Өөрөөсөө том цүнх үүрсэн, өөдөсхөн зургаан настнууд сургуулийн босго анхлан давахдаа баяр хөөрөөр дүүрэн байдаг. Гэвч сургуульд сурна гэдэг тэдний бодсон шиг зугаатай, хөгжилтэй зүйл биш. Ширээний ард суухаас залхана, хичээлээ бичихээс залхуурна, багш, эцэг, эхийн “даалгавраа хий” гэх шаардлагыг биелүүлэх ёстой болно. Бүхнийг таньж мэдэх эмзэг насанд нь сайн, муу сурлагатан гэх ялгаа үүсгэснээр сэтгэл зүйн хувьд ч тайван биш болдог гэнэ. Хүүхдүүд жилд 32 долоо хоногийн турш тасралтгүй хичээллэдэг. Энэ бүхний эцэст тэд маш их ядардаг байна. Зөвхөн нэгдүгээр ангийн жаахнууд ч биш, бүх л хүүхэд олон төрлийн хичээлээр “нүдүүлсээр”, зарим нь ядаргаанд орох нь бий. Ялангуяа төгсөх ангийн сурагчид улсын болон элсэлтийн шалгалт гэх том даваагаа амжилттай давахын тулд нойр, хоолоо хасаж, өдөр шөнөгүй хичээлээ давтдаг шүү дээ. Шалгалтаа тааруу өгөх вий гэх айдсаас болж хүүхдүүд сэтгэл зүйн дарамтад өртөж, нойргүйдэх, хоол унднаас гарах нь цөөнгүй гэдгийг сэтгэл зүйчид хэлж байна.
Өнгөрсөн сарын 10-нд сургуулийн сурагч, 16 настай охин амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг шалгалтаа тааруу өгсний улмаас амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж буй бөгөөд цагдаагийн байгууллагынхан хэргийг шалгаж байгаа юм. Амиа хорлохыг завдах явдал өсвөр насныхны дунд чимээгүй тахал шиг тархсаныг мэргэжилтнүүд хэлж, анхааруулсаар байгаа. Статистик мэдээлэл ч үүнийг нотолдог. Тодруулбал, ЭМЯ, нийслэлийн Боловсролын газраас хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдлын талаарх судалгааг өнгөрсөн онд танилцуулсан юм. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд ойролцоогоор таван хүүхэд тутмын нэгд амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын нэг нь оролдлого хийж үзсэн гэсэн хэрдхийм дүн гарсан байна. Үл хайхрах хүчирхийлэл, хүүхдэд ээлгүй орчин, гэр бүл, эцэг, эх, хүүхэд хоорондын харилцааны зөрчил, мэдээллийн сөрөг урсгал, дэлгэцийн хамаарал, үе тэнгийнхний дээрэлхэлт зэрэг хүчин зүйл өсвөр насныхны хувьд сэтгэл гутрах, түгших эмгэгт өртөхөд нөлөөлдөг аж. Үүнээс харахад бидний үр хүүхдэд сэтгэл зүйн болон бие мах бодийн тулгамдсан олон асуудал байна. Үүнийг шийдвэрлэхэд эцэг, эхийн оролцоо хамгийн чухал. Цаашлаад найз нөхөд, хүрээлэн буй орчин, багш, сургуулийн сэтгэл зүйчийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Ядаж зуны гуравхан сар хүүхдээ хүслээр нь амрааж суръя. Тааваараа тарвалзах эрх чөлөөг нь олгоё. Гэхдээ мэдээж буруу зуршлыг нь өөгшүүлэхгүй.
ДУУ ЧИМЭЭНЭЭС ХОЛ БАЙХ НЬ ТАРХИ АМРААДАГ
Их түгжрэл, хорт утаа, ханиад томууны улирал удахгүй ирнэ. Үүнээс урьтаж хүүхдийнхээ эрүүл мэндийг хэрхэн дэмжих вэ. Ногоон байгууламж нь өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдгийг шинжлэх ухаанаар нотолсон гэж хүүхдийн эмч Т.Навчаа хэлэв. Тэрбээр “Модтой хашаа, гудамжид амьдарч буй хүүхэд өвчлөх нь бага. Хүүхдийг наранд байлгаснаар дархлаа нь сайжирдаг гэж ярьдаг байв. Энэ нь одоо цагт эсрэгээрээ болсон. Наранд удаан байх нь дархлаа сулруулах, вакцины үр дүнг бууруулах, арьсны өвчнөөр өвчлүүлэх эрсдэлтэй. Хурц нартай үед хүүхдийг модны сүүдэрт тоглуулах нь танин мэдэхүйн чадварыг сайжруулах, хөдөлгөөний хурд сайтай болоход эергээр нөлөөлдөг. Жишээлбэл, хүүхэд мод тойрч гүйх, авирах зэргээр хөл, гарын булчингаа чангаруулдаг юм. Эцэг, эхчүүд модонд аврихаар нь гэмтэнэ гээд цааргалдаг. Тэгвэл гэмтэхээс нь сэргийлж, авирахад нь тусалж болно шүү дээ” гэв. Дулааны улиралд хүүхдийг чийрэгжүүлж, дархлааг нь дэмжсэнээр намар өвчлөх нь бага гэдгийг тэрбээр хэлсэн. Бие эрүүл хүүхэд хичээлээсээ чөлөө авч, цалгардахгүй учир сайн сурдаг байна.
Зуны амралтаар үр хүүхдийнхээ дархлааг дэмжиж ус, агаар, нараар чийрэгжүүлэх нь өвөл идэвхждэг ханиад, вирус, нянгийн халдварыг хөнгөн бөгөөд хүндрэл багатай давах гол хүчин зүйл болдог талаар хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөр ярьсан юм. Тэрбээр “Сургуулийн насны хүүхдүүдийг аль болох ухаалаг утас, интернэт, хотын их дуу чимээнээс хол байлгах, сонирхсон спортоор нь хичээллүүлэх, монгол ахуйтай танилцуулах зэрэг нь тархи амраадаг. Ийм нөхцөл бүрдүүлэх нь маш сайхан амралт болдог. Бага насны хүүхдүүдийг агаар, тэр дундаа ой модонд байлгах нь өвөлжин ханиад хүрсэн уушгинд нэн тустай. Зуны улирал хүүхдийн дархлалын системд хамгийн их нөлөөлдөг юм. Энэ нь Д аминдэмийг арьсан доороо нийлэгжүүлж нөөцлөх чухал улирал. Д аминдэмийг зуны турш хангалттай хэмжээгээр авсан хүүхэд өвөл ханиад шуухинаа хүрсэн ч хөнгөн тусдаг. Мөн дархлаа дэмжих гол зүйл бол хүүхдийн хооллолт. Зуны дэлгэр цагт аль болох олон төрлийн ногоо хэрэглэхийг зөвлөе. Өнгө, өнгийн ногоогоор хүүхдийнхээ хоолыг баяжуулах нь ямар ч үнэтэй аминдэмээс илүү шим тэжээлтэй байдаг. Олон төрлийн, шим тэжээл сайтай чанарлаг хоол нь хүүхэд ойр ойрхон өвдөх, ханиад томуугаар өвчлөх эрсдэлийг бууруулдаг” гэв. Мөн тэрбээр зуныг “Калциар баялаг улирал” хэмээн тодорхойлсон. Кальци нь хүүхдийн ясны өсөлтөд нэн тустай. Чихэр, гурилан бүтээгдэхүүний оронд аль болох сүү, тараг, өрөм, ааруул идэх нь дархлааг илүү дэмжихийг онцолсон. Түүнчлэн хүүхдээ аль болох хөл нүцгэн өвс, шороо, элсэн дээр гишгүүлэхийг зөвлөсөн юм. Энэ нь одоо цагт эцэг, эхчүүдийн санааг зовоож буй хавтгай тавхай үүсэхээс сэргийлдэг гэнэ.
Дэлгэр цагт хүүхдээ агаар, усаар чийрэгжүүлдэг ээж, аавууд цөөнгүй. Цар тахлын жилд сүлжээгүй, гэрэл цахилгаангүй уулын аманд, ой модны захад, горхины дэргэд гэрээ бариад зуссан талаараа нэгэн ээж хуваалцав. Том хүүхдүүд нь нэг, дундах нь хоёр, харин багачууд нь гурван сар хэртэй агаарт байжээ. Гэрийнхээ үүдэнд сагсны шийдтэй. Хүүхдүүд нь өдөржин горхи туулж, ойгоор зугаалаад сүүдэр гарахаар сагс тоглоод л зугаатай сайхан амарсан гэнэ. Тэдний анхаарлыг сарниулах, сонирхлыг нь татах өөр зүйлгүй тул 21.00 цагт унтаж амраад 09.00 цагт сэрдэг байжээ. Ёстой нүд, чих, тархи, бие, сэтгэлээ “эрхлүүлж”, бухимдалгүй сайхан амарч. Ингэж амраахдаа хоолонд нь анхаарахаа мартаагүй. Өглөө бүр 10 литр сүү худалдан авч, хөөрүүлж, бүлээнээр нь уулгажээ. Мөн хүүхдүүдтэйгээ хамт өрөм, тараг, ааруул “бүтээжээ”. Ээж л багагүй ядарсан гэнэ. Харин энэ зун түүний том хүүхдүүд нь ажил хийж, мөнгө олно гээд хөдөө явахаас цааргалсан аж. Түүн шиг олон ээж зуны сардаа багтаж хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарахыг эрмэлздэг. Шүд, нүдийг нь үзүүлэх, шинжилгээнд хамруулах зэргээр эрүүл мэндэд нь санаа тавьдаг. Зарим нь хөвгүүдээ биеийн хүчний ажил хийлгэж сургахаар аавтай нь хамт зуслан дээр хөдөлмөрлүүлж буй гэнэ. Гэхдээ олонх нь хүүхдээ ингэж агаарт амрааж чаддаггүй. Аав, ээж нь ажилтай тул дүү нараа харж, хандах үүрэг, хариуцлага ах, эгч нарт оногддог. Тэд ихэнхдээ гар утсаа ухаж, телевиз үзэж өдрийг өнгөрүүлж байна.
ГУРАВХАН САРЫН ДОТОР “ТӨГС” БОЛОХГҮЙ
Хүүхдүүдийн хувьд тааваараа унтаж амрах тааламжтай цаг нь зуны улирал. Гэвч эцэг, эхчүүд урьдын адил завгүй. Өглөө ажилдаа гараад үдэш орой харьцгаана. Хичээл сургууль амрахаар хүүхдүүд ахуйн болон зам, тээврийн осолд өртөх, нохой, мууранд хазуулах, тоглоомын талбайд унаж бэртэх, түлэгдэх, усанд осолдох зэргээр гэмтэх, цаашлаад амиа ч алдах эрсдэл өндөр байдгийг эмч нар анхааруулдаг билээ. Ялангуяа Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасаг гэмтэж бэртсэн хүүхдүүдээр дүүрдэг байна. Өнгөрсөн онд 0-17 насны 67 861 хүүхэд тусламж, үйлчилгээ авснаас зургаа, долоо, наймдугаар сард хамгийн олноор ханджээ. Тэдний 1998 нь зөвхөн тоглоомын талбайд тоглож байгаад унаж бэртсэн гэнэ. Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 27 060 хүүхэд үйлчлүүлсний 1578 нь зам, тээврийн осолд өртсөний улмаас тусламж авсан байна. Энэ нь эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, болгоомж илт суларсныг харуулж буй юм. Багш нарын хараа хяналтаас гарсан тэднийг гэр бүлийнхэн нь анхаарч, халамжлах үүрэгтэй. Гэтэл гэрт нь цоожлох, ганцааранг нь харах хүнгүй үлдээх, хоол ундгүй байлгах зэргээр үл хайхрах хүчирхийлэл үйлдсээр байна. Цонх, салхивч нь хамгаалах торгүйгээс хүүхэд өндрөөс унаж эндэх нь бий. Саяхан нэгэн айлын цэлийтэл нээсэн цонхоор жаахан хүүхэд унах гэж байхад онцгой байдлын аврагчид аварсан бичлэг олон нийтэд түгсэн. Хүүхэд багагүй хугацаанд цонхон дээр ганцаараа байсан ч цаанаас нь хэн нэгэн гарч ирээгүй юм. Хүүхдийг хүүхдээр харуулах, эсвэл өндөр настай эмээ, өвөөд нь үлдээх нь эрсдэл дагуулж мэдэхээр байна.
Нөгөө тээгүүр зуны гурван сарыг хүүхдийнхээ хичээлийн хоцрогдлыг арилгах цаг гэж боддог ээж, аав цөөнгүй. Тиймдээ ч бүх л төрлийн дугуйланд хамруулж, чөлөө завгүй хичээл хийлгэх гэж үздэг. Нэг хүүхэд өдөрт хоёроос дээш дугуйланд явж буй тохиолдол ч байна. Англи хэлний дамжаанаас эхлээд математик, монгол хэл нэмээд бүжиг, шатар, даам, цаашлаад спортын олон төрлөөр хичээллүүлж, хэдхэн сарын дотор “төгс нэгэн” болгохыг хүсдэг. Энэ нь хүүхдэд ахадсан ачаа болж буй юм. Ялангуяа нэгдүгээр ангид орохоос нь өмнө уншиж, тоо бодуулж сургахыг эцэг, эхчүүд хичээх болсон. Мөн англи хэлийг цэцэрлэгийн наснаас нь зааж буй. Сурагч болохоосоо өмнө сургуульдаа үзэх хичээлээ сурчихсан байхыг бага ангийн багш нар төдийлөн сайшаадаггүй юм билээ. “Би мэддэг” гэсэн хандлагаар багшийгаа үл тоох, хичээлдээ сонирхолгүй болох зэрэг сул талтай гэнэ. Тиймээс хүүхдийг амрах үед нь амрааж, сурах цагт нь сургах нь хамгийн зөв аж. Гэтэл зун багш нар “дааж давшгүй” их даалгавар өгдөг. Үүний зэрэгцээ ээж, аавын шаардлагаар элдэв дугуйланд явах болдог. Наадамд хурдан морио сойж буй уяач мэт олон янзын сургалт, давтлагаар хүүхдүүдээ хэт шахаж, өөрийнхөөрөө байх боломж олгохгүй байх нь цөөнгүй. Заавал сайн байх ёстой гэж тулган шаардаж, таалалд нь нийцэхгүй бол “муу хүүхэд” гэж чичилдэг сул тал эцэг, эхчүүдэд байдаг нь нууц биш. Намар, өвөл, хаваржингаа хичээллэсэн хүүхдүүд зун зүгээр л амрахыг хүсэж байна. Ямар сайндаа “Зуны даалгавраа хийгээч” гэсэн ээжийнхээ шаардлагад “Энэ чинь зуны амралт” гэж ам таглаж байх вэ.