МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн аэробик гимнастикийн багш, “Гэйнер” клубийн дасгалжуулагч, ОУХМ Г.Болортулгыг спортын хүрээллийнхэн сайн мэднэ. Түүний бэлтгэсэн тамирчид гадаад, дотоодын тэмцээнд амжилт гаргасаар буй. Тэрбээр УАШТ-д нэг бус удаа түрүүлж, цөөнгүй медаль хүртсэн шавь нартаа итгэл хүлээлгэн олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд сойх болжээ. Сүүлийн гурван жилд хилийн дээс хэдэнтээ алхаж, Азийн АШТ зохион байгуулсан орнуудаас ганзага дүүрэн шагналтай ирсэн нь мэргэжил нэгт дасгалжуулагч нарт төдийгүй сонирхон хичээллэдэг хүүхэд, залууст урам зориг төрүүлсэн юм. Тэдний хувьд 2022-2023 он амжилтын арвин “ургац” хураасан жил байв. БНСУ болон Тайландын Паттая хотод 2022 онд болсон Азийн АШТ-ээс аэробик бүжгийн төрөлд тус бүр хүрэл медаль хүртэж, Монголд энэ спорт хөгжиж байгааг олон улсад харуулсан. Дараа жил эх орондоо зохион байгуулсан Ази тивийн АШТ-дур чадвараа сорьсон өсвөр үеийн тамирчид нь 12-14 хүртэлх насныхны ангилалд хөвгүүдийн ганцаарчилсан, гурвалсан, багийн, аэробик бүжгийн төрөлд тус бүр хүрэл медаль зүүж, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн шавь нар нь багийн төрөлд мөн III байрт шалгарснаар амжилтаа бататгав. Тэгвэл энэ жил оролцох томоохон тэмцээнүүдийнхээ салхийг Вьетнамын Ханой хотод өнгөрсөн сард зохион байгуулсан Азийн АШТ-ээр хагалсан “Гэйнер” багийнхан 15-17 насныхны ангилалд багийн болон бүжгийн төрөлд хошой хүрэл медаль гардсан билээ. Тамирчдаа амжилтад хүргэхийн тулд цаг хугацаатай уралдаж, завгүй ажилладаг Г.Болортулга багш 2018 онд МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн шилдэг дасгалжуулагч, 2019 онд Монголын аэробик гимнастикийн холбооны Техникийн хорооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч байв. Түүнийг шавь нараа Итали улсад есдүгээр сард болох ДАШТ-д оролцуулахаар бэлтгэл хийлгэж байхад нь уулзлаа.
-Таны хувьд зуны гурван сар ачаалалтай ажиллах цаг хугацаа байх нь. ДАШТ-ий товлосон хугацаа ойртох тусам хөгжөөн дэмжигчид шавь нарыг тань амжилтын буухиаг хэрхэн үргэлжлүүлэхийг харах гэж яарах болов уу.
-Олон улсын тэмцээнийг намар голдуу зохион байгуулдаг тул тамирчид амрах завгүй бэлтгэл хийдэг. Шавь нар минь 2022 онд болсон Азийн АШТ-ээс хойш гурван жил амарсангүй. Үеийн нөхөд нь аялж зугаалж явахад тэд зорилгодоо хүрэхээр хөдөлмөрлөж байна. Аэробик гимнастикийн спорт тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Энэ удаагийн ДАШТ-д МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн оюутнуудаас гадна аэробикийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчид өрсөлдөх тул хамт бэлтгэл хийж байгаа.
-Болгарын Софид 2012 онд болсон ДАШТ-д та оролцсон шүү дээ. Түүнээс хойш Монголын тамирчид хэд дэх удаагаа өрсөлдөх гэж байна вэ?
-Монголын аэробик гимнастикчид 2014, 2016, 2018 онд ДАШТ-д ур чадвараа сорьсон ч 2020, 2022 онд болоход нь оролцоогүй. Тиймээс тамирчдынхаа идэвхийг бууруулахгүйн тулд томоохон тэмцээн алгасалгүй оролцуулахыг зорьж байгаа. Бид хоёр удаа өнжсөний эцэст Италид есдүгээр сард зохион байгуулах ДАШТ-д өрсөлдөхөөр бэлтгэлээ шаргуу хийж эхэлсэн. Миний хувьд 2015 оноос дасгалжуулагчаар ажиллаж, хоёр жилийн дараа шавь нараа Азийн АШТ-д оролцуулж алт, мөнгөн медальтай ирж байв. Манайхан 2022 онд хүрэл, өнгөрсөн жил эх орондоо болсон тивийн АШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн. Хамгийн сүүлд Вьетнамд өнгөрсөн сард болсон тэмцээнд оролцохдоо нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртлээ. Энэ бүхэн зөвхөн миний амжилт биш л дээ. Хамтран ажилласан дасгалжуулагч, эцэг, эх, бэлтгэл хийх баазаар хангадаг биеийн тамирын сургуулийн удирдлага, багш нарын оролцоо их бий.
-Дасгалжуулагчид тамирчдаа амжилтад хүргэхийн тулд нэгийнхээ бэлтгэл хийлгэх арга барил, туршлагыг их судалдаг юм билээ.
-Тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулсаар байгаад гадаадын дасгалжуулагчидтай найз болсон. Тэдэнтэй цахим хуудас, инстаграмаар байнга холбогдож мэдээлэл солилцдог. Тэмцээний үед таарвал найрсгаар тэврэлдэж уулзаад сонирхолтой яриа өрнүүлнэ. Шавь нараа ямар арга барил, техникээр бэлтгэл хийлгэж буйгаа ярилцаж, туршлагаасаа хуваалцдаг юм. Тухайн үед надтай хамт өрсөлддөг байсан тамирчдын олонх нь дасгалжуулагч, шүүгч болсон. Бид нэгнээ мэддэг болохоор хаана ч очсон мэнд устай явдаг. Вьетнамд болсон Азийн АШТ-ий үеэр Камбожийн дасгалжуулагчтай тамирчдынхаа дасгалын элемент, гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцсон бол Тайваныхад шавь нараа хамтарсан бэлтгэл хийлгэх талаар санал тавьсан. Хөвсгөл аймагт өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр гимнастикийн УАШТ болсон юм. Тэр үеэр Монголын дасгалжуулагчид Азийн АШТ-д тамирчдаа сойхдоо хэн нь ахалж удирдах, ямар шүүгчээ илгээх талаар зөвлөлдсөн.
-Тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулахдаа өрсөлдөгчидтэй нь харьцуулж хараад дүгнэлт хийдэг биз?
-Вьетнамд болсон Азийн АШТ-ий үеэр тамирчдын маань заримынх нь элемент, гүйцэтгэл сэтгэлд хүрээгүй. Хойшид илүү сайжруулж, дасгал хөдөлгөөнийх нь зохиомжид анхаарал хандуулах шаардлагатайг ойлгосон. Түүнээс биш манай тамирчдын ур чадвар бусад улсынхаас дутахгүй. Миний ажигласнаар Монголын аэробикийн гимнастикчид баг, степ, бүжгийн төрөлд илүү амжилт гаргадаг. Тухайлбал, степ аэробикийн төрөлд ДАШТ-ээс хүрэл, тивийнхээс алтан медаль тус бүр хоёр удаа гардаж, бүжгийнхэд нэг түрүүлэн, хошой мөнгөн медаль хүртэж байв. Тамирчдын хамгийн их сонгодог, үзэгчдийн үзэх дуртай, шүүгчдийн харахыг хүсдэг зүйл бол спорт аэробик төрөл. Тиймээс би түлхүү хөгжүүлэхийг хичээдэг.
-Сүүлийн үед дотоодын тэмцээнийг орон нутагт зохион байгуулдаг болжээ. Хөвсгөлд болсон гимнастикийн УАШТ-д шавь нар тань ямар амжилт гаргав?
-Дасгалжуулагчаар анх ажилласан эхний жилээ Хөвсгөл аймагт болсон УАШТ-д гурван шавиа оролцуулж байсан бол есөн жилийн дараа 47 тамирчинтай очлоо. Энэ нь манай улсад гимнастикийн спорт хөгжиж, хичээллэгсдийн хүрээ тэлснийг илэрхийлж байна. Мөн дасгалжуулагчдын тамирчид бэлтгэх ур чадвар, сургуулилалт хийлгэх арга барил, туршлагаа ахиулсан ажлын үр дүн юм. Дээрх тэмцээнд шавь нар минь бага нас, өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрын төлөө өрсөлдсөн. Тус аймагт анх удаа хөл тавьсан тэмцээний зургаас тэр үеийн хөгжилтэй дурсамжууд нүдэнд хараг дах шиг болсон шүү. Миний анхны шавь нар хоёр хөршид зохион байгуулсан нөхөрсөг тэмцээнд оролцож байлаа. Тэд ОХУ-ын Буриадын Эрхүү, ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон нээлттэй тэмцээнд цөөнгүй оролцож, туршлага хуримтлуулснаар БНСУ, Тайланд, Вьетнам улсад зохион байгуулсан тивийн тэмцээнд өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Эдгээр оронд гимнастик өндөр хөгжсөн тул бид ч бас туршлага судлахыг хүсдэг.
-Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхийн давуу талыг дасгалжуулагчид ярьдаг. Та ч гэсэн үр дүнг нь мэдэрсэн байлгүй.
-Тэр даруй амжилт гаргахгүй ч хэдэн жилийн дараа үр дүн нь харагддаг. Гимнастикийн спортод маш нарийн дасгал хөдөлгөөн гүйцэтгэдэг болохоор тамирчид судлан бодож, биеэ хөгжүүлэхэд урт хугацаа шаардагдана. Азийнхан гимнастикийн төрлөөс аэробикээр дэлхийд тэргүүлдэг. БНСУ, БНХАУ, Вьетнам, Япон шилдэг тамирчидтай. Тэд гимнастик өндөр хөгжсөн Европын аваргуудтай ч эн тэнцүү өрсөлддөг. Ямар ч тэмцээнд оролцсон эхний гурван байрт жагсана. Улс бүрийн тамирчдад ялгардаг онцлог бий. Дасгал хөдөлгөөн, элемент гүйцэтгэх өөрийн имиж, зохиомжтой байх нь шүүлтэд багагүй нөлөөлдөг. Миний баримталдаг зарчим бол шавь нарынхаа биеийн ерөнхий хөгжлийг сайн болгох. Бие бялдар нь гүйцэд хөгжөөгүй хүүхдээс амжилт нэхэх хэцүү.
-Азийн орнуудаас Тайланд эх орондоо спортын төрөл бүрд тивийн тэмцээн цөөнгүй зохион байгууллаа. Тамирчид нь гимнастикийн спортод хэр амжилт гаргадаг вэ?
-Улс нь спортын төрлүүдээ хөгжүүлэхийн тулд хөрөнгө харамгүй зарцуулдаг юм билээ. Энэ удаагийн Азийн АШТ-д тамирчдаас нь олонх нь медаль хүртсэн. Сүүлийн үед улсдаа ДАШТ зохион байгуулах хэлэлцээр хийж буй дуулдсан. Дараагийн ДАШТ тэнд болох байх. Эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах үр дүнтэй. Нутагтаа болж буй болохоор тамирчид сэтгэл зүй өндөр оролцдог. Үзэгчид нь дэмжихээр ирж, тухайн спортын онцлогийг ойлгон, тамирчдынхаа ур чадварыг бусад орны оролцогчтой харьцуулж, дүгнэлт хийх боломжтой. Мөн хөрөнгө санхүүгийн хувьд хэмнэлттэй, өндөр зардал гаргахгүй. Зөвхөн зурагтаар харж бахархдаг тив, дэлхийн шилдгүүдийг амжилт хэрхэн гаргахыг дэргэдээс нь харж, туршлага судлах давуу талтай.
-Та одоо багшийнхаа ажлыг үргэлжлүүлж яваа. Дасгалжуулагч болоод ажлынх нь амаргүйг мэдэрсэн биз?
-МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн аэробик, гимнастикийн дасгалжуулагч Б.Номин миний багш. Одоо гадаадад ажиллаж, амьдардаг. Миний хувьд тамирчид бэлтгээд багшийнхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Тамирчин байхдаа уурыг нь хүргэж, мөн ч олон зэмлүүлсэн дээ. Багш минь биднийг амжилтад хүргэхийн төлөө хатуухан үг хэлдэг байсныг хожим ойлгосон. Тэр үед ямар хүнд ажил болохыг сайн мэддэггүй байж. Өөрөө дасгалжуулагч болоод амаргүйг нь мэдэрсэн. Би багшаасаа сурсан бүх зүйлээ шавь нартаа зааж байна шүү дээ.
-Эрчүүд бөх, тулаан, уул гээд эрсдэл ихтэй, экстрим спорт сонирхдог. Таны сэтгэлийг аэробик гимнастик юугаараа тэгтэл их татсан юм бол?
-Би багадаа хөнгөн атлетикаар хичээллэж, аймгийн АШТ-д оролцдог байлаа. 10 жилийн сургуулиа төгсөөд МУБИС-ийн биеийн тамирын сургуульд сурсан. Манай сургуулийн оюутнуудад I дамжаанаас гимнастикийн хичээл ордог. Хөгжмийн аянд тоот дасгал, хөдөлгөөн хийх үед багш намайг олж харсан юм билээ. Түүнээс хойш удирдлагад нь аэробикээр хичээллэсэн. Бидний бэлтгэл шахуу байдаг болохоор спортын өөр төрөл сонирхох зав гараагүй. Өдөр хичээл тарахаар бэлтгэлээ хийхээр заал руу яараад гүйнэ. Гимнастикийн бэлтгэл олон цаг үргэлжилдэг. Янз бүрийн дасгал хөдөлгөөн давтаж хийсээр нэг л мэдэхэд орой болчихно. Тэмцээний товлосон хугацаа дөхөх тусам бэлтгэлийн цаг сунгахад тэр хэрээр ачаалал нэмэгдэнэ. Заримдаа заалнаасаа гарах завгүй хөдөлмөрлөнө. Тамирчин байхад чөлөөт цаг ховор гардаг. Хичээл, бэлтгэл, тэмцээн гээд гүйж явахад оюутан ахуйн он жилүүд харвасан сум шиг өнгөрсөн. Тухайн үед гэртээ үзэгддэггүй хүн байлаа. Сургуулиа төгсөх жил гадаадын тэмцээнд оролцохоор болж, ангийнхантайгаа хонхны баяраа өглөө нь ёсолчихоод бэлтгэлээ үргэлжлүүлж байв. Байнга завгүй явдаг хүнтэй хэн нөхөрлөх вэ дээ. Тамирчин хүн сүүлдээ жаргал зовлонг нь бусдаас илүү ойлгох спортын хүрээллийнхэнтэйгээ ойр дотно нөхөрлөж, найз болж үлддэг юм билээ.
-Одоо ч танд гэртээ тухлах зав бараг гардаггүй болов уу даа.
-Тийм ээ. Оюутан байх үеийнх шигээ завгүй явдаг минь хэвээрээ. Гэрийнхэндээ тэдэн цагийн үед очно гээд барагцаалж хэлнэ. Эхнэр ар гэрийн бүх ажлыг хариуцаж, миний оролцоогүйгээр амжуулдаг. Манайх хоёр хүүхэдтэй. Сүүлийн үед охиноо зааланд дагуулж ирээд бэлтгэл хийлгэдэг болсон. Охиноо гимнастикийн бэлтгэл хийхэд ээж нь их дуртай. Гэр бүл минь ойлгож, дэмждэгийн ачаар ажлаа сэтгэл тайван хийж байна. Амралтын өдрөөр хүүхдүүддээ анхаарал хандуулж, гэрийнхэнтэйгээ салхинд гардаг юм.
-Дасгалжуулагчийн ажил амаргүй. Тамирчдынхаа амжилтаас гадна ар гэрийнхэнд нь хүртэл анхаарал хандуулж, хамтран ажиллаж харагддаг шүү.
-Хүүхдийнх нь ур чадвар өмнөхөөсөө ахиж, овоо зүгширч байхад хичээллүүлэхгүй гээд дундаас нь болиулдаг эцэг, эх бий. Тамирчнаа амжилтад хүргэхийн тулд дасгалжуулагч ар гэрийнхэнтэй нь ярилцаж, хамтарч ажиллах хэрэгтэй байдаг. Спортод ганцаараа зүтгээд амжилт гаргасан тамирчин хаана ч байдаггүй юм. Хамтын хүчээр урагшилж, зорилгодоо хүрдэг. Дасгалжуулагч, тамирчин, эцэг, эх сайтар ойлголцож, харилцан холбоотой ажиллаж байж амжилтын тухай ярина.
-Хүүхдээ гар утас өдөржин шагайлгахаас сэргийлж, чөлөөт цагийг нь зөв өнгөрүүлэхээр хөтлөөд ирдэг эцэг, эх олон болсон байна билээ.
-Хүүхдээ өдрөөс өдөрт сайжрах тусам эцэг, эх нь урамшиж, дэмждэг болж байна. Тэр хэрээр спортын төрлүүд үзэгчидтэй болж, тэмцээн өрсөлдөөнтэй байдаг боллоо. Энэ мэтчилэн спортын салбарт ахиц дэвшил гарч байгаа. Спортоор хичээллэдэг хүүхэд олон давуу тал эзэмшдэг. Үеийнхнээсээ эрт бие даана. Зэмлэл, магтаал даахаас гадна хатуужил тэвчээрт суралцана. Аливаа зүйлд хүлээцтэй хандаж, зөв шийдвэр гаргадаг. Өнөөгийн нийгмийн хар бараан зүйлээс холдож, спортын орчинд цагийг зөв боловсон өнгөрүүлж байна шүү дээ. Би дасгалжуулагч болсноор олон хүүхдийг таагүй зүйлээс хол байлгадаг гэж боддог.
-Гадаадын тэмцээнд оролцох зардал олно гэдэг тамирчдын хувьд хүндхэн асуудал байх юм аа.
-Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумынх. Тэмцээн дөхөхөөр гэрийнхэнтэйгээ холбогдож дуулгана. Аав, ээжээсээ нэхдэг ганц зүйл тэмцээний зардал байлаа. Намайг гадаадын тэмцээнд оролцуулахын тулд манайхан малаа зарж, зардал бүтээгээд явуулдаг сан. Бидний үеийн тамирчид ийм л амаргүй зам туулж амжилт гаргасан. Миний зориод ч хүрээгүй амжилтыг одоо шавь нар минь гаргаж баярлуулж байна.