-Бүтэн өнчин хүүхдүүдэд анхаарал хандуулах шаардлагатай байна-
Саяхан даа, танил эгчийн минь нөхөр зуурдаар таалал төгссөн юм. Гэтэл удалгүй түүнийг ч бас нас барсан гэх муухай мэдээ сонслоо. Хөөрхий минь, өвчний улмаас гэнэт зүрх нь хаагджээ. Гурван хүүхэд нь өнчирч үлдэв. Аавгүй, ээжгүй үлдсэн тэднийг хэн харж, хандах вэ.
Монгол Улсад энэ оны байдлаар хагас өнчин 36 363 хүүхэд бий гэж Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мэдээлсэн. Харин бүтэн өнчин 2911 хүүхэд бүртгэлтэй байна. Тэдний 2707 нь албан ёсоор хэний хамгаалалтад байгаа нь тодорхойгүй, төрийн хараа хяналтаас гадуур амьдарч буйг тус комиссын гишүүн Ж.Хунан хэлсэн юм. Монгол Улсын иргэн, ганц хүүхэд ч төрийн хараа хяналтгүй, хэн нэгний асрамж, халамжаас гадуур амьдрах ёсгүй. Гэтэл эдгээр хүүхэд хөсөр хаягджээ. Харамсалтай нь, өдрөөс өдөрт тэдний эгнээ тэлсээр.
Өнгөрсөн оны байдлаар 21 байгууллагын 30 асрамж, халамжийн төвд 924 хүүхэд амьдарч байжээ. Тэдний 220 нь бүтэн, 334 нь хагас өнчин бол 341 нь гэр бүлтэй, 29 нь олдмол хүүхэд аж. Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь бий ч хүүхдээ үл хайхардаг, хүчирхийлдэг, архидан согтуурдаг учраас асрамжийн төвд очжээ. Уг нь асрамж, халамжийн төв нь гэр бүлтэй хүүхдүүдэд зориулагдаагүй. Төрөөс анхаарал халамж шаардлагатай, өнчин хүүхдүүдийг өсгөж бойжуулах, харж хандах нь гол үүрэг.
Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага, нийгэм, тэр ч бүү хэл гэр бүлийн орчинд бид хүүхдийн эрхийг байнга зөрчдөг. Хүүхэд гэмт хэргийн золиос болох юм уу, сэтгэл сэртхийм үйл явдлын дараа нийтээрээ хэсэг хугацаанд шуугиад л өнгөрдөг. Өчигдөр хохирсон хүүхэд өнөөдөр дахиад л хохирогч болж буй нь нууц биш. Хүүхэд хамгааллын бодлогыг чангатгах, анхан шатны болон бусад нэгж салбарынхан хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байна. Аюулын харанга дэлдээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэмт хэргийн золиос болсон, бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, цахимд гадуурхагдсан, амиа хорлосон хүүхдийн тухай тоочвол уртаас урт жагсаалт үргэлжилнэ. Өдөр бүр нэг хүүхэд хүчиндэх гэмт хэргийн золиос болж байгаа нь цааш ярих ч хэрэггүйг илтгэнэ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн онд хүчиндэх гэмт хэргийн улмаас 395 хүүхэд хохирчээ. Үүний цаана цагдаагийн байгууллагад хандаагүй тохиолдол хэд байгааг хэн ч таашгүй. Жилд 1500-2000 орчим хүүхэд гэмт хэрэгт холбогддог гэдэг. Ар гэрээс нь татлаагүй, анхаарал халамж тавьдаггүй айлын хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох нь түгээмэл гэж цагдаа нар хэлсэн. Тэдний хэд нь эцэг, эхгүй, наашаа гэх ах, дүүгүй, санаа тавих хүнгүй бол.
Манай улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орсноос хойш хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоо, үйлчилгээнд санаа тавьж ирсэн. Тухайлбал, 1996 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг анх баталсан билээ. 2016 онд тус хуульд “гар хүрсэн”. Харин үүнээс найман жилийн дараа буюу 2024 онд шинэчлэн найруулж, баталсан юм. Шинэ хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс орон даяар хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгаалалтай холбоотой хууль, эрх зүйн баримт бичиг хангалттай байна. Даанч хуулийг хэрэгжүүлж, үр дүнг нь гаргадаггүй. Иймдээ ч хүүхдүүд хэдэн зуугаараа хохирч байхад төр засаг нь нүдэн балай, чихэн дүлий. Хүүхдүүд хэдэн зуугаараа хохирсоор байхад бодлогын хэмжээнд ямар нэгэн арга хэмжээ авсангүй.
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзэлж байна. Үүнээс харахад бид ирээдүй хойчдоо хэрхэн хандаж буй нь ойлгомжтой. Хүүхдүүдийн дэргэд архидан согтуурч, янз бүрийн авир гаргах нь байдаг л зүйл мэт болсон. Харин удахгүй хэрэгжүүлэх Хүүхэд хамгааллын тухай хуульд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлсэн зүйл заалт цөөнгүй оруулжээ. Тухайлбал, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсвэл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэхээр болсон байна.
Бүтэн өнчин 2911 хүүхдийн 204 нь асрамж, халамжийн төвд бүртгэлтэй бөгөөд үлдсэн нь хэний хамгаалалтад буй нь тодорхойгүй. Тиймээс хүүхэд бүрийг бүртгэх, цахим мэдээллийн сан үүсгэх, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг ХЭҮК-ынхон зөвлөсөн. Төрийн байгууллагуудаас өгч буй тоо баримт хоорондоо зөрдөг. Бодитой тоо баримт, судалгаанд үндэслэснээр гарах үр дагавар нь ч “жинхэнэ” байх юм. Энэ тоог бодитоор гаргах, хэн, хаана, хэрхэн амьдарч буйг хамгийн сайн мэдэх ёстой хүн нь засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар. Засаг даргаар удирдуулсан хүүхэд хамгааллын хамтарсан баг нэгж бүрд ажиллаж буй. Гэвч тэд эрсдэлтэй бүлэгт хүрч ажилладаг, эсэх нь эргэлзээтэй. “Хорооны ажилтнууд хариуцсан өрхийнхөө аж амьдралыг хамгийн сайн мэддэг. Өнчин хүүхэд хэчнээн байгааг ч алдахгүй хэлнэ. Тэднийг эргэж тойрч, санаа тавьдаг. Гэвч бидний гаргасан тоо баримт, асуудлыг дээд шатны байгууллагууд ойшоодоггүй. Хүнд сурталтай” хэмээн нэгэн хорооны Засаг дарга ярьсан. Түүний хариуцсан хороонд 20 гаруй бүтэн өнчин хүүхэд бий бөгөөд олонх нь эмээ, өвөө, хамаатан садныдаа амьдарч буй гэнэ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутагт 13 настай охин хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон. Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайсны эцэст хоёр хоногийн дараа олсон билээ. Охины ээж нас барсан учир хамаатныхаа айлд амьдардаг байж. Түүнийг хорооны Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс нь асрамжийн төвд өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй аж. Орон тоо байхгүй гэх шалтгаанаар. Эцэг, эхээсээ өнчирч үлдсэн, айлын тогоо өнгийж яваа олон хүүхдэд энэ мэт очих газар олдохгүй байна. Асрамжийн төвд толгой хоргодлоо ч 18 нас хүрээд мөн л хүлээж авах газаргүй. Монгол Улсын иргэн бүр үнэт баялаг. Насанд хүрээгүй хүүхдийн өмнө төр засаг, иргэн бүр хуулийн дагуу үүрэг хүлээж буй. Нэг хүүхдийг ч мартахгүй байх нь төрийн үүрэг. Монгол Улсын ирээдүй хаана, яаж амьдарч буйг харах нүд төр засагт бий юү.
Өнгөрсөн онд улсын төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээр 14.3 тэрбум төгрөгийг тусган баталсан байна. Харамсалтай нь, энэ мөнгийг хэн, яаж, юунд зарцуулсан бэ гэдэг нь тодорхойгүй. Төсвийг үр ашиггүй зарцуулсны горыг хүүхдүүд амсаж байна.
Хүүхдээр түрээ барьж, УИХ-д сонгогдсон гишүүд ч бий. Тэд өнөөдөр дуугарч, хүүхдийн эрхийг хамгаалахад нэгдэж, бугшсан асуудлыг шийдвэрлэх цаг болжээ. Ялангуяа түшиж тулах хүнгүй, эцэг, эхээ алдсан хүүхдүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохоос өөр төрөөс үзүүлэх тусламж алга. Үүнийгээ ч хүүхдүүд өөрсдөө захиран зарцуулах эрх мэдэлгүй. Тэдний хувьд их, дээд сургуульд сурч, мэргэжил эзэмшинэ гэдэг амаргүй. Хэдийгээр сургалтын тэтгэлэг олгодог ч өмсөх хувцас, идэх хоолноос эхлээд амьдрах байрны зардлаа олохын тулд ажил хийж, мөнгө олохыг илүүд үздэг гэдэг. Тэд бусдын адил боловсрол эзэмших, сурч хөгжих эрхтэй. Энэ эрхийг бүрэн дүүрэн хангахад төр засгийн оролцоо чухал байна. Үүний зэрэгцээ сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ тогтмол үзүүлэх хэрэгтэйг хүүхдийн чиглэлээр ажилладаг өмгөөлөгч М.Хандармаа хэлэв. Эцэг, эхээ алдсан хүүхдийн сэтгэл зүйг төсөөлөхөд үнэхээр хүнд. Тиймээс тэдэнтэй нээлттэй ярилцдаг, мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүн хамгаас чухал юм. Мөн өсөж буй орчин нөхцөлийг нь байнга судалж, анхаарал тавих шаардлагатайг тэрбээр онцолсон.
Өнгөрсөн онд улсын төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээр 14.3 тэрбум төгрөгийг тусган баталсан байна. Харамсалтай нь, энэ мөнгийг хэн, яаж, юунд зарцуулсан бэ гэдэг нь тодорхойгүй. Төсвийг үр ашиггүй зарцуулсны горыг хүүхдүүд амсаж байна. Энэ хөрөнгөөр хүүхдэд ээлтэй, нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийсэнгүй. Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан үргэлж төсөв мөнгөгүй гэж гомдоллодог. Хүүхэд хамгааллын ажилд зарцуулах мөнгөөр тэднийг хангалттай ажиллах нөхцөлөөр хангаж болохоор. Гэвч хүүхэд хамгааллын ажилд зарцуул хэмээн Засаг даргад сард 80, нийгмийн ажилтанд 40 мянган төгрөг өгдөг гэнэ. Хөсөр хаягдсан хүүхдүүдээ тойлохгүй бол төр засагтай байхын хэрэг юу билээ.