Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны санаачилгаар “Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Ахмад настны цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрийн сургалт хариуцсан зөвлөх Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Ахмадуудад цахим ур чадвар олгож, сургагч багш болгох хөтөлбөр сонирхолтой санагдлаа. Ахмад настнуудын цахим ур чадвар ямар түвшинд байна вэ?
-2021 онд Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа хийжээ. Уг судалгаагаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварын дундаж үнэлгээ хангалтгүй гарсан. Тодруулбал, цахим орчинд мэдээлэл хайх, олж авах, ур чадварын үнэлгээ 1.8 хувь буюу хамгийн бага байсан. Ер нь манай улсын зорилтот бүлгийн хүн амын дунд цахим ур чадвар хангалтгүй байсан бөгөөд дөрвөн онооноос бүгд гурваас багыг авчээ. Ахмад настнуудад ухаалаг утас, компьютер, тоног төхөөрөмж, интернэт ашиглахтай холбоотой асуудлууд өдөр тутамд нь тулгарч буй юм. Тиймээс бид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ)-ны захиалгаар, Дэлхийн банкны санхүүжилтээр “Үндэсний цахим элч” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Ахмад настны тухай хуульд 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэйг ахмад хэмээн тооцдог. Энэ бүлэгт хамрагдаж буй иргэдэд цахим ур чадвар нэлээд дутагдалтай байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанаас үзэхэд ахмад настнууд зарим цахим ур чадвараар бусад бүлгээс хамгийн тааруу байгаа нь анхаарал татаж буй юм. Энэ нь нас залууд нь компьютер, ухаалаг утасны хэрэглээ түгээмэл байгаагүйтэй холбоотой.
-Оюутнууд ахмад настнуудад цахим хичээл зааж буй. Одоогоор хэчнээн хүнд ур чадвар эзэмшүүлсэн бол?
-Бид 1000 ахмадад цахим ур чадвар эзэмшүүлэх зорилготой. Одоогоор 450 гаруйг цахим ур чадварт сургаад байна. Эхний ээлжид 120 оюутныг сургагч багш болголоо. Тэднээр дамжуулан 1000 ахмадад хүрэх юм. Мөн ахмадууд өөрсдөө сургагч багшаар ажиллаж байгаа. Тухайлбал, багш мэргэжилтэй, мэдээллийн технологи, инженерийн салбарын хүмүүс үе тэнгийнхэндээ хичээл зааж байна.
-Сургагч багш буюу оюутнуудыг ямар шалгуураар сонгов?
-Цахим сүлжээ ашиглан сургагч багшаар ажиллах сонирхолтой оюутнуудыг бүртгэсэн. 300 гаруй оюутан шалгаруулалтад оролцсоноос 120-ийг нь тэнцүүллээ. Мөн Монголын ахмадын холбооноос 30 хүнийг сургагч багшаар ажиллуулах хүсэлт илгээсэн. Үүний дагуу тэдэнд сургалт явуулж, сургагч багш болгосон. Тусгай сургалтын хөтөлбөр боловсруулж, хичээл заасан. “И-Монголиа” цахим үйлчилгээний нэгдсэн системийн сургалтын албаныхантай хамтарч ажиллалаа. Хүнд шинэ зүйл ойлгуулах, заахад ур чадвар шаардлагатай. Мөн бусдад заах хүсэл, сонирхолтой оюутнуудыг сонгосон. Ихэвчлэн 1-2 дугаар дамжааны оюутнууд. Мөн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхан сургагч багшаар ажиллах хүсэлт цөөнгүй илгээсэн. Хүүхдүүд сайн дурын ажил хийх идэвх, сонирхолтой болжээ. Сайн дурын ажил нь цаашид гадаадын их, дээд сургуульд суралцахад эергээр нөлөөлдөг учраас оролцох хүсэлтэй хүүхэд олон байв.
-Энэ төслийг хэр хугацаанд үргэлжлүүлэх вэ?
-“Үндэсний цахим элч” төслөө өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос эхлүүлсэн. Ирэх нэгдүгээр сарын сүүлчээр дуусна. Нийт найман сарын хугацаанд үргэлжилнэ. Бидэнд төслөө эхлүүлэхэд суурь судалгаа, төлөвлөгөө нэн шаардлагатай байсан. Тиймээс төслөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нарийн төлөвлөгөө боловсруулж, гарын авлага гаргахын тулд эхний 2-3 сар нь ширээний ард сууцгаасан юм. Ахмад настанд зориулсан цахим хэрэглээний тухай гарын авлага боловсрууллаа. Анхан шатны хичээлийг танхимд, ахисан түвшний хичээлийг онлайнаар явуулж байгаа. Танхимд хичээллэхдээ цахим орчинд суралцах арга барилыг нь зааж өгсөн. Нийслэлийн бүх дүүрэгт сургалтаа явуулж байна.
-Танхимаар сургалт явуулахад ахмадуудын идэвх оролцоо хэр байна?
-Монгол Улсад 400 мянга орчим ахмад настан амьдардаг. Бид түүврийн аргаар 1000 ахмад настнаас судалгаа авахад цахим ур чадварын хоцрогдол ихтэй байв. Ахмад настнууд хичээлээ ихэд сонирхож, дуртай оролцдог. Сургалтын явцад багш нараас олон асуулт асууж, хичээлийн цагийг төлөвлөснөөс нь хэтрүүлдэг. Багш нартаа талархлаа байнга илэрхийлдэг. “Амьдралд хэрэгтэй зүйл заалаа” гэсэн эерэг сэтгэгдэл олон ирдэг шүү. Үе хоорондын хуваагдал манай улсад их ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, залуус болон ахмад настны хоорондын харилцаа сул байна. Залуус нь ахмад үеэ төвөгшөөх, олон дахин хэлж тайлбарлахаас залхах хандлагатай. Харин ахмадууд нь залуусыг үл ойшоох, их зантай, хүнд сурталтай гэж харах жишээтэй. Ийм асуудал бусад оронд тулгарсан ч засаж залруулсан жишээ цөөнгүй юм билээ. Тухайлбал, Сингапур “Silver infocomm initiative” төслийн хүрээнд залуусаар дамжуулан ахмадуудыг цахим ур чадварт сургасан. Интернэт, ухаалаг утас, компьютерын хэрэглээг зааснаар ахмадууд цахим орчны давуу талыг ашиглаж, түүгээр дамжуулан бараа, бүтээгдэхүүн худалдан авч, нийгмийн харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдсэн.
-Сургалтын үр дүнгээ хэрхэн хэмжиж байна вэ?
-Ахмадуудыг анх сургалтад суухаас нь өмнө судалгаа авдаг. Бид ахмад настнуудад нэн шаардлагатай, оновчтой сэдвүүдийг боловсруулсан. Үүнийг ЦХИХХЯ-аар батлуулсан юм. Нэг ахмад настан дөрвөн цагийн сургалтад суух боломжтой. Ямар сэдвийг сонирхож байгааг нь харгалзан үзэж, онлайн сургалтад хамруулж байна. Танхимд 30 хүн байлаа гэхэд 10 оюутан ажиллах жишээтэй. Тэгэхээр сургалт үр дүнтэй болдог. Оюутнуудын боломжтой үед буюу ихэвчлэн оройн цагаар сургалтаа явуулж байна. Мөн ахмад сургагч багш нар маань идэвхтэй оролцдог. Үеийн хүмүүстээ “өөрийн хэлээр” нь ярьж ойлгуулахдаа гаргуун. Хүүхдээсээ асуудаг зүйлээ сургагч багш нараас мэдэж авлаа гээд ахмадууд сэтгэл өндөр байгаа.
-Ахмадууд цахим орчинд чухам юу сурахыг хүсдэг юм бол?
-Гар утсаа хэрэглэж сурах хэрэгцээ их бий. Интернэт, төрийн үйлчилгээг цахимаар авах, банкны төлбөр тооцоо хийх, нийгмийн сүлжээг ашиглаж сурах хэрэгцээ шаардлага өндөр байсан. Мөн зураг авч, бичлэг хийх хүсэлтэй хүмүүс ч байлаа. Мөн “И-Монголиа” системд нэвтэрч сурах хүсэлтэй. Цахимаар цаг агаарын мэдээ харахаас эхлээд аяллын захиалга, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмнэлэгт үзүүлэх цагаа захиалж сурах нь ахмадуудын ажлыг хөнгөвчилнө. Тиймээс төрийн үйлчилгээг цахимаар яаж авах, цахим гарын үсгээ хэрхэн “зурах” зэргийг сургалтын хөтөлбөртөө тусгасан.
Ахмадуудтай ажиллахад сайн тал олон. Тэд цаг сайн баримталдаг. Хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ дурлаж, сурах хүсэл эрмэлзэл өндөртэй. Бидний сургалтад эмэгтэйчүүд илүү идэвхтэй оролцсон. Ахмадууд цахим орчныг зөв зохистой хэрэглэх, ухаалаг утасныхаа ашиг тусыг мэдэхийн зэрэгцээ олон найзтай болж, шинэ хүрээлэл үүсгэсэндээ баяртай байгаа. Мөн онлайнаар бараа захиалж, худалдан авч сурсан. Түүнчлэн цахим гарын үсэг авах, татвар төлөх, интернэт бизнесийн талаар мэдлэгтэй болж буй. Үүний зэрэгцээ цахим аюулгүй байдлаа хамгаалж сурах нь чухал. Хувийн мэдээллээ хамгаалж сурснаар цахим орчноос айх айдасгүй болсон гэж ахмадууд ярьж байна. Ахмадуудад чиглэсэн ийм хөтөлбөрийг олон улс амжилттай хэрэгжүүлж иржээ. Манай улс нэлээд хожуу эхлүүллээ. Гэхдээ цаашид эл хөтөлбөрийг үргэлжлүүлж, Засгийн газраас 10 мянган ахмадад цахим ур чадвар эзэмшүүлэх зорилгодоо хүрнэ гэж найдаж байна.
-Ахмад настнуудын ухаалаг утасны хэрэглээ ямар түвшинд байв. Сургалтад суухыг хүссэн хүмүүс хаана хандаж болох вэ?
-Ухаалаг гар утасны хэрэглээ ямар байгаа бол, шаардлагатай төхөөрөмжгүй хүмүүст хичээл заах нь уу гэсэн болгоомжлол бидэнд байсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан мэдээллээр ахмадуудын 70 орчим хувь нь ухаалаг утас хэрэглэдэг юм билээ. Бид сургалтын зар тараахдаа ухаалаг утастай байх шаардлага тавьдаг. Хэрэв гар утасгүй, эсвэл шаардлага хангахгүй бол бидний бэлдсэн гарын авлагыг хэрэглэх боломжтой. “DNA Mongolia” цахим хуудсаар хандан бүртгүүлж болно. Мөн хороо, дүүргийнхээ нийгмийн ажилтан, Монголын ахмадын холбоогоор дамжуулан сургалтад суух боломжтой.