Сурагчид өдөр бүр нэг ижил хувцас өмсөх нь хүүхдийн тэгш эрхийн мэдрэмжийг нэмэгдүүлж, сургуулийн орчинд амьдралын ялгаатай байдал үүсгэхгүй, өмссөн зүүснээрээ өрсөлдөхгүй, нэгнээ шоглох, доромжлох үйлдэл буурна гэж үздэг. Манай улс 2011 онд “MNS6232:2011 сурагчийн дүрэмт хувцасны хагас ноосон даавуу. Техникийн шаардлага” гэх стандартыг баталсан юм. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2013 онд Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталсан билээ. Тогтоолын дагуу 2013-2014 оны хичээлийн жилээс үндэсний үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцсыг зах зээлд нийлүүлж эхэлсэн. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэн төлөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээлээр олгожээ. Үндэсний үйлдвэрүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эрүүл мэндэд хоргүй, чанартай материалаар хүүхдийн биед тохирсон хөнгөн, дулаахан, хөдөлгөөнд нь саадгүй хувцас үйлдвэрлэж байна уу.
ХЯТАД ХУВЦАС ЗАХ ЗЭЭЛД ХҮЧ ТҮРСЭН ХЭВЭЭР
Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Хүүхдэдээ ямар үйлдвэрийн дүрэмт хувцас сонгох вэ гэдэг нь эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог. Үндэсний үйлдвэрээ дэмжиж, дотоодынхоо дүрэмт хувцсыг авъя гэхээр жил бүр үнэ нь тэнгэрт хаддаг байна. Гэтэл үнэ өсөхийн хэрээр чанар нь сайжирдаггүй аж. Иймд иргэд урд хөршийн үйлдвэрлэсэн, зах, худалдааны лангуу дүүрэн өрөөстэй хятад хувцаснаас сонгохоос аргагүйд хүрдэг. “Эрээнээс охиныхоо сарафаныг монгол төгрөгөөр 15 мянга хавьцаа үнээр авчихлаа. Энд хэд дахин үнэтэй шүү дээ. Ямар насаараа өмсөх биш” гэж нэгэн ээж ярьсан юм. Түүн шиг үнэ хямдыг нь бодож, БНХАУ-д үйлдвэрлэсэн дүрэмт хувцас худалдан авдаг хүн цөөнгүй. 2-3 хүүхэд нь сургуульд сурдаг, туршлагатай ээж нараас дүрэмт хувцас сонгохдоо юуг анхаардаг талаар бяцхан тандалт хийж үзлээ. Тэдний санал хоёр талд хуваагдсан юм. Нэг хэсэг нь үндэсний үйлдвэрийнх нь илүү чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэв. Харин нөгөө хэсэг нь Монголд үйлдвэрлэсэн нь ялгаагүй чанар муутай хэрнээ өндөр үнэтэй. Бараг хятад нь дээр” гэцгээж байв. Тухайлбал, “Эхний хэдэн жил монгол үйлдвэрийнхийг авдаг байсан. Сүүлдээ хятадыг авдаг болсон. Ер нь аль алинаас нь авч, ээлжлээд өмсгөдөг. Ахлах ангийн хүү жилдээ гурван өмд, цамц сольж байна. Дунд ангийн охин хавар бас дахиад шинийг авсан” гэж иргэн С ярьсан юм. “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр чанар муутай. Цамц нь хурдан өнгөө алдаж, урагдана. Өмд, хүрэм нь үрэлтээд, хүүхдийн биед эвтэйхэн биш. Хятад цамц авсан. Харин гадуур хүрэмнийх нь оронд өөр аятайхан цамц авдаг” гэж нэгэн ээж хэлэв. “Урд хөршийн дүрэмт хувцас хүүхдийн биед сөрөг нөлөөтэй, хөлс гадагшлуулдаггүй. Индүүдэхээр сонин үнэр гардаг” гэх нэгэн ч байв. Харин ч хятад цамц нь угааж, индүүхэд илүү амар гэж магтах хүн ч таарсан.
Уг нь иргэдийн дунд ийм эргэлзээ үүсэх ёсгүй байв. Сурагчдыг чанартай, үнэ боломжийн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хагас ноосон материалтай хувцсаар хангах үүргийг аль10 жилийн өмнө Засгийн газраас үндэсний үйлдвэрүүдэд өгсөн. Харамсалтай нь, үйлдвэрүүд эл үүргээ цалгардуулжээ. Сүүлийн жилүүдэд Хятадад үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг илүүд үзэх хандлага ажиглагдах болсон нь үндэсний үйлдвэрүүд “зах зээл”-ээ алдаж буйн бодит жишээ. Ялангуяа орон нутгийн иргэдийн олонх нь хятад хувцас сонгож байна. Угааж цэвэрлэхэд хялбар, үнэ хамаагүй хямд, олдоц сайтай учраас тэр гэнэ. Улсын хэмжээнд хэчнээн сурагч Монголд, хэд нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хувцас өмсөж байна вэ гэх тоо баримт, судалгаа алга. Гэвч захын сургуулиар ороод үзэхэд хүүхдүүд ихэвчлэн хятад форм өмссөн харагддаг. Урд хөршид үйлдвэрлэсэн цамц илүү тод өнгөтэй, хүрэмнийх нь энгэр дэх “ЕБС” гэх тэмдэг нь том байдаг.
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ИЖ БҮРДЛЭЭРЭЭ 168-234 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 771 мянган хүүхэд суралцжээ. Эдгээр хүүхдийн дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрийн 10 орчим компани оёсон байна. Энэ хичээлийн жилд “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Өүлэн менч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрд сүлж”, “Шүтэн уул” зэрэг найман компани сурагчдыг дүрэмт хувцсаар хангах юм. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, ноос агуулсан даавуун материалтай, дотоодын оёдлын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцастай болгохыг салбарын яам болон боловсролын байгууллагуудаас үүрэгдсэн. Харин оёдлын үйлдвэрүүд 2013 оноос эхлэн хамтран ажиллаж, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж буй бөгөөд хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр худалдах гэнэ. Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг энэ сарын 1-нээс эхлүүлээд байна.
Манай улс сурагчийн дүрэмт хувцас, техникийн шаардлагыг 2019 онд шинэчилсэн бөгөөд хувцасны дулаан хадгалах, материалын агаар нэвтрүүлэх, чийг шингээх чадвар зэрэг хүний эрүүл мэндийн аюулгүй байдалд нийцсэн байхаар тусгажээ. Харин БНХАУ-д үйлдвэрлэсэн хувцасны чанар, материал стандартын дагуу, эсэхийг хэлэхэд бэрх. Монголд дүрэмт хувцас худалдан авах зах зээл бий учраас Хятадын олон үйлдвэр үүнд гар бие оролцож буй. Манай улсад анх сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж эхэлсэн цагаас л “дуураймал”-ууд “Нарантуул”, “Хар хорин” захыг эзэлсэн. Одоо хаа сайгүй худалдаж буй. Хятадын аль компани үйлдвэрлэснээс хамаарч үнэ нь харилцан адилгүй. Тухайлбал, нэг цамц нь дунджаар 25 мянган төгрөгийн үнэтэй. Харин монгол цамц 35-40 мянга. Жишээ татаж үндэсний хоёр үйлдвэрийн дүрэмт хувцасны үнийг сонирхуулъя. “Шилмэл загвар” компанийн бага ангийн сурагчийн цамц 35 000, сарафан (охин), хүрэм (хүү) 78 000, өмд 49 000, зангиа 6000 төгрөгийн үнэтэй байна. Дунд ангийнхны хүрэм 95 000, юбка 56 000, өмд 60 000, цамц 38 000, зангиа 9000 төгрөг. Харин ахлах ангийхны хүрэм 108 000-120 000, юбка 58 000, өмд 65 000, цамц 40 000, зангиа 9000 төгрөгөөр худалдаж байна. Тэгвэл“Бүтээлч үйлс” компанийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны үнэ ханш “Шилмэл загвар”-ынхтай ойролцоо байв. Иж бүрдлээр нь авч үзэхэд “Бүтээлч үйлс” компанийн үйлдвэрлэсэн бага ангийн дүрэмт хувцсыг 116-165, дунд ангийнхыг 192-196, ахлах ангийнхыг 211-230 мянган төгрөөр тус тус худалдаж буй аж. Үнэ ханшийн тухайд өнгөрсөн оныхоос нэг их нэмэгдсэн зүйл ажиглагдсангүй. Бусад үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны үнэ дээрх хоёр компанийнхаас нэг их зөрөхгүй. Хэлэлцэж тохирсон мэт ойролцоо үнэтэй байдаг бөгөөд 2000-3000 төгрөгийн зөрүү гарах тохиолдол бий. Хамгийн гол нь иргэд аль нь чанартай материалаар хувцас урлаж буй, эсэхийг мэдэхгүй учир сонголтоо хийхдээ төөрөлддөг ажээ. Зарим компани БНСУ-аас материалаа захиалж хувцсаа оёдог гэдэг. Ингэхдээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн импортлох үүрэгтэй.
БАГА АНГИЙН ХҮҮХДҮҮД ПОЛО ЦАМЦ ӨМСӨХ ҮҮ
Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр шуурхай хуралдаан зарласан юм. Хуралдааны үеэр хөндсөн асуудлуудын нэг нь сурагчдын дүрэмт хувцастай холбоотой байв. Өмнөх шуурхай хуралдааны үеэр ч энэ асуудлаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг, чиглэл өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, бага ангийн хэмжээнд дүрэмт хувцсыг поло цамц гэх мэт сонголттой болгох талаар санал авч буй аж. Ингэхдээ стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж танилцуулахыг хариуцсан хүмүүст нь даалгажээ. Ийм сураг сонссон зарим хүн бага ангийн хүүхдүүддээ дүрэмт хувцас авах гэж яарахгүй алгуурлаж буйгаа учирласан.
Сурагчдын дүрэмт хувцасны загвар, материалын сонголт нь үйлдвэрлэсэн цагаасаа л хэл ам дагуулсан гэхэд хилсдэхгүй. Хүүхдийн биед тухгүй, хөдөлгөөнд нь саад учруулдаг, хэт нүсэр хэмээн шүүмжлүүлсээр өдий хүрсэн ч засаж, сайжруулсангүй. “Ноосны агууламжтай, эко учраас материал нь үрэлтдэг. Эрс тэс уур амьсгалтай улсад хүүхдийн хувцас дулаахан байх ёстой” гэсэн тайлбараар үндэсний үйлдвэрлэгчид ам хааж ирсэн. Хэдий тийм байж болох ч хүүхдийн биед эвтэйхэн байх загварыг эрэлхийлж болмоор. Бусад улсын жишгээс харахад сурагчийн дүрэмт хувцас биед эвтэйхэн, тухтай байх нь хамгийн чухалд тооцогддог. Тиймээс поло футболка, цамц нь хүүхдэд тээргүй, хөнгөн, бас үзэмжтэй гэж үздэг байна. Манай улсад хувийн хэвшлийн сургуулийн сурагчид поло цамцаар ижилсээд багагүй хугацаа өнгөрч буй. Харин энэ удаад улсын сургуулийнхыг хамруулах, эсэх нь удахгүй тодорхой болох нь. Цаг тулсан энэ үед бага ангийн сурагчдыг үндэсний үйлдвэрийн поло цамцаар хангаж чадах, эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар оёдлын үйлдвэрүүдэд ямар нэгэн мэдэгдэл өгсөн үү гэдгийг зарим компаниас тодруулсан юм. Тухайлбал, “Төмөр трейд” компанийнхан “Бидэнд яамны зүгээс ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй. Зарим хувийн сургуулийн захиалгаар поло цамц оёж байгаа. Гэтэл БНХАУ-аас поло оруулж ирээд хямд үнээр зарж байна. Тэр нь нийлэг материалтай, харшил үүсгэдэг, хөлөргөдөг. Харин бид хөвөн даавуугаар хувцсаа оёдог. Хилээр даавуу оруулж ирэхэд дээж авч, лабораторид шинжилдэг хэрнээ дүрэмт хувцсын чанарыг шалгадаггүй” гэв. Улс орнууд батлан хамгаалах салбар болон хүүхдийн хувцасны үйлдвэрлэлдээ онцгой анхаардаг байна. Хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой учир өөрийн эх орондоо үйлдвэрлэсэн, найдвартай, чанартай хувцсыг илүүд үздэг гэдгийг үндэсний үйлдвэрлэгчид хэлснийг тэмдэглэхэд илүүдэхгүй биз.