Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “East” төвийг нурааж, оронд нь 16 давхар худалдаа, үйлчилгээний төв барих ажил талдаа оржээ.
Тодруулбал, тус төвийн сууринд өмнө нь “Бат цагаан” гэх шорон байсан бөгөөд тэндэх оронч манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байсан гэдгээр нь мэдэх хүн цөөнгүй. Мөн анхны долоогийн нэг болох Д.Бодоо, С.Данзан нарыг ч тэнд хорьж, эрүүдэн шүүж байсан гэдэг. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ринчен, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг хорьж байж. Харин 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагааг зогсоож, эмнэлэг болгожээ. Үүний дараа 1990-ээд онд барилга нь муудсан гэх шалтгаанаар сууриар нь нурааснаар “East” гэх худалдаа, үйлчилгээний төв бий болсон түүхтэй.
2022 оны долоодугаар сард тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эл төвийн суурин дээр эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн эрсийн дурсгалд зориулан цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргаж байсан юм. Энэ явдлаас нэг сарын дараа нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Газар бол төр, ард түмний өмч. Энэ газрыг олон жил зориулалтын бусаар ашиглаж, гэрээгээр хүлээсэн үргээ зөрчиж, дамжуулан наймаалж ирсэн явдлыг бид таслан зогсоож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн босгоно” хэмээн амлаж байлаа. Гэтэл өдгөө тэдний амлалт ор мөргүй алга болж, оронд нь 16 давхар худалдаа, үйлчилгээний төв сүндэрлэж байна.
Тус барилгын эзэмшигч нь “Пром импорт” компани бөгөөд“Хархорум виллаж” нэртэй 16 давхар барилга барьж, эхний захиалгаа ч аваад амжжээ. Үүнтэй холбогдуулан тус компанийнхнаас барилга барих зөвшөөрлөө хэзээ, хаанаас авсан тухай тодруулахад“Мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Харин уг барилгын хамгаалагч “Нийт 16 давхар. Таван давхар нь худалдаа, үйлчилгээний төв. Харин зургаадугаар давхраас эхлэн орон сууцын зориулалтаар ашиглана” гэсэн юм. “Хархорум виллаж”-ийн орон сууцын нэг ам метр талбайн үнэ 4.5-5.5 сая төгрөг аж.
“East” төвийн барилгыг нурааж, оронднь орон сууц барьж буйг эсэргүүцсэн иргэд цахим хуудсандаа “Анх “Бат цагаан” гэх шорон байсан. Харин дараа нь арьс өнгөний эмнэлэг болж, хүмүүсийг хүчээр хэвтүүлдэг болсон. Маш олон хүний үхэл, хагацал үзсэн газар гэдэг. Тиймээс ч энд барьсан байшин барилга удаан тэсдэггүй юм гэсэн. Орон сууц нь баригдаж дуусаар орох хүн олдохгүй л болов уу” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Бэлтгэсэн У.Сүрэн