Нийслэл энэ зун бараг л цэцэгт “дарагдсан” гэх мэдээллийг албаныхан өгөх болсон. Тухайлбал, “Улаанбаатар хотод 15 нэр, зүйлийн 1.2 сая цэцэг суулгаад байна” гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлжээ. Харамсалтай нь, хотын зам, талбай цэцгээр дүүрч, өнгө үзэмж нь төдийлөн сайжирсангүй. 2-3 хүрэхгүй ам метр буюу хэсэгхэн газарт хэдхэн цэцэг суулгасантай хааяа нэг дайралдана. Тэдгээр нь ихэвчлэн хотын төв хэсэгт болон гол замуудын ойр орчимд л харагдах аж. Харин бусад хэсэгт, тэр тусмаа хотын захаар цэцэгт болон ногоон байгууламж нүдний гэм хэвээрээл байна.
Нөгөөтээгүүр, суулгасан хэдхэн цэцгээ сүртэй харагдуулах гэсэн юм уу, хаа нэгтээ нь хөшөө байрлуулчихсан жишээ цөөнгүй бий. Тухайлбал, сарлаг, хүүхэд, тогос, домбо, цох, цэцэг, эмээл зэрэг янз бүрийн дүрст хөшөө, баримлыг өнөөх цэцгүүдтэйгээ хамт байрлуулсныг иргэд анзаарсан нь дамжиггүй. Холбогдох албаныхан нь үүнийгээ“3D хэмжээст цэцэгт байгууламж” гэж хэтэрхий гоёор нэрлэсэн байгаа юм. Бас 28 газарт ийм байгууламж бий болгосон талаараа мэдээлжээ. Хотын өнгө үзэмжийг сайжруулна гэхээр л хаа нэгтээ хөшөө босгочихдог дарга нарын хачирхалтай үйлдэл ийнхүү үргэлжилж буй. Тэд цэцгүүдийг хүртэл хөшөөгөөр “чимж”, олны нүдийг хуурч байна.
Мэдээж тэдгээр хөшөө, баримлыг хэн нэгэн нь Улаанбаатар хотод үнэгүй өгөөгүй, бэлэглээгүй нь ойлгомжтой тул төсвийн мөнгийг л зарцуулсан байж таарна. Таны төлсөн татварын мөнгө хотын хаа нэгтээ ямар ч үүрэг, ач холбогдолгүй хөшөө болчихсон байна гэсэн үг. Уг нь хөшөө, баримлынхаа оронд цэцэгжүүлсэн, ногоон байгууламж бий болгосон талбайгаа ядаж нэг ам метрээр тэлэх нь нийслэлд илүү чухалд тооцогдоно. Тэгээд ч Улаанбаатар хөшөө, баримлаар дутаагүй. Харин ч илүүдээд байгаа.
Ер нь нийслэлчүүдэд бага боловч ногоон байгууламж, сул чөлөөтэй орон зай, талбай л үгүйлэгдээд байгааг дарга нар хэзээ ойлгох юм бол оо.
Бэлтгэсэн М.Оч