“Би одоо 40 настай. 45 насандаа үр хүүхдээ хөтлөн метронд сууж, энэ хотдоо амьдарна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Х.Нямбаатар дарга бид хоёрын хувьд метро барина гэдгийг баттай хэлж байна. Энэ ажлыг эхлүүлсэн” гэж УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигч П.Сайнзориг өнгөрсөн зургаадугаар сарын 14-нд твиттерт бичиж үлдээжээ. Бас тэрбээр метро барьж чадахгүй гэж шүүмжилсэн хүмүүст хандан “Галзуураад байгаарай” гэдэг үгээрээ хариу барьснаа ч сонгуулийн сурталчилгааныхаа нэг хэсэг болгосон байдаг. Ийнхүү П.Сайнзориг нийслэлд метро барина гэсээр УИХ-ын гишүүн болох замаа зассан билээ. Гэвч бодит байдалд Улаанбаатар хот үнэхээр метротой болох, эсэх нь одоо ч оньсого, мөрөөдөл хэвээрээ л үлдэв.
МӨРӨӨДӨЛ БА БОДИТ БАЙДАЛ
Таван жилийн дотор метро барьж, түүгээр зогсохгүй ашиглалтад оруулна гэсэн П.Сайнзоригийн “зөгнөл” Улаанбаатарт байтугай ер нь дэлхий дахинд ч одоохондоо биелэх боломжгүй мөрөөдөл аж. Дэлхийн томоохон хотуудад хүртэл метро барьж, ашиглалтад оруулахад ойролцоогоор 10 жил зарцуулдаг юм байна. Зөвхөн туннелийг нь ухахад л тав орчим жил зарцуулдаг жишээтэй. Хөгжлөөрөө манайхаас хэдийн тасарсан улсуудад метрог ийм хугацаанд барьдаг. Тэгэхээр бүтээн байгуулалтын улирал маш богино буюу 4-10 дугаар сар хүртэл үргэлжилдэг, түүнийхээ бараг талд нь амарчихдаг Улаанбаатарт бол багадаа 15 жил шаардагдах магадлалтай гэж олон улсад энэ чиглэлээр ажилладаг туршлагатай инженер, мэргэжилтнүүд сонгуулийн сурталчилгааны үеэр П.Сайнзоригт “зөвлөж” байв. Гэсэн ч тэрбээр ойлгоогүй юм.
Ер нь таван жилийн дотор манай улс метро барьж чадах уу гэдэгт эдийн засагч Ц.Лут-Очир “Метро барих бус, харин мөнгийг нь идсэн тухай сонсгол болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн нь Улаанбаатарын, ялангуяа дарга нарын бодит байдлыг чин үнэнээр нь тодорхойлсон хэрэг гэхэд болно. Ингэж үзэх үндэслэл, жишээ ч манайд өчнөөн бий.
Ганцханыг нь дурдахад, Улаанбаатар-Дархан-Уулын зам 204 км урттай. Барих төсөв нь бэлэн буюу Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, саатах ямар ч шалтгаангүй эл замыг шинэчлэхэд манай улс найман жил зарцуулсан юм. Үүгээр тооцоолбол, Монголд зам барих хурд жилд 25 км л байна. Ийм их хугацаа зарцуулсан хэрнээ ажлаа чанартай хийчхэж чадахгүй хөгөө хөлдөө чирсээр буйг бид одоо ч харж л байгаа. Учир нь найман жилийн дараа арайхийн бариад дууссан зам нь энэ зуны борооноор эвдэрчихлээ шүү дээ. Эрх баригчдын амлалт болон чадвар, чадавх нь ямар их зөрүүтэй байгааг үүнээс харж болно.
75 САР ХЭР ИХ ХУГАЦАА ВЭ
Метро барих тухай ярьж эхлээд хэдийн найман сар өнгөрч байна. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог 2024-2027 онд багтаан барьж байгуулна хэмээн шийдвэрлэсэн байдаг. Засгийн газрын шийдвэр нь Х.Нямбаатар, П.Сайнзориг нарын мөрөөдлөөс ч өөдрөг буюу дөрвөн жилийн дотор барих төлөвлөгөөтэй байсан. Түүнээс хойш метро барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох гэж хоёр шатны тендер зарлалаа. Үүнд нэлээд хугацаа зарцуулсны дүнд дөнгөж саяхан л ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дуусаад байна. Гэхдээ метро барих бус, зөвхөн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг тодруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хотын удирдлага тендерийн үйл явцыг сүртэй гэгч нь олон нийтэд мэдээлж, бараг л метро барьчихсан мэтээр пиар хийсэн билээ.
Юутай ч Улаанбаатар хотод метро барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Dohwa еngineering” тэргүүтэй дөрвөн компанийн түншлэл шалгарч, энэ сарын 5-нд нийслэлийн холбогдох албаныхантай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Уг түншлэлд “Dohwa еngineering”-ээс гадна “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung engineer¬ing” гэх компани багтсан юм байна. Эдгээр компани ТЭЗҮ-ийг өөрчлөн боловсруулах, нэгдүгээр шугамыг төлөвлөж, дизайныг нь гаргах, метроны зам тавих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажлыг 75 сарын дотор хэрэгжүүлэхээ илэрхийлжээ. Тодруулбал, зөвхөн бичиг цаасны ажил, бас метро барих компанийг шалгаруулахад дээрх хугацааг буюу зургаан жил зарцуулна гэдгийг зөвлөхүүд нь хэлээд өгсөн байгаа юм.
ДАРААГИЙН “САЙН ЗОРИГ”-УУД АЙСУЙ
Гэтэл П.Сайнзориг өнгөрсөн хоёрдугаар сард “Метро барих компанийг цаад тал нь есдүгээр сар гэхэд шалгаруулахаар тооцоолон ажлуудаа зохион байгуулж байна” гэж ярьсан удаатай. Зөвхөн энэ жишээнээс л дарга нарын яриа бодит байдлаас ямар их зөрүүтэйг, тэд иргэдийг юу ч гэж мунхруулж мэдэхийг харж болно. Харин 75 сар гэдэг хугацааг тогтоосон үндэслэлээ “Dohwa еngineering” компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү “Манай компаниуд туршлагадаа үндэслэж байна. “Dohwa еngineering”-ийг 1957 онд байгуулсан, 67 жилийн туршлагатай. Өдгөө 47 оронд салбартай. Ази, Африк, Латин Америкийн орнуудад метро барих төсөл хэрэгжүүлсэн туршлагатай” хэмээн тайлбарлажээ.
Гэхдээ худал амлалтууд П.Сайнзоригийнхоор дуусахгүй нь гашуун үнэн юм. Удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнө дараагийн “Сайнзориг”-ууд иргэдийн өмнө гарч ирнэ. Ялангуяа хотоо “манаж” үлдсэн Х.Нямбаатар дарга сонгуулийн өмнө метрогоо юу гэж сурталчилж олны анхаарлыг татах вэ гэдэг нь тун сонирхолтой сэдэв болоод байна. Бас хотын “парламент”-д суухыг санаархаж буй бусад хүн, тэр дундаа МАН-аас нэр дэвшигчид метрог нэрийн хуудсаа болгох нь гарцаагүй биз ээ.
Ерөөсөө метро барих тухай амлалт энэ удаагийн сонгуулиар ч дуусахгүй, 2028 онд ч үргэлжлэх нь өнөөгийн нөхцөл байдлаас тун тодорхой харагдана. “Dohwa еngineering” компанийн төлөөллийн дурдсанаар зөвхөн бичиг цаас, судалгааны ажилд зургаан жил зарцуулахаар 2028 оны сонгуулийн өмнө эрх баригчид метрогоор дахиад л шоу хийх таатай хөрс суурь бүрдэнэ гэсэн үг юм. Тэр үед дарга нар “Бид одоо л яг метрогоо барина” гэх биз ээ. Тиймээс дарга нарын худал амлалтад хууртах бус, харин бодит байдлыг ялгаж салган ойлгож, одоогийн нөхцөл байдалдаа тулгуурлан, нийтийн тээврээ, авто замынхаа нөхцөл байдлыг сайжруулахыг шаардах нь бидний хувьд хамгийн зөв зам болчхоод байна.
Сонгуулийн өмнөхөн метро барих цэгүүдээ тэмдэгжүүлж , “Өрөмдлөгийн цэг ” гэсэн бичигтэй жижиг шонгуудыг хотын төв хэсгийн зарим газарт хатгажээ
387.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРЦУУЛАЛТАА ТАЙЛАГНААРАЙ
Сонгуульд бэлдэхийн тулд эрх баригчид автобусны буудлууд дахь мэдээллийн самбаруудыг метро барих тухай сурталчилгаагаар дүүргэсэн нь өнгөрсөн хоёрдугаар сарын үйл явдал. Бас сонгуулийн өмнөхөн метро барих цэгүүдээ тэмдэгжүүлсэн. Ингэхдээ хуванцар сандал дээр зогсоод, дриллээр газар ухаж байсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан билээ. Түүний дараа “Өрөмдлөгийн цэг” гэсэн бичигтэй жижиг шонгуудыг хотын төв хэсгийн зарим газарт хатгажээ. Ингээд л УИХ-ын ээлжит сонгууль ч дуусаж, метро барих ажил нь ч сураг алдрав.
Уг нь тэмдэг тавьсан газруудаа өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас эхлэн өрөмдөж, 40 цооног ухна, тус бүр 30 метрийн гүнтэй байна гэж албаныхан мэдээлж байсан. Гэтэл уг ажил нь одоо ч эхлээгүй. Яг үнэндээ манайд зориулалтын өрөм нь ч байдаггүй юм билээ. Бас хотын удирдлага энэ онд багтаан метро барих газрыг чөлөөлж, шаардлагатай техникүүдийг татан авна гэж удаа дараа мэдээлсэн нь ч бий. Мэдээж алийг нь ч хийлгүй байсаар бүтээн байгуулалтын улирал дуусах төлөвтэй байна.
Яг одоогийн нөхцөлд бидний анхаарах ёстой хамгийн чухал асуудал бол метро барих ажил сул зогссон хугацаанд төсвийн тоолуур гүйгээд л байгаа нь юм. Нийслэлийн энэ оны төсөвт метроны төслийн зөвлөх үйлчилгээнд 54.6, бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Энэ нь нийслэлийн нэг жилийн төсвийн 12 хувьтай тэнцэх дүн. Ер нь нийслэлээс хөрөнгө оруулалтын ямар ч төсөлд нэг жилд ийм их хэмжээний төсөв тавьж байсангүй.
Япончуудын боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу метро барихад нийт зардал нь 4.5 их наяд төгрөг болох юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ онд төсөвлөсөн мөнгөн дүн нь бүрэн төсөв биш. Тийм учраас ирэх жилийн хотын төсөвт ч метроны нэрээр дахин их хэмжээний мөнгө тусгах нь гарцаагүй биз. Ийм байдлаар бидний төлсөн татварын мөнгө урссаар, дарга нар улс төрийн пиараа хийсээр л байгаа. Ингэж явсаар бид эцэст нь хатгасан шонгуудаас өөр зүйлгүй үлдэж ч магадгүй. Тийм учраас хотын дарга Х.Нямбаатараас энэ оны төсөвт тусгасан 387.6 тэрбум төгрөгийнхөө зарцуулалтыг тайлагнахыг шаардаж байна.
Бэлтгэсэн М.Оч