“Залуу од” клубийн тамирчин Б.Болдбаатар модон бөмбөгөөр хичээллэсэн Монголын долоо дахь үеийн шигшээ багийн тоглогч. 2016 онд спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр оюутны УАШТ-д оролцохдоо багийн болон хосын төрөлд түрүүлж, шагналын салхиа хошой алтан медалиар хагалжээ. Амжилтаасаа урам авч, “Холбооны цом”-ын тэмцээнд ур чадвараа сорин ганцаарчилсан төрөлд хүрэл медалийн эзэн болсон юм. Түүнд 2017 он аз, амжилт хайрласан өөдрөг жил байв. Тэр жил УАШТ-ий багийн болон дан хосын төрөлд аваргаар тодорч, Тайландад хөл тавих замаа зассан. Тус улсын Чианг май хотод 2018 онд зохион байгуулсан ДАШТ-д шагналт V байр эзэлж, ганцаарчилсан төрөлд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн 16-д жагсав. Дотоодын томоохон тэмцээнд эхний гурван байрт шалгардаг болсноор дараа жил нь Хонконгийг зорьж, олон улсын нээлттэй тэмцээнээс багийнхантайгаа хүрэл медальтай ирсэн билээ. Түүнээс хойш 2021 онд УАШТ-ээс алт, хүрэл, 2022 онд мөнгө, 2023 онд мөнгө, хүрэл, 2024 онд иж бүрэн медаль гардсан түүнтэй ярилцлаа.
-Тамирчид УАШТ-д өрсөлдөж, ур чадвараа хэр ахиулснаа мэддэг. Төв аймагт болсон энэ жилийн тэмцээн хэр сонирхолтой байв?
-Модон бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ж.Загас багшийн нэрэмжит УАШТ-ийг “Залуу од” клубийнхэн зохион байгуулсан. Сонирхогчоос илүү мэргэжлийн түвшинд хүрсэн тамирчид нэгийнхээ ур чадвар, давуу талаар бахархсан, бас суралцсан сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Миний хувьд II багт орж тоглоод хүрэл медаль хүртсэн. Холимог хосын төрөлд спортын дэд мастер Х.Өлзийбадамтай тоглож, 65 оноогоор мөн хүрэл медаль гардлаа. Манай улсад эл спорт 2011 оноос хойш хөгжиж буй. Миний хувьд үеийнхээ гурван оюутантай хичээллэхээр хамт хөл тавьснаа эргэн дурсах таатай байна. Биднээс дээших үеийн анхдагч тамирчдын олонх нь өдгөө дасгалжуулагч болж, шавь нараа бэлтгэн тэмцээнд оролцуулдаг болсон.
-Жүдо чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан танд хэн үүгээр хичээллэх санал тавив?
-“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийн удирдлагад бэлтгэл базаахдаа бэртэж, бөх болох замналаа орхисон. Үеэл ах Монгол Улсын харцага Н.Батзаяа, Г.Ганхуяг нараас үлгэр дуурайлал авч спортод дурлаж байлаа. Намайг ХААИС-д элсдэг жил дасгалжуулагч Ж.Загас багш “Модон бөмбөг гэж ийм спорт байдаг юм. Чи сонирхоод тоглож үзээч” гэж санал тавьсан юм. Тэр үед хэрхэн тоглодгийг нь харъя гэж бодоод нэг ангид хамт сурдаг С.Сумъяа найзыгаа дагуулаад очлоо. Анх харахад амархан санагдсан ч тоглож үзтэл тийм биш байв. Биднийг очиход хамт олон минь сэтгэл өндөр хүлээж авсан нь одоо ч мартагддаггүй. Бид тэр үеэс өнөөг хүртэл энэ спорттой нөхөрлөж, спортын дэд мастер цол хүртлээ.
-Хичээллэсэн цагаасаа халгах саадтай алхам тутамдаа таарсан байлгүй. Тийм хүнд үеийг даваад гарах сэтгэлийн тэнхээ хэн хайрласан бол?
-Бөмбөг, цохиураа цүнхэнд хийж үүрээд Их Тэнгэрийн ам руу бэлтгэл хийхээр алхах үедээ “Би өөрийгөө зовоож, юугаар л хичээллээд байна вэ” гэж бодсон үе бий. Модон бөмбөгийг байгаль, цаг уурын ямар ч орчин, нөхцөл тоглож болдог тул хааяа хүнд санагддаг. Халуун наранд, хүйтэн салхинд, бороотойд ч бэлтгэл хийж буй багш, шигшээ багийн эгч нараа хараад тууштай, дайчин зан чанараар бахархаж “Тэднийг шантрахгүй хичээж байхад би яагаад хөдөлмөрлөж болохгүй гэж. Эгч нарын гаргаж байгаа хатуужлын дэргэд миний тэвчээр юу ч биш юм байна” гэж бодоод мэрийсэн. Хамаатан садныхаа ах нарыг бөхийн спортоор хичээллэж, амжилтад хүрэхийг нь хараад зорилгынхоо төлөө тэмүүлэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн. Тамирчин хүн зорьсондоо хүрэхэд сэтгэл зүй чухал. Хүн өөрийгөө дайчилж чадвал ямар ч спортод амжилт гаргана гэж боддог.
-Шартай байх, шүүмжлүүлэх нь амжилт гаргахад нөлөөлдөг үү?
-Нөлөөлнө. Дасгалжуулагч өөр орчинд өссөн, янз бүрийн зантай хүүхдүүдийг нэг баг болгон нэгтгэж, бүхнийг эхнээс нь зааж, зөв хүн болгож төлөвшүүлэх амаргүй. Энэ спортоос юу сурч, мэдсэнээ залгамж халаа болох дүү нартаа заахдаа багшийнхаа ажлын хэцүүг ойлгосон. Шартай байх гэмгүй, хааяа хэрэг болдог. Багшдаа зэмлүүлээд спортоос холдож байвал өөрийгөө өөрчилж чадаагүй гэсэн үг. Миний хувьд зэмлүүлэх тусам урагшилдаг. Модон бөмбөгийн спортод нэг оноо алдахад хожлын тухай бодох хүнд. Ж.Загас багш намайг тааруухан тоглохыг хараад “Чи төгсгөл хийж чадсангүй” гэж зэмлэлээ. Тийм үг сонсох хэцүү санагдсан ч зэмлэлээс нь олон зүйлийг ухаарч, өөрийгөө хөгжүүлсэн. Өөртөө анхаарал хандуулахаас илүү шавь нарынхаа төлөө сэтгэл гаргадаг багшийгаа харахаар ээжээс минь ялгаагүй санагддаг. Зарим тамирчин дасгалжуулагчаа хараад алдаа гаргах вий гэж биеэ барьдаг бол би харин ч эсрэгээрээ. Багшийгаа хараад сандрахаа больж, илүү нээлттэй, тайван тоглодог.
-Ээж нь хүүгээ дэмжиж, бүх талаар туслан тэмцээнд оролцуулдаг гэж сонссон.
-Би ээжтэйгээ амьдардаг. Ээж минь Ховд аймгийн Булган сумынх. Бид Улаанбаатарт төвхнөөд 14 жил болжээ. Намайг бөмбөг, цохиур үүрээд бэлтгэл хийхээр явахад “Миний хүү өөрөө л мэд. Ээж нь тууштай дэмжинэ” гэж билээ. Сайхан сэтгэлийнх нь дэм тусаар өдий зэрэгтэй явна. Шантарсан үедээ “Ээж минь амьдралын хэцүү бүхэнд халшраагүй өдий хүрсэн байтал би иймхэн зүйл өвдөг сөхрөх гэж үү” гэж боддог. Надад хэцүү байна гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Амьдралаа ганцаараа урагшлуулахдаа олон зүйлд санаа зовдог л байх. Хүүгийн хувьд сэтгэл тайван амьдруулахыг хичээдэг. Ажлын ачаалал, тэмцээн, бэлтгэл гэж явсаар ээждээ талархсанаа хэлсэн удаа ховор. Энэ ташрамд “Хүү нь тандаа маш их хайртай шүү” гэж хэлье.
-Санасандаа хүртэл тоглож чадсангүй гэж өөрийгөө голж чамласан удаа байдаг биз?
-Бий бий. Модон бөмбөгийн тэмцээнд хамгийн цөөн цохилт хийж, 12 зам дуусгасан тамирчин хождог. Бэлтгэл хийхдээ 80, 90 цохихоор “Би ч мөд урагшлахгүй нь дээ” гэж боддог байв. Оюутны УАШТ зохион байгуулахад багийнхантайгаа оролцож, түрүүл лээ. Гаргасан амжилтаасаа эрч хүч авч, тууштай хичээллэх эрмэлзэлтэй болсон. Тамирчин хүн медаль анх хүртээд догдолж байсан мэдрэмжээ хэзээ ч мартдаггүй. Тэр алтан медалийг хүртэх агшинд нэг зүйл болсон юм. Тоглолтын үед бөмбөг өнхрөхийг сайн харахгүй бол хөлөө ч гэмтээнэ. Спортын мастер Г.Санзайдорж цохиураа савахдаа миний хөлийг санамсаргүй цохьчихлоо. Гишгэхэд хөндүүр болж цааш үргэлжлүүлж чадахгүй нь гээд бодож зогстол багш “Миний хүү юу ч бодохгүйгээр тайван тогло” гэв. Багшийн зөвлөснөөр С.Сумъяатай хамт тоглож түрүүлэхдээ “Миний барцад ариллаа” гээд бодож билээ.
-Манайд модон бөмбөгийн олон улсын стандартад нийцсэн талбай алга. Спортын бусад төрлийг бодвол тэмцээн ховор болдог нь хөгжихөд хойш чангаадаг шиг санагдсан.
-Бид санасандаа хүртэл тоглож чаддаггүй шалтгаан нь олон улсын стандартад нийцсэн талбай байдаггүйтэй холбоотой. Олон улсын тэмцээнд харагддаг сул тал бол энэ шүү дээ. Манай улсын хөрс зүлэг ихтэй. Ийм талбайд бэлтгэл хийх хүнд. Би 2018 оноос олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Тэр жил Тайландад болсон ДАШТ-д өрсөлдөхдөө олон зүйлийг анзаарсан юм. Тэнд халуун бүгчим цаг агаартай. Тэмцээний эхний өдөр бороо тасралтгүй орж, хөлийн шагайгаар татсан шаварт нойтон хувцастай тоглох үнэхээр хэцүү байлаа. Хамаг хүчээ гаргаж цохисон ч бөмбөг өнхрөхгүй шаварт шигдчихнэ. Дэлхийн шилдгүүдийг тааруухан тоглохыг хараад зориулалтын талбайд бэлтгэл хийвэл бид тэднээс дутахгүй амжилт гаргах боломжтойг ойлгосон.
-Манайхан гадаадын тамирчдаас юугаараа илүү ялгардаг вэ?
-Хэдийгээр техникээр дутмаг ч сэтгэл зүй өндөр, хол, ойрын орон зайг тооцоолох мэдрэмжээр илүү байгаа нь анзаарагддаг. Хонконгод болсон олон улсын нээлттэй тэмцээн мөн л бороотой байв. Зохион байгуулагчид “Бороо хоёр цаг орно. Та нар 10 минут амар” гэсэн юм. Бороо орсон ч цаг агаар дулаан байсан болохоор бид тэмцээнээ үргэлжлүүлсэн. Бүх орны тамирчид амарч байхад Монголын дөрвөн тамирчин талбайд тоглож зогссон. Тэр жил эрэгтэйчүүд багаараа хүрэл, эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн юм. Азиас Индонезийн тамирчид сонирхолтой тоглолт өрнүүлдэг. Би ДАШТ-д оролцохдоо аваргаар нэг бус удаа шалгарсан шилдэг тамирчных нь цохилтыг харсан. Одоо түүний техникээр тоглодог. БНСУ-д Азийн АШТ найм, БНХАУ-даравдугаарсард ДАШТ болно. Монголоос энэ жилийн УАШТ-д амжилт гарсан тамирчид, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөнө. Миний хувьд зардал мөнгөний боломж бүрдвэл аль алинд нь оролцох бодол бий. Модон бөмбөгийн дан хосын төрөлд Г.Санзайдорж бид хоёр улсдаа тэргүүлдэг.
-Гадаадын тамирчидтай байнга холбогдож, мэдээлэл солилцдог гэсэн. Хамгийн сүүлд ямар сэдвээр яриа өрнүүлснээ сонирхуулаач.
-Хонконгийн тамирчдаас Ли Чи Таг, Тайландын шигшээгээс Гитар Нутча, Индонезийн багаас Мухаммед Хадиктай цахим хуудас, инстаграмаар холбогдож, мэдээлэл солилцдог. Бид нас ойролцоо. Саяхан наймдугаар сард болох Азийн АШТ-ий талаар яриа өрнүүлсэн. Мухаммед Хадик дан хосын төрөлд дэлхийд тэргүүн байрт бичигддэг.
-Таны хилийн дээс алхсан хоёр дахь тоглолт Хонконгод болсон нээлттэй тэмцээн байсан санагдах юм.
-Тийм ээ, миний маш их хүсэж оролцсон тэмцээн. Тоглолт эхлэхээс 14 хоногийн өмнө би мөрөөдлийн самбартаа “Нээлттэй тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэнэ” гэж бичсэн юм. Бодол хүчтэй, биелдэг гэдэг үнэн юм билээ. Би тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж ээжийгээ, найз нөхдөө баярлуулсан. Саяхан нүүдэл хийхдээ мөрөөдлийнхөө самбарыг олж, бичсэн зүйлээ хараад “Тухайн үед алтан медаль гэхгүй яагаад хүрэл гэж бичсэн юм бол” гэж бодсон шүү. Мөрөөдлийн самбарт хүсэж буй зүйлээ нэмж бичнэ. Одоо дэлхийн медальтан болохыг зорьж байна.
-Ялагдлыг хэр хүндээр хүлээж авдаг вэ. Хожихын эхлэл гэж боддог уу?
-Ялагдах нь муу зүйл биш. Ур чадвараа ахиулах давуу талтай. Өрсөлдөгчдөө хожигдох мэдрэмж ямар байдгийг өөрийн биеэр мэдэрч байж тамирчин болдог. Тамирчин хүн бусдад өөрийн туулсан зам, амжилтаараа үлгэр дуурайл болох ёстой. Гэтэл алдартай болохын хэрээр онгирдог хүн спортын талбарт цөөнгүй. Зөв төлөвшсөн тамирчин амжилт гаргахын хэрээр улам даруу болдог.
-Модон бөмбөгийн спортод Болдбаатар нэртнүүд бий дээ.
-Г.Болдбаатар багш Дархан-Уул аймгийн шигшээ багийг дасгалжуулдаг. Түүний нэрэмжит “Дархан цом” АШТ тус аймагт 2022 онд болоход нь оролцож тэргүүлсэн. Тэрбээр намайг аварга болоход “Нэр нэгтэй тамирчин тэргүүн байр эзэллээ” гэж баяр хүргээд үнссэн. Үзэгчид “Ямар сонин тохиол вэ. Г.Болдбаатар дасгалжуулагчийн нэрэмжит тэмцээнд Б.Болдбаатар хэмээх тамирчин түрүүллээ” гээд ярьж байв. Хүн хэдэн насандаа ч сурч, боловсрол эзэмшиж болно. Харин спортын талбар тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Тиймээс миний хувьд цаг хугацаатай уралдаж, амжилтдаа анхаарал хандуулсан. Шаргуу хичээллэж, бэлтгэл хийсний хүчинд дотоод, гадаадын тэмцээнээс медаль хүртлээ.
-Та тэмцээнд оролцох бүрдээ шинэ хувцас өмсөх юм. Захиалж хийлгэдэг үү?
-Би “Torguud sports” спорт хувцас үйлдвэрлэдэг компанид ажилладаг. Миний тэмцээнд өмсөх хувцсыг хүртэл урлана шүү дээ. Байгууллагын удирдлага М.Мөнхбат спортод дуртай. Намайг дэмжиж “Чи ажлаа алдахгүйгээр модон бөмбөгийн тэмцээнд оролцож болно” гэдэг. Хамт олон минь тэмцээнтэй үед ойлгоно. Зун амралт эхлэхээр “Чи модон бөмбөгөө аваад ирээч. Сонирхолтой санагдаад байна” гэдэг байсан бол одоо тоглож сурсан. Модон бөмбөгийн спортоо ажлынхандаа танилцуулах нэг боломж гарсан юм. Захирал “Хамгийн гоё тоглоом тоглуулсан хүнийг шагнана” гэв. Би бөмбөг, цохиураа авч очоод модон бөмбөг ямар спорт болохыг ойлгуулж, хэрхэн тоглодог талаар заахад хүн бүр сурахаар тэмүүлсэн. Манайхан сүүлийн үед бөмбөг, цохиуртай болж, чөлөөт цагаараа тоглох тухай ярилцаж байгаа.