Монголд үүсэж хөгжөөд 59 жилийн нүүр үзэж буй нисэх загварын спортоор сонирхож хичээллэдэг залуус олон бий. Тэдний нэг нь “Зуун билэг” клубийн тамирчин, спортын мастер Д.Буяндорж. Түүнийг амжилтад хөтөлсөн ачтан нь дасгалжуулагч, улсын шүүгч Д.Мөнхмандах. Багшийнхаа удирдлагад цөөнгүй жил хичээллэсэн тэрбээр дотоодынтэмцээний олон түрүүтэй. 2021 онд ОХУ-ыг зорьж, нисэх загварын олон улсын тэмцээнээс алтан медальтай ирж, БНХАУ-д зохион байгуулахад нь IV байр эзэлж байв. АНУ-ын Индиана мужийн Манси хотод нисэх загварын ДАШТ ирэх сарын 11-17-нд болно. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, багшийнхаа удирдлагад жолоодлогот уран нислэгийн F2B ангилалд өрсөлдөх түүнийг зочноор урилаа.
-Нисэх загварын спортын шигшээ багийнхан АНУ-д тун удахгүй хөл тавих нь. Сэтгэл тань хэр догдолж байна вэ?
-Тус улсын Индиана мужид зохион байгуулах ДАШТ-ий товлосон хугацаа дөхсөн тул шигшээ багийнхан наадмын өдрүүдэд ч амралгүй Төв аймаг, Яармагт бэлтгэлээ хийж завгүй өнжсөн. Би Австралид суралцаж байгаад ирсэн юм. Индианадирэх сарын 13-нд тэмцээн эхэлнэ. Тэндэхийн цаг агаар манайхаас өөр тул орчин нөхцөлд нь дасан зохицохоор бид долоо хоногийн өмнө очно. Сэтгэл догдлохоос илүү бэлтгэлээ сайтар базаахыг хичээж, өрсөлдөгчдөө судлан, бичлэгийг нь үзэж байгаа. Өмнөх ДАШТ-д цар тахлын улмаас зарим улс тамирчдаа оролцуулаагүй. Энэ удаа Азиас БНХАУ, Япон Улс шилдгүүдээ илгээх тул тэмцээн өрсөлдөөнтэй болох байх.
-Спортын талбарт амжилт гаргахад судалгаа чухал болохыг дасгалжуулагчдаас цөөнгүй сонсож байлаа.
-Ямар ч тэмцээнд өрсөлдөхөд бэлтгэлээс гадна судалгаа чухал гэдэгтэй санал нэг байдаг. Миний хувьд АНУ, Украин, БНХАУ-ын тамирчныг, харин багийн маань менежер бусад орны шилдгүүдийг багагүй судаллаа. Бид өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг. Эхэндээ ядардаг байсан бол одоо дассан. Хүн тус бүр өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хангаж, бэлтгэлээ сайн хийвэл ДАШТ-д амжилттай оролцох боломжтой.
-Дүүтэйгээ хамт ДАШТ-д оролцохоор болсныг тань дуулсан. Аав тань шигшээ багийн ахлагч гэв үү?
-Тийм ээ. Аавыг минь Д.Дашдорж гэдэг. ДАШТ-д оролцох шигшээ багийн ахлагч. Аав, дүү, багш, багийнхантайгаа хамт явах болохоор түшигтэй санагдаж байгаа. Бид тэмцээн, бэлтгэлийн үед нэгэндээ зөвлөж, мэдэх чадах зүйлээ харамгүй хуваалцдаг юм. Шигшээ багийнхан нэгнээ сайн мэдэх тул ойр дотно нөхөрлөдөг. Бид одоо нэг гэр бүл шиг болсон шүү дээ. Гадаадын тэмцээнд эх орноо төлөөлж оролцоод багагүй хугацааг үджээ.
-Тамирчин хүнд хилийн дээс алхаад л улсынхаа нэрийг өндөр өргөж явах үүрэг хариуцлага нэмэгддэг. Та чгэсэн үүнийг нэг бус удаа мэдэрсэн л байх.
-Зөвхөн өөрийгөө бус, багийнхаа тамирчдыг ДАШТ-д амжилттай оролцуулахын тулд бүх зүйлээ дайчлан гаргах ёстойг сайн ойлгож байгаа. Монголд нисэх загварын спортод амжилт гаргасан тамирчин цөөнгүй бий. 1990-ээд оны хүндхэн жилүүдэд спортын салбарын үйл ажиллагаа зогсоход эл спорт ч гэсэн нэг хэсэг уналтад орсон гэж боддог. Одоо эргээд сэргэсэн тул тамирчид туршлага хуримтлуулж, ур чадвараа ахиулан тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Нисэх загварын спорт үзэгчидтэй болсноор эцэг, эхчүүд хүүхдүүдээ хичээллүүлж байна. Үүнээс улбаалаад хүмүүс тодорхой ойлголттой болсон нь анзаарагддаг.
-Бэлтгэл сургуулилалтаас гадна бие, сэтгэл зүйгээ бэлдэх нь тэмцээнд ихээхэн нөлөөлдгийг тамирчдын амжилт харуулдаг шүү дээ.
-Монгол Улс далайн түвшнээс 1250 метрийнөндөрт оршдог тул цаг агаар, уур амьсгалын хувьд АНУ-аас ялгаатай. Тиймээс орчин нөхцөлд нь тохируулж, техникийн бэлтгэлээ ч хангасан. Тэмцээнийүеэранхаарлаа сарниулахгүйн тулд төвлөрөх чухал байдаг. Бид тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх тул бие, сэтгэл зүйгээ бэлдэж, бясалгал хийж байгаа. Ингэх нь үр дүнтэй санагдсан шүү.
-Энэ удаа Ж.Баярбат дасгалжуулагч ДАШТ-д өрсөлдөхөөр болсныг холбооны тань цахим хуудаснаас хараад шигшээ багийнхныг Д.Мөнхмандах багш удирдах нь гэж ойлгосон. Зөв үү?
-Тийм ээ. Д.Мөнхмандах багш туршлагатай, мэдрэмжтэй дасгалжуулагч болохоор тамирчин бүртэй тулж ажилладаг. Би түүний шавь. Удирдлагад нь зургаан жил хичээллэж байна. Миний хувьд багшийнхаа ур чадварыг өндрөөр үнэлдэг. Бэлтгэлийн үед бичлэг хийгээд тамирчдад алдаа дутагдлыг нь хэлж, зөвлөнө. Тэрбээр ДАШТ-д нэг бус удаа оролцсон болохоор мэдлэг, судалгаа багагүй хуримтлуулсан. Өнгөрсөн хугацаанд багштайгаа гадаадын тэмцээнд цөөнгүй оролцлоо.
-ОХУ-д болсон олон улсын тэмцээнд та түрүүлж байсан гэдэг. Хоёр хөршид энэ спорт өндөр хөгжсөн тул манайхантай хүчтэй өрсөлдөж мэдэх л юм.
-Хойд хөршид зохион байгуулсан олон улсын тэмцээнд багийнхантайгаа амжилттай оролцсоноо дурсах дуртай. Тухайн үед онгоцоо автомашинд ачиж, хол зам туулан, тух муутай явсан ч түрүүлнэ гэж ер төсөөлөөгүй. Тамирчин хүнд бэлтгэлээс гадна тэмцээнд оролцох өдрийн аз гэж бий. Тэр өдөр намайг аз ивээсэн гэж боддог. Багийн ах нар ч түшиг болж, их тусалсан. Гадаадын тэмцээнээс алтан медаль хүртэхдээ баярлаж, гайхах зэрэгцээд өөртөө итгэхгүй эргэлзэж билээ. Тэнд манайхан ана мана өрсөлдөж, тэмцээний уур амьсгалыг тун сонирхолтой болгосон. Сүүлийн үед шинэ залуу тамирчид хүч түрэн орж ирж, дотоодын тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож буй. Тиймдээ ч нисэх загварын ДАШТ-д Монгол Улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна.
-Ази тивд энэ спортоор өмнөд хөршийнхөн тэргүүлдэг. Манайхан тэднээс ур чадвараар нэг их дутахгүй санагддаг шүү.
-Монголын тамирчид гаргасан амжилтаараа олон улсын тэмцээнд дээгүүр өрсөлдөх орны тоонд зүй ёсоор багтдаг. Нисэх загварын спорт олон төрөлтэй. Зөвхөн жолоодлогот уран нислэг гэлтгүй бусад төрөлд ч сайн оролцдог. Тухайлбал, манай улсад үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий бүх төрөлд Монголын тамирчид түрүүлж, медаль хүртлээ. Эх орондоо томоохон тэмцээн зохион байгуулах нь давуу талтай. Тамирчдын хувьд амжилт гаргах боломжтой. Өөрийн улсад зохионбайгуулжбайгаа болохоор эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.
-Хүний нутагт сурахын зэрэгцээ бэлтгэл хийж, тэмцээнд оролцох заримдаа амаргүй байдаг биз?
-Сүүлийн хоёр жил Австрали улсад суралцахдаа хичээлдээ анхаарч, спортоос түр холдсон. Би энэ удаагийн ДАШТ-д ач холбогдол өгч байгаа. Улсаа төлөөлж оролцохын тулд сургуулиасаа чөлөө авсан. Манай сургууль нисэх загварын спортыг дэмжиж, хөгжүүлдгээрээ нэр хүндтэй. Тамирчдаа бэлтгэл хийх орчноор хангаж, тэмцээнд оролцоход нь санхүүгийн туслалцаа үзүүлдэг. Миний хувьд тэнд болсон тэмцээнд олон оролцоогүй. Сурахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох амаргүй санагдсан. Эх орон, аав, ээж, ах, дүүс, найз нөхдөөсөө хол байх нь хэнд ч хэцүү шүү дээ. Австралийн нисэх загварын тамирчид хижээл насныхан байдаг. Тэднээс хамгийн залуу нь би. Надтай гадаад гэж ялгаварлахгүйгээр нээлттэй, элгэмсүү, найрсаг харилцдаг нь их таалагддаг юм. Улс нь иргэдийнхээ техник сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаардаг болохоор аливаа зүйлийг өөдрөг бодлоор хүлээн авч, эерэг хандлагатай амьдардаг.
-“Зуун билэг” сургууль улсдаа эл спортыг хөгжүүлэхэд томоохон хувь оруулсан гэж боддог юм.
-Тийм шүү. Тус сургуулийн хамт олон нисэх загварын клуб байгуулж, энэ спортод мэргэжлийн тамирчид бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр хэрээр томоохон хөрөнгө оруулсан гэж боддог. Дотоодын тэмцээний ихэнхийг нь тус сургууль зохион байгуулдаг юм. Өнгөрсөн жил улсдаа “Дэлхийн цом”-ын тэмцээн зохион байгуулж, тамирчдаа оролцууллаа. Үзэгчид “Зуун билэг” сургуулийн тэмцээн хамгийн сонирхолтой болдог гэж ярихыг нэг бус удаа сонсож байлаа.
-Тамирчин хүн нөхдийнхөө давуу талаас суралцаж төлөвшдөг. Та өмнөхөөсөө хэрхэн өөрчлөгдөв?
-Миний зан чанарт энэ спорт тохирдог. Би тайван зантай. Тэмцээний үед онгоц жолоодохдоо олон зүйл боддоггүй. Нисэх загварын спорт техник сэтгэлгээг хөгжүүлдэг. Нас хязгаарладаггүй болохоор хэнд ч хичээллэх боломж нээлттэй. Тухайн тамирчинд амжилт гаргах ур чадвар байвал цаашид үргэлжлүүлж болно. Намайг анх хөл тавих үеэс хичээллэх тамирчдын тоо нэмэгдэж, хөгжөөн дэмжигчдийн хүрээ тэлсэнд баярладаг. Монголд энэ спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчид бий. Тэдний зарим нь тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн. Энэ удаа ч гэсэн тэднийг амжилт хэрхэн гаргах бол гэж олон улс харах байх.
-Аав, дүүтэйгээ ойрын үед ямар сэдвээр яриа өрнүүлсэн бэ?
-Бидний ярилцдаг гол сэдэв ДАШТ. Сайн онгоц зэхэж, тэмцээнд амжилттай оролцох талаар өдөр бүр ярьдаг. Би Украинаас шинэ онгоц захиалж авсан. Дүү миний бэлтгэл хийхийг харсаар байгаад энэ спорттой нөхөрлөсөн. Тэрбээр 14 настай. Надаас бага насандаа хичээллэж, тэмцээнд оролцсон. Монголын нисэх загварын спорт залуу тамирчидтай. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ-д өрсөлдөх дүүгийнхээ авьяас, ур чадвараар их бахархдаг. Биднийг аав, ээж минь бүх талаар дэмжиж ирсэн Тэднийхээ тус дэмээр амжилт гаргаж байгаа. Миний хувьд хойшид мэргэжлээрээ ажилласан ч энэ спортоос холдохгүй. Өөрийгөө хөгжүүлж, олон улсын тэмцээнд оролцсоор байх болно.
-ДАШТ өндөрлөсний дараа Монголд нисэх загварын УАШТ болно. Шигшээ багийнхан оролцох байлгүй.
-Дотоодын шилдгүүд өрсөлдөх болохоор тэмцээн нэлээд ширүүхэн өрнөх байх. Би УАШТ-д оролцчихоод Австрали руу сурахаар явна. Тэнд очоод мужийн АШТ-д өрсөлдөнө дөө. Би клубийнхээ тамирчидтай байнга холбоотой байдаг. Тэдэнтэй хэд хоногийн өмнө сургуулийнхаа болон ДАШТ-ий талаар яриа өрнүүлсэн. Бид АНУ-д уулзана. Австрали улс муж тус бүрдээ томоохон тэмцээн зохион байгуулдаг. Зуны улиралд бэлтгэл хийх цаг нь шахуу болохоор тамирчид нь завгүй байдаг юм. Тэнд олон тамирчинтай өрсөлдөж, ДАШТ-д оролцох эрх гардана гэдэг маш хэцүү. Монголчууд цөөхөн ч гэсэн бие, сэтгэл зүйн хувьд хүчирхэг. Австраличууд надаас Монголын түүх, өв соёл, хөгжлийн талаар сонирхож их асуудаг. Монголчуудын дэлхийн талыг мориор туулж, эзэлсэн байлдан дагуулалт тэдний анхаарлыг татдаг юм билээ.
-Манайхан ДАШТ-д жолоодох онгоц, өмсөх хувцсаа зэхэв үү?
-Бид бүх зүйлээ бэлдсэн. Одоо хилийн дээс алхах л үлдлээ. Намайг найзууд минь сайн ойлгож, дэмждэг. Дотоодын тэмцээнд оролцох үед зав гаргаж үзнэ. Энэ ташрамд, ямар ч үед итгэл найдвар болж, ар талыг минь бүрэн дааж ирсэн гэрийнхэндээ, хичээллэсэн цагаас өнөөг хүртэл бэлтгэл хийлгэж, амжилтад хөтөлсөн багшдаа, завгүй байсан ч ойлгож, үнэнч нөхөрлөдөг найзууддаа маш их баярлалаа. Мөн нэг гэр бүл шиг болсон шигшээ багийнхандаа “Битгий шантраарай. Бүгдээрээ ДАШТ-д амжилттай оролцоно шүү” гэж уриалъя.