Жил бүрийн наадмаар хүчит бөх, хурдан хүлэг, эрхий мэргэн харваачдыг нутгийнх нь уулс даган ирж нааддаг гэх яриа бий. Аавын хүү болгон цэц сорьдог ч түрүү харваачаар тэр бүр тодордоггүй. Алтан шар зурхайд нутгийнхаа хийморийг сэргээн, ур чадвар, мэдрэмжээрээ олноос од шиг гялалзсан нэгэн харваач бол Монгол Улсын мэргэн цол хүртсэн Н.Алтансүх байв. Тэрбээр сурын талбайд азтай агшин, торгон мөч, баярын нулимсаа наадамчин олонтой хуваалцсан. Түрүү байрын төлөө Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяртай товх харваж, ойрын хэдэн жил дуулдаагүй өндөр оноогоор улсын мэргэн цолтнуудын босгоор бардам алхсан. Баян-Өлгий аймгийн Алтай сумынхан мэргэн хүүгээ сурын талбайд сэтгэл догдлон угтаж авав.
-Та өнөөдрөөс эхлэн Монгол Улсын мэргэн хэмээн цоллуулахаар боллоо. Нутагтаа том бэлэгтэй очих нь дээ.
-Баярлалаа. Намайг жил бүр дэмжин, догдолж суудаг нутгийнхаа олонд талархдаг. Дүү минь надаас түрүүлж үндэсний сур харваагаар хичээллэсэн. Тэрбээр хүүхдийн сур харваанд хоёр удаа түрүүлж байв. Намайг хөл тавихад “Миний ах сайн харвана” гээд урам хайрлаж билээ. Өнгөрсөн жилүүдэд дүү намайг дасгалжуулж, бэлтгэлд минь анхаарал хандуулсан. Түүний сайхан сэтгэл, дэм тус, бэлтгэл уйгагүй хийлгэж зөвлөсний хүчинд би Монгол Улсын мэргэн цол хүртлээ. Дүүг минь Н.Алтантулга гэдэг. Монгол Улсын онч харваач цолтой. Бид 2018 онд улсын наадмаар үндэсний сур харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цол хүртсэн юм.
-Харваач хүнд нум, сум хамгийн чухал хэрэгсэл. Хэний урласан нумаар цэц сорьж, улсын цолны босгоор алхав?
-Наадмын сур харваанд ээжийнхээ бэлэглэсэн нумаар харваж түрүүлсэн. Намайг анх хичээллэхэд их баярлаж, нум авч өгч билээ. Нум маань хэдий муудсан ч засаж янзлаад улсын наадамд түрүүлнэ гэсэн зорилготой ирсэн. Сурын талбайд зорьсноо биелүүлсэндээ сэтгэл өндөр байна. Наадмын сур харвааны тэмцээнд олон харваач оролцсон тул тэмцээн дөрөв хоног үргэлжилсэн. Дүү минь сурын зурхайд намайг дэмжиж амрах завгүй ажиллалаа. Би ямар ч үед зөвлөгөөг нь сонсох дуртай. Ахдаа тус болсон дүүгийнхээ ачийг хариулна.
-Тэргүүн байрын төлөө Монгол Улсын даяар дуурсах Л.Отгонбаяр мэргэнтэй товх харвасан. Хашир, туршлагатай мэргэнээс сүрдэв үү?
-Наадмын өмнө “Би хэрвээ улсын мэргэн болбол Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгон баяртай товхолж түрүүлэх сэн” гээд бодож байлаа. Тэр хүсэл минь биелсэн. Харваачид тэмцээний талбарт хэдий өрсөлдөгч ч гэлээ нэгнийхээ давуу талаас суралцдаг. Би түүний зан чанар, биеэ авч яваа байдал, ур чадвар, туршлага, мэдрэмжээр бахархаж хүндэлдэг. Товх харвахын өмнөх өдөр түүний суманд алдаа мадаг гаргасан тухай сонссон юм. Гэртээ хариад түүний харваанд санаа их зовсон. “Мэргэний сум сайн байж би түүнтэй өрсөлдөнө шүү дээ” гээд бодож байв.
-Түрүүлэх харваач эхний өдрийн харваанаас тэмцээнийг өнгөлөх нь харагддаг. Зурхайд цэц сориход бүх зүйл мэдрэгддэг дээ.
-Миний хувьд УАШТ, нээлтийн харвааны тэмцээнд оролцоогүй. Наадмын сур харваанд өөрт байгаа бүх зүйлээ гаргана гэж төлөвлөсөн. Би 2018 оны наадмаар III байр эзэлж, улсын гоц, дүү IV байрт шалгаран улсын онч харваач цол хүртсэн юм. Би тэр жил дүүтэйгээ хамт товх харвасан. Цэнгэлдэхийн ногоон талбайд Төрийн тэргүүнээс хоёр удаа улсын цол хүртэж, наадамчин олонтой мэндчилэх сайхан байлаа. Сумын маань сүрлэг уулс дагаж ирээд, түрүүлэхэд минь хэдэнтээ өндөлзөж баярласан биз ээ.
-Хүүгээ сурын талбайд хөтөлж ирээд энэ гайхамшигтай спортоор хичээллүүлсэн ээждээ их баярладаг биз.
-Тэгэлгүй яах вэ. Өөрийнх нь авч өгсөн нумаар хүүгээ түрүүлж, улсын мэргэн цол хүртэхийг ээж минь тэнгэрийн орноос хараад их баярласан болов уу. Нум, сум бол харваач хүний хамгийн үнэ цэнтэй хэрэгсэл. Ээж минь нум урлаач З.Баатар гуайн хүүгээс нум худалдаж аваад “Миний хүү сайн харваач болоорой” гэж ерөөгөөд өгч байлаа.
-Баян-Өлгий аймгийн харваачдаас урианхай, халх сур харваанд улсын мэргэн цолтон төрлөө шүү дээ.
-Тийм ээ. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер, аймгийн мэргэн Т.Галхүү ах наадмын урианхай сур харваанд 24 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангасан. Түүнийг түрүү харваачаар тодроход баярлаж, олон жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийг нь сурын алтан шар зурхай ивээж, хишгээ харамгүй хайрлалаа даа гэж бодсон. Миний хувьд нутгийнхаа ахын амжилтыг буухиалж төрийн их баяр наадмын халх харвааг өнгөллөө.
-Хойшид дүүгийнхээ удирдлагад хичээллэж, бэлтгэл базаах бодолтой байна уу?
-Дүү минь миний багш. Намайг сурын спортод хөтөлж, амжилтад хөтөлсөн ачтан. Тиймээс түүний удирдлагад хичээллэнэ. Энэ ташрамд, “Дүүдээ маш их баярлалаа, ах нь хайртай шүү” гэж хэлье. Бид Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрж өссөн. Миний хувьд энэ нутгаас төрсөн Монгол Улсын мэргэн цол хүртсэн анхны харваач болж байна.
Н.АЛТАНТУЛГА: АХЫГАА ДАСГАЛЖУУЛЖ, БИТҮҮ МОРЬ ШИГ ТҮРҮҮЛҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙСАН
Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын онч харваач, спортын мастер Н.Алтантулга ахыгаа дасгалжуулж, бэлтгэл хийлгэдэг. Үндэсний их баяр наадмын сур харвааны тэмцээнд шилдэг мэргэнтэй товхолж, 40 сумнаас 37 онож түрүүлэхэд нь хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр зулай дарж төрсөн ахыгаа Монгол Улсын мэргэн цол хүртэх агшинд сумыг нь тосон зогсож, баяр хүргэхээр өөдөөс нь гүйсэн юм.
-Ахыгаа сурын спортоор хичээллэхэд бүхнийг эхнээс зааж сургасан багш нь гэл үү?
-Би ахдаа 2015 оноос сур харваагаар хэрхэн хичээллэхийг анх заасан. Тэрбээр долоо дахь жилдээ Монгол Улсын мэргэн цол хүртэж нутгийн ах, дүүсээ баярлууллаа. Миний хувьд ахыгаа амжилт гаргуулахаар хавраас хойш бэлдсэн. Түүнд “Би энэ жил наадмын сур харваанд оролцохгүй. Таны сумыг янзлаад тааруулж өгье” гэхэд уурлаж “Чи улсын цолтой харваач. Наадмаар заавал сум тавих ёстой” гэж дурамжхан байв.
-Та наадмын харваа эхэлсэн өдрөөс өндөрлөтөл ахынхаа дэргэдээс холдолгүй зөвлөж харагдана билээ.
-Энэ жил өөрийгөө хойш тавьж, ахыгаа амжилтад хүргэх зорилготой ажилласан. Байгууллагын маань удирдлага “Наадмын сур харваанд амжилттай оролцоорой” гэхэд нь “Би энэ жил урианхай, буриад сур харвахгүй. Ахыгаа бэлдэнэ” гэж хэлж байв.
-Та ахыгаа бодвол дуу цөөнтэй санагдлаа.
-Бид зан чанарын хувьд төстэй шүү. Түүнийг анх нум татсан цагаас нь хэрхэн харвахыг заасан болохоор бүх зүйлийг нь мэднэ. Ахыг түрүү харваачаар тодроход өөрөө түрүүлснээс дутуугүй баярласан. Нутгийн минь өндөр уулс, Алтай Таван богд оргилын сүр хүч, энерги ахыг минь ивээсэн байх. Би 2018 оны наадмын харваанд сум алдаж, ахтайгаа оноо тэнцсэн юм. Тэр жил би улсын онч харваач болж, ахтайгаа хамт улсын цол хүртэх мөч амьдрал минь сайхан дурсамж үлдээсэн. Мөн 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд мөн л ахтайгаа товх харвасан. Улсын наадамд гурван удаа товхолно гэдэг ховор тохиол.
-Та өнөр олуулаа өссөн гэсэн. Айлын хэд хүүхэд вэ?
-Ах найм, би ес дэх нь. Аавыг минь Нармандах гэдэг. Бид арвуулаа өссөн. Бүгдийнх нь нэр Алтан гэдэг үгээр эхэлсэн. Аав, ээжийнхээ хэлснээс зөрөлгүй зөв хүмүүжиж төлөвшсөндөө баярладаг. Манайх спортлог гэр бүл. Бүгдээрээ сур харвадаг. Эгч хөнгөн атлектикийн тамирчин. Хоёр дахь ах минь наадмын урианхай сур харваанд II байр эзэлж байв. Мөн сая түрүү харваачаар тодордог ахын дээд талын ах 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Нагал хан уулын өвөрт болсон улсын наадмын сур харваанд V байрт шалгарсан юм. Миний хувьд улсын онч харваач цолоо хоёр удаа баталсан.
-Наадмын сур харваанд ахыгаа битүү морь шиг түрүүлүүлэх нь таны нууц төлөвлөгөө байв уу?
-Тийм ээ. Ахыгаа дасгалжуулж, уяа сойлгыг нь зөв тааруулж, битүү морь шиг түрүүлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Наадам эхлэхээс хоёр хоногийн өмнө сум, эрхийвчийг нь тааруулж бэлдсэн дээ. Тэрбээр 2019 оны улсын наадмаар Монгол Улсын даяар дуурсах мэргэн Д.Отгонбаяртай товхолж байв. Энэ удаа дахин товхлоход нь ахдаа “Алтан шар зурхай харвааны оноог тэнцүүлдэг. Зурхай харваачаа харсан бол сум нь зөв газраа тусах ёстой. Өвгөдийн үг худал байдаггүй юм. Аливаа зүйлд ээлж бий” гэж хэлэхэд тайвширсан.