Тэрбээр сурын талбайд цэц сорьж түрүүлчихээд алтан шар зурхайдаа талархсан. Шавиа Монгол Улсын даяар дуурсах мэргэн цол хүртэхэд багш нь хамгийн түрүүнд гүйж ирээд урам хайрлаж байлаа. Түүнийг энэ спортод хөл тавихад зааж зөвлөн, амжилтад хөтөлсөн ачтаны нэг бол үндэсний сур харвааны хүндэт мэргэн Б.Жалбаа. Бэлтгэл хийхээр ирсэн шавилхан охиныг дүүгийнх нь хамт угтан авч, мэддэг, чаддаг бүхнээсээ харамгүй заасан гэдэг. Тэр цагаас шавь нь наадамчин олны хайр хүндлэл, итгэл найдвар даасан шилдэг харваачдын нэг болжээ. 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн бол хоёр жилийн дараа мөн л түрүү харваачаар тодрон, цолоо ахиулснаар даяар дуурсах мэргэн цолтон болсон юм.
-Үндэсний их баяр наадмын сур харваанд та хамгийн өндөр оноогоор тэргүүлж, Монгол Улсын даяар дуурсах мэргэн цол хүртлээ. Сурын алтан шар зурхайд шавиа түрүүлэхэд багш тань хамгийн түрүүнд баяр хүргэж буй харагдсан.
-Баярлалаа. Төрийн их баяр наадмын сур харвааны тэмцээнд сүүлийн гурван жил 40 сумнаас 38 онолоо. Энэ удаа аав, ээж, хүрэлцэн ирсэн наадамчин олноо баярлуулж, түрүүлсэндээ баяртай байна. Өвөрхангай аймгаас төрсөн шилдэг харваач цөөнгүй. Өвөг дээдсийнхээ өвлүүлсэн өв соёлыг хойшид үргэлжлүүлэх эрэмгий, дайчин эрхий мэргэн залуус олон бий. Сурын талбайд багштайгаа танилцаж, шавь нь болсон тэр билэгт сайхан өдрийг хэзээ ч мартдаггүй. Зөв хүнтэйгээ хувь тавилангаар учирч, эрдэм, авьяас, ур чадвараас нь суралцаж яваадаа үргэлж талархдаг. Намайг амжилт гаргах бүрд багш, хань минь дэргэд байж түшиг тулгуур болдог юм. Тэднийхээ зааж, зөвлөсний ачаар богино хугацаанд цолоо ахиулж, Монгол Улсын даяар дуурсах мэргэн хэмээн дуудуулах болсондоо бахархаж байна.
-Таныг өнгөрсөн жилүүдэд багшаасаа суралцаж, өнөөгийн амжилтад хүрэх туршлага чамгүй хуримтлуулсан гэж боддог юм.
-Би 11 настайдаа үндэсний сур харваатай нөхөрлөсөн. Түүнээс хойш 22 жилийн турш багш нараасаа уйгагүй суралцаж, хэлсэн бүхнийг нь хэрэгжүүлснээр өнөөгийн амжилтад хүрлээ. Миний хувьд наадмын харваанд сэтгэл догдлолоо барьж, өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээсэн. Улсын цолтой, шилдэг олон харваач цэц сорьсон тэр их өрсөлдөөнөөс цойлж түрүүлэх үнэхээр амаргүй. Тэргүүн байрын төлөө би ч их хичээлээ. Өөрт байгаа бүхнээ шавхан гаргалаа. Цэнгэлдэхийн ногоон талбайд наадамчин олонтойгоо гурав дахь удаагаа мэндчилж, хайр, хүндлэлийг нь харамгүй хүртсэнээ ховорхон тохиох аз завшаан гэж бэлгэшээсэн.
-Мэргэн тодрох харваанд та олны чимээг мартаад төвлөрч хэсэг зогсдог. Сурын талбайд сүүлийн сумаа тавиад л сэтгэл тань тайвширдаг шиг санагдсан.
-Миний хувьд өөртөө итгэлтэй харвахын тулд хүлээцтэй, тэвчээртэй байхыг эрхэмлэдэг. Тийм үед аль болох таагүй зүйл бодохгүйг хичээдэг юм. Нум эвшээлгэхэд бясалгал хийснээс дутуугүй тайвширдаг юм шүү дээ. Сурын талбайд харваачидтайгаа мөр зэрэгцэж олон жил харвалаа. Түрүүлэхээс илүү энэ спортын гайхамшгийг мэдэрч, бодол санаагаа цэгцлэх дуртай. Харвааныхаа техник, тактикийг бодож, багш, ханийнхаа хэлсэн захиасыг санаж зогсох жаргалтай санагддаг юм. Нөхөр минь алдаа дутагдал гаргуулахгүйн тулд дэргэдээс минь алхам ч холдолгүй зөвлөдөг. Сурын харваачдад хүч, бяраас илүү сэтгэл зүйн бэлтгэл чухал. Хэн өөрийгөө зөв хянаж, бэлтгэл сургуулилалтаа сайн хийнэ, тэр хүн амжилт үзүүлэх боломжтой.
-Та цэц сорихын зэрэгцээ дүү, нөхрийнхөө харваанд ч анхаарал хандуулдаг юм билээ.
-Дүү, нөхөр, бид гурав сурын талбайд нэгнийхээ харваанд анхаарал хандуулаад завгүй өнждөг. Наадмын өдрүүдэд аав, ээж, ах, дүүс минь бидний хэрхэн харвахыг харах гэж сэтгэл догдолж суудаг юм. Дүү минь гэр бүлээрээ үндэсний сур харвадаг. Тэд энэ жил бүл нэмж, шинэ хүнтэй боллоо. Аав, ээж ачаа асраад, зочдын хоол унд бэлтгэн нутагтаа наадсан. Миний амжилтын ард гэр бүл минь байдаг. Тэднийхээ баярласан харцыг харж, урмын үг сонсох сайхан. Ханийг минь Б.Хатансайхан гэдэг. Урианхай сурын улсын мэргэн цолтой. Энэ ташрамд, надад тусалсан хүмүүст “Баярлалаа, та бүхний ачийг үргэлж санаж, амжилтаар хариулах болно” гэж хэлье. Хоёр аав, ээж минь бидэнд чадах зүйлээрээ тусалдаг. Ачийг нь амжилтаар хариулах сан гэж боддогоо энэ жил ч бас биелүүллээ.
Б.ЖАЛБАА: ШАВЬ МИНЬ ЗААСАН БҮХНИЙГ ӨӨРИЙНХ БОЛТОЛ ЭЗЭМШДЭГ
Монгол Улсын даяар дуурсах мэргэн Б.Пунсалдуламын багш нь үндэсний сур харвааны хүндэт мэргэн, шагайн харвааны спортын мастер, гүйлтийн тэшүүрийн дэлхийн аварга, ОУХМ Б.Жалбаа. Тэрбээр Монголд спортын олон төрлөөр хичээллэдэг цөөн ахмад тамирчны нэг. Түүнд жилийн дөрвөн улиралд тухлах зав ховор гардаг. Өвөл тэшүүрээр гулгаж, тэмцээнд оролцоно. Зун сур, шагайн харваатай нөхөрлөж, наадмын талбайд цэц сорих шавь нараа бэлтгэл хийлгэдэг.
-Б.Пунсалдуламыг ээж нь дүүтэй нь дагуулж ирээд таны шавь болгосон гэх яриаг сур харваачдаас сонссон. Шавь тань наадмын тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ.
-Тийм ээ. 2009 оны наадам өндөрлөж байхад ээж нь түүнийг дүүтэй нь дагуулж ирээд надтай танилцуулж байлаа. Тухайн үед “Хоёр хүүхдээ үндэсний сур харваагаар хичээллүүлье. Танд шавь оруулахаар зорьж ирлээ. Сурсан эрдмээсээ зааж өгөөч” гэж олон харваачдаас намайг онцолж санал тавьсан юм. Тэр цагаас өнөөг хүртэл өөрийн хүүхэд шигээ зааж, зөвлөж ирсэн. Б.Пунсалдулам миний зөвлөгөөг сайн сонссон. Өөрийнх нь хичээл зүтгэл ч багагүй нөлөөлсний үр дүнд богино хугацаанд амжилт гаргаж байгаа. Тэрбээр 2016 онд Монгол Улсын мэргэн, 2022 онд даян мэргэн, энэ жил даяар дуурсах мэргэн цол хүртэж, багшийнхаа ачийг хариулсан. Түүний дүү Б.Сосорням сайн харвадаг. Улсын тод харваач цолтой.
-Та шавийнхаа амжилтад хүртэл хөдөлмөрлөсөн давуу талаас сонирхуулаач.
-Миний шавьд олон давуу чанар бий. Тэмцээнээс тэмцээнд зөвлөгөөг минь хэрэгжүүлж, заасан бүхнийг өөрийнх болтол эзэмшдэг. Ийм чадварт суралцаж, туршлагажсан болохоор түүнийг түрүүлнэ гэдэгт итгэдэг. Би шавь нараа сурын талбайд гарахын өмнө олон зүйл хэлдэггүй. Сур харваанд амжилт гаргахад тухайн харваачийн сэтгэл зүйн төвлөрөл чухал байдаг юм. Б.Пунсалдулам зурхайд харвахаар зогсож байхдаа өөрийгөө бүх зүйлээс чөлөөлдөг. Түүний бясалган бодох байдал найдлага төрүүлдэг шүү.
-Та түүнээс гадна үндэсний сур харвадаг олон шавьтай гэсэн. Тэднээс энэ удаа цол хүртэв үү?
-Надад олон шавь бий. Энэ жилийн наадмаар сурын талбайд цэц сорьсон эмэгтэй харваачдаас шавь Б.Пунсалдуламыгаа өнгөлж түрүүлэхэд нь сурын алтан шар зурхайд баярын нулимстай үнссэн. Түүнээс өмнө миний хариуцан дасгалжуулж байсан баг, клубийн харваачдаас дөрөв нь улсын цолд хүрч баярлуулсанд сэтгэл өндөр байна. Би өсвөр үеийн сур харваачдын “Эрч” клубийн дасгалжуулагчаар ажиллахдаа шавь нараа холимог багийн улсын аварга болгож байв. Тус клубт харьяалагддаг байсан эмэгтэй шавь нараас Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, “Соёмбо” спорт хорооны тамирчин Б.Пүрэвжав, эрэгтэйчүүдээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Бат-ур мэргэн’’ үндэсний сурын холбооны харваач Д.Эрдэнэхүү нар 40 сумнаас 36 онож улсын гоц харваач цол хүртлээ.