Энэ сарын 20-21-нд орсон борооны улмаас нийслэлийн зургаан байршилд их хэмжээний ус тогтжээ. Холбогдох албаныхан тэдгээр байршлаас нийт 14 403 тонн ус соруулсан байна. Зөвхөн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны хэмжээнд нийт 120 тонн ус соруулжээ. Тэгвэл соруулан авч буй усыг юунд ашигладаг вэ, эсвэл дахин ашиглахгүй асгадаг уу гэдгийг тодрууллаа. “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын диспетчерээс энэ тухай лавлахад “Аль байршлаас ус соруулж авснаас хамаарч ойр байрлах далан руу асгадаг. Шавар шавхаатай, бохир ус учраас дахин ашиглахгүй гэж үздэг. Бохир усыг голд асгадаггүй” гэсэн хариу өгөв.
Харин дэлхий нийтэд хаягдал болон борооны усыг аль болох л дахин ашиглахыг эрмэлзэж, энэ чиглэлийн технологийг ч олноор бүтээжээ. Тухайлбал, ихэнх тохиолдолд оффисын зориулалттай болон зочид буудлын барилгуудыг саарал болон борооны усыг дахин ашиглах системтэйгээр төлөвлөн барьдаг жишиг бий аж. Боловсруулсан саарал усыг ихэнхдээ борооны устай хослуулан ашигладаг юм байна. Саарал ус гэдэг нь ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус юм. Ялангуяа усанд орсны дараах хаягдал усыг боловсруулж, ариун цэврийн байгууламжийн бохирыг зайлуулахад ашигладаг. Үүнээс гадна автомашин угаалгын газар, ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар ашиглах боломжтой.
Манай улсын хувьд өмнө дурдсанчлан борооны усыг ашиглаж чадалгүй алдсаар байна. Гэтэл зочид буудал, спортын ордон, бассейн, эмнэлэг, автомашин угаалгын гэх мэт газарт цэвэр ус ихээр ашиглагддаг. Хаягдал саарал усыг дахин ашигласнаар ундны усны өдрийн хэрэглээний 50 хувийг хэмнэх боломжтой. Ийм систем нэвтрүүлснээр үүнд оруулсан хөрөнгө оруулалт 4-10 жилийн дотор нөхөгддөг гэсэн судалгаа бий.
Борооны ус ашиглан хэрэглээгээ зохицуулж буй улс орнуудын туршлага арвин аж. Бразил улс нь борооны усыг төвлөрсөн системээр хуримтлуулж, ариутган, ахуйн болон ундны хэрэглээнд ашигласаар буй юм. Хятад улсын хувьд борооны ус хуримтлуулах хувийн нөөцлүүр байрлуулж, ахуйн хэрэглээнд зарцуулдаг байх нь. Түүнчлэн Австрали улс хувийн нөөцлүүр бүхий борооны ус хуримтлуулах систем ашигладаг гэнэ. Эдгээрийг манай улс хэрэгжүүлэх боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг ч хэрэгжүүлж чадахгүй л байна.
Бэлтгэсэн Ц.Анударь