Өвөг харваа буюу урианхай сур нь эзэн богд Чингис хааны үеэс улбаатай хамгийн эртний харваа юм. Дайн байлдаанд анх ашигладаг байх үеэс тоглоом наадмын хэлбэрт оруулахыг урианхайчууд эхэлжээ. Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний ёс дэглэм бүхий эл харвааг өнөөг хүртэл хадгалан цэц сорьж ирсэн нь өдгөө Үндэсний их баяр наадмын харвааны төрөлд багтах болсон юм. Тулгар төрийн2233, Их Монгол Улсын818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер Т.Галхүү 330 харваачтай өрсөлдөж, 24 оноогоор тэргүүлэн, түрүү харваачаар тодорсон билээ.
-Наадмын сур харвааны тэмцээн урианхай сураар эхэлдэг уламжлалтай. Энэ удаа түрүү харваачаар тодрох агшинд амжилтад хөтөлсөн багшаараа бахархсан байх.
-Тийм ээ. Багшийг минь Х.Эрдэнэбилэг гэдэг. Урианхай сурын улсын мэргэн, үндэсний сурын аймгийн мэргэн цолтой. Бид энэ жилийн наадмаар урианхай сур харваанд хамт оролцсон. Намайг сур харваагаар хичээллэхээр ирэхэд бүхнийг анхнаас нь зөв заасанд баярладаг. Багшийнхаа эрдмээс уйгагүй суралцаж, өнөөгийн амжилтад хүрсэндээ талархаж байгаа. Баян-Өлгий аймгийнхан сур харвааны хоёр төрөлд тэргүүлж, эрхий мэргэчүүдтэйгээ батлан харуулсан.
-Баян-Өлгий аймгийн харваачдаас амжилтын салхи хагалахад тань Буянт сумынхан догдолж баярласныг сонссон.
-Намайг түрүүлэхэд нутгийнхан минь их баярласан шүү. Баяр дээр баяр нэмж халх харваанд Н.Алтансүх өнгөллөө. Шилдэг харваачидтай өрсөлдөж, түрүүлэх үнэхээр амаргүй байв. Амжилт минь нутгийн олонд эрч хүч, урам зориг өгсөн байх. Сур харваатай 2009 онд нөхөрлөж, 15 жилийн дараа зорилгодоо хүрч байна. Би нум, сумаа их дээдэлдэг. Аливаа зүйлд хичээл зүтгэл гаргаж, хүндэтгэлтэй хандах сайхан. Шантралгүй хичээллэсэн өдөр хоногууд нэг л өдөр амжилт болон ирж баярлууллаа. Монголын урианхай сурын холбоо харваачидтайгаа холбоотой ажилладаг. Сүүлийн жилүүдэд түрүүлсэн харваачаа автомашинаар шагнах болсон. Энэ жил Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, “Цамбагарав өгөөж” компанийн захирал Б.Энхболд амжилтыг маань мялааж, гурав дахь хөлгийг нь гардууллаа.
-Наадмын өдрүүдэд сурын талбайд хүүтэйгээ нум эвшээлгэх зогсох танд бэлгэшээлтэй санагддаг биз?
-Миний ууган хүү сур харваагаар хичээллэдэг. Энэ жил өсвөр үеийнхний харвааны тэмцээнд оролцохдоо IV байр эзэлж аавыгаа баярлуулсан. Наадмын сур харвааны тэмцээнд хүүтэй хамт цэц сорин, түрүүлж, айрагдсандаа сэтгэл өндөр байгаа шүү. Баян-Өлгий аймгийн Буянт сумд удам дамжсан харваач олон бий. Тэднийхээ итгэлийг дааж түрүүллээ.