруулдаг.
Үүнээс гадна ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенц гэж бий. Тус конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн болон Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нийт 15 өвөө бүртгүүлээд байна. Үүнд морин хуур, уртын дуу, бий биелгээ, монгол наадам, шагайн харваа, уран бичлэг зэрэг багтдаг. Мөн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн есөн дурсгал бий. Тухайлбал, хамгийн сүүлд өнгөрсөн онд Цогт хунтайжийн хадны бичээсийг дэлхийн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Ингээд тооцвол манай улс нийт 30 өвөө дэлхийд бүртгүүлсэн байгаа юм.
ДУРСГАЛТ ГАЗАРТАА ХОТ БАЙГУУЛНА
“Хархорин гэдэг шинэ хот байгуулахыг дэмждэггүй. Дэлхийн өвд бүртгэлтэй Орхоны хөндийгөө түмэн амьтан шавалдсан бохир хот болгомооргүй байна. Харин эртний нүүдэлчдийн хуучны хотуудаа ойролцоох талбайд нь уг төрхөөр нь сэргээн барьж, жуулчны төв болговол сайн сан”. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын байр суурь. Бас манай улс дэлхийн өвүүддээ хэрхэн хандаж байгаагийн тод жишээ юм. Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг 2004 онд дэлхийн өвийн үндсэн жагсаалтад бүртгүүлсэн. Түүнээс хойших 20 жилийн хугацаанд дорвитойхон хамгаалж чадаагүй атлаа өдгөө хот байгуулж “тоглохоор” бэлтгэж байгаа хэрэг. Хэдийгээр “Хот байгуулах талбай нь соёлын дурсгалаас хол” гэж албаныхан тайлбарласан ч түмэн хүний хөл Орхоны хөндийн соёлын дурсгалуудыг талхлахгүй гэх баталгаа байхгүй.
ХАМГААЛАЛТЫН ГИНЖИН ХЭЛХЭЭ
Олон улсад дэлхийн өвийн менежментийг хэрэгжүүлэхдээ төлөвлөлт-ашиглалт-хамгаалалт гэсэн гинжин хэлхээг баримталдаг аж. Учир нь дэлхийн өвд менежментийн төлөвлөлт маш чухал юм байна. Уг төлөвлөгөөний дагуу өвөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, түүнийхээ орлогоор хамгаалах үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг гэнэ. Жишээ нь, дэлхийн өвийн хамгаалалтын менежментийн тусламжтайгаар тогтвортой, зохистой аялал жуулчлал, орлогын систем бий болгосны үр дүнд түүх, соёлын үнэт дурсгалуудыг сэргээн засварлах, арчлан хамгаалах орчин нөхцөл бүрдүүлдэг аж. Үүний тулд тухайн дурсгалыг дэлхийн өвд бүртгэснийг олон нийтэд сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг юм байна.
Гэтэл манай улс дахь дэлхийн өвүүдийг жуулчид байтугай дотоодын иргэд ч төдийлөн мэддэггүй. Ядаж л үндсэн жагсаалтад бүртгүүлсэн зургаан өвөө таниулан сурталчлахад төр засгаас төдийлөн анхаарсангүй.
20 ЖИЛИЙН ОЙТОЙГОО ЗОЛГОСОН Ч МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ
Манай улс дэлхийн өвүүддээ тун хайхрамжгүй хандаж байгааг судлаачид ч хүлээн зөвшөөрдөг. Тодруулбал, дэлхийн “данс”-нд оруулаад 10 гаруй жил болсон өвүүдийнхээ менежментийг ч өдий хүртэл хийж чадаагүйг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан дурдсан юм. Тэрбээр “Өвөө дэлхийд бүртгүүлэх нэг хэрэг. Түүнийгээ дэлхийн өвийн энтэй тордож, хамгаалах хэрэгтэй. Мөн дэлхий дахинд сурталчлан таниулах чиглэлээр бодлоготой, шат дараатай ажлуудыг хийх шаардлагатай байна. Юуны түрүүнд дэлхийн өвд бүртгэсэн дурсгалт газруудын өнөөгийн байдлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлох ёстой. Гэтэл манай улсаас дэлхийд бүртгүүлсэн ихэнх өвд менежментийн төлөвлөгөө алга. Уг нь менежментийн төлөвлөгөө гаргаснаар түүнийхээ дагуу хамгаалах үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлнэ. Жишээ нь, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлээд 20 жил болж буй атал өдий хүртэл менежментийн төлөвлөгөөгүй. Тиймээс ЮНЕСКО-гоос уг газрыг дэлхийн өвөөс хасах талаар яриад эхэлсэн шүү дээ. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг 2011 онд дэлхийн өвд бүртгүүлсэн. Бас л өдий хүртэл дорвитой хамгаалсангүй” гэсэн байр суурь илэрхийллээ.
ЗАХИРГАА БАЙГУУЛАХДАА Ч ХОЙРГО ХАНДЖЭЭ
Ер нь манай улс өвүүдээ хэрхэн хамгаалах ёстой бол. Энэ үүргийг хэн хүлээх вэ. Цаашлаад өвүүдийн одоогийн нөхцөл байдалд хяналт тавьж, судалгаа хийдэг байгууллага, бий эсэхийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссынхноос тодруулахад “Өвийн газар бүр хамгаалалтын захиргаатай. Тэд өвөө судалж, хамгаалах үүрэгтэй. Манай байгууллагын хувьд ЮНЕСКО-гоос ирүүлсэн мэдээллийг дамжуулж, холбон зуучлах маягаар ажилладаг” гэв. Товчхондоо, тус байгууллагад Монгол дахь дэлхийн өвүүдийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл байсангүй.
Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад бүртгэсэн зургаан дурсгалт газраас одоогоор тав нь хамгаалалтын захиргаатай юм байна. Манай улс дэлхийн өвийн хамгаалалтын захиргаа байгуулахдаа ч тун хойрго ханддагийн жишээ нь энэ. Тухайлбал, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг 2011 онд дэлхийн өвд бүртгүүлсэн ч долоон жилийн дараа л хамгаалалтын захиргааг нь арайхийн байгуулсан аж. Мөн Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааг дэлхийн өвд бүртгүүлснээс хойш гурван жилийн дараа буюу 2018 онд байгуулжээ. Хамгийн сүүлд бүртгүүлсэн буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор нь одоогоор хамгаалалтын захиргаагүй. Ер нь буган чулуун хөшөөнүүд мөддөө хамгаалалтын захиргаатай болохгүй шинжтэй.
Бас хамгаалалтын захиргаа байгуулсан ч ахиц дэвшил төдийлөн гардаггүй нь одоогийн нөхцөл байдлаас харагдана. Тухайлбал, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааныхан 11 300 га талбайг хариуцдаг. Үүнд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус гэсэн хоёр сум дахь хадны зургууд хамаарч байна. Гэтэл хамгаалалтын захиргаанд ажилладаг хүний тоо дөнгөж 10 гаруй. Тиймээс дэлхийн өвөө хамгаалахад тэдний хүч хүрэх, эсэх нь эргэлзээтэй санагдаж буй юм.
ХУУЛЬ БАЙГААД Ч ХЭРЭГ АЛГА
Манай улс уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуультай. Тус хуулийн дагуу Дэлхийн өвийн үндэсний хороо үйл ажиллагаа явуулдаг. Хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газраас батлахаар дээрх хуульд заажээ. Засгийн газраас 2018 онд 251 дүгээр тогтоолоороо Дэлхийн өвийн үндэсний хорооны ажиллах журмыг баталсан нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байна. Журам ёсоор бол үндэсний хороог Гадаад харилцааны дэд сайд даргална. Хорооны бүрэлдэхүүнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, байгалийн болон соёлын өвийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оруулахаар заажээ. Өнгөрсөн зургаадугаар сард болсон сонгуулийн үр дүнд байгуулсан хамтарсан Засгийн газар дэд сайд наргүй ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор үндэсний хороог хэн даргалах нь тодорхойгүй болжээ.
Бас Засгийн газраас баталсан журамд тун сонирхолтой нэг заалт бий нь 2.3-т дурдсан “Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна” гэдэг нь юм. Ерөөсөө манай улс дэлхийн өвүүдээ хамгаалах ажлыг хурлаар хязгаарлачихсан гэсэн үг. Үнэхээр ч үндэсний хороо байгуулагдсан цагаасаа хурал хийхээс өөр гавьяа байгуулсангүй. Түүнчлэн өвийн хамгаалалтын захиргаадын ажил ч хурлаас хэтрэхгүй нь элбэг аж. Саяхан л гэхэд Дэлхийн өв-Орхоны хөндийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас 20 жилийнхээ ойн хурлыг зохион байгуулах жишээтэй. Харамсалтай нь, хэчнээн хуралдаад ч өвүүдийн хамгаалалт сайжирдаггүй нь бодит үнэн.
ХАСАГДАХ ЭРСДЭЛ
Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу салбарын яам нь дэлхийд бүртгүүлсэн өвүүдээ хадгалж хамгаалах арга хэмжээ авахаар Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан байдаг. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамныхнаас дэлхийн өвүүддээ хэрхэн анхаардаг талаар лавлахад хариулт өгөхийг хүссэнгүй. Яамнаас гадна өмнө дурдсан үндэсний хороо, бас өвийн захиргаад, Соёлын өвийн үндэсний төв гэх мэтээр дэлхийн өвүүдэд санаа тавих газар, төрийн байгууллага манайд цөөнгүй. Харамсалтай нь, хийж хэрэгжүүлдэг, бодит үр дүн гаргадаг байгууллага л алга.
Бид ийм байдлаар алгуурласаар байвал дэлхийн өвүүдээ “алдах” эрсдэлтэй. Британийн колоничлолын үеийн дурсгалд тооцогддог Ливерпүүл хотын боомтын хуучин дүр төрх дахин сэргэх боломжгүйгээр эвдэгдэж, түүхэн үнэ цэнээ гээсэн тул дэлхийн өвийн жагсаалтаас хасахаар болсныг ЮНЕСКО-гоос 2021 оны долоодугаар сард зарласан жишээ бий. Түүхэн дурсгалуудын дунд барилга, байгууламж олноор барьсан нь дэлхийн өвөөс хасах шалтгаан болжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагынхан төр засгаа “Дэлхийн шившиг” хэмээж байсан билээ.