Халх сурын байг “ханан” болон “хасаа” харваа гэж хоёр ангилдаг. Ханан харваанд гурван метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаж, дотор талд нь сум орвол оносонд тооцно. Хасаа харваанд зөвхөн эрчүүд 20 сум тавьдаг. Эрэгтэйчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метрт 20 сум харвана. Нэг удаад дөрөв дөрвөн сум тавихад зурхай дээрх шүүгчид уухайлан дэмждэг. Сур харваанд уриалсан уухай, онооны уухай, самбарын уухай гэж бий. Уухай нь харваачдын эрч хүч, онч мэргэнийг бахаддаг онцлогтой. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, “Бат-ур мэргэн’’ үндэсний сурын холбооны харваач Д.Эрдэнэхүү 40 сумнаас 36 улсын гоц харваач болсон.
-Энэ жилийн наадмын өнгө, уур амьсгалтанд ямар санагдав?
-Монгол түмний хотол олноороо цэнгэн баясдаг наадам нартай, хуртай нартай сайхан болж өндөрлөлөө. Миний хувьд бэлтгэлээ сайн базаасан тул түрүүлнэ гэсэн бодол тээж сурын талбайд хөл тавьсан. Тиймээс зоригтой, шийдэмгий, өөртөө итгэлтэй харвасан. Нутаг нутгийн мэргэчүүдтэй дөрвөн хоног мөр зэрэгцэн цэц сорьж, улсын гоц харваач цол хүртлээ. Цэнгэлдэхийн ногоон талбайд наадам үзэхээр тухалсан олонтой мэндчлэх надад үгээр зүйрлэмгүй мөч байлаа.
-Хань тань үндэсний сураар хичээллэдэг юм билээ. Алтан шар зурхайд хамтдаа цэц сорих нь харваачдын хувьд бэлгэшээлтэй санагддаг биз ээ.
-Амжилтын маань ард олон хүний тус дэм бий. Тэднээс ямар ч үед түшиг болж, хурцалдаг хүн бол гэр бүл минь. Ханийг минь Я.Цэцэгбаяр гэдэг. Үндэсний сураар цөөнгүй жил хичээллэсэн. Өөрөө цэц сорихын зэрэгцээ миний харваанд анхаарал хандуулж зөвлөдөг. Сум мэргэн тусаж, оноо ахих тусам би догдлох гээд байдаг юм. Тийм үед “Намайг сандарвал хань минь дагаад сандарна. Хөөр догдлолоо дарж, тайван байя” гэж хичээдэг. Сурын алтан шар зурхайд талархсан баяр хөөрөө ойр дотнын хүмүүстэйгээ түрүүлж хуваалцсан. Цол хүртсэнээс дутуугүй баярласан тэднийгээ харах сайхан байлаа. Хүний амьдралд олон дурсамж үлддэг. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.
-Нутгаасаа төрсөн улсын цолтой хэд дэх харваач нь вэ?
-Гурав дахь харваач нь болж байна. Эрдэнэмандал сумын харваачдаас Д.Оюунханд 1998 оны наадмаар анх удаа түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэж баярлуулсан. Түүний залгамж халаа болж, амжилтыг нь үргэлжлүүлсэндээ баярладаг. Би ойрд урмын үгэнд их бялуурч байгаа. Нутгийн олон одоо ч баяр хүргэсээр л байна.
-Бөхчүүд, сур харваачдыг нутгийнх уулс дагаж ирдэг гэх яриа бий. Та наадмын өглөө хүслээ шивнэж залбирсан байлгүй.
-Манай сум Булган хэмээх шүтээн уултай. Наадмын өмнө сүү өргөж, улсын цол хүртэх сэн гэж шивнэсэн. Нутгийн уул сэтгэлийн минь үгийг сонсож, хүслийг минь биелүүлсэн гэж боддог. Өвөрхангай, Архангай аймгаас улсын цолтнууд төрлөө. Аав, ээж цол хүртсэний дараа холбогдож “Хүүгийнхээ амжилт гаргахыг зурагтаар харж баярын нулимс унагалаа” гээд хэлж байв. Би Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, үндэсний сурын хүндэт мэргэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Батмөнх гуайн урласан нум, найз Г.Баянмөнхийнхөө хийсэн сумаар цэц сорьсон. Өнгөрсөн жил найз минь шилдэг нум, сум урлаачаар шалгарсан юм. Миний хувьд үндэсний сураар долоон жил хичээллэж буй. Сур харваа тайвшрал, тайтгарал хайрладаг. Нум эвшээлгэж зогсоход бодол санаа цэгцэрч, анхаарал төвлөрдөг. Энэ спортын өөртөө дурлуулдаг гайхамшиг, мөн чанар үүнд л оршдог юм даа.