Жил бүрийн наадмаар сурын харвааг сонирхож үзэхээр жуулчид олноор ирдэг. Буриад сурын тэмцээн халх харвааны өмнө болдог тул харваачдад сэтгэл зүйн бэлтгэл болдог талтай. Монголд буриад харваагаар Дорнод аймгийнхан хамгийн олон амжилт гаргасан. Тэдний нэг бол Цагаан-Овоо сумын уугуул, АПУ хувьцаат компани, “Хасбуу” сурын холбооны харваач, спортын мастер Б.Зоригтбаатар. Тэрбээр 64 сумнаас 63 онож, буриад сурын улсын мэргэн цол хүртсэн юм.
-Сур харвааны төрлүүд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Буриад сурын харваанд ойрын жилд дуулдаагүй өндөр оноогоор та түрүүллээ.
-Баярлалаа. Энэ харваанд харваач бүр 64 сум тавьж, хамгийн өндөр оноотой нь түрүүлдэг юм. Миний хувьд 63 онож тэргүүн байрт шалгарсан. Ойрын 10 гаруй жил давтагдаагүй амжилт гаргалаа. Дорнод аймаг эрхий мэргэчүүдийн өлгий нутаг. Үүний нууц нь их энгийн. Харвах арга барил, техникийг авьяас, ур чадвар, туршлага, орон зайн мэдрэмж, тооцоололд тулгуурлаж төгс эзэмшдэг. Халх, буриад сур харвааны шилдгүүд энэ нутгаас төрдөг нь үүнтэй холбоотой. Наадмын харвааны төрлүүдэд эл нутгийнхан эхний гурван байрт заавал шалгардаг. Энэ удаа ч бас аман хүзүүдлээ. Харваач хүн өөрийгөө олон зүйлд сорих хэрэгтэй. Би үндэсний спортод хөл тавихдаа буриад сураар эхэлж хичээллэсэн. Дараа нь Монгол Улсын дархан мэргэн, Гавьяат тамирчин Ц.Хүдэрчулуун багшийн багт нэгдсэн дээ. Найман жил цэц сорихдоо сурын бүх төрлөөр харваж сурлаа. Өнгөрсөн жил халх харваанд улсын тод харваач, энэ удаа буриад сурын улсын мэргэн цол хүртэж багшийгаа баярлуулсан. Миний төрсөн ах Б.Ганбаатар аймгийн гарамгай харваач. Энэ жил нутгийнхаа наадамд түрүүлж, аймгийн мэргэн боллоо.
-Тухайн жилийн наадамд хэр өрсөлдөж, өнгөлөхийг УАШТ-ий харваа харуулдаг шүүдээ.
-Буриад сурын нээлтийн харваанд 57 онож хүрэл медаль хүртсэн ч УАШТ-д оролцоогүй. Харин наадмын харваанд 60- аас дээш онох зорилго өөртөө тавьсан. Энэ удаа нэг ч сум алдахгүй тэргүүлэх боломж байлаа. 30 метрээс харвахад гар дээр тэмдэглэсэн хараа арилсан тул сум дутаасан. Буриад харваа эхлэхийн өмнөх өдөр урианхай сур харвасан юм. Сайн харвахыг хичээсэн ч санасандаа хүрээгүй. 18 сум онож, өөрийгөө эхний таван байрт шалгарахгүйг ойлгосон. Орой нь гэртээ очоод маргаашийн харваанд өөрт байгаа бүхнээ дайчилж гаргана гэж их бодсон юм. Эхний өдөр 40 сумнаас алдалгүй онож, 41 дэх сумаа харвахдаа дутаасан. Төр, түмнээ хүндэтгэж, наадмын сур харваанд түрүүлнэ гэдэг ховор аз завшаан. Ийм амжилт харваач бүрд тохиодоггүй.