Компьютер томографи, MRI, дурангийн ажиллавар зэрэг өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс хаана хандах учраа олохгүй мухардалд хүрэх нь бий. Ямар оношийг нь тодруулахаар, яагаад энэ шинжилгээг хийлгэ гэснийг ч сайн ухаж ойлгоогүй байх нь цөөнгүй. Учир нь энэ төрлийн үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагууд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л үзүүлдэг учир иргэд төдийлөн мэддэггүй. Тодруулбал, компьютер томографи (КТ) гэдэг нь тусгай зориулалтын рентген туяагаартөрөл бүрийн өнцгөөс хүний биеийг нэвтэлсэн цацрагийг цахим тоолуурын тусламжтайгаар зураг болгон хувиргах шинжилгээний арга юм. Харин нь аливаа өвчин эмгэг компьютер томографийн шинжилгээгээр илрээгүй тохиолдолд соронзон резонанст томографи буюу MRI хийдэг байна. Энэ шинжилгээ нь эсийн түвшинд гарсан өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн соронзон чанарын хэлбийлтийг бүртгэж, дүрс болгон хөрвүүлдэг аж.
Сүүлийн жилүүдэд MRI, компьютер томографи хийлгэх хүний тоо нэмэгдсэн гэх. Энэ нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт иргэдийг нийтээр нь хамруулсантай холбоотой аж. Эрт илрүүлгээр ямар нэгэн өвчний сэжүүр илэрсэн иргэн оношоо тодруулах, цаашлаад эл төрлийн үйлчилгээг авч буй. Нөгөө талаас төдийлөн шаардлагагүй тохиолдолд иргэдийг өндөр өртөгтэй шинжилгээ хийлгэ гэх эмч нарын хийрхэл байж мэдэх. Жишээ нь, нэгэн сумын эмнэлгийн эмч 30 настай Т-г “Оношоо тодруулж ир, MRI заавал хийлгэ” гээд Улаанбаатар хот руу явуулжээ. Багагүй зардал, чирэгдэл болж нийслэлд ирсэн тэрбээр уг оношилгоог улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хийлгэх гэтэл цаг олдсонгүй. “1-2 сарын дараа, эсвэл урвалж бодис байхгүй, эвдэрсэн” гэх танил үгс сонсжээ. Арга ядаад нэгэн хувийн эмнэлэгт очтол эмч нь MRI хийлгэх шаардлагагүй гэсэн аж. Нэг эмчийн үзлэг, эмчилгээг нөгөөх нь үгүйсгэдэг, өөр эмнэлэгт өгсөн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөггүй. Заавал өөрийн эмчдээ үзүүл, дахин шинжилгээ өг гэж шаарддаг явдал хэрээс хэтэрсний нэг жишээ нь энэ. Монгол Улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн стандарт үйлчлэхгүй байгаагийн тод жишээ юм.
Манай улсад өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг улсын хоёр, гуравдугаар шатлалын болон нэр бүхий хувийн эмнэлгүүдэд үзүүлж буй. Өөрөөр хэлбэл, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Монгол, Японы эмнэлэг зэрэг урдаа барьдаг бүхий л эрүүл мэндийн байгууллага уг тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн хувийн хэвшлийн цөөнгүй эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулжээ. Тухайлбал, “Гурван гал”, “Ачтан”, “Грандмед”, “Номун”, “Мөнгөн гүүр”, “Улаанбаатар сонгдо”, “Асралт мед”, “ЭМЖЖ”, “Юнимед” зэрэг хувийн хэвшлийн эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар үйлчилж буй аж. Гэвч эдгээрээс хэдэд нь тоног төхөөрөмж, урвалж бодис, хүн хүч бий бөгөөд иргэдэд чирэгдэлгүй үйлчилж байна вэ.
Өндөр өртөгтэй оношилгооны багцад MRI, компьютер томографи, дурангийн оношилгоо, ажиллавар, судсан доогуур болон судасны бус ажиллавар, цөмийн оношилгоо, зүрхний ЭХО, холтер, цахилгаан бичлэг, электромиог рафи (булчингийн цахилгаан бичлэг) багтаж буй. Үүн дээр нэмээд өндөрт өртөгтэй шинжилгээнүүд багтдаг. Гэхдээ өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг амбулаторийн тусламж, үйлчилгээний багцад оруулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-өөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, журмыг байсхийгээд л өөрчилдөг. Энэ нь эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа улсын эмнэлгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл, чирэгдэл учруулах болжээ. Тухайлбал, ЭМДҮЗ-өөр Багц төлбөрийн хэмжээ, журам батлах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Жишээ нь, компьютер томографи, MRI зэрэг өндөр өртөгтэй оношилгооны өртгийг “Амбулаторийн тусламж, үйлчилгээний багц” гэдэгт “шингээжээ”. Үүнд эмчид үзүүлэхээс эхлээд, оношлуулах, шинжилгээ өгөх гээд бүх л тусламж, үйлчилгээг хамаатуулах аж. Энэ багц тусламжийн өртгийг ЭМДЕГ-аас бага дүнгээр тогтоосон нь улсын эмнэлгүүд алдагдалтай ажиллахад хүргэж байна хэмээн ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү ярьсан юм. Тэрбээр “Өндөр өртөгтэй шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхэд үнэлгээ нь бага учраас улсын эмнэлгүүд алдагдалтай ажиллаж байгаа. Тухайлбал, компьютер томографи, MRI гэхэд 280, 550 мянган төгрөгийн өртөгтэй. Гэтэл үүнийг ЭМДЕГ-аас 152 мянган төгрөгөөр тогтоосон. Хавдрын өвчтөнд компьютер томографи, MRI-г заавал тодосгогчтой хийдэг. Үүнээс гадна өөр олон тооны нэмэлт ажиллагаа ордог учраас энэ тогтоосон төлбөр нь хүрэлцдэггүй” гэв. Тэр ч бүү хэл, ХСҮТ амбулаторийн тусламж, үйлчилгээ буюу багцаас шалтгаалж нэг сард 500 сая төгрөг алдаж буйгаа учирласан юм.
Энэ жишиг эрүүл мэндийн даатгалаар зарим, төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ч хамаатай. Тиймээс тэд компьютер томографи, MRI зэрэг өртөг өндөртэй шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар бус, иргэдээс бүтэн төлбөр аван хийхийг илүүд үзэж байна. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр MRI хийлгэе гэхээр “Цаг байхгүй. Дараалал ихтэй” гэх хэрнээ төлбөр тооцоогоо бэлэн өгөх иргэдэд шуурхай үйлчилдэг. Өнөөх олддоггүй цаг нь “нөөц”-нд байдаг нь хачирхалтай.
“Эрүүл мэндийн даатгалаар компьютер томографи, MRI хийх эмнэлэг байна уу” гэх зар цахим орчинд дүүрэн юм билээ. Тэр ч бүү хэл, MRI, КТ хийлгэх хүмүүсийн нэгдсэн зөвлөгөө, мэдээллийн цахим хуудас цөөнгүй бөгөөд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг асууж сурагласан иргэн олон ажээ. Толгой, нуруу, хэвлий, бага аарцаг гэх мэт эрхтэн тус бүрд оношилгооны цаг, арга барил өөр бөгөөд тодосгогч бодистой болон тодосгогчгүй зэргээс шалтгаалан харилцан адилгүй өртөгтэй. Жишээ нь, хувийн эмнэлгүүдэд компьютер томографи 120-270, MRI 350-500 мянган төгрөгийн үнэтэй. Ийм өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг иргэд ихэнхдээ хувийн эмнэлгээс авч байна. Улсын эмнэлгийн дараалал нь гүйцэгдэхгүй тул халааснаасаа мөнгө гаргаж, хувийн эмнэлэг барааддаг. Гэтэл хувийн хэвшлийн нэр бүхий эмнэлгүүд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан хэрнээ иргэдийн халааснаас “давхар” мөнгө авч буй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалаар санхүүжиж буй тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ өвчтөнөөс төлбөр авах ёсгүй. Гэтэл ийм байдал хувийн эмнэлэгт газар авчээ. Улсын эмнэлгийн хүнд суртал, хүлээгдлийг дийлэхгүй иргэд хэдэн төгрөгөө бариад хувийнхыг барааддаг. Үүнд нь дөрөөлж хувийн эмнэлгүүд MRI, компьютер томографи зэрэг өртөг өндөртэй шинжилгээ хийхдээ эрүүл мэндийн даатгалаас санхүүжихийн зэрэгцээ иргэдэд хөнгөлөлттэй бус үнээр үйлчилж байна. MRI хийлгэхийн тулд хагас сая төгрөг халааснаасаа гаргах, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлж, зөрүү мөнгийг нь сарвайх хоёр хүний алинд нь нааштай хандах нь ойлгомжтой. Гэвч хууль, журмын дагуу энэ төрлийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр гэрээ байгуулсан л бол ном ёсоор нь ажиллах ёстойг албаныхан хэлж буй юм.
Онош нь тодорхойгүй хэрнээ зовуурь ихтэй, нарийн оношилгоо, шинжилгээ зайлшгүй шаардлагатай иргэд эмчийн заавраар MRI, компьютер томографи хийлгэдгийг тодотгоё. Удаан хугацаагаар ханиалгах, хөлрөх, халуурах, ядрах, турж эцэх, толгой өвдөх, хорт зуршил ихтэй болон суурь өвчтэй, ЭХО, цус, шээсний шинжилгээнд ямар нэгэн сэжигтэй өөрчлөлт гарсан тохиолдолд дээрх оношилгоо хийлгэх шаардлагатай гэж үздэг. Нэг үгээр хэлэхэд, “улаан гэрэл ассан” үедээ хүмүүс эл төрлийн тусламж, үйлчилгээг авдаг байна. Ийм үедээ хэн улсын эмнэлгийн урт дарааллыг хүлээж, цаг алдахыг хүсэх вэ. Ингээд л хувийн эмнэлэгт ханддаг. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг иргэд бүрдүүлж буй. Мөнгийг нь эргээд хуваарилахдаа иргэдэд ээлгүй байдлаар тарааж байгаа нь харамсалтай. Боломж бололцоо тааруу иргэд л улсын эмнэлэгт үзүүлж буй. Дарга нар хувийн эмнэлэг, цаашлаад хил дамнаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаг учраас нөхцөл байдал тэдэнд огт хамаагүй биз.
Улсын эмнэлгүүдийн MRI, компьютер томографийн тусламж, үйлчилгээний цаг хэдэн сарын дараа байх нь энгийн үзэгдэл. УНТЭ-ийн MRI шинжилгээнд хамрагдах гэсэн иргэд энэ сард багтахааргүй болсон гэнэ. ГССҮТ-ийнхөн ч ялгаагүй үйлчлүүлэгчээ хувийн эмнэлэгт зургаа авхуулчхаад ир гээд явуулдаг. Тус эмнэлгийн ойролцоо байрладаг “Мөнгөн гүүр”-т MRI, компьютер томографийн шинжилгээнд хамрагдах гэсэн иргэдийн цуваа тасардаггүй юм билээ. Үйлчлүүлэгч төлбөрөө төлсөн тохиолдолд энэ төрлийн тусламж ямар нэгэн дараалал, хүлээлтгүй авдаг хэрнээ эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх гэхээр цаг байдаггүй сонин жишиг энд ч мөн ялгаагүй. Тус эмнэлэг улсынхтай адил олны хөлд дарагддаг болсон учраас лавлах утсаа ч авахаа байсныг иргэд шүүмжилж буй. MRI, компьютер томографийг заавал эмчийн бичигтэй хийх бөгөөд иргэд өөрсдөө очиж цаг авахыг шаарддаг байна. Ялангуяа орон нутгаас зорьж ирсэн иргэд олон хоног хүлээж хүчрэхгүй тул аргагүйн эрхэд мөнгөө төлөөд уг тусламж, үйлчилгээнд хамрагддаг ажээ. Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, эм, тарианы үнийг хөнгөлж, иргэдийн ачааг буурууллаа гэж сайд, дарга нар сайхан ярьдаг ч хөрсөндөө буусангүй. Эрүүл мэндийн даатгал төлснийхөө ашиг тусыг хүртэж чадаагүй иргэд олон. Ингэж нэрэн дээрээ даатгалаар үйлчилдэг гэх хэрнээ нидэр дээрээ иргэдийн халаасанд гар дүрдэг давхар санхүүжилттэй хувийн эмнэлгүүдэд хяналт хэрэгтэй байна, Эрүүл мэндийн сайд аа.