Төрийн албаныхны амралт үргэлжилсээр байна. “Би мэдэхгүй, амрах гэж байгаа”, “Би мэдэхгүй, хүн нь амарсан”, “Би мэдэхгүй, амраад орсон” гэдэг үе нь таарчихлаа” гэж иргэд энэ үеийг тодорхойлдог. Яг одоо ийм сэтгэгдлийг нийгмийн сүлжээнээс олноор харж болно. Учир нь төрийн зарим байгууллагын ажил “тэг зогсож”, тэр хэрээр иргэд хоосон хаалга “мөргөж” буйгаа ийн илэрхийлж байна. Бас аль ч байгууллага руу холбогдож, мэдээлэл хүсэхэд “Хариуцсан хүн нь амарсан” гэдэг жижүүрийн үгийг нь сонссоор. Мөн цахим хуудсандаа байршуулсан утас руу нь залгахад хариулдаг хүн ч олдохоо больжээ. Үүнээс гадна ихэнх байгууллагын цахим хуудсыг “шалгахад” баяр наадмын мэндчилгээ дэвшүүлснээс хойш салхи оруулаагүй байх аж. Ер нь л долоодугаар сар дуусах үед л тэд ажилтай гэдгээ гэнэт санах дүр зураг харагдаж байна. Зарим нь есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхээр “ухаан орж” ч мэдэх юм.
ШИНЭ САЙД НАРАА ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дараа бүрдүүлсэн шинэ Засгийн газрын сайд нар таг чиг. Наадмын амралт хэдийн дуусаад, 10 хоног өнгөрчхөөд байхад шүү дээ. Шинэхэн Засгийн газар 23 сайдтай. Тэдний олонх нь хариуцсан салбартаа шинэ хүн. Тэр хэрээр хийж хэрэгжүүлэх зүйл бишгүй л баймаар юм. Наад зах нь яам, Тамгын газраа эмхлэх, багаа бүрдүүлэх, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлох гэх мэтийн олон ажил тэдний өмнө бий атал заримынх нь сураг хэсэгтээ алдрах бололтой. Албан тушаал авчхаад санаа нь амраад, яг ажил хийхдээ тулахаар алгуурлаж байна гэж бодмоор ч юм шиг.
Засгийн газар эхний 100 хоногтоо буюу гурван сар гаруйн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах тухай яриад багагүй хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар 100 хоногийн дотор л “ид шидээ” үзүүлнэ гэсэн. Товлосон хугацаанаас нь хагас сар нь хэдийн улирчихлаа. Харамсалтай нь, тэд яг юу хийх гээд, эсвэл хийгээд байгааг мэдэхгүй. Зарим сайд нь тангараг өргөснөөс хойш бараагаа ч харуулсангүй. Цөөн хэд нь дөнгөж саяхнаас л дүрээ үзүүллээ. Гэхдээ тэд одоохондоо танилцах аялал төдийг л хийж байгаа. 21-хэн настай залуу 461 дүгээр ангид хоригдож байхдаа цагдаа нарт зодуулж, улмаар амиа алдсан гэх асуудлаас болж олон нийт ихэд бухимдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг огцруулахыг шаардсан. Сураггүй байсан сайд үүнтэй холбоотойгоор өчигдрөөс л “хэлд орох” жишээтэй.
Ялангуяа Засгийн газрын бүтцэд шинээр оруулсан гэр бүлийн, уур амьсгалын өөрчлөлтийн, залуучуудын, инновацын, “20 минутын хот”-ын гэх мэт, урьд өмнө манайд байгаагүй цоо шинэ тодотгол авсан сайд нар юу хийх гэж байна вэ. Шинэ орон тооныхоо, тодотголынхоо хүрээнд юуг амжуулах вэ зэрэг олон асуулт бидэнд бий. Тэдгээрийг дагасан нийгмийн асуудал ч өчнөөн байгаа. Харин хариултууд л алга.
Цаашлаад сайд нарын ажил эхлээгүйтэй холбоотойгоор харьяа байгууллага, агентлаг, газруудад нь ч тодорхойгүй байдал үүсжээ. Өөрөөр хэлбэл, дарга, мэргэжилтнүүд нь халагдаж, солигдох уу, ер нь ажлаа үргэлжлүүлэх ч юм уу, үгүй ч юм уу гэсэн бужигнаан хэдийн бий болчхоод буй гэнэ. Улмаар ажилдаа өөриймсөг, сэтгэлтэй хандах хүн ч цөөрснийг төрийн албаныхан ярих болов.
ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХГҮЙ ЮМ УУ
Сайд нарын адилаар хотын дарга Х.Нямбаатар ч амарч байна. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдаан уржигдар болоход тэрбээр оролцсонгүй. Тухайн үед нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зургаан чухал асуудал хэлэлцэж байна. Хотын дарга маань хуралдаа ирдэггүй ээ” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байлаа.
Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, цаашлаад өвлийн бэлтгэл хангах гээд хоолойд тулсан ажил Улаанбаатарт олон байхад Засаг дарга төдийгүй нийслэлийн холбогдох албаныхан ч санаа амар сууна. Тухайлбал, хот, нийтийн аж ахуйн олон ажлыг нуруундаа үүрч явах ёстой Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан “Манайхны олонх нь амарсан” гэж байна. Бас Хотын стандарт, хяналтын газрынхан ч үүнтэй адил тайлбар хэлсэн. Харамсалтай нь, яг ийм хайнга, бэлтгэлгүй байдлаас болоод намар бүр нийслэлийн зам тэг зогсдог. Түүнчлэн өвөл халтиргаа гулгааны үед хэрэглэдэг давсаа ч олигтой нөөцөлдөггүйг нийслэлчүүд жил бүр биеэр мэдэрдэг шүү дээ.
Асуудал ганц энэ биш. Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн харьяа байгууллагуудын ажлын цагийн хуваарийг өөрчилж, 07.00-д цуглаж, 16.00-д тараахаар болсон юм. Ингэлээ гээд эерэг өөрчлөлт төдийлөн гараагүй, харин ч зарим албан хаагч ажлаа цалгардуулах далим болж буй гэнэ. Тухайлбал, нийслэлийн харьяа байгууллагуудад 07.00 цагт очиход ажилдаа ирсэн хүн нүдний гэм байдаг аж. Үүгээр зогсохгүй тэд ажлын цагаа гүйцээдэг ч үгүй. 15.00 цаг гээд л гараад алга болцгоодог жишиг тогтжээ. Наадмын дараах өдрүүдэд энэ байдал улам даамжирч, зарим байгууллагаас ажил хийж буй хүн олоход хэцүү болсон гэнэ.
Бас амралт хэтэрсэнтэй холбоотойгоор нийслэлд хийж буй бүтээн байгуулалтын зарим ажил ч гацжээ. Тухайлбал, үерт автаж, тараа таниулсан, Яармагийг I хороололтой холбох гүүрний ажил зогссон байна. Таван шарын нүхэн гарцын ажил ч гацсан гэнэ. Уг нь урин дулаан байдаг гуравхан сарыг ашиглаж, энэ мэт ажлаа дуусгах шаардлагатай. Даанч манайхан дулааны улирлын тал хугацаанд нь амарчих юм. Төрийн алба ийм бүтээмжгүй, бас хариуцлагагүй болсныг шинэ засаг өөрчилж чадах уу.
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙНХЭН “АЛГА БОЛЖЭЭ”
“Албан байгууллага, иргэдийн анхааралд. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд ээлжийн амралттай байгаа тул долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 15 хүртэл шинжилгээний дээж авахгүй, шинжилгээ хийхгүй болохыг анхааруулъя” гэсэн зарлалыг Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийнхэн үүдэндээ бичиж хадчихаад “алга болжээ”. “Төрийн байгууллагууд зун ажил хийдэггүйн нотолгоо энэ. Дээж шинжлүүлэх гээд очиход бид ажил хийхгүй гэж үүдэндээ биччихээд амраад явчихсан байх юм” гэж дээрх хүрээлэнгийн хаалгыг “мөргөсөн” нэгэн иргэн цахим орчинд бухимдлаа илэрхийлсэн байв.
Зөвхөн эл байгууллага ч биш, ер нь л төрийн байгууллагаар орж, ажил хөөцөлдөх бол тохиромжтой цаг нь огт бүрдээгүйг иргэд нэгэндээ зөвлөж байна. Нэн яаралтай л биш бол наймдугаар сар гартал, тэр бүү хэл, есдүгээр сар хүртэл хойшлуулсан нь дээр гэж таамагласан нэгэн ч бий. “Наадмын амралт дуусаагүй юу. Ээлжийн амралтаа зэрэг авсан уу. Хэд хэдэн төрийн байгууллага руу 20, 30 удаа залгасан ч утсаа авсангүй” гэсэн хүн ч байна.
Хамгийн гол асуудал нь аль нэг мэргэжилтэн амарсан бол ажлыг нь өөр хүн хариуцаж, хэвийн үргэлжлүүлдэг систем манайд алга. Уг нь төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэдэг ч нэгнийхээ ажлыг хариуцдаг хүн байхгүй, “Би мэдэхгүй” гэж арьсаа хамгаалдаг. Ингэснээр үйлчлүүлэгч иргэд амралтаа авсан ажилтныг хүлээхээс өөр аргагүйд хүрдэг аж.
102 СУМ ОЙН НААДАМ ТЭМДЭГЛЭВ
Орон нутагт одоо тулгамдаад буй хамгийн чухал асуудал нь “Төр засаг, нутгийн удирдлага намайг үнэлсэнгүй, шагнасангүй” гэх маргаан, шүүмжлэл гэнэ. Тодруулбал, улсын хэмжээнд энэ жил 17 аймгийн 102 сум 100 жилийн ойгоо тэмдэглэж буй аж. Үндэсний их баяр наадам энэ сарын 13-нд дууссанаас хойш сумуудын ойн үйл ажиллагаа эхэлсэн. 100 жилийн ойн наадмууд одоо ч үргэлжилсээр байна. Ер нь энэ сарыг дуустал энд тэндгүй баярласаар байх бололтой.
Ойн наадам бүрээр олон хүнд төрийн одон, медаль “тараажээ”. Мэдээж сум, орон нутгийн бүх хүнийг шагнаж болохгүй учраас зарим нь үлдэж таарна. Улмаар шагнуулаагүй үлдсэн хүмүүс гомдол мэдүүлж, маргаан, шүүмжлэл гаргадаг гэнэ. Орон нутгийнхны хувьд ийнхүү 100 жилийн ойгоо тэмдэглэх, шагнал авах нь л гол ажил болжээ. Харин ирэх өвөл хэдэн малаа онд оруулна, хадлан, тэжээлээ нөөцөлнө, ургацаа хураах ёстой зэрэг нь дараагийн ээлжийн асуудал бололтой.
Наадмын дараа төрийн байгууллагынхан нийтээрээ шахам амардаг, найр, наадам утгаа алддаг, тэр хэрээр өвлийн бэлтгэл цалгарддаг талаар бид жил бүр ярьдаг. Үүнтэй холбоотойгоор дарга нар ч нөхцөл байдлыг өөрчилнө гэж амладаг ч биелүүлсэн нь үгүй. Тэр битгий хэл, дарга нар өөрсдөө үлгэрлээд амраад, алга болоод байна. Хамгийн гол нь тэр хэрээр ажил, ялангуяа төрийн байгууллагынхны үйл ажиллагаа цалгарддаг. Уг нь урин дулаан энэ цагт л өвлийн бэлтгэлээ хангаж, айдгаа авдартаа хийчих учиртай сан.
Бэлтгэсэн М.Оч