.
Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 20-нд орсон борооны улмаас усанд автсан гэх 20 дуудлага холбогдох байгууллагынхан нь хүлээн авчээ. Тэдгээрийн дагуу мэргэжлийн байгууллагынхан нийслэлийн 28 байршилд ажиллаж, 14 403 тонн ус соруулсан байна. Өнгөрсөн оны энэ үед ч 3000 тн борооны ус соруулж байжээ. Ийм хэмжээний ус хаачдаг вэ, дахин боловсруулж, ашигладаг уу гэдгийг албаныхнаас тодруулахад “Соруулж авсан усаа ойролцоох даланд асгадаг” гэж хариулсан юм. Дэлхий нийтээр усны хомсдолд орох эрсдэл ойрхон байгааг сануулсаар атал манайд ийнхүү тонн тонноор нь усаа асгасаар буй нь харамсалтай.
БРАЗИЛЫН ИРГЭД АХУЙН БОЛОН УНДАНДАА ХЭРЭГЛЭДЭГ ГЭВ
Суурьшлын бүсэд тогтсон ус нь олон төрлийн халдвар агуулж байдаг. Тиймээс борооны усыг газарт бууж, халдвар үүсгэгчидтэй холилдохоос нь өмнө цуглуулж авах нь илүү үр дүнтэй арга гэнэ. Дэлхийн улс орнууд энэ жишгийн дагуу борооныхоо усыг асгах бус, харин цэвэршүүлж, эргэлтэд оруулан ашиглаж байна. БНХАУ-д гэхэд л борооны усыг чухалд тооцдог байна. Гадаадын орнуудад борооны усыг ашиглах аргаа “ургац хураах” гэж нэрлэдэг нь ч анхаарал татна. Усны хомсдолыг бууруулах, нөөцийг хэмнэх зорилгоор “ургац хураах” нь сүүлийн жилүүдэд улам түгээмэл болж байгаа аж. Тэрхүү усыг газар тариалангийн зориулалтаар болон дотоодын бусад хэрэгцээг хангах зэрэгт ашиглуулахын тулд олон урамшуулал, санаачилгыг ч хэрэгжүүлдэг. Ингэснээр гол, мөрөн, нуур, уст давхарга зэрэг усны гол эх үүсвэрүүдийн дарамт, ачаалал буурдаг юм байна. Далан, торхонд усыг тогтоон авч, хур тунадас багатай үед ашиглах нь одоогоор хамгийн түгээмэл аргад тооцогдож буй юм.
Тухайлбал, “Сингапур улс борооны усыг ашиглах бодлогоо 1977 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Өдгөө 26 мянган айлын орон сууцын бохирыг борооны усаар шийдсэн. Тус улсад хэрэглэж буй усны 28-35 хувийг нь борооных эзэлдэг. Эл арга нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, үр ашигтай.
Хятад улсад газар тариалан эрхэлж буй айл өрх бүр борооны ус цуглуулах сантай байх бодлого хэрэгжүүлдэг. Үүний дүнд нэг жилийн дотор 1.3 сая хүн усны хомсдолоос гарсан жишээ бий. Бразилчууд борооны усыг төвлөрсөн системээр хуримтлуулж ариутган ахуйн зориулалтаар болон ундандаа хэрэглэх болсон. Германд борооны усыг төвлөрсөн системээр хуримтлуулж, ариутган барилга барихад ашигладаг. Мөн сургууль болон автомашин угаалгын газруудын хэрэглээг хангадаг” хэмээн техникийн ухааны доктор Д.Батмөнх тэмдэглэжээ.
“МАНАЙ УЛСАД Ч БОЛОМЖ БИЙ”
Тэрбээр “Борооны усыг бүрэн ашиглах боломж манай улсад ч байгаа. Үерийн усыг цуглуулах нь хөрсний чийгийг хангах, газар доорх усны тэжээл бий болгох үр дүнтэй арга. Мөн үерийн уснаас үүсэх хөрсний эвдрэлийг багасгах зэрэг ач холбогдолтой юм. Хур тунадасны хэмжээ жилд 200 мм-ээс дээш байгаа хээрийн бүс нутагт бага хэмжээний ус цуглуулах ажлыг энгийн арга технологийн дагуу хийх бүрэн боломжтой. Мөн борооны усыг хуримтлуулан бэлчээрийг усжуулах, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах цаг болсон. Харин ч бид оройтож байна. Байгаль дахь цасны усыг ч ашигладаггүй. Хаврын шар усны үер, бага хэмжээний борооны усыг хуримтлуулан ашиглах судалгаа тооцоо ч алга. Хур тунадас элбэгтэй жил нийслэлтөдийгүйзаримаймагбайнга л усанд автаж, хохирол амсаж байна. Ийм гашуун сургамж олон бий” гэсэн юм. Түүний хувьд борооны усыг ахуйн хүрээнд ашиглаж, усны хомсдолоос сэргийлэх боломжтой талаар олон жил ярьж, санал дэвшүүлсээр буй билээ.
Борооны усыг ашиглаж, цэвэршүүлж чадвал унданд ч хэрэглэх боломжтой талаар судлаачид хэлдэг. Гэвч манай улс унданд битгий хэл, ахуйн хэрэглээндээ ч ашиглаж чаддаггүй. Үүний гол шалтгаан нь усыг тэр хэмжээнд цэвэршүүлэх төхөөрөмж манай улсад ховор байдагтай холбоотой аж. Бохир усыг цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлдэг хэд хэдэн компанитай холбогдож, борооны усыг хэрхэн ашиглах боломжтой талаар лавлахад “Ямар төхөөрөмж ашиглах хэрэгтэй талаар сайн мэдэхгүй” гэсэн юм.
Бас төрийн байгууллагуудаас ч борооны ус хэрхэн ашиглаж болох талаар тодруулахад хариулт хэлж чадах хүн олдсонгүй. Гэр хорооллын айлууд байшингийнхаа дээврийг ашиглан борооны ус хуримтлуулж болно. Үүгээрээ хашаан дахь модоо услах, ахуйн хүрээнд ч ашиглаж байх талаар Усны газраас санаачилга гаргахаар хэлэлцэж буй гэнэ.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор Ж.Даваацэрэн борооны усыг ундны бус хэрэглээнд ашиглах тооцоо хийжээ. Үүнд дурдсанаар борооны усыг ахуйн хэрэглээнд ашиглахад тавигдах чанарын шаардлага, стандарт, энэ талаарх албан ёсны зохицуулалт манайд огт байдаггүй гэнэ. Гэсэн ч борооны ус нь тухайн зориулалтаар ашиглахад тохирсон, эрүүл мэндийн ямар нэгэн эрсдэл үүсгэхгүй байхаар тооцон цуглуулж, цэвэршүүлэх нь чухал хэмээн тэрбээр онцолжээ. Мөн усыг тусгай саванд цуглуулж, өргөлтийн хийн шахуурга(насос)-ын тусламжтайгаар хэрэглээндээ тохируулан авах боломжтойг ч дурдсан байна.
ХУРЫН УСАН ДАХЬ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АГУУЛАМЖ ХУДГИЙНХААС ИХ
Түүнчлэн борооны усыг өрхийн хэрэглээнд хэрхэн ашиглаж болох, ямар зөвлөмжүүд байдаг талаар мэдээлэл хүргэе. Газар тариаланд ашиглах нь хамгийн оновчтой шийдэл гэнэ. “Борооны усыг газар тариаланд ашиглах боломжтой. Өмнө нь хүмүүс үер буудаг хэсгээс шуудуу татаад, усыг нь ашигладаг байлаа. Худгийн болон борооны ус ялгаатай. Борооны усаар услахад ургамал ногооны өнгө сэргэдэг. Нийслэлд тогтсон борооны усыг шууд ашиглахад тохиромжгүй. Олон төрлийн нян, бактеритай. Харин хөдөө бол борооны ус цэвэр цэнгэг” гэх тариаланч байлаа. Хурын усан дахь хүчилтөрөгчийн агууламж худгийн, эсвэл дамжуулах шугамынхаас их байдаг гэнэ. Түүнчлэн цас, мөсний ус илүү зөөлөн бүтэцтэй байдаг тул хүнсний ногооны усалгаанд тохиромжтой аж. Гэтэл манайд ийм боломжийг ашигладаг хүн тун цөөн. Тариаланчдын олонх нь гүний худгийн усаар тариа, ногоогоо усалдаг. Ногооны талбайн хэмжээнээс хамаараад ашигласан усыг нь литрээр бус, тонноор л хэмжиж болно.
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ӨНГИЙГ СЭРГЭЭДЭГ
Борооны усыг тогтоохын тулд иргэд газар нутгийн онцлогт тохируулан хөв цөөрөм байгуулан ашиглах хэрэгтэй гэнэ. Ингэснээр хурын усыг тариаланд ашиглах боломж бүрдэнэ. Мөн малчид малаа услахад ч ашиглах боломжтой. Техникийн ухааны доктор Д.Батмөнх “Тухайн нутагт орсон хур тунадасны олон жилийн статистик мэдээллийг боловсруулж, борооны давтамжийг тогтоох шаардлагатай. Ингэснээр борооны улмаас газрын гадаргад үүсэх усны урсац, хөрсөнд шингэх, ууршилт зэргийг нь тодорхойлж болно” хэмээн дурдсан юм. Эл судалгааг хийж чадвал бид борооноос “ургац хураах” аргаа олж чадах гэнэ.
Мөн борооны усыг барилгын ажилд буюу цемент зуурах гэх мэтэд ашиглаж ч болох нь. Бас ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн усалгаанд ч хэрэглэх арга бий. Түүнчлэн гал түймэр унтраахад ч ашиглах боломжтой гэнэ. Ийм цөөн жишээ дурдахад л бид өдөр тутамдаа борооны усыг их хэмжээгээр ашиглаж болох нь ойлгогдоно. Үүний тулд усыг их хэмжээгээр хуримтлуулах, цэвэршүүлэх боломжийг хайх ажил л үлдсэн. Энэ нь манай улсад л тэр бүр яригдаад байдаггүй сэдэв болохоос биш, борооноос төрөл бүрийн аргаар “ургац хурааж” байна. Харин бид л “баялаг”-аа хөрөнгө зарцуулан асгасаар буй юм. Бид хэдий болтол их хэмжээний мөнгө зарцуулж, усаа соруулаад асгах вэ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн