Дэлбэрэлт болсон газрын ойр орчим буюу “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөн шинэчилж байна
Аймшигт дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон иргэд түрээсийн байранд толгой хоргодож байгаа. Гэтэл тэд эхнээсээ түрээсийн байрнаас хөөгдөж, очих газаргүй болсон байна. Одоогоос зургаан сарын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин БХЯ-ны эзэмшлийн жийптэй шүргэлцсэнээс дэлбэрч, ихээхэн хэмжээний гал гарсан.
Дэлбэрэлтийн улмаас аврагчид болон ойр хавьд нь явж байсан иргэд амиа алдаж, олон айл орох оронгүй болсныг уншигчид мартаагүй биз ээ. Хэн ч мартахааргүй аймшигтай бөгөөд харамсалтай үйл явдал болж өнгөрсөн.
Энхийн цагт, орон сууцын хороолол орчимд их хэмжээний буюу 60 тн хийн түлш ачиж явсан нь маш том эрсдэл дагуулсан. Тухайн автомашин “Дашваанжил” компанийн эзэмшлийнх гэдэг нь тодорхой болсон ч өдий хүртэл буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулаагүй юм. Өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд хэн нэгэнд холбогдуулж, яллагдагчаар татаагүй гэсэн үг.
Мэргэжлийн байгууллагууд хохирлын хэмжээг тогтоох гэж багагүй хугацаа зарцуулсан бөгөөд 60 орчим дүгнэлт гаргасан юм. Эцэст нь хий дэлбэрсний улмаас 5.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээллийг өнгөрсөн сарын дундуур олон нийтэд өгсөн. Тэгвэл энэ хохирлыг хэн, хэзээ, хэрхэн барагдуулах вэ. Галд өртсөн “Эдү апартмент” байрыг нураах уу, сэргээн засварлах уу. Хэрэв сэргээн засварлах бол мөн л хэн, хэзээ вэ. Тэр болтол түрээсийн байрнаасаа хөөгдсөн иргэд хаана амьдрах вэ гэх мэт олон асуултад хариулт алга. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Тиймээс тус байрны оршин суугчид төдийгүй хуульч, өмгөөлөгч нар дуугарч эхэллээ. Тухайлбал, хуульч О.Батхүү “Хийн түлш дэлбэрснээс хойш хагас жил болж байхад ажил явсангүй. Дахиж ийм осол гаргахгүй байх арга хэмжээ авсангүй. Төр аюултай ачаа тээвэрт хяналт тавиагүй, ашиглах хугацаа дууссан ёмкость оруулж ирэхэд гаалын байгууллагынхан “мэдээгүй”. “Дашваанжил” компани аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөөгүй, нийслэл зам арчилгаа хийгээгүй. Улсын комисс машины орц, гарцгүй байр хүлээж авсан гэх мэт төрийн хариуцлагагүй үйлдлээс болж онцгой байдлын аврагчид амиа алдаж, иргэд өмч хөрөнгөө сүйтгүүлэв” хэмээн цахим орчинд хуваалцжээ. Холбогдох байгууллагынхан энэ мэт алдаа, дутагдлаа засаж залруулан, иргэдийг хохиролгүй болгохын оронд бие бие рүүгээ бухахаас өөр ажил хийсэнгүй. Улсын онцгой комисс хариуцлагаас бултаж, нийслэл рүү асуудлыг шилжүүлжээ.
ДЭЛБЭРЭЛТЭЭС ХОЙШ ЗУРГААН САРЫН ДАРАА
Энэ хугацаанд юу өөрчлөгдсөн бол. Юу ч өөрчлөгдсөнгүй. Шатсан барилга бахь байдгаараа. Бүх ажил нам зогсжээ. Тус байрны 218 оршин суугч түрээсийн байранд өдөр хоногийг аргацаасаар. Тэдний нэг, 207 дугаар байрны оршин суугч Г.Дүүрэнжаргал “Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлтийг бид тавдугаар сарын 1-нд гардаж авсан. Олон хуудас дүгнэлт байсан ч бид оршин суугч бүрдээ хэвлэж өгч, танилцуулсан. Дүгнэлтээс харахад барилгын 86 хувь ашиглах боломжтой, найман хувь нь галд ихээхэн өртсөн гэсэн байна лээ. Тиймээс оршин суугчид байраа нураалгах биш, сэргээн засварлуулахыг хүсэж байгаа. Энэ хүсэлтээ нийслэлийн захиргаанд илэрхийлсэн. Хэрэв байрыг нураах юм бол хэн, хэзээ вэ. Эргээд барьж өгөх, эсэх нь ч эргэлзээтэй учраас бид ийм шийдвэрт хүрсэн. Үнэлгээний хорооноос дахин шинжилгээ авсны дараа барилгыг хүчит гэхээр ярьсан. Ингэхдээ гүйцэтгэх компанийн тендер зарлах юм байна. Бараг баяр наадмын өмнө энэ бүхнийг шийдвэрлэж, иргэдийг оруулах юм ярьсан. Гэтэл тендерээ одоо ч зарлаагүй. Тендер зарлаж, сонгон шалгаруулсны дараа засварын ажлыг эхлүүлэх гэсээр байтал урин дулаан цаг өнгөрлөө. Идэр есийн хүйтэнд хөл нүцгэн гарсан иргэд байрандаа орж чадахгүй байсаар өвөлтэй золгож мэдэх нь. Галд өртсөн орон сууцад 59 айл амьдарч байсан. Эдгээрээс гурав нь бүхэлдээ шатсан бол хоёр айлынх нь зарим хэсэг галд өртсөн. Манай гэр бол галд өртөөгүй. Гэхдээ мэдээж тэр их галын хор уршиг, утаа угаар гээд хүн амьдрах боломжгүй болсон. Оршин суугчдын буруугаас энэ гал гараагүй шүү дээ. Гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийнхээ асуудлыг төр засаг хурдан шийдвэрлэж өгөөсэй. Яаралтай арга хэмжээ авахгүй бол бид суулт зарлана” гэж ярив.
Арга ядсан оршин суугчид шатсан байраа сэргээн засуулахыг хүсэж байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан болон эрх бүхий бусад хүн энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол байдал улам хэцүүдэх нь. Оршин суугчдын түрээсийн гэрээ ирэх есдүгээр сарын 30-нд дуусах юм байна. Хүний гар дахь, барын аман дахь гэгчээр түрээслэгчид тэднийг хэзээ ч гаргаж мэднэ. Ийм тохиолдол ч цөөнгүй гарах болжээ. Хичээл сургуулиас эхлээд ажил ид ундардаг цаг хаяанд туллаа. Гэтэл бусдын хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон иргэд ажил, амьдралаа ч төлөвлөхөд амаргүй байна. Бага насны хүүхдүүд, өндөр настан, өвчтэй иргэд гээд хүндэтгэх шалтгаантай олон айлын асуудлыг улс мартахгүй байлгүй хэмээн итгэж буйгаа оршин суугчдын төлөөлөл илэрхийлсэн юм.
Гамшиг болсны дараахан Улсын онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, иргэдийг нүүлгэн шилжүүлж, зочид буудалд байрлуулан, шаардлагатай зүйлсээр хангасан билээ. Цочролд орсон иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тэр ч бүү хэл, хүүхдүүдийг нь “Найрамдал” зусланд амраасан гэдэг. Дэлбэрэлт болсны маргааш нь Шадар сайд С.Амарсайхан “Галд өртсөн 60 айлын орон сууцын зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн” хэмээн мэдэгдэж байв. Гэтэл энэ амлалт нь хөөс болон замхарчээ. Тухайн үедээ “хайр” зарлах нь холгүй байсан эрх мэдэлтнүүд амаа үдүүлсэн мэт болов. УИХ-ын сонгуулийн өмнө хэсэг шуугиад мөн л чимээгүй болжээ.
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй учир хүн амьдрах боломжгүй. Байрыг нураана хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн цагдаа, шүүхийн байгууллагаас буруутай этгээдийг тогтоосны дараа хохирлыг нөхөн төлүүлнэ гэв. Оршин суугчдын хэлснээр тухайн барилгыг долоон баллын газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэсэн байна. Ийм хэмжээнд газар хөдөлбөл ганц “Эдү аппартмент”-аар зогсохгүй, нийслэл дэх бүх л барилга эрсдэлд орно гэж оршин суугчид үзэж буй. Тиймээс барилгыг хүчитгэж, сэргээн засаад өгвөл бушуухан орон гэртээ төвхнөх хүсэлтэй байгааг дуулгалаа. Гэвч харамсалтай нь, өдий хүртэл барилгыг засаж сэргээхэд холбогдох албаны хүмүүс нь хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Харин дэлбэрэлт болсон газрын ойр орчим буюу “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөн шинэчилж байна. Ингэхдээ хоёр эгнээ нэмж, өргөтгөх бөгөөд суурь цутгаж, далан барьж буй аж.
ОРОН ГЭРГҮЙЧҮҮДИЙН ОРОГНОХ БАЙР БОЛЖЭЭ
Өөрийн гэрээс илүү тохь тух хаана байх билээ. Гэр бүлээрээ ширээ тойрон суугаад аз жаргалтай хооллож, сэтгэл тайван амьдарч байсан хүмүүс өнөөдөр гудамжинд гарахдаа тулав. Өрхийн бизнес эрхэлж, ипотекийн зээлээ төлдөг байсан залуу хос, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрүүл мэндийн шалтгаантай гээд янз бүрийн амьдралтай хүмүүс тухайн байранд амьдарч байлаа. Гадаадад олон жил махийтлаа ажиллаж авсан байр нь унтаж байхад нь галд өртчихнө гэж хэн санах билээ. Хувиараа таксины үйлчилгээ эрхэлж, үр хүүхдээ тэжээдэг эр орлогынхоо эх үүсвэрийг “дэлбэрчихнэ” гэж төсөөлөөгүй байх. Олон хүн эд хөрөнгө төдийгүй сэтгэл зүйгээрээ хохирсон. Одоо ч их дуу чимээнээс цочдог, хар дарж зүүдэлдэг хүн цөөнгүй гэнэ лээ.
“Эдү апартмент”-ыг цагдаа нар хамгаалалтад авахаа больсноос хойш орон гэргүй хүмүүс мэр сэр үзэгдэх болжээ. Гэтэл одоо бүр хонож өнжиж, орогнох байраа болгосон гэнэ. Үүгээр зогсохгүй тус байранд хулгай нүүрлэжээ. Цахилгааны утсыг нь тасдан авч, зарим айлын эд хогшлыг хүртэл хулгайлжээ. Оршин суугчид Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гомдол гарган, гэмт хэрэгтнүүдийг барьсан ч байдал дээрдээгүй гэнэ. Иргэдийн хүсэлтийн дагуу барилгын компаниас харуул хамгаалалт гаргаж өгчээ. Гэсэн ч харуулын нүд хариулж байгаад шургалах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Тиймээс оршин суугчид ээлжээр эргэж тойрох болсон гэнэ. Энэ барилга эзэнтэй юм шүү гэдгийг сануулахын тулд оршин суугчид төр засагт хандаж, шаардлага бүхий хуудсыг барилгын гадна байршуулсан байна. Тухайлбал, “Төр шийдвэр гаргаж чадахгүй байна, бид цөхөрлөө”, “Ерөнхий сайд анхааралдаа авна уу”, “Стандартгүй зам, стандартгүй аж ахуйн нэгж, төрдөө хаягдсан иргэд” зэрэг олон бичиг өлгөсөн байлаа. Хагарсан цонх, барилгын хорчийж харласан “царай” аюул гамшгийг дахин дахин сануулах мэт эвгүй харагдана. Шатсан барилгыг буулгаад, шинийг барьж хүчрэхгүй юм гэхэд сэргээн засаад хохирсон иргэдийг гэрт нь оруулаач ээ.