Суралцахын зэрэгцээ ажил хийж, хэрэглээнийхээ мөнгийг олдог оюутан залуус олон бий. Тэд ихэнхдээ цагийн ажил хийдэг. Ингэхдээ өөрийн цаг завд тааруулан хэд хэдэн байгууллагад зэрэг ажиллах нь элбэг. Гэвч зарим аж ахуйн нэгж тэдний хөдөлмөрлөх эрхийг зөрчих, цалинг нь олгохгүй байх, ажлын байрны дарамт үзүүлэх зэрэг асуудал тулгарах нь түгээмэл гэнэ. Тэр бүрд оюутнууд хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүйгээс, бас асуудлыг дэвэргэхээс зайлсхийж өөрсдөө хохироод үлддэг байна. Эдгээр тохиолдолд ямар арга хэмжээ авах шаардлагатайг болон оюутнуудад түгээмэл тулгамдаад буй асуудлыг тодруулахыг зорилоо.
Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмаар тусгайлан зохицуулдаг юм байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ч үүнтэй холбоотой заалт бий. “Оюутны цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь түүний сурч боловсрох нөхцөлийг хязгаарлахааргүй байна. Ажлын цагийн хязгаарлалт нь их, дээд сургууль, коллежийн оюутны улирлын амралтын хугацаанд хамаарахгүй” гэж Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журамд заажээ. Мөн энэхүү журамд 100-гаас дээш ажилтантай хувийн хэвшлийн байгууллага хөдөлмөр эрхлэгчдийнхээ таван хувьтай тэнцэхүйц тооны цагийн ажилтны орон тоо гаргаж, оюутныг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахыг ч тусгасан байгаа юм. Түүнчлэн оюутан авч ажиллуулах боломжтой сул орон тооны талаарх мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид хүргүүлэх ёстой гэж дурджээ. Дээрх байгууллагууд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг хүлээн авч, их, дээд сургууль, коллежийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэх төвүүдэд мэдэгдэх ёстой аж.
Оюутнууд цалин хөлсөө авч чадахгүй хохирч буйтай холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхнаас лавлахад “Засгийн газрын 2020 онд баталсан 228 дугаар тогтоолын дагуу оюутны хөдөлмөр эрхлэлтийг зохицуулна. Хэрэв оюутнууд ажлын хөлсөө авч чадаагүй тохиолдолд дээрх журмын дагуу буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Мөн бид бодлогын түвшинд журмын төслөө шинэчлэн батлахаар болсон” гэв.
Ер нь суралцагчийг мэргэжлийнх нь чиглэлийн дагуу ажилд зуучлах үүргийг сургуулийнх нь харьяа Оюутны хөдөлмөр эрхлэх төвийнхөн хүлээдэг аж. Гэтэл ийм төв одоогоор зөвхөн төрийн өмчит их сургуулиудад л байна. Тэдгээр нь ч дорвитой үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд байгууллагуудын ажлын зарыг хааяа л цахим хуудсандаа хуваалцахаас илүүг хийдэггүй. Үүнийг нь цахим хуудсандаа байршуулсан цөөн хэдэн зараас нь харж болно. Гэвч энэ нь оюутан залууст хэрэг болдог, эсэх нь эргэлзээтэй.
Цахим орчин хөгжсөн, техник, технологийн эрин үед оюутан залуус тэдний хааяа л оруулдаг зарлалыг хүлээгээд суухгүй нь лавтай. Түүнчлэн Оюутны хөдөлмөр эрхлэх төвийнхөн хэрэгтэй зар мэдээлэл төдийлөн түгээдэггүйг оюутнууд онцолж байв. Мөн ийм төвд байдаг, эсэхийг ч мэдэхгүй хүн цөөнгүй юм билээ.
Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн мэргэжилтэн “Оюутнуудыг бүтэн болон цагийн ажилд зуучилдаг. ЭЗШУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн дэргэдэх Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажил олгогчидтой холбогдоход нь тусалдаг юм. Юуны түрүүнд оюутнууд ямар ажил хийх сонирхолтой талаар судалдаг. Харин дараа нь судалгааныхаа үр дүнд үндэслэн байгууллагуудын сул орон тооны мэдээллийн дагуу ажил олгогчидтой холбодог. Төгсөх ангийнхан л бүтэн цагаар ажиллаж байна. Намрын улиралд 130 орчим, хавар 140-150 оюутан ажилд орох хүсэлт ирүүлдэг. Тэднээс 70-80 хувийг нь ажлын байраар хангадаг. Оюутнууд хоёрдугаар түвшинд суралцаж байхад л байгууллагуудаас “Манайх тэр оюутны сургалтын төлбөрийг төлнө. Төгсөхөд нь ажилд авна” гээд “түүчихдэг”. Түүнчлэн бид оюутан, ажил олгогч, Хөдөлмөрийн бирж хооронд гурвалсан хөдөлмөрийн гэрээ байгуулж байна. Ингэснээр манай суралцагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа, эсэхэд нь хяналт тавих боломжтой. Ажиллах явцын мэдээлэл бүр манайд ирдэг” гэв. Уг төвийг тухайн сургуулийн Сургалтын албаны мэргэжилтнүүд хариуцан ажиллуулдаг юм байна.
Оюутнууд ихэвчлэн цахим орчинд байршуулсан зарын дагуу холбогдож, ажилд орох нь элбэг гэнэ. Гэвч ажил олгогчтой уулзахаар зар дээрх чиг үүргээсээ өөр ажил үүрэг гүйцэтгэхийг шаарддаг. Зарим нь “Оюутнуудад ажил олгосон нь их юм” зэргээр ажлын байрны дарамт үзүүлэх тохиолдол цөөнгүй байдгийг тэд хэллээ. Залуус ихэвчлэн мэргэжлээрээ ажиллах сонирхолтой. Гэтэл “Дадлагажигч цалингүй ажилладаг. Цаашид ажилд авах, эсэх нь ч тодорхойгүй байна” гэх зэргээр оюутнуудын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх сонирхолтой ажил олгогч ч бий гэнэ. Угтаа бол дадлагажигч, дагалдан суралцагч нь өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртэх эрхтэй гэж холбогдох хуулиудад заажээ.
Тэгвэл энэ төрлийн гомдол, мэдээлэл хууль хяналтын байгууллагад ирдэг, эсэхийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Энэ он гарснаар цалин хөлстэй холбоотой 61 нэхэмжлэл бүртгэгдсэн. Үүнийг оюутан, эсвэл бусад иргэн гэж ялгах боломжгүй. Учир нь нэхэмжлэлийг нэрээр нь бүртгэдэг. Түүнчлэн нэхэмжлэлийг шийдвэрлэх хугацаа нь тухайн хэрэг болон шүүгчийн хянан шалгаж буй хэргүүдээс хамааран 60-90 хоног үргэлжилдэг” гэсэн юм.
Хэрэв оюутнууд цалин хөлсөө авч чадахгүй хохирсон бол харьяа дүүргийнхээ Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой юм байна. Ингэхдээ тухайн нэхэмжлэлд хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээ хавсаргана. Тухайлбал, ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ, эсвэл тухайн ажлыг цахим орчинд байршуулсан зараас харсан бол тухайн зарын хавсралтыг оруулна. Мөн хийж байсан ажилтайгаа холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон бичиг баримтууд болон иргэний үнэмлэхийн хуулбараа хавсаргах шаардлагатай аж. Мөн нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж төлөх юм.
Цагийн ажил хийсэн ч цалингаа авч чадаагүй оюутан, залуусын жишээнээс хүргэе.
Нэгэн оюутан “Суралцаж буй мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг ч дадлагаас бусад тохиолдолд ажиллах боломж хязгаарлагдмал. Анх ажилд орохдоо л хичээлийнхээ хажуугаар ажиллана гэдгээ хэлэх хэрэгтэй юм билээ. Ер нь ажил олгогч нар хариуцлагатай, санаачилгатай, урт хугацаанд ажиллахыг шаарддаг. Цагийн ажил хийхдээ тухайн улиралд хичээлээ бага төлөвлөдөг. Олон хичээл сонгосон үедээ ажиллах боломжгүй. Ихэнх байгууллага өдөрт ядаж дөрвөн цаг ажиллах шаардлага тавьдаг. Тиймээс цөөн хичээл сонгох хэрэгтэй болдог. Цалингаа авч чадаагүй хохирсон хэд хэдэн тохиолдол ч бий. Тухайлбал, би хоёрдугаар курстээ солонгос хоолны газарт угаагчаар өдрийн 80 000 төгрөгийн цалинтай тав хоног ажилласан. Гэхдээ тал цалинг өгөөд үлдсэнийг нь өгөөгүй” гэж ярилаа. Түүнээс гадна “Хичээлээ цалгардуулахгүйгээр ажиллахыг хүсдэг. Гэвч ажил олгогчид өдөрт тогтмол 4-5 цаг ажиллах шаардлага тавьдаг. Мөн цагийн ажилтан учраас хийх зүйл нь тодорхой биш. Би баристагаар ажиллах гэрээтэй. Гэтэл үүний зэрэгцээ үйлчилгээний танхим цэвэрлэхийг шаарддаг. Ер нь цагийн ажилтны хөдөлмөрийг үнэгүйдүүлэх гэж оролдох нь элбэг. Мөн цалингаасаа нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татвар суутгуулдаг. Гэтэл цалингаасаа суутгаж авсан хэрнээ төлөөгүй байсан тохиолдол ч бий” гэж өөр нэг нь хэлэв.
Бас нэгэн оюутан “Хичээлийнхээ хажуугаар мэргэжлээрээ ажиллаж байсан. Хичээлгүй үедээ өдөрт 09.00-22.00 цагийн хооронд ажилладаг байлаа. Байгууллагын удирдлага нь “Оюутныг ажилд авах хүн надаас өөр байхгүй. Манай санхүүгийн байдал хүнд байна” гээд эхний сард 200 000 төгрөг өгсөн. Ингэхдээ амралтын өдөргүй ажиллуулсан. Тэгээд л “Хүн амарч байхдаа ч ядардаг” гэх мэтийн зүйл ярьж, амралтын өдрөөр ч ажиллахыг шаарддаг байсан юм. Би хоёр сар тэнд ажилласан. Гэвч хоёр дахь сарынхаа цалинг авч чадаагүй. Гэтэл удирдлага маань бусад хүнд миний цалинг олгосон гэж худал хэлсэн байна лээ. “Манайх сайн хуульчтай. Оюутнууд ингэж л ажилладаг биз дээ” гэх зэргийн зүйлс хэлээд цалинг минь олгоогүй. Тухайн үед хаана хандах ёстойг ч мэддэггүй байсан. Мөн “Асуудлыг дэвэргэвэл сургуульд чинь хандана” ч гэж хэлж байлаа. Тэгээд л чимээгүй, орхичихсон” гэлээ.
“Солонгос улсад зуныхаа амралтаар өнгөрсөн онд хоёр сар ажилласан юм. Тэгэхэд Монголд нэг сар ажиллаж байж олох цалинг хоёр өдрийн хөлсөнд авсан. Шаардлага өндөртэй ч цалингаа цаг тухайд нь олгож, ажлын цагийг ч яг таг баримталдаг. Гэтэл Монголд хөдөлмөрлөх эрх минь байнга шахам зөрчигддөг” гэх оюутан ч байв.
Залууст ажлын байр олддог хэдий ч энэ мэтчилэн хөдөлмөрлөх эрхийг нь зөрчих тохиолдол цөөнгүй. Гэтэл тэдэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, чиглүүлэх хүн ховор. Найз нөхөд, хамаатан саднаасаа л асууж, лавладаг юм байна. Түүнчлэн тэдэнд зөрчигдсөн эрхээ хэрхэн хамгаалах талаар хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл хомс байна. Үүнээс үүдэн ажиллачихад цалин хөлсөө авч чадаагүй оюутнуудын тоо нэмэгдэж буй билээ.
Дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаар хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа. Тэрбээр, “Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийн талаар гомдол гаргах, шийдвэрлүүлэх боломжтой. Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Ингэж чадаагүй бол Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана. Хэрэв хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд маргаан үүсвэл сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдүүлж болно. Мөн дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтооно. Цалин нь ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэгч үндсэн ажилтныхаас 70 хувиас доошгүй байна. Хуульд зааснаар ажил олгогч цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олговол зохих цалингийн 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож нөхөн олгоно. Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг харилцан тохиролцох, та өөрөө зөвшөөрөөгүй үед гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлж болохгүйг сануулдаг байх хэрэгтэй” гэв.
Хэрвээ ямар нэгэн байгууллагад дадлагажигчаар ажиллаж буй бол өөрийн хөдөлмөрийг үнэлж, цалингаа авах зохицуулалттай юм байна. Харин үйлдвэрлэлийн дадлагын үед оюутанд цалин өгөх хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй аж.
Оюутнууд суралцангаа цагийн ажил хийснээр ажлын байранд гарах бэлтгэлээ хангаж, мэргэжлийн чиг баримжаатай болох, харилцааны соёлд суралцах давуу талтай. Тиймээс хөгжингүй орнуудад цагийн ажил эрхлэлтийг дэмжиж, хуулиар зохицуулдаг юм байна. Тухайлбал, БНСУ-д оюутнууд долоо хоногт дунджаар 28 цаг ажиллах зохицуулалттай. Харин Япон улсад 15 ба түүнээс дээш насныхан цагийн ажил хийх боломжтой гэнэ. БНСУ-ын хувьд цагийн ажилтны цалингийн хэмжээ ойролцоогоор 8-12 мянган вон. Энэ нь 19 200-28 800 төгрөг юм. Түүнчлэн тус улс оюутнуудынхаа ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор цагийн ажилд зуучлах төвүүдийг ч ажиллуулдаг юм байна. Ингэснээр оюутнууд нь цалингаа авч чадахгүй хоцрох вий гэх айдасгүй ажилладаг. Мөн БНСУ-д ажиллаж, амьдрах зардал манай улстай харьцуулахад бага гэдгийг тус оронд суралцдаг монгол оюутнууд ч онцолж байв. Мөн оюутнуудад зориулсан цагийн ажил өргөн сонголттойгоос гадна цалин хөлсний хэмжээ нь ч манайхтай харьцуулахад их гэнэ. Тиймээс зуны амралтаараа тус улсыг зорьж ажиллах залуусын тоо нэмэгдсээр буй. Харин манайд оюутан залуусаа дэмжсэн хөтөлбөр тэр бүр байдаггүй. Тэд нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлдөг, цалингаа цагтаа авч чаддаггүй. Ажил олгогч илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нэмэлт цалин тооцдоггүй. Мөн ажлын болон хичээлийн цаг давхацсан тохиолдолд аль нэгийг нь цалгардуулахад хүрдэг гэнэ. Энэ мэтээр тулгамдаж буй асуудал цөөнгүй боловч үүнийг анхаардаг, шийдэх санаачилга гаргадаг байгууллага манайд хараахан алга.
Уг нь манай улсад цагийн ажилд зуучлах хэд хэдэн төв байдаг гэнэ. Тэдгээр нь залуусыг цагийн ажилд зуучилж, түүнээсээ ашиг хүртдэг. Тухайлбал, “One agency” цагийн ажилд зуучлах төвийнхөн оюутан залуусыг ямар нэгэн хураамжгүй бүртгэдэг бөгөөд 16 ба түүнээс дээш настай байх шаардлага тавьдаг. Харин авсан цалингаас нь тодорхой хувийг нь суутгадаг гэнэ. Жишээлбэл, амталгаат худалдаагаар ажиллахад нэг цагийн 8000 төгрөг бөгөөд тэд зуучлалын хөлсөө суутгаж, цагийн ажилчдадаа 4500 төгрөг өгдөг юм байна. Үүнээс гадна “B promotion” гэх зуучлалын төв бий. Эднийх 18-аас дээш насныханд цагийн ажил санал болгодог. Ажлын зарууд цахим хуудсандаа тогтмол байршуулдаг. Гэвч дээрх газартай холбогдох боломж хомс. Учир нь цахим хуудсандаа байршуулсан дугаар луу нь залгахад “Орох ярианы эрх хаагдсан” гэнэ. Түүнчлэн хаяг байршил нь ч тодорхой бус. “Ажиллах хүн байвал дугаараа үлдээ, бид залгана” гэж зар болгоныхоо тайлбарт бичжээ.
Ийм төрлийн цагийн ажил зуучлалын төвүүд нь ихэвчлэн бүтээгдэхүүн сурталчлах, борлуулах, бараа, бүтээгдэхүүний дээр шошго наах болон өрөлт хийх ажилд залуусыг авдаг юм байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн, А.Тэмүүлэн