Хотын зам, гудамж, талбайд тайван, чөлөөтэй, юм бодон алхах гэхээр барилга, байгууламж, зам, тээврийн хэрэгслийн дуу чимээ яршиг удаж, дарамт учруулаад байна уу. Агаар сэлбэх гээд салхивчаа нээхээр хотхон, хорооллын дундах их шуугиан, зам, барилгын ажлаас үүдэлтэй тээртэй чимээ чихийг тань дэлсэх шиг болдог уу. Хүүхэд, хөгшдөө агаарлуулъя гээд гэрээс гаргахаар бүдүүлэг жолооч нар дуут дохиогоо хангинуулж, бүдүүн яндантай спорт машин, мотоцикл хөлөглөгчид тээврийн хэрэгслийнхээ бяр чадлыг гайхуулан өндөр дуугаар “чарлуулаад” байна уу. Байршил, харууц, орчны төлөвлөлт гээд аятай тухтай амьдарч болохуйц бүх зүйлийг нь бодолцон, харгалзан байж сонгосон байрны тань ойролцоо зам, барилгын ажил хийж буй нэрээр өглөө, үдэшгүй тар няр, пас пис хийх чимээ гаргадаг уу. Магадгүй хөрш, дээд, доод айлынхан чинь үе үе хана өрөмдөх, шалан дээр ямар нэгэн зүйл цохих, хэрэлдэж маргалдах, пижигнэлдэх зэргээр амгалан тайван байдлыг тань алдагдуулсаар байна уу. Ажил, гэрийн тань ойролцоо байдаг баар, караоке, цэнгээний газруудаас үүдэлтэй нүргэлэх хөгжим, хөлчүүрхсэн залуусын хэрүүл шуугиантай хамт үдэш оройн цагт сүлэлдэн айлсаж, унтах нойрыг чинь хумсалдаг уу.
Хэрэв та Улаанбаатар хотод амьдардаг бол дээрх бэрхшээлүүдийн ядаж нэгтэй нь өдөр тутам нүүр тулж буй гэдэгт итгэлтэй байна. Бүгдтэй нь байнга тулгардаг байж ч болох юм. Ийнхүү итгэлтэйгээр тааварлаж буйн шалтгаан нь Улаанбаатарт хотжилт, хэт төвлөрөл, бүтээн байгуулалтаас үүдэлтэй дуу чимээний бохирдол жилээс жилд үлэмж нэмэгдсээр гамшгийн хэмжээнд хүрээд байна. Өдгөө Улаанбаатар хотын дуу чимээний бохирдлын түвшин 75 дБ (децибел) буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 15 нэгжээр илүү, 2016 оны үеийнхээс ес орчмоор нэмэгдсэнийг мэргэжилтнүүд дурдсан. Угтаа бол энэ нь ганц манай хотод тулгамдсан асуудал биш юм. Олон сая хүн амтай, хотжилт, бүтээн байгуулалт эрчимжиж байгаа хот болгон л ийм бэрхшээлтэй тулгарч буй. Гол ялгаа нь тэд дуу чимээний бохирдлын хор уршгийг биднээс илүү мэддэг, тэр хэрээрээ анхаарч, урьдчилан сэргийлэх бодитой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Дуу чимээний бохирдол нь хүн, амьтны эрүүл мэнд, зан төлөвт аль алинд нь сөргөөр нөлөөлдгийг судлаач, мэргэжилтнүүд хэдийн нотолсон. Хүсээгүй дуу чимээ нь зүрх, судасны өвчин, цусны даралт ихсэх, сонсгол муудах өвчний шалтгаан болдгоос гадна орчин цагийн хүмүүсийн дунд өргөн тархсан сэтгэл түгших, гутрах, удаан хугацааны стресст өртөх, нойргүйдэх эмгэгийг даамжруулагч хүчин зүйл болдог. Тиймээс ДЭМБ (WHO), Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIOSH) зэрэг байгууллагаас дуу чимээний хүлцэх буюу даралтын түвшний зөвшөөрөгдөх хэмжээг стандартчилж, бохирдлыг эх үүсвэрүүдэд нь бууруулах арга зүй, технологиудыг зөвлөдөг юм билээ. Улс орнууд ч түүнийг нь өөрийн орны онцлогт тохируулан стандартдаа тусгаж, хэрэгжүүлдэг жишигтэй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс 2022 онд хийсэн судалгаагаар дуу чимээний бохирдол үүсгэгч гол, томоохон эх үүсвэрт зам, тээврийн хэрэгсэл, барилга, байгууламж, тоног төхөөрөмж, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа багтаж байгааг тогтоожээ. Өөр эх үүсвэр бий ч эдгээр нь тасралтгүй, өдөр тутам үргэлжилдэг учир хамгийн хор хөнөөлтэйд тооцогддог гэнэ. Тиймээс эх үүсвэр тус бүрд чиглэсэн дуу чимээг бууруулах арга хэмжээг авах, хүний үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын хөгжлийн явцад бий болсон шинэ үүсвэрүүдийг бүртгэх, тогтмол хянах замаар хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах нь үр дүнтэй хэмээн судалгаанд дурджээ. Хачирхалтай нь, манай улс дуу чимээний бохирдол үүсгэж буй эх үүсвэрүүдээ хянаж чадахгүй, стандартын түвшинд байгаа, эсэхийг нь хэмжиж ч хүчрэхгүй байна. Уг нь үүнтэй холбоотой стандартуудыг нийслэлээс өнгөрсөн онд баталж, аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн ч цагаан дээр хараар буулгасан зохицуулалтууд, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлс нь худал амлалт, “хүслийн жагсаалт” хэвээр буй юм.
МХЕГ-ыг татан буулгаж, түүний харьяанд байсан Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосноор тээврийн хэрэгсэл, барилга, байгууламж, тоног төхөөрөмж, аливаа нэг үйл ажиллагаанаас үүдэлтэй чимээ шуугианы талаарх гомдол, мэдээллийг Хотын стандарт, хяналтын газарт хүлээн авч, хяналт тавьж ажиллахаар болсон. Үүнтэй холбоотойгоор тус газраас “Дуу чимээний бохирдлын менежмент”, “Дуу чимээний бохирдлыг бууруулах технологи, арга зүйн удирдамж”, “Дуу чимээ, дулаан тусгаарлах материалд тавигдах ерөнхий шаардлага” гэсэн шинэ гурван стандартыг баталж, хүлцэх хэмжээг нь ашиглалтын бүсээс хамааран ялгаатай тогтоосон билээ. Дуу чимээний бохирдлын менежмент UCS2001А:2023 стандартад “Гаднах орчны дуу чимээний бохирдлыг бууруулахад Хотын стандарт, хяналтын газар хяналт тавьж ажиллана. Дуу чимээг хэмжих зориулалт бүхий мэдрэгчийг гудамж, замын сүлжээнд холбон суурилуулах боломжтой” хэмээн тусгасны дагуу хэмжигч төхөөрөмж суурилуулах ажлыг нийслэлд үе шаттай хийхээр төлөвлөж буйг эл байгууллагын орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Амарзаяа мэдээлж байв. Харамсалтай нь, ингэж ярьснаас хойш арван сар орчмын хугацаа өнгөрсөн ч нийслэлийн гудамж, авто замд тусгай төхөөрөмж суурилуулж эхлээгүй, дуу чимээний бохирдлыг нэгдсэн байдлаар хянаж, хязгаарлах ажлаа хэрэгжүүлэхгүй байна.
Тухайн үед нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ ч “Шинэ стандартад дуу чимээтэй холбоотой бүх зохицуулалтыг тусгасан. Эл асуудлыг цэгцлэх боломж бүрдлээ” хэмээн ярьж байсан юм. Гэвч “гялгар” стандарт баталснаас хойш гавьтай зүйл хийлгүй байсаар жил тойрлоо. Хэрэв хотын дуу чимээний бохирдлыг хэмждэг болчихвол нийслэлчүүд хэр хэмжээний дарамтад өдөр тутам өртөж буйгаа мэдэх боломжтой. Холбогдох байгууллагууд ч технологийн тусламжтайгаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, стандартын хүрээнд шаардлага тавих нөхцөл бүрдэнэ. Энэ төрлийн бохирдол үүсгэгчид ч хариуцлагатай хандаж эхлэх юм. Одоо бол нэгдсэн хяналт, зохицуулалтгүй учраас ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэцгээж байна. Хотыг удирдаж байгаа хүмүүс, энэ асуудалд санаа тавих ёстой байгууллагууд нь ч хойрго, хариуцлагагүй байдлаараа дуу чимээний дарангуйллыг дэмжиж, иргэдээ хохироосоор буй гэхэд болно. Иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэлгүйгээсээ хүлцэнгүй хохирогч болсоор байна. Та яг одоо цонхоо нээгээд, 5-10 минут тайван, аниргүйг мэдрэх гээд үзээрэй. Урин дулааны цагт улам ихэсдэг энэ төрлийн дарамт танд амсхийх чөлөө олгохгүй л болов уу.
Хотын стандарт, хяналтын газар хууль, журам, стандартаар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд дуу чимээний бохирдлыг бууруулахад хэрхэн анхаарч байна вэ. Энэ асуултад дорвитой хариулт өгөх хүн тус байгууллагаас олдсонгүй. Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн нэгэн мэргэжилтэн нь “Үүнд хариулах ёстой хүн нь амарчихсан учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Манай байгууллага энэ стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг нь үнэн. Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгасан, цаашид хийх бүтээн байгуулалт, шинээр ашиглалтад оруулж буй орон сууцуудад хатуу хяналт тавьж, зураг төсөл боловсруулах, барилга барих, ашиглалтад оруулах гээд үе шат бүрдээ дуу чимээнээс хамгаалах арга хэмжээ авахыг шаардах бодлого баримталж байгаа. Орон сууцын хороолол төлөвлөхдөө эрчим хүчний газар, авто болон төмөр зам, нисэх буудал, автобусны парк зэрэгтэй хэр ойр байгаагаас шалтгаалаад эрүүл ахуй, хамгаалалтын бүс тогтоох ёстой гэж стандартчилсан. Энэ мэтчилэн нарийн зохицуулалтуудыг хэрэгжүүлэх зорилго тавьж байна” гэсэн юм. Харин дуу чимээ хэмжигч суурилуулах ажлын талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэллээ.
Олон улсад бол энэ төрлийн бохирдол үүсгэгч эх үүсвэр бүрийн онцлогт тулгуурлан дуу чимээ бууруулах арга хэмжээг авдаг аж. Тухайлбал, авто болон төмөр зам, тээврийн хэрэгслээс үүдэлтэй чимээг ногоон байгууламж, тусгаарлагч хана, нүхэн гарц, хурд сааруулагчаар, барилга угсралтынхыг зориулалтын хаалт, хашлага, худалдаа, үйлчилгээний газрынхыг дуу шингээгч хана, таазны шийдлээр, үйлдвэрийнхийг ган материал бүхий тусгаарлалттай бүтээц, халхавч, дэлгэц, бүрхүүл, акустик хучлага, салхивч, агааржуулалтын систем зэргээр шийдэж болдог байна. Мэдээж дуут дохиогоо дураараа хангинуулагч, спорт яндангийнхаа ид хавыг гайхуулагчдыг холбогдох хууль, журмын дагуу торгож, шийтгэдэг жишиг бий. Харин хэмжигч төхөөрөмжийн хувьд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлгийн ухаалаг шон, авто замын сүлжээнд нам давтамжийн генератор, салхины, хөдөлгөөний хурд, чимээ шуугианыг мэдэрдэг хосолсон төхөөрөмж суурилуулах нь түгээмэл гэнэ. Иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалахын тулд чихэвч, бөглөө, сонсголын хамгаалалт, электрон дуу намсгагч, ухаалаг цаг, гар утасны аппликэйшн ашиглах нь элбэг. Манай улс энэ жишгээр дээрх стандартуудад дуу чимээ бууруулах технологи, арга зүй, хэмжих, хянах хэрэгслүүдийг нэвтрүүлэхээр тусгасан ч хэрэгжүүлэх шатандаа ийнхүү бүдрээд байна.