Японы бие хамгаалах урлагийн нэг төрөл болох айкидог монголчууд мэддэг болоод багагүй хугацааг үдсэн. Одоогоос 30 жилийн өмнө Монголын айкидо холбоо үүсэн байгуулагдсан түүхтэй. Үүгээр сонирхож хичээллэх хүүхэд, залуусын хүрээ жилээс жилд тэлж, олон болсныг клубүүдийн бэлтгэл сургуулилалтаас харж болно. Айкидо нь спорт бус. Уян хатан, хөдөлгөөний эвсэл ашиглан халдан довтлогчоос зэвсэггүйгээр биеэ хамгаалах юм. Хичээллэгсэд тулааны урлагийн уламжлалд тулгуурласан мэдлэгээр өөрийгөө хөгжүүлдэг. Үүгээр хичээллэхэд нас хязгаарладаггүй тул хүн бүр биеийнхээ онцлогт тохируулан хичээллэх боломжтой. “Ай” эе эв, зохицон нийцэх, “Ки” амьдралын энерги, “До” замнал гэсэн үг. Энэ нь эе эвтэй зохицон нийцэх амьдралын замнал гэсэн утгатай аж. ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн Цүжи Ёошиказү багш Японоос 1994 онд хүрэлцэн ирж, айкидог зааснаар хойшид хөгжих анхны шанг нь татаж байв. Тухайн үед шинэ содон зүйлийн адил хүлээн авч, хичээллэсэн анхдагчдын нэг нь Монголын айкидо холбооны тэргүүн М.Алтанбагана багш. Манай улсад айкидогийн сургалт өнгөрсөн сарын сүүлчээр болоход Японы Хомбу дожог төлөөлж Тэрүмаса Хино, Монголын айкидо холбооны тэргүүн М.Алтанбагана нар удирдаж явуулсан билээ.
-Айкидогийн гарал үүслийг кэндотой төстэй гэлцдэг. Олны тэр бүр сонсоогүй түүхийн талаар таныг сонирхолтой зүйл өгүүлэх байх гэсэн бодол төрлөө.
-Кэндо нь сэлмийн замнал гэсэн утгатай. Японы түүх, соёл урлаг үүнтэй их холбоотой. Холливудын од Том Крузын тоглосон “Сүүлийн самурай” хэмээх киноноос үзэгчид кэндогийн тухай ойлголттой болсон байх. Эл кинонд Японд 1877 оны үед барууны соёл хэт түрэмгийлэн орж ирэхтэй тэмцэж буй Сацүма Бослогын тухай өгүүлдэг. Японд МЭ VIII-XVIII зуун хүртэл самурайн засаглал тогтож, Эзэн хааны удам угсааг бэлгэдлийн журмаар хадгалж ирсэн. Америкчууд тэдний олон жил тогтсон дэглэм, дэг жаяг, уламжлалт тогтолцоо, амьдралын хэв маягийг хоцрогдсон гэж үзэх болсноор цэргийн ноёрхол хүчтэй нэвтэрсэн юм. Уламжилж ирсэн нийгмийн үзэл баримтлал нь үнэ цэнгүй болж, самурайн эрин үе өндөрлөж байгааг тус киногоор харуулахыг зорьсон.
-Японы бие хамгаалах урлаг хэрхэн хөгжсөн түүхийг сөхөхөд самурайн тухай өгүүлдэг нь өөрийн эрхгүй анхаарал татдаг юм.
-Самурай нь үйлчлэгч, туслагч, албан хаагч гэсэн утгатай. Дээд, дунд, доод зиндаа, үйлчилгээний, хөлсний гэх зэрэг олон янз байсан. Тэд зөвхөн тулалдах бус, өөрийн амьдралын хэвшил, ёс зүй, дэг жаяг, үзэл баримтлал, хатуу зарчимтай байв. Эзэндээ үнэнч зүтгэж, амьдралаа зориулдаг тэдний амь нас нь баталгаагүй, хэзээ ч эрсдэхэд бэлэн. Тиймээс амьдрахын эрхэд тулааны урлагийн багш, эсвэл хөлсний ч хүн болно. Самурайн засаглал устаж, сэлэмтэй тулалдахыг хориглодог болох үед кэндо хөгжиж эхэлсэн. Сэлмийн тулааны уламжлалыг авч үлдэхийн тулд хулс ашиглах болсон юм. Япончуудын сэтгэлгээнд олон зуун жил суусан уламжлалыг хойшид авч үлдэхийн тулд хөгжүүлсэн нь кэндо. Японы хаант засаглалын түүхэнд анхаарал татсан зүйл олон байдаг. Айкидогийн тухай өгүүлбэл одоогоос 1000 гаруй жилийн өмнөх түүхийг сөхнө.
Мэйжи хааны эрин 1868 онд эхлэхээс өмнөх үеийн хаадын хөвгүүдээс Минамото Ёшикүнэгийн гэр бүл айкидогийн суурийг үндэслэсэн гэж үздэг. Цэргийн эрдмийг гаргууд хөгжүүлсэн тэдний нэг нь дайны талбарт зэвсэггүй болсон тохиолдолд гаднын довтлогчоос өөрийгөө хамгаалах аргыг бодож олсон нь Дайто рюү жиү жицү юм.
-Японы бие хамгаалах урлагийн төрлөөс айкидог орчин үед үндэслэн хөгжүүлсэн хүн бол их багш Морихэй Үэшиба гэж ярьдаг юм билээ.
-Тэрбээр 1893 онд төрсөн, самурай гаралтай. Гэр бүлийн хамт хэсэг хүмүүсийг удирдан Японы хойд арал болох Хоккайдод шилжин суурьшиж, газар тариалан эрхлэх болжээ. Залуудаа Японы тулааны урлагийн төрлүүдээр хичээллэдэг байхдаа Такэда Сокакү багштайгаа таарч танилцсан гэдэг. Багшийнхаа бие хамгаалах урлагийн өвөрмөц ур чадвараар бахархан шавийн барилдлага тогтоосон. Цэргийн бага дарга байхдаа буу, жадны техникийг гарамгай эзэмшсэн тул цэргүүдэд хичээл заадаг байжээ. Дайн дууссаны дараа нутагтаа эргэн ирж, бие хамгаалах сургууль байгуулан багшийнхаасаа өөр болгосон. Түүний багшийн заадаг гол зүйл нь зэвсэггүй тохиолдолд дайсныхаа зэвсгийг булаан авч, өөрт нь буцааж ашиглах тулаан байв. Тэр үеийн тулааны урлагийн хатуу баримталдаг зарчмыг тэрбээр өөрчилсөн гэдэг.
-Бие хамгаалах урлагийн төрлөөс тэмцээн зохион байгуулддаггүй нь айкидо. Үүнд ялан дийлэх гэсэн ойлголт байдаггүй нь ямар учиртай юм бэ?
-Айкидогоор хичээллэгсэд ялан дийлдэг тулааны суурийг судалж, өөрийгөө хөгжүүлдэг онцлогтой. Үүнийг энгийн хүн ойлгоход амар биш тул тодорхой цаг хугацаа зарцуулна. Их багш Морихэй Үэшиба “Айкидо бол хайр ивээлд суралцах урлагийн замнал” хэмээн тайлбарлах дуртай байсан гэдэг. Орчин цагт айкидо нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна дотоод сэтгэл зүйгээ цэвэрлэж, ариусгах юм. Хүн атаа жөтөө, уур хилэн, амар хялбар арга хайж, бусдыг ашиглах зэргээр дотоод сэтгэлдээ маш их зөрчилдөж амьдардаг. Өөрт байх муу зүйлийг хэтрүүлэх хэрэггүй. Айкидогоор хичээллэгсэд дотоод сэтгэлийн хүчээр өөрийгөө удирддаг. Тиймээс хөдөлгөөнт бясалгал хэмээдэг тал бий. Хүн мэдэхгүй зүйлээсээ айж хямардаг, уурладаг, ичдэг. Харин мэдэхээрээ тайвширдаг. Тайвшрахаар үнэнд ойр болдог.
-Эмч мэргэжилтэй таныг айкидо өөртөө тэгтэл их татсан нь өөрийн эрхгүй сонирхол төрүүлээд байх юм.
-Би хүний их эмч мэргэжилтэй. Тухайн үед Хавдар судлалын үндэсний төвд мэс засал, оношилгооны эмчээр ажилладаг байв. Одоо “Рехамед” хувийн эмнэлэгт ЭХО-ны эмчээр ажилладаг. Эмчийн ажил амаргүй шүү дээ. Би одоо л эмч хүнийг ойлгодог болж байна. Тулааны урлаг, эмчийн ажил сэтгэл зүйн хувьд уялдаатай санагддаг. Миний хувьд хүүхэд байхаасаа тулааны урлаг сонирхсон. Улаанбаатарт 1983 онд БНАСАУ-ын “Хон Гил Дон” хэмээх уран сайхны кино дэлгэцээр гарсан нь хүүхэд залуусын анхаарлыг маш их татаж байлаа. Тэр киног үзээд хичээллэх хүсэл төрсөн юм. Тулааны урлагт сэтгэл татагдах болсон би “Тансан лам баруун этгээдэд зорчсон нь” номыг уншсанаар илүү сайн ойлголттой болсон доо. Бие хамгаалах тулааны урлагийг зөв талаас ойлгох нь зүйтэй. Айкидотой нөхөрлөхөөсөө өмнө каратэгээр нэг хэсэг хичээллэсэн. Монголд айкидогийн холбоог үүсгэн байгуулж хөгжүүлэхэд Лхагвасүрэн хэмээх хүний үүрэг нөлөө их байсан шүү.
-Цүжи Ёошиказү багштай танилцсан тэр өдрийг амьдралд тань тохиосон ховорхон аз завшаан байжээ гэж ойлгож болох уу?
-Болно. Би айкидог бичлэгээс анх үзчихээд миний сурах ёстой зүйл, хийх ёстой ажил гэдгийг ойлгосон. Номыг нь олж уншихдаа үүсэж хөгжсөн түүх, үзэл санаатай нь танилцаж байлаа. Харин Цүжи Ёошиказү багштайгаа танилцах үед бүх зүйл надад зориулагдсан мэт санагдсан. ЖАЙКА-гийн шугамаар Монголд хоёр жилийн хугацаатай ирсэн түүний гэрээ дуусаж нутаг буцсан юм. 1990-ээд оны дундуур Япон явах гэж нэг бус удаа хичээсэн. Гэхдээ амархан бүтэх мөрөөдөл биш байв. Надад 1997 онд Чехэд хөл тавих боломж гарахад аав, ээж минь дэмжиж, хүүгээ залуу насандаа суралцаж, хэрэг болох зүйлээ мэдэж ав гээд явууллаа. Цүжи Ёошиказү багшийн үлдээсэн номын засвар айкидогийн танилцуулга үлдсэн байв. Дэлхийн ямар улсад айкидо хөгжсөнийг хайтал Чех улс жагсаалтад харагдав. Айкидог үргэлжлүүлэн сурах нууцхан хүсэл минь намайг тус улс руу хөлгийн жолоо залуулсан. Тэр үед Чехэд нийгмийн байдал ороо бусгаа, иргэд нь гадаадад ажиллаж, амьдрахаар Европыг зорьж байлаа. Тэнд боловсон хүчин дутагдаж, намайг эмч мэргэжилтэйг мэдээд ажилд авсан юм. Нэг сар ажилласны дараа айкидогийн бэлтгэл хийдэг клубийг хайн олж, чех багштайгаа танилцсан.
-Тулааны урлагт дан, зэрэг нь томоохон байр суурийг илэрхийлдэг. Икэда Масатоми, Цүжи Ёошиказү багш тань хэдэн дантай вэ?
-Икэда Масатоми багш VII дантай. Намайг чех багшаар дамжуулан танилцах үед тэрбээр Швейцарт амьдардаг байлаа. 30 хоногийн хугацаатай явсан би Чех улсад гурван жил ажилласан. Тэнд айкидогийн хар бүсний шалгалт өгч, эх орондоо хөгжүүлэх зорилготой ирсэн. Миний хувьд IV дантай. Монголд айкидог хөгжүүлж, шавь нартай болсноо ховорхон тохиол юм уу даа гэж боддог. Би “Хон Гил Дон” киног үзчхээд, болохгүй нөхдүүдийн гарыг нь өчиж, тонгорч шиднэ гэсэн бодолтой айкидогоор анх хичээллэсэн. Хичээллэх явцдаа хэнийг ч ялан дийлэх, хэнтэй ч өрсөлдөх шаардлагагүйг ойлгож билээ. Одоо бол шавь нартаа зодооноос холхон явахыг захидаг. Монголын айкидо холбоо 1994 онд үүсэн байгуулагдсан. Энэ жил 30 жилийн ой тохиож байна. Цүжи Ёошиказү багш IV дантай. Бидний урилгаар өнгөрсөн хавар ирсэн. Тэрбээр 20 жилийн дараа Монголд ирэхдээ Улаанбаатар хот өмнөхөөсөө өөр болж хөгжсөнийг бахдангуй өгүүлж байв. Багш надаас таван насаар ах. Намайг “Чи миний найз” гэхэд нь “Би таны шавь шүү дээ. Таны эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч, айкидогоор олон хүн хичээллэдэг болсон. Тэд ч гэсэн таны шавь” гэж хариулсан. Бид байнга холбоотой байдаг.
-Чехэд очоод монгол хүний бие, сэтгэл зүй, ухаан, сэтгэлгээ европчуудынхаас өөр болохыг мэдэрсэн үү?
-Монголчуудад гайхамшигтай давуу тал бий. Тэр дундаа хөлийн тэнцвэр маш сайн. Аливаа зүйлийг хүлээж авахдаа хурдан. Хаана ч очсон орчин нөхцөлд нь амархан дасна. Чехэд Азиас би ганцаараа европчуудтай хамт бэлтгэл хийдэг байв. Икэда Масатоми багш “Миний шавь гараад ир” гээд дуудна. Тэдний өмнө намайг “Энэ миний хамаатан” гэж хэлдэг сэн. Ямар учиртайг нь асуухад “Цэнхэр толботой шүү дээ” гэж билээ. Багш төрөхдөө хөх толботой байсан гэдэг. Тэнд хичээллэдэг залуусаас надад илүү сайн хандана. Япончууд одоо ч дэг жаяг, баримталдаг зарчимтай. Эхлүүлсэн ажлаа цагт нь заавал дуусгадаг. Тэдний харилцааны соёл, үүрэг хариуцлага, хөдөлмөрч зангаар бахархдаг. Надад суралцах зүйл их бий. Би Чехэд гурван жил амьдрахдаа олон зүйл сурсан. Карлын их сургуулийн лабораторид ажилладаг байхдаа барилга дээр хүртэл ажилласан шүү. Прага хотод байх хугацаандаа Икэда Масатоми багштай уулзахаар Швейцар луу байсхийгээд явдаг сан. Миний хувьд мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Түүнтэй их сонин тохиолдлоор танилцсан юм. Намайг огт харж байгаагүй түүнд Монголд айкидогоор хичээллэж, Чехэд үргэлжлүүлэн сурч байгаа тухайгаа, бас өөртэй нь танилцаж, шавь нь болох талаар захидал бичсэн юм. Тэрбээр эхэндээ их гайхаж хүлээж авсан ч Швейцар дахь Даниел Веттер багштай холбогдож “Чиний захидлыг уншаад сэтгэл хөдөлж баярлалаа. Гэхдээ захидалд бичсэн шиг ёс өнөө үед байхгүй болсон. Гэхдээ чамд Швейцарт ирэх боломж байна” гэж хэлүүлсэн байв. Швейцарт багшийндаа амьдран, дасгал сургуулилалт хийж, бүх зүйлийг сурсан. Багш минь гэрээсээ хол надад өмөг түшиг болж, ааваас минь өөрцгүй сайн ханддаг байлаа. Айкидо миний амьдрал, хувь заяаг үнэхээр өөрчилсөн шүү.
-Айкидогоос ойлгож, ухаарсан зүйл тань юу байв?
-Юмыг ойлгож сурч, мэдэхэд цаг хугацаа, амьдрал богино байдгийг ухаарсан. Швейцараас Чехийн Прага хотод ирж бүсний шалгалт өгсөн юм. Тэр үед Икэда Масатоми багштайгаа сүүлийн удаа уулзаж буй мэдрэмж төрөөд байлаа. Түүнийг “Хоёулаа дараа уулзъя” гэж хэлээд машинд суухад нь маш их хүндэлж ёсолсон. Түүнээс хойш бид дахиж уулзаагүй. Надад ч явах боломж гараагүй. Хэрвээ би Европыг хэзээ нэг өдөр зоривол багшдаа ёсолж, мөргөнө дөө гэж боддог байлаа. Багш минь 83 нас хүрээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Намайг уулзана даа гэж бодож явахад 30 жил харвасан сум шиг өнгөрсөн байв. Хэдийгээр уулзаагүй ч гэсэн шавийн хувьд багшийнхаа нутаглуулсан газарт очиж, ёслол үйлдэн, хүндэтгэл үзүүлж мөргөнө.
-Та хүүхдүүдээ айкидогоор хичээллүүлдэг үү?
-Манайх охидтой. Одоогоор спортын ямар нэгэн төрлөөр хараахан хичээллээгүй л байна. Хүсэл, сонирхол байвал айкидогоор хичээллэх биз ээ. Цаг нь болохоор харъя. Том охиноо залуучуудад дээрэлхүүлэхээргүй болсныг ээжээс нь сонссон.
Энэ ташрамд, Ж.Батсайхан захиралтай “Эм Си Пи Си” ХХК-ийн хамт олонд биднийг дэмжиж, дасгал сургуулилалт хийхэд зориулан энэхүү сайхан дожог ажиллуулж байгаад чин сэтгэлээсээ талархсанаа уламжилъя.