ОУХМ Г.Амарсанаа “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд багшилдаг. Тэрбээр сургуулийнхаа эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг болон гандболын улсын шигшээ багийг дасгалжуулдаг аж. Түүний удирдлагад бэлтгэл базаасан тамирчид дотоод, гадаадын тэмцээнээс цөөнгүй шагнал хүртжээ. Тухайлбал, Монголын гандболын 18, 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Хонгконгод 2018 онд зохион байгуулсан Олон улсын цомын төлөө тэмцээнд өрсөлдөж, тус бүр хүрэл медаль гардсан билээ. Тэдний амжилт Монголын гандболын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, хойшид оролцох баг тамирчдадаа урам зориг өгсөн. Манайхан өмнө нь 2001 оноос эхлэн олон улсын чанартай тэмцээнд тамирчдаа илгээсэн ч шагнал хараахан хүртээгүй байсан юм. Тэгвэл өнгөрсөн жилийн долоодугаар сард Зүүн Азийн “Trophy-2023” цомын төлөөх тэмцээн Хонконгод болоход Монголын 17, 19 хүртэлх насны охидын баг ур чадвараа сорьж, мөн хүрэл медальтай ирж байв. Тэрбээр хоёр жилийн өмнө Монголын оюутны спортын V наадамд сургуулийнхаа гандболын эмэгтэйчүүдийн “Лионс” багийг сойж мөнгө, энэ удаагийнхаас алтан медаль авахуулсан билээ.
-Тамирчдын тань тоглолтоос таны өндөр шаардлагатай дасгалжуулагч болохыг олж хардаг шүү.
-Тамирчин хүн бэлтгэл хийхдээ ямар байхаас хамаарч тэмцээнд амжилт гаргах, эсэх нь шалтгаалдаг. Миний баримталдаг зарчим бэлтгэлийн үе бол тэмцээн, тэмцээний үе бол бэлтгэл юм. Би шавь нарийнхаа сургуулилалтыг үр дүнтэй хийлгэхийг зорьдог. Тиймээс дээрх үгийг байнга хэлдэг юм. Хэн хэнд нь цаг хугацаа бүх зүйлээс үнэ цэнтэй. Залуудаа өндөр шаардлага тавьдаг, хатуу, муухай ааштай багш байлаа. Нас ахихын хэрээр арай өөр болж байна.
-Багийн спортод амжилт гаргахад дэг журам, сахилга батаас гадна зарчимч зан багагүй нөлөөлдөг байх.
-Багийн спортын тамирчид сахилга баттай, нэгдмэл зорилготой, зөв хандлагатай, нэг зүг рүү хардаг байж амжилтад хүрдэг. Хүн бүр өөр бодолтой байвал хэзээ ч баг болж бүрдэхгүй. Шавь нартаа захидаг зүйлийн минь нэг энэ. Хэдийгээр дасгалжуулагч ч гэлээ бэлтгэлээс бусад үед тэдэнтэйгээ ойр, найз байхыг хичээдэг. Тамирчин хүний амьдралд олон асуудал тулгардаг шүү дээ. Тийм үед нь ойлгож дэмжихээс гадна жаргал, зовлонг нь хуваалцан, ар гэрийнхэнтэй нь ярилцана. Сүүлийн үед спортын сэтгэл зүйчтэй хамтран ажиллаж байгаа.
-Их, дээд сургуулиудын элсэлт удахгүй эхлэх нь. Г.Амарсанаа багшийн дааж авсан ангид сурна гээд орон нутгаас зорьж ирэх хүүхэд цөөнгүй байдаг тухай сонслоо.
-Тийм ээ. Би “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд 24 жил ажиллаж байна. Миний удирдлагад хичээллэсэн тамирчид сургуулиа төгсөөд, нутагтаа очиж дасгалжуулагчаар ажилладаг. Улаанбаатарт Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт дасгалжуулагч болсон шавь цөөнгүй. Тэд шавь нараа оюутан болоход нь дагуулж ирээд сонирхдог спортынх нь ангид сургадаг. Шавийнхаа шавь нарыг тамирчнаар бэлтгээд завгүй ажилладаг үе бий. Өнгөрсөн хугацаанд сагсан бөмбөгөөр дөрөв дэх үеийнхээ шавь нарыг бэлтгэжээ. Шавь нарын шавь, эцэг эх нь хүртэл намайг мэддэг болсон. Тэд сагсан бөмбөгийн анги дааж авах үеийг маань сайтар судална. Хэрвээ анги дааж авахаар бол хүүхдээ хөтөлж ирдэг юм.
-Та гандболын эмэгтэйчүүдийн шигшээг дасгалжуулахаас гадна сагсан бөмбөгийн багийг ч бас бэлтгэл хийлгэдэг. Ачаалалтай ажиллах амаргүй санагддаг биз?
-Сагсан бөмбөг, гандболын эмэгтэйчүүдийн шигшээ багийг бэлтгэл хийлгэхэд ажлын ачаалал их байдаг. Одоо туслах дасгалжуулагчтай болсон тул ачаалал өмнөх үеийнхээс хөнгөрсөн. Монголын оюутны спортын V их наадамд сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан хагас шигшээд МУИС-д, хүрэл медалийн төлөөх тоглолтод Отгонтэнгэр их сургуулийн багт ялагдсанаар IV, эмэгтэйчүүд ШУТИС-ийн шигшээд хожигдож VI байр эзэлсэн юм. Энэ удаагийн их наадамд тамирчдыг спортын нэг төрөлд оролцуулах шийдвэр гаргасан болохоор миний хувьд сургуулийнхаа гандболын шигшээ багт анхаарал хандуулсан. Тамирчдаа амжилттай оролцуулах сан гэж зорьж байснаа ч биелүүллээ. Манай охид оюутны спортын VI наадмын гандболын тэмцээнд оролцсон их, дээд сургуулиудын багийг хэсэгтээ, хагас шигшээд, медалийн төлөөх тоглолтод онооны хол зөрүүтэй хожиж, аваргаар шалгарсан. Тэд гандболоос гадна сагсан бөмбөг ч тоглодог. Шигшээ багийн олонх нь II дамжааны оюутан. Хоёр жилийн дараа оюутны спортын VII наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ өрсөлдөнө. Гандболын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан өнгөрсөн жил болсон залуучуудын УАШТ-ээс алт, эрэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн. Багийн нийлбэр дүнгээр манайхан тэргүүлж, алтан цом гардаж байлаа.
-“Мон-Алтиус” сургууль спортын бүх төрөлд мэргэжлийн тамирчид бэлтгэдэг бололтой юм. Сургуулийн тань хойморт олон улсын болон тив, дэлхийн тэмцээнээс гардсан цом залаастай харагдана.
-Би МУБИС-ийн биеийн тамирын сургуулийг 2000 онд төгссөн. Тэр жилийн хавар “Мон-Алтиус” сургуулийн захирал, Гавьяат тамирчин Д.Намжилмаа надад дасгалжуулагчаар ажиллах санал тавьснаар оюутны ширээнээс залгуулаад багш болж билээ. Намайг ажиллахаар ирэхэд үе тэнгийн нөхөд сэтгэл өндөр угтаж авсан. Ажлынхаа гарааг мэргэжлийн тамирчид бэлтгэдэг спортын сургуулиас эхлүүлсэндээ баярладаг. Түүнээс хойш бэлтгэсэн шавь нараа сагсан бөмбөг, гандболын олон улсын тэмцээнд сойж, чамлахааргүй амжилтад хүргэлээ. Миний хувьд 2002 оноос хойш гандболын шигшээ багийг дасгалжуулж байна. Сагсан бөмбөгийн тамирчдаа гандболоор хичээллүүлж, шигшээ багт тоглуулдаг. Спортын төрлүүд нэгийнхээ суурь болдог тул дөхөмтэй талууд бий.
-Сагсан бөмбөг тоглодог тамирчид гандболыг амархан сурдаг уу?
-Тэднийг тоглуулж сургахын тулд I дамжаанаас нь гандболын тэмцээн үзүүлж, ямар онцлогтой спорт болохыг ойлгуулж, дараа жилээс нь сэлгээнд суулган, шигшээ багийн ах, эгч нарынх нь хэрхэн тоглож буйг сайтар харуулна. III дамжаанаас нь олон улсын тэмцээнд оролцуулдаг. Эмэгтэйчүүдийн шигшээ гандболын оюутны УАШТ-нд түрүүлж, дараа нь залуучуудынхад өрсөлдөж аварга боллоо. Олон жил тоглосон эгч нартайгаа өрсөлдөж, чамгүй туршлага хуримтлуулсан нь тэдэнд их хэрэг болсон шүү.
-Таны удирдлагад бэлтгэл базаадаг сагсан бөмбөгийн шигшээ багийнхан оюутны лигийн АШТ-ээс медаль цөөнгүй гардсан даа.
-Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийг 2000 онд бүрдүүлж, бэлтгэл хийлгэсэн цагаасаа олон тэмцээнд оролцууллаа. Монголд сагсан бөмбөгийн хоёр холбоо байгуулагдсанаар маргаантай асуудал өрнөж, тамирчид олон улсын тэмцээнд тэр бүр оролцоогүй. Харин дотоодын лигийн АШТ сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болдог тул тамирчид ур чадвараа ахиулсаар байна. Хоёр холбоо нэгдсэнээр тамирчид дэлхийн чансаанд бичигдэж, Монголд сагсан бөмбөг хөгжиж буйг олон улсад харуулсан. Манай сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ оюутны лигт тогтмол оролцдог. Лигийн тэмцээн шинэ бүтэцтэй болоод багагүй хугацааг үдлээ. 2017-2018 оны улиралд “Мон-Алтиус” сургуулийн эрэгтэйчүүдийн шигшээ баг аваргын төлөө өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэн. Дараа жил нь хүрэл медаль гардаж байв. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд тоглодог тамирчдын олонх нь манай сургуульд суралцаж төгссөн. Мөн 5х5 төрөлд дээд лигийн тэмцээнд оролцдог оюутан тамирчин олон бий.
-Сүүлийн үед гандболын тэмцээний шүүлтийн дүрэмд өөрчлөлт оров уу?
-Зарим ганц нэг заалт өөрчлөгдсөн. Дэлхийн гандбол, Азийн гандболын холбоо хоёр жил тутамд хурал хийж, шүүлтийн дүрэмд өөрчлөлт оруулах талаар хэлэлцдэг. Өмнө нь торгуулийн улаан, шар хуудас байсан бол сүүлийн үед цэнхэр нэмэгдсэн. Энэ нь Монголд хараахан нэвтрээгүй. Харин олон улсын тэмцээнд цэнхэр хуудасны дүрэм үйлчилж байгаа.
-Гандболын бэлтгэл хийх зориулалтын талбайтай болбол манайхан олон улсын тэмцээнд өмнөхөөсөө илүү амжилт гаргахаар харагддаг юм.
-Гандбол олимпын наадмын спортын төрөлд багтдаг. Тиймээс хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй. Үзэгчдийнхээ тоогоор олимпын төрлийн спортоос хоёрт бичигддэг. Манай улсад гандболын бэлтгэл хийх олон улсын стандартад нийцсэн заал алга. Тамирчид бэлтгэлээ 20x40 талбайд хийх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборуудын заал, танхим сагсан бөмбөг, волейболынхонд зориулагдсан. Тиймээс улсын болон олон улсын чанартай тэмцээн зохион байгуулахад хүнд. “Буянт-Ухаа” спорт цогцолбор, Хан-Уул дүүрэгт ҮБТДС-ийн шинээр баригдсан зааланд тэмцээн явуулахад холоос зорьж ирээд үзэх хүн ховор. Хотын төв хэсэгт гандболын талбайтай бол сургуулийнхаа багийг дэмжихээр оюутнууд ирнэ. Оюутны спортын өмнөх наадмын тэмцээн МУБИС-ийн зааланд болоход үзэгч олон байсан. Монголд 2002 онд гандболын тэмцээн их, дээд сургуулийн оюутнуудын дунд анх болсон бол 2006 оноос насанд хүрэгчдийн УАШТ зохион байгуулж эхэлсэн. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс оюутных үзэгч ихтэй. Үүнийг спортын бусад төрөл шиг хөгжүүлэхийн тулд Монголын гандболын холбоо менежменттэй ажиллах ёстой. Шүүгч, дасгалжуулагчдын сургалт тогтмол зохион байгуулж байж хөгжинө. Гандбол манайд хөгжих боломжтой спорт. Хамгийн гол нь сонирхож хичээллэх тамирчидтай болохоос гадна хүлээж авах хөгжөөн дэмжигчидтэй байх нь чухал. Ядаж л шигшээ багийн тамирчдыг “Буянт-Ухаа” спорт цогцолборт гурван цаг бэлтгэл хийлгэхэд болно шүү дээ.
-Азийн орнуудаас ямар улс гандболоор хүчтэй өрсөлдөж байна вэ?
-Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг хүчтэй өрсөлддөг. Зүүн Азиас БНСУ-ын эрэгтэйчүүдийн баг сайн тоглодог. Тивдээ бол Катарын баг тэргүүлж байна. Тэд 2013 онд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Дараа жил нь БНСУ-ын “Инчон-2014” Азийн наадмын тоглолтод бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Би тэр жил тус наадамд Монголын шигшээ багийг оролцуулж байлаа. Катарын шигшээд Европын өндөр, биерхүү легионерууд тоглодог. Катар баян, хөрөнгөтэй улс тул гадаадын орнуудаас туршлагатай дасгалжуулагчдыг урьж, тамирчдаа бэлтгэл хийлгэдэг. Мөн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглодог легионеруудыг өөрийн улсын иргэншилтэй болгодог. Түүнээс биш, өөрийнх нь тамирчид өндөр амжилт гаргах хэмжээнд хүрээгүй.
-Өмнөд хөршид болсон “Гуанжоу-2010” Азийн наадамд Катарын баг хэсгээсээ шалгараагүй шүү дээ.
-Тэд гурван жилийн дараа ДАШТ-д дэд байр эзэлж, 2014 онд БНСУ-ын Инчонд Азийн наадамд түрүүлж, аварга болж байв. Энэ нь катарчуудын хувьд эх орондоо гандболыг хөгжүүлэхийн тулд тамирчдынхаа амжилтын төлөө мөнгө харамгүй зарцуулсан томоохон хөрөнгө оруулалт байсан. Түүнээс хойш Баруун Азийн орнуудаас Саудын Араб, АНЭУ гандболыг хөгжүүлж, хүчтэй өрсөлдөх хэмжээнд хүрлээ.
-Европын тамирчид Азийнхнаас арай өөр техникээр тоглодог. Та ч бас анзаарсан л биз?
-Европын тоглогчид биерхүү, өндөр болохоор хүч, бяр их гаргадаг. Тэд зүүн, баруун жигүүрийн завьжны довтолгоонуудыг ашигладаг. Есөн метрээс зай аваад намхан тоглогчдын дээгүүр шиднэ. Азийн тамирчид намхан ч тэднээс илүү хурдтай. Гандболын тэмцээнд тухайн улсын тамирчид давуу талаа харуулж тоглодог. БНСУ, Японы шигшээ багийнхан тэмцээний үед хурдан дамжуулалт, хуурмаг хөдөлгөөн түлхүү хийнэ.
-Сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн хувьд та эх орондоо зохион байгуулсан олон улсын болон тивийн тэмцээнийг сонирхож үзсэн байлгүй.
-Сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын шигшээ багийг хэрхэн тоглож байгааг сонирхож хардаг. Азийн АШТ-ий урьдчилсан шатны хоёр тоглолт үзлээ. Манайхан тоглолтоосоо өөрийнхөө түвшинг мэдсэн байх. Би тамирчдаа боломжийн тоглолоо гэж дүгнэсэн. Монголын 3х3 эмэгтэйчүүдийн шигшээ баг Токиогийн олимпод оролцсон. Тухайн орон өөрийн улсад 3х3 төрлийн тэмцээнийг хэр олон зохион байгуулж, тамирчдаа гадаадын тэмцээнд оролцуулж байгааг харгалзаж оноо өгдөг. Манайхан оноо цуглуулж, “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөх эрх авсан. Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг дэлхийд эхний дөрвөн байрт жагссан. Тэгтэл Японы эрэгтэйчүүдийн шигшээ баг цагаан хуудсаар олимпод оролцохоор болж манай эрэгтэйчүүд эрх олгох тэмцээнд өрсөлдөхөөс өөр аргагүй болсон юм. 3х3 төрөл олимпын наадмын төрөлд багтсанаар олон улсад эрчимтэй хөгжиж байна. Эрх авах тэмцээн өрсөлдөөн ихтэй. Багийн спортод сугалаа хэрхэн таарахаас их зүйл шалгаална. Бүсээсээ гарч, шигшээ наймд ямар улсын багтай тоглохоос хамаардаг. Тэгэхээр багийн спорт өндөр хөгжсөн орнуудын тамирчидтай өрсөлдөж, амжилт гаргана гэдэг хэцүү.
-Аавынхаа дасгалжуулдаг тамирчдын тоглохыг хараад хүүхдүүд нь сагсан бөмбөгөөр хичээллэдэг болов уу гэсэн бодол төрлөө.
-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охинтой. Ууган хүү Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Хүү минь гэрлэж, эхнэр, хүүхдийнхээ хамт тусдаа амьдардаг. Бага хүү ирэх намар 12 дугаар ангид орно. Сагсан бөмбөгт сонирхолтой болохоор нь бид ч дэмждэг. Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын удирдлагад “Этүгэн ирвэсүүд” клубт хичээллэдэг. Ээжийнхээ талыг дуурайгаад өндөр болж байна. Охин минь таван настай. Спортоор хичээллэхэд нас нь одоохондоо бага байна. Дас галжуулагчийн ажил амаргүй. Тамирчид бэлтгэхийн тулд завгүй хөдөлмөрлөдөг. Өглөө хичээл заана, өдөр бэлтгэл хийлгэнэ, орой нь шигшээ багийг дасгалжуулна. Гэрийнхэн минь ойлгож, дэмждэгийн ачаар ажлаа тайван хийдэг. Би ууган хүүгийнхээ эцэг, эхийн хуралд байнга суудаг байлаа. Дунд хүүгийнхээ эцэг, эхийн хуралд эхнэртэйгээ ээлжилж суудаг болсон. Одоо спортын хоёр төрөлд шигшээ баг дасгалжуулаад завгүй болсон тул охиноо сургуульд орохоор эцэг, эхийн хуралд сууж амжихгүй л байх. Эхнэр минь тамирчин. Залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. МУБИС-ийн биеийн тамирын сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Гэхдээ амьдралын шаардлагаар өөр ажил хийсэн дээ.
-Монголд болдог улсын чанартай томоохон тэмцээнийг танай сургуулийн зааланд зохион байгуулдаг юм билээ.
-Намайг багшаар ажиллахаар анх ирэхэд манай сургууль “Хүч” спорт хорооны ойролцоох нэг давхар барилгын таван өрөөтэй байранд хичээллэдэг байв. 2002 онд “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн өнөөгийн хичээлийн байрыг барьсан. Хичээлийн байр ашиглалтад орсноос хойш хоёр жилийн дараа спортын заал барьсан юм. Миний хувьд бүх бүтээн байгуулалтад нь гар, бие оролцсон. Тэгэхээр ажлын гараагаа эхлүүлсэн хоёр дахь гэр минь юм даа. Өөрийн бэлтгэсэн шавь нараа тив, дэлхийн тамирчин болохыг харах дасгалжуулагч хүний хамгийн сайхан бахархал байдаг. Манай сургуулиас төрсөн Гавьяат тамирчин цөөнгүй. Олимп, дэлхийн медальтнууд ч бий. Боксын тамирчдаас “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, мөн ОУХМ Б.Түвшинбат, бодибилдинг, пауэрлифтингийн дэлхийн аварга гээд нэрлэвэл спортын төрөл бүрд бий.