Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар түвшинд байгаа бол. Нийслэл, орон нутагт хүн амыг өвчлөлд хүргэж буй эрсдэл юу вэ, бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой юу. Эдгээр асуултад хариулт олохын тулд эхлээд статистик мэдээллийг харах хэрэгтэй. Гэтэл манай улсад статистик мэдээллийн нэгдсэн сан алга. Төрийн байгууллагуудын өгч буй тоон мэдээлэл нь хоорондоо зөрдөг. Монгол Улсын Засгийн газар болон судлаач, эрдэмтэд, олон нийтэд бодитой, нэгдсэн мэдээлэл ус, агаар шиг дутагдаж байна. Нийгмийн эрүүл мэндийг гарч буй үр нөлөөгөөр илэрхийлэгддэг шинжлэх ухаан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, халдварт бус өвчин, таргалалт, архидалт, зам, тээврийн осол нэмэгдэж, эсвэл буурч буйгаар нийгмийн эрүүл мэндийг тодорхойлж болох аж.
Манай улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг таван жил тутамд хийдэг билээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Монгол Улсын 15-69 насны хүн амын 69 хувь нь ямар нэгэн эрсдэлтэй гэсэн үр дүн гарчээ. Энэ эрсдэлд суурилан төр засгаас зөв бодлого хэрэгжүүлж чадвал хүн амын дундах халдварт бус өвчлөл, золгүй тохиолдлоор амиа алдах явдал буурах юм.
Гэвч харамсалтай нь, бодлого хэрэгжүүлэгчид тус төвөөс эрхлэн гаргадаг үндэсний хэмжээний судалгаанд хэр ач холбогдол өгдөг, үйл хэрэгтээ ашигладаг, үгүй нь тодорхойгүй байна.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛНЭ
“Ковид-19” цар тахлын дараагаас дэлхий нийтээр нийгмийн эрүүл мэндэд онцгой санаа тавьж эхэлсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь тэргүүлэх чиглэл гэж үздэг билээ. Манай улс ч ялгаагүй нэг үеэ бодоход нийгмийн эрүүл мэндийн асуудлаар ярьдаг, дуугардаг, анхаарал хандуулдаг болсон. Үүний нэг илрэл нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль юм. Тус хуульд нийгмийн эрүүл мэнд гэж хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээг хэлнэ гэжээ. Энгийнээр тайлбарлахад, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлж, наслалтыг уртасгах, эрүүл мэндэд чиглэсэн, төр засаг, хамт олон, иргэн оролцсон зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж ойлгож болно. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл нь тандан судлах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, үнэлэх, хянах, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангах гэж тус хуульд заажээ. Үүгээр зогсохгүй нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх талаар ч тусгасан байна.
Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжрахын хэрээр өвчлөл буурна гэж үздэг. Гэтэл манай улсын хүн амын эрүүл мэндийн боловсрол туйлын хангалтгүй. Хатуухан хэлэхэд, шүдээ ч зөв угааж сураагүй ард түмэн. Амны хөндийн ариун цэврээ гүйцэд сахиж чаддаггүй хүмүүс эрүүл мэндийн боловсролтой байна гэдэг юу л бол. Өдий хэр нь хүүхдээ амнаасаа хооллодог аав, ээж, эмээ, өвөө нар байсаар. Хоолойн өвчин, хелико бактериас эхлээд олон төрлийн халдвар шүлсээр дамжих эрсдэлтэй шүү дээ.
“АГАПЕ” ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХААР БОЛЖЭЭ
Хаана үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ байна, тэр болгонд хамгийн түрүүнд гүйгээд очдог хүн цөөнгүй. Дараа нь гарах хор уршгийг нь тооцохгүйгээр, эрүүл мэнддээ хайнга хандаж буй нь харамсалтай. Зориулалтын бус орчинд, эмчлэх эрхтэй, эсэх нь ч тодорхойгүй хүмүүсээр эрүүл мэндээрээ тоглуулсан, туршилтын туулай болсон тохиолдол цөөнгүй. Жишээ нь, хэд хоногийн өмнө Хэнтий аймгийн Биндэр сумд БНСУ-ын шүдний эмч нар очиж, тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэхдээ ариутгал, халдваргүйтгэлийн ноцтой зөрчил гаргасан талаарх мэдээлэл цахим орчинд шуугиан тарьсан юм. Тодруулбал, “Агапе” эмнэлгийн харьяатай солонгос эмч нар эрүүл ахуйн шаардлага зөрчиж, багаж төхөөрөмжөө ариутгахгүйгээр орон нутгийн иргэдийн шүдийг эмчилсэн хэмээн тус сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт эмч Х.Хонгорзул шүгэл үлээсэн. Үүний дагуу Эрүүл мэндийн яам болон Нүүр ам судлалын салбар зөвлөлийнхөн тус төвд ажиллаж, хяналт шалгалт хийжээ. Солонгос эмч нар ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмчлэх эрхийн ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байжээ. “Монгол Улсын нутаг дэвсгэрт, монгол хүнд үйлчилгээ үзүүлж буй бол заавал зөвшөөрөл авах ёстой. Үзлэг, эмчилгээ хийх зөвшөөрөл аваагүй нь анхнаасаа хууль бус” хэмээн Х.Хонгорзул ярьсан юм.
Нялх үрээ тэвэрсэн эмэгтэйгээс эхлээд хүүхэд, хөгшидгүй үүрээр очиж, эмнэлгийн гадаа дугаарлаж зогсоод солонгос эмч нарт үзүүлсэн гэнэ. Харамсалтай нь, тэд багаж, төхөөрөмжөө нойтон салфетикаар хальт арчсан болоод л олон хүний ам дамжуулан хэрэглэжээ. Шүдний эмчилгээг ариун нөхцөлд, ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг чанд баримтлан хийдэг бөгөөд нэг удаагийн багаж хэрэгсэл ашиглах ёстой. Дэглэм зөрчсөнөөр элэгний В, С вирус, цаашлаад ДОХ, тэмбүү зэрэг цусаар дамжих бүх л халдварыг тараах эрсдэлтэй юм. Уг нь иргэд эрүүл мэндийн талаар дөмөг мэдлэгтэй бол нүдэн дээр нь нэг багажаар олон хүний амыг ухаж төнхөхөд чимээгүй суухгүй л байв. Эрүүл мэндээр нь тоглосон ийм үйлдлийг таслан зогсоох байлаа. Иргэд эрүүл мэндийн боловсрол сайтай, эмчилгээ, үйлчилгээнд нь өөрсдөө хяналт тавьж чадаж байсан бол солонгос эмч нар “Монголд ингэдэг л байх гэж бодсон. Ариутгасан багаж маань дууссан. Энд ариутгах боломжгүй гэж бодсон” гэх утгагүй тайлбар тавихаас ичих байсан биз ээ.
Сайн санааны ажил хэмээх сайхан нэрээр халхавчилж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан солонгос эмч нар Биндэр сумын 25 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэх мэдээлэл өгөөд явжээ. Гэтэл үзүүлсэн хүний тоо хэдийн хоёр дахин нэмэгдэж, 50-ийг давсан аж. “Би ямар нэг халдвар авчихсан уу” гэж асууж сураглан, айсан иргэд сумынхаа эмнэлэгт хандсан байна. Гадаадынхан хэмээн саймширсан иргэд сумын эмчийн зөвлөгөөний дагуу халдвар илрүүлэх шинжилгээ өгцгөөсөн гэнэ. Нөгөө талаас сумын иргэдийг буруутгах аргагүй. Мэргэжлийн эмчгүй хөдөө, буйд газар бүү хэл, нийслэл хотод ч шүдээ эмчлүүлнэ гэдэг амаргүй. Өндөр хөгжилтэй орны эмч нар орон нутагт нь ирээд үнэ төлбөргүй шүдийг нь эмчилж өгье гэхэд хэн цааргалах билээ. Гэхдээ үнэгүй бяслаг хавханд байдгийг санаж хянуур, хашир хандах ёстой байв. Хэрэв тус сумд шүдний нарийн мэргэжлийн эмч ажиллаж байгаагүй бол солонгос эмч нарын бохир ажиллагааг илрүүлэн зогсоож хүчрэхгүй байв. Үүнээс болж хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирох байсныг таашгүй. Гэвч үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэгчээр Х.Хонгорзул эмч сумдаа шүдний тусламж, үйлчилгээ үзүүлэхэд багагүй асуудалтай тулгарсан бололтой. Өдий болтол эмчилгээгээ эхлүүлээгүй байгаа гэнэ. Энэ тухайд түүнээс тодруулахыг хүссэн ч “Ярих боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Харин ЭМЯ-наас өчигдөр солонгос эмч нартай холбоотой асуудалд хариу мэдэгдэл гаргажээ. Тус яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хуралдаанаар “Агапе” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна. Мөн тус сумын иргэдийн шүдний тусламж, үйлчилгээнд ашигласан багаж, материалаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж буй аж. Шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдсан 52 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, үрэвсэл, буглаа зэрэг халдварын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлэхээр болжээ. Түүнчлэн ирэх сарын сүүлчээр давтан шинжилгээнд хамруулах гэнэ. “Агапе” эмнэлгийнхэн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 43 иргэнд гемодиалезийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ЭМДЕГ-тай гэрээтэй байж. Тэдгээр иргэнийг өөр эмнэлэгт эмчилгээнд оруулжээ. Түүнчлэн явуулын тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, гаднын байгууллага, сайн дурын ажилтнуудтай тухайн орон нутгийн удирдлага албан ёсны гэрээ хийж ажиллахыг сануулсан байна.
НЭМҮТ-ИЙНХӨН “БАЙ”-ГАА ОНОСОНГҮЙ
Манай улс энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийн дэмжих жил” хэмээн зарласан. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад харьяа яам, Тамгын газар, холбогдох мэргэжилтнүүд чухам юу хийв. Дэлхийд хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлсэн хэвээр. Улсын эмнэлгүүдийн ачаалал буурсангүй. Зам, тээврийн ослоор эндэгсэд цөөрсөнгүй. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр олон зуугаараа эндэж буй нь эмгэнэл хэмээн эмч нар халагладаг ч энэ асуудалд анхаарсан нь хэд бол. Агаар, орчны бохирдол, ядуурал, баталгаагүй хүнс, хорт зуршил, хөдөлгөөний хомсдол, стресс бухимдал халдварт бус өвчний эх үүсвэр болж байна. Үүнээс сэргийлэх арга замыг хүүхдүүдэд багаас нь ойлгуулж зааж сургахгүй бол ирээдүйд эмнэлгийн үүд сахих хүний тоо цөөрөхгүй нь.
НЭМҮТ-өөс зорилтот бүлгээ жирэмсэн эхчүүд болон хүүхэд, залуус хэмээн тодорхойлсон байна билээ. Өөрөөр хэлбэл, тус төвийнхөн аль эрт амьдралын дадал хэвшил нь тогтчихсон дунд эргэм насныханд бус, хүүхэд, залууст хүрч ажиллах нь илүү үр дүнтэйг “нээж илрүүлсэн” гэнэ. Өнгөрсөн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил нь “бай”-гаа оноогүй, талаар болсныг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч буй. Тиймээс чих зөөлнөөр нь хүүхэд, залуусыг “онилжээ”. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд эрүүл амьдралын зөв дадлыг суулгахад түлхүү анхаарах гэнэ. Үүн дээр нэмээд ЭМЯ, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан онцгой анхаарал хандуулж, иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах шаардлагатай байна. Тухайлбал, эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээний чанарыг улам сайжруулж, дараагийн шатлалын эмнэлэг нь хүндрэл, чирэгдэлгүй үйлчилдэг болчихвол халдварт бус өвчнөөр эндэгсдийн тоо буурах биз ээ. Гэвч дутуу дулимаг үзэх, зарим шинжилгээг орхигдуулдаг нь нууц биш. Хувь иргэний эрүүл мэнд тухайн хүнээс шалтгаалах хэдий ч нийгмийн хүчин зүйлс чухал нөлөөтэй. Захын эмнэлгээр шагайхад монголчуудын өвчлөл хэр хэмжээнд буйг харж болохоор. Эрүүл мэндийн боловсрол нь аль түвшинд явааг эмийн санчаас асуухад л хэлээд өгнө. Гэтэл хөгжилтэй орнуудад иргэд нь барагтайхан эмчээс илүү эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэлтэй байдаг. Тиймээс эрт илрүүлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах цаг гарган, эмчилгээ, үйлчилгээ авахдаа стандартын дагуу, эсэхийг хянаж чаддаг. Бид ч гэсэн биеэ эмээр бөмбөгдөх бус, хоол хүнс, дасгал хөдөлгөөн, стресс бухимдлаа тайлах зэргээр эрүүл амьдралын хэв маягт суралцмаар байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албаа авангуутаа нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд анхаарч ажиллана хэмээн амласан. Үүнийгээ биелүүлэх, эсэхээс хэвтэрт орсон салбар сэхэх, үгүй нь тодорхойлогдох биз.