Үндэсний сур харваанд 1990-ээд оноос өөрийн цэц сорих арга барил, техникээр хүч түрэн орж ирсэн харваач бол Монгол Улсын мэргэн Б.Бутваан. Түүнийг өвөг дээдсээс үр хойчдоо уламжлан өвлүүлсэн энэ гайхамшигтай спортод хөтөлсөн ачтан нь Монгол улсын мэргэн С.Насангэрэл. Туршлагатай, мэдрэмжтэй, гярхай харваачийн нүдэнд өртөж, сур харваатай нөхөрлөсөн нь амжилтад хүрэх анхны алхам байв. Эхэндээ хичээллэх амаргүй санагдаж, нумаа татаж дийлэхгүй нь дээ гэж боддог байсан түүний сэтгэлийг хүсэл, зорилго нь тууштай үлдээсэн гэдэг. Тэр цагаас багш нь шавийнхаа ур чадварыг ахиулж, өөртэй нь өрсөлдөх хэмжээнд хүрэхэд ихэд баярлан, улс, аймгийн томоохон тэмцээнүүдэд оролцуулдаг болжээ. 2003 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол олгодог болоход тэрбээр багшийнхаа заасан эрдэм, өөрийн хуримтлуулсан туршлагыг харуулж, наадмын сурын алтан шар зурхайд түрүүлэн, Монгол Улсын мэргэн цол хүртэж байв. Дорнод аймгийн Дашбалбар сумаас төрсөн улсын цолтой гурав дахь мэргэнээр тодорч, нутгийнхаа зон олныг ч баярлуулсан юм. Амжилт гаргаснаа багшийнхаа үйл хэрэгтэй холбон ярьж, бахархдаг тэрбээр өдгөө “Номин” клубийн дасгалжуулагчаар ажиллан, гарынхаа шавь нарыг бэлдэж байна.
-Дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан Монгол наадам эхлэхэд бэлэн болжээ. Наадамчин олонд бүтэн жил хэрхэн хөдөлмөрлөснөө харуулах эрхий мэргэн харваачид сурын талбайд нум эвшээлгэн, гичир татах нь. Та энэ удаа хаана бэлтгэл хийв?
-“Номин” клубийнхээ залуу харваачидтай Төв аймгийн Эрдэнэ сумын ойролцоох “Цонжинболдог”-т наадмын бэлтгэлээ базаалаа. Би тус клубт дасгалжуулагчаар ажилладаг юм. Миний хувьд одоо ахмад харваачдын нэг болсон тул шавь нарынхаа бэлтгэлд анхаарал хандуулж байгаа. Энэ жил наадмын үндэсний сур харвааны алтан шар зурхайд үе үеийн мэргэчүүд, мөн шавь нартайгаа хамт цэц сорино. Багшийн хувьд тэдэндээ үндэсний спортоос сур харваа юугаараа өвөрмөц, онцлогтой болохыг ойлгуулж, мөн хэрхэн хичээллэдгийг анхнаас нь зааж, сургасан болохоор улсын цолд хүргэх сэн гэж боддог. Шавь нар минь жилээс жилд туршлагажин, ур чадвараа ахиулснаар зарим нь спортын мастер, спортын дэд мастер цол хүртсэн.
-Энэ жил үндэсний сур харвааны олон тэмцээн орон нутагт боллоо. Шавь нар тань Дорнод аймагт болсон УАШТ-д хэр өрсөлдсөн бэ?
-Дорнод аймгийн Баян-Уул сум байгуулагдсаны 100, үндэсний сурын спортоос төрсөн анхны Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн А.Цэвээн агсны мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит үндэсний сурын цуваа харвааны УАШТ өнгөрсөн сард болоход 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1030 харваач оролцлоо. Дорнодын тал нутаг салхи ихтэй тул харваачдаас мэдрэмж, авьяас, ур чадвар, туршлага маш их шаардсан. Уудам газарт харваж үзээгүй харваачдын хувьд тун амаргүй шалгуур байлаа. Газрын өндөр, нам нь сур харваанд их нөлөөлдөг. Дорнод, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт сур харвах өөр. Сэлэнгэ аймаг сайхан байгальтай. Зуншлага сайтай. Тэндхийн ой мод, голын нугад багийн УАШТ тэмцээн болоход шавь нартайгаа амжилттай оролцсон.
-Дашбалбар сум таны төрсөн нутаг. Хүүхэд насны тань дурсамж хөдөө үлдсэн болохоор нутаг руугаа сэтгэл үргэлж тэмүүлдэг биз?
-Багаасаа хөдөө өссөн болохоор уужим талд сэтгэл тэнүүн, тайван харвах дуртай. Манай нутгаас төрсөн алдартай бөх, мэргэн харваачид бий. Би гурав дахь харваач нь. Тэднийхээ нэг болж, сур харваатай нөхөрлөсөндөө баярладаг. Тухайлбал, 1975 1979, 1987 оны улсын наадмаар түрүүлсэн Монгол Улсын дархан мэргэн Д.Бор-Охин гуай өдгөө 80 насны босго алхсан ч залуучуудтай мөр зэрэгцээд сур харваж байна. Намайг харваанд хөтлөн оруулж, амжилтаас атгуулсан С.Насангэрэл багшийнхаа дараа би улсын мэргэн цол хүртсэн. Залуу харваачдаас бидний амжилтыг үргэлжлүүлж, Б.Баярчимэг 2017 онд улсын наадмын халх, буриад сурын харваанд тус бүр тэргүүлэн улсын мэргэн цол хүртсэн юм. Бөхчүүдээс Д.Анар 2019 онд наадмаар улсын харцага, 2021 онд улсын заан цол хүртсэн. Эрэгтэй дүү нар минь жил бүрийн наадмаар хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж уралдуулдаг. Энэ нутгийнхан уудам нутаг шигээ тайван зантай. Тэр бүр тэвдэж, сандраад байдаггүй.
-Сур харваачид Монгол орныхоо ихэнх аймгаар аялсан байдаг. Танд очиж үзээгүй газар ховор байх.
-Би үндэсний сур харваач болсондоо талархдаг. Энэ спортын ачаар надад очиж үзээгүй аймаг байхгүй. Монголын 21 аймагт болсон тэмцээнд оролцохоор явахдаа аялж, түүхэн дурсгалт газар, байгалийн сайхан, зон олных нь зочломтгой найрсаг зангаар бахархаад ирдэг. Үндэсний спортын шилдгүүд орон нутгаас голдуу төрдөг шүү дээ. Бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морь гээд монголчуудын нүүдлийн ахуй, амьдралтай нь ойр тул дурлаж хичээллэдэг залуус олон. Сүүлийн үед сур харвааны тэмцээн өрсөлдөөнтэй болсон. Хэн өндөр оноо авсан нь түрүүлж байна. Наадмын өглөө сурын талбайд цэц сорьё, хийморио сэргээж, сайхан наадъя гэсэн өөдрөг бодолтой ирдэг. Өнгө өнгийн дээлээр гоёсон наадамчин олныг сурын талбайд тухалсныг харах үнэхээр сайхан. Яг л цэцгийн мандал шиг харагддаг юм шүү дээ.
-Өнгөрсөн жилийн наадмаар таныг охинтойгоо шилдэг 16-д шалгарахыг харж суулаа.
-Манайх хоёр хүүхэдтэй. Охин Э.Дуламжав сур харваагаар долоон жил хичээллэж байна. Спортын мастер, аймгийн гоц мэргэн цолтой. Сурын талбайд ээж, охин хамтдаа цэц сорьж зогсох шиг жаргал хаана ч байхгүй санагддаг. Өнгөрсөн жилийн наадмаар бид эмэгтэй харваачдаас шилдэг 16-д шалгарч байлаа. Ийм амжилт үргэлж тохиогоод байдаггүй юм. Бид бэлтгэл хийхдээ ч, тэмцээнд оролцохдоо ч нэгэндээ байнга зөвлөдөг. Хүү минь сур харвадаг ч завгүй ажилтай болохоор тууштай хичээллээгүй. Би одоо хүннү нумаар харвадаг. Ийм нум ядраадаггүй ч мэдрэмж их шаарддаг. Хязгаарлагчгүй тул чангалахаар сум давна, сулруулбал дутна.
-Багш нь таныг сур харвавал хожим улсын цол хүрэх амжилт гаргана гэдгийг билгийн нүдээр харж, зөн совингоороо мэдэрсэн байх нь.
-Залуу байхдаа сагсан бөмбөг, волейбол их тоглоно. Хүмүүс тэмцээнд хожигдчхоод шаралхаж уурлахад би тайван л сууж байна. С.Насангэрэл багш намайг хараад “Чи сур харваагаар хичээллэ. Зан чанарт тань яг тохирно. Миний шавь бол” гээд анх хөтлөөд оруулж билээ. Сайн багшийн удирлагад хичээллэж, ур чадвараа богино хугацаанд ахиулснаар спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер цол хүртсэн. Багш минь үндэсний сураар олон жил хичээллэсэн тул харваач болох хүнийг хараад л мэддэг байв. Би тун удалгүй багштайгаа өрсөлдөх хэмжээнд хүрлээ. Сур харвааны тэмцээнд товх харван багшийгаа хожиж, хүрэл медаль хүртсэн юм. Багшийг наадмаар түрүүлдэг жил эхний таван байрт шалгарч байлаа. Өвөг дээдсийн түүхээс улбаатай сайхан спортоор намайг хичээллүүлж, амжилтаас атгуулсанд баярладаг юм.
-Эвэр нум анх татсан танд хичээллэх эхэндээ хэцүү л санагдсан болов уу. Сэтгэлийн хат тэвчээрээр саад бэрхшээлийг даван туулсан хүн энэ спортод амжилт гаргадаг юм билээ.
-Нумаа ч татаж дийлэхгүй надад сур харваагаар хичээллэх эхэндээ амаргүй санагдсан. Тухайн үед “Энэ нумыг хэзээ татаж дийлдэг болно доо” гэж боддог байв. Амжилт гаргаад эхлэнгүүт хэцүү гэж бодогдохоо больсон. Би 2003 оны улсын баяр наадмын үндэсний сур харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн. Өөрийн гэсэн нумгүй тул тэр жилийн зун сур харвасангүй. Тэгээд ч нум урладаг хүн олон байгаагүй. Манай багийнхнаас нэг нь надад “Энэ нумаар харваж, мэргэн болоорой” гэж ерөөгөөд өгсөн юм. Улсын наадмын харваанд оролцохоор Орхон аймагт амьдардаг Ваанчиг хэмээх хүнээс сум авлаа. Наадмын сур харваанд бэлтгэл хийгээгүй оролцсон болохоор өөрийгөө алдаж магадгүй гэж их бодсон. Сурын алтан шар зурхай надад ивээлээ харамгүй хайрласан даа.
-Та тэр жил Сэлэнгэ аймгийн уугуул, нум урлаач З.Баатар гуайгаар шинэ нум урлуулсан гэдэг. Наадмаар түрүүлэх мэдрэмж төрсөн хэрэг үү?
-Түрүүлэх бодол нэг их төрөөгүй. Харин шинэ нум, сумаар харвах нь гэж баярласан. Тухайн үед сур харваачид “Нум сайн хийдэг хүн бий” гээд Сэлэнгэ аймгийг зорьж, З.Баатар гуайгаар шинэ нум урлуулахыг зөвлөсөн юм. Би ч тэр жил их хичээсэн. Шинэ нум, сум ч сайн таарсан. 36 сумнаас 32 онож тэргүүн байрт шалгарч байлаа. Түрүүлснээ ч эхэндээ мэдээгүй. Намайг зурхай дээр байхад УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлага баяр хүргэхэд хүмүүс бүчээд л авсан. Цагаан хоолойгоор нэрийг минь зарлахад өөрийгөө түрүүлснийг мэдэж билээ. Улсын цол хүртээд сумдаа очиход нутгийн зон олон сэтгэл өндөр хүлээж авсан. Түүнээс хойш тэр нумаар 10 жил харвасан шүү. Одоо бол дөрвөн сум алдаж харвахад түрүүлэх нь бүү хэл байр эзлэхгүй болсон байна. Өнгөрсөн жил наадмын харваанд 35 оносон ч байр эзлээгүй. Өдий насанд залуучуудтай өрсөлдөж, 30 гаргаж ононо гэдэг амаргүй.
-Наадмын дараах тэмцээнд Монгол Улсын мэргэн гэж зарлуулах танд таатай бодол төрүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Хүмүүс мэргэн гэж хүндэлж дуудахад тэмцээнд Монгол Улсын мэргэн гэж зарлахад нь эхэндээ дасахгүй байлаа. Би тэр жил дөрвөн сумнаас хоёр оносон бол тасрах байсан. Хүмүүс ч намайг гүйцэхээргүй байв. Наадмын эхний өдөр нэг их зүйл бодолгүй амарсан. Маргааш нь автобусанд сууж явахдаа “Нээрээ би чинь түрүүлж яваа шүү дээ” гэж бодсон. Сурын талбайд очтол манай багийнхнаас хэн ч над дээр ирсэнгүй. Тэд минь миний сэтгэл санааг үймүүлэхгүй гэсэндээ холхон байсан юм билээ. Би ганцаараа сууж байгаад л талбайд харвахаар гарсан. Тамирчин хүний амжилт гэр бүл нь хэрхэн дэмжихээс шалтгаалдаг. Хань минь сур харваагаар хичээллэхэд дуртай хүлээж авсан. Хаана тэмцээн болно оролцоод ир гэнэ. Заримдаа жолоо бариад хамт явна. Манай ач, зээ спортод сонирхолтой. Нэг нь байт харваа, нөгөө нь буудлагаар хичээллэдэг. Дотоодын томоохон тэмцээнүүдээс нэг бус удаа медаль хүртсэн.
-Та ягаан, улаан хүрэн өнгөнд дуртай бололтой. Сурын талбайд ирэхдээ та ийм өнгийн торгоор дээл урлуулж өмссөн харагддаг.
-Би энэ жилийн наадмаар ногоон өнгийн дээл өмсөнө. Малгай, дээл, гутал гээд гоёлоо урлуулж зэхсэн. Өмнө нь улаан хүрэн өнгийн дээл өмсдөг байлаа. Сайхан дээл өмсөөд сур харваж байхад наадамчин олонд таатай сэтгэгдэл төрүүлдэг. Тэдний зарим нь “Би ирэх жил сур харвана гэж бодсон” гээд ярьдаг юм. Сурын талбайд хоёр хоног харвахад уухай нь чихэнд хоногшдог. Нэг хэсэгтээ л мартагдахгүй сонсогдоно. Хүмүүс энерги, хийморио сэргээхээр сурын талбайд ирдгийн нэг шалтгаан энэ шүү дээ. Наадмын өглөө хур бороо ордог нь үүнтэй ч бас холбоотой. Уухай бол зүгээр нэг аялгуу биш. Сонсоод баймаар сэтгэл татах увдистай.
-Дэлхийн уламжлалт сур харвааны тэмцээнд оролцохоор хилийн дээс цөөнгүй алхсаныг тань харваачдаас сонссон л доо.
-Улс бүрийн харваачид өөрийн гэсэн харвах онцлогтой. Миний хувьд БНСУ-д болсон дэлхийн уламжлалт сур харвааны тэмцээнд оролцож, мөнгөн медальтай ирж байв. ӨМӨЗО-ы Ордос хотод болсон Монгол туургатны их наадмаас ч хүрэл медаль хүртсэн. Туркэд болоход нь морин дээрээс сур харваж, II байр эзэлж байв. Намайг морь унаад давхихыг гадаадын үзэгчид хараад “Таныг өдий насандаа морь ингэж унана гэж бодсонгүй” гээдгайхаж билээ. Гадаад морь өндөр, сургуулилалттай ч явдал нь хатуу. Монгол морь намхан, явдал нь зөөлөн. Хол зам туулах чадвартай. Энэ мэтчилэн хилийн дээс алхахдаа ганзага хоосон ирж байсангүй. Монголчууд сэтгэл хөдлөл багатай. Тогтуун, тайван зантай. Харваж, намнахдаа мэргэн байдаг нь эцэг өвгөдөөс улбаатай гэж боддог.
-Сур харваагаар хичээллэхийн ач тус, гайхамшгийг ахмад харваачдаас харж бахархдаг юм. Та ч гэсэн тэдний нэг шүү дээ.
-Сур харваагаар хичээллэсэн хүн хөдөлгөөний дутагдалд ордоггүй юм. Эрүүл, эрч хүчтэй, идэвхтэй амьдардаг. Харваачдын дунд бөгтөр нуруутай хүн байхгүй. Цаг агаарын ямар ч нөхцөлд харвадаг болохоор тэсвэр хатуужилд хамгийн түрүүнд суралцдаг. Зан чанарын хувьд олонтой нээлттэй болж, төлөв даруу хүмүүждэг. Би энэ спортод хөл тавьсны ачаар өдий зэрэгтэй яваа. Миний хувьд ажил алба, сур харваа гээд аль алийг нь орхилгүй урагшилж, амжилт гаргасан. Надад таатай дурсамж үлдээсэн олон тэмцээн бий. Үүнээс 60 нас хол давсан хэрнээ Говь-Алтай аймагт 2018 онд 1000 харваач цэц сорьсон тэмцээн зохион байгуулахад түрүүлсэн юм. Би тэр жил бүсийн наадам, улсын тэмцээнд оролцож найман алтан медаль хүртсэн.
Миний хувьд шагналын хур далласан, өөдрөг сайхан жил байлаа. Монгол орныхоо баруун, зүүн хязгаарт очиж сур харваж зогсох хамгийн сайхан жаргал санагддаг. Хаана ч очсон харваач хүн танилтай байдаг. Наадмын дараа Өмнөговь аймагт том тэмцээн болно. Ханийн минь төрсөн нутаг болох Архангай аймгийн Хайрхан сумын 100 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Тус сумын наадмын сур харвааны тэмцээнд оролцох урилга хүлээж авлаа. Мөн Булган аймагт “Алтаргана-2024” наадам энэ сарын 26-28-нд болно. Би ч гэсэн харваачдынхаа адил оролцох бодолтой байгаа. Удахгүй болох улсын наадамд цэц сорих сур харваачдадаа баяр наадмын мэнд дэвшүүлээд, уухай нь цээл, сум нь мэргэн, оноо нь арвин байх болтугай гэж ерөөе. Сайхан наадаарай.