“ТҮК-ийн ажилчид шүүр барьж зогсохоо болино. Ажилчдын шүүрийг том тоос сорогчоор солино” гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байлаа. Ингээд төд удалгүй буюу тавдугаар сарын 2-нд нь 20 ширхэг тоос сорогч оруулж ирснээ зарлан, төв талбайд сүртэй гэгч нь байрлуулан, олон нийтэд танилцуулж, бас хог соруулах “сургуулилалт” ч хийсэн. Гэвч энэ нь сонгууль угтсан шоу байсан нь төд удалгүй тодорхой болсон билээ. Тодруулбал, сүр дуулиантай гэгч нь авсан тоос сорогчуудынх нь сураг алдарч, ТҮК-ийн ажилчид өмнөх янзаараа дэрсэн шүүрээ барьж, хотын зам, талбайгаар тоос, шороо татуулсаар байв.
Гэтэл өнөөх тоос сорогчууд өчигдрөөс гэнэт л гараад ирцгээв. Хав дарчихсан байсан төхөөрөмжүүдээ ийнхүү гаргаж ирсэн нь иргэдийн шүүмжлэл газар авсантай холбоотой байлаа. “Сонгуулийн өмнө дэрсэн шүүрийг тоос сорогчоор солилоо гэсэн. Хаана байна аа, тоос сорогч нь”, “XXI зуунд дэрсэн шүүр ашиглаж үлдсэн ганц улс боллоо. Зам цэвэрлүүлэх гэж авсан жижигхэн машинууд нь эвдрээд дууссан юм байх даа. Эсвэл хогоо цэвэрлэж дийлэхгүй байгаа юм уу” гэх мэтээр иргэд шүүмжилсээр байна.
Үнэхээр бухимдахаас ч аргагүй нөхцөл байдал нийслэлд үүсээд буй. Зуны хугацаанд өчнөөн олон удаа үерт автсан, ариутгал, халдваргүйжүүлэлт ч олигтой хийгээгүй гудамж, талбай дахь тоосыг ТҮК-ийн ажилтнууд дэрсэн шүүрээрээ хаа сайгүй цацах болсон нь бодит үнэн. Ямар сайндаа л иргэд “Гэр хорооллын жорлонгийн бохирдлоор “баяжсан” шороогоор бид амьсгалж байна. Арга хэмжээ аваач ээ” гэж хашхирах вэ дээ.
Улмаар хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр гудамж, талбайгаар явцгаан, өнөөх тоос сорогчуудаа ч гаргаад ирлээ. Орон нутгийн сонгууль ойртож, дарга нарын чих ийнхүү зөөлөрчээ. Тэд өөрсдийгөө өмөөрч, арьсаа хамгаалан, бүх асуудлыг дүүргийнхэн, бас ТҮК-ийн ажилтнуудад үүрүүлэхээр гоншигнож эхлэв. “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болсон. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчилж буй. Гэвч тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглахгүй, цагийн зохицуулалт буруугаас үүдэн ажлын цаг эхэлсэн үед зам, талбай цэвэрлэн, шороо босгосоор байна. Тиймээс хот, нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цагийн зохицуулалт хийн, шинэ техник, хэрэгсэл ашиглахыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дүүргийн менежерүүдэд үүрэг болголоо” гэж нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлсэн.
Түүнчлэн хотын дарга “Дүүргийн удирдлагууд болон ТҮК-ийнхан машин, тоног төхөөрөмжөө сайжруулах, 06.00 цагаас өмнө цэвэрлэгээ, үйлчилгээгээ хийх, авсан тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглах чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлагатай. Энэ онд багтаан БНХАУ-аас хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай 39 техник, тоног төхөөрөмж оруулж ирнэ. Үүнийг дүүргүүдэд хуваарилна” гэж мэдээлжээ.
Дарга нарын энэ мэт шоу, худал амлалтыг хойш тавиад, яг бодит нөхцөл байдлыг харвал манай хотын ТҮК-ийнхан ер нь ойрын хугацаанд дэрсэн шүүрээсээ салж чадахааргүй аж. Тухайлбал, тоос сорогчийнхоо тоог Засаг даргын хэлснээр 39-өөр нэмлээ ч Улаанбаатар хотын 1100 км гаруй авто замаас эхлээд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж дийлэхгүй юм билээ. Хотын дарга “Дэрсэн шүүрийг хална” гэх худал амлалтаар биднийг хуураад байна гэсэн үг.
Тэгэхээр ТҮК-ийнхан цаашид ч дэрсэн шүүрээ ашигласаар байх нь. Үүнийг нотлох бас нэг жишээ бол Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас энэ онд 5400 дэрсэн шүүр авахаар тендер зарласан явдал. Уг ажилд 81 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Нэг шүүрийн үнэ 15 000 төгрөг. Зөвхөн нэг дүүрэг л жилд 100 орчим сая төгрөгийг дэрсэн шүүрт зарцуулаад, түүнээс нь шалтгаалж иргэд бохир орчинд амьдран, гудамж, талбайгаар явахад ч хэцүү болдог аж.
Бэлтгэсэн М.Оч