Монголын шатрын үндэсний шигшээ баг, АШУИС-ийн оюутан, “Гэгээн арвай” клубийн тамирчин, олон улсын мастер Г.Амартүвшин Тайландын Паттаяа хотод 2015 онд болсон сурагчдын ДАШТ-ий стандарт төрөлд тэргүүлж, аваргуудын эгнээнд анх жагссан билээ. Азийн АШТ-ээс нэг алт, хошой мөнгө, хүрэл медальтай тэрбээр Дэлхийн шатрын холбоо, Азийн шатрын холбоотой хамтран 2020 онд www.chess.com сайтад зохион байгуулсан тивийн цомын аварга шалгаруулах багийн цахим тэмцээнд Монголынхоо тамирчидтай оролцохдоо дэлхийн шилдгүүдээс Казахстаны их мастер Ринат Жумабаев, Сингапурын Кевин У Веймин, Ираны Магсудлу Пархам нарыг хожиж, багтаа шийдвэрлэх ялалтыг авчирч байв. Тэгвэл АНЭУ-ын Дубай хотод 2021 онд болсон сургуулиудын шатрын багийн ДАШТ-д I сургуулийнхаа баг тамирчидтай хамт өрсөлдөн, IV байр эзэлсэн юм. Дараа жил нь багийнхантайгаа шатрын 44 дэх удаагийн олимпиадад оролцохоор Энэтхэгийн Ченнай хотыг зорьж, 189 орны 343 багийн тамирчинтай ур чадвараа сорив. Өсвөр үеийнхний УАШТ-ий таван түрүүтэй тэрбээр Дорнод аймгийн Чойбалсан сумд өнгөрсөн сарын 17-30-нд зохион байгуулсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 62 дахь тэмцээнд түрүүлсэн юм.
-Энэ жил өөртөө томоохон зорилго тавьсны нэг нь УАШТ байв уу. Та олон жил бодсон хүсэл мөрөөдлөө биелүүллээ. Аваргаар шалгарсан баярт мөчийн тань сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье.
-Улсын аваргаар шалгарч, алтан медаль хүртсэндээ баяртай байна. Надад түрүүлэх мэдрэмж төрсөн болохоор өөртөө итгэлтэй тоглолоо. Өмнөх жилүүдээс илүү амжилт гаргахаар санагдаж, тэмцээнээ сэтгэл өндөр эхлүүлсэн. Би “Гэгээн арвай” клубийн дасгалжуулагч, их мастер Б.Гүндаваа багшийн удирдлагад бэлтгэл хийдэг. Тус клубээс дөрвөн тамирчин оролцсоноос гурав нь алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналын тавцанд медалиа зүүгээд зогсохдоо амжилтад хөтөлсөн багшаараа их бахархсан. Багш маань шавь нартайгаа нэг бүрчлэн тулж ажилладаг. Бидний тоглох арга барилыг сайн мэддэг учраас тэмцээний үед холбогдож, байнга зөвлөж байлаа.
-Шигшээ тэмцээний анхны өргөөс эхлээд амаргүй учраатай таарч харагдсан шүү.
-Шигшээ тэмцээнд шилдгүүд өрсөлддөг. Тоглолт эхлэхийн өмнө оролцох тамирчдын нэр тодорхой болдог тул хоёр сарын өмнөөс бие, сэтгэл зүйгээ бэлдэж, тоглох арга барилд нь тааруулж бэлтгэлээ хийсэн. Надтай таарсан тамирчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгч өнгөрсөн жилийн улсын аварга, “Элит брэйн” академийн тоглогч М.Амилал байв. Тэр бол амархан буугаад өгөх учраа биш. Түүнтэй тоглосон өрөг үнэхээр чанга байлаа. 12 өрөг тоглохдоо бусдыг нь хожиж, түүнд л ганц ялагдсан.
-Миний ажигласнаар та М.Амилалыг хожихын тулд бусад өргөөс илүү хүч гаргаж тоглох шиг санагдсан.
-Тийм ээ, тэгж тоглосон тал бий. Дорнод аймгийг зорихоосоо өмнө тоглох өргүүдээ гаргасан юм. Багш утсаар холбогдож зөвлөхдөө “Зарчмаа бодоорой, хэрхэн тоглох төлөвлөгөөгөө санаарай. Битгий улайраарай” гээд захиж байлаа. Харин би зарчмаа зөрчсөн. Түүнээс гадна надтай “Босоо ноён” клубийн тамирчин А.Эрхэмбаяр ах тун сонирхолтой тоглолт өрнүүлсэн. Би II өрөгт хожлын давуу байдал бий болгосон ч өрсөлдөгч маань маш сайн нүүж, байрлалаа тэнцүүлсэн. Таван цаг тоглосны эцэст түүнийг буулгаж авсан. А.Эрхэмбаяр ахыг ялах амар байгаагүй. Тоглолт ид өрнөх үед ядарснаа мэдээгүй. Дууссаны дараа маш их сульдсан байсан. Тийм үед хөдлөхөд ч хүнд санагддаг.
-Аваргын төлөө “Алдар” клубийн тамирчин, үеэл С.Чингүүнтэйгээтоглох бас л амаргүй даваа байсан биз. Хожил хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй үед та бүх боломжоо хөлөг дээр гаргасан байх.
-Хэнтэй ч тоглосон хожно гэсэн итгэлтэй байсан болохоор сандраагүй. VII өрөгт надтай таарахдаа хагас оноогоор илүү байсан ч би хараар тоглож ялсан. Түүнийг хожоод л оноогоор тасарсан. Би 9.5 оноотой тэргүүн байрт шалгарч, С.Чингүүн мөнгөн медаль хүртлээ. Бид насаар чацуу. Багаасаа тэмцээнд цөөнгүй таарч, түрүү байр, медалийн төлөө өрсөлдсөн болохоор нэгийнхээ тоглох арга барилыг мэднэ. Хэрвээ хожигдвол түүнд гүйцэгдэх магадлал өндөр, ялбал аварга болох боломж ойрхон байлаа, надад.
-Сүүлийн жилүүдэд УАШТ-ий шигшээ тоглолтоос шинэ залуу аварга төрөх болсон нь шатрын хорхойтнуудын сонирхлыг татаж байна. Та ч гэсэн тэдний нэг шүү дээ.
-Хэнтий аймагт хоёр жилийн өмнө болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн шигшээ тэмцээнд “Дагшаахүү” клуб, “ABChess” академийн тамирчин, их мастер Д.Батсүрэн түрүүлж, залуу аваргаар тодорсон. Тэгвэл М.Амилал өнгөрсөн жил түрүүлж, насны хувьд түүний амжилтыг эвдэж, хамгийн залуу аваргаар шалгарч байв. Би энэ удаа түрүүлэхийн тулд хэдэн сарын өмнөөс бэлдэж, амрах завгүй хөдөлмөрлөлөө. Сүүлийн өргөө тоглож дуусаад л сэтгэл тайвширсан. Тэр үед нуруун дээрээс хүнд ачаа аваад хаясан мэт санагдаж, гүнзгий амьсгаа авсан шүү. Олон жил бодсон зорилгоо амжилттай биелүүлсэн мөч миний хамгийн сайхан баярт агшин байлаа.
-Та оюутны спортын VI их наадмын шатрын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэр үед инженер бус, эмчийн мэргэжил сонгосныг тань мэдэж билээ.
-Би АШУИС-ийн I дамжааны оюутан, хүний их эмч мэргэжлээр сурдаг. Өнгөрсөн сард болсон оюутны спортын VI их наадмын шатрын тэмцээнд сургуулиа төлөөлж оролцсон. Тус тэмцээнд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ алт, спортын мастер А.Эрхэмбаяр ах мөнгө, би хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл тэднийг УАШТ-д хожлоо. Бид энэ мэтчилэн өрсөлдөж, нэгнээ хурцлан, өгөө, аваатай, урагшилдаг.
-Энэтхэгт 2022 онд болсон шатрын 44 дэх удаагийн олимпиадад багштайгаа оролцсоныг тань санаж байна. Ченнай хотод өрнөсөн тэр “тулаан” танд ямар дурсамж үлдээсэн бол?
-Багштайгаа бэлтгэлээ сайтар базааж тус олимпиадад оролцсон ч миний эхний таван өргийн дүн хангалтгүй байсан юм. Тамирчид маш их ядардаг тул шигшээ тэмцээний дунд нэг өдөр амардаг. Тэр амралтын дараа би сүүлийн зургаан өргийг дараалан хожиж, II байр эзэлсэн. Монголын багаас Д.Батсүрэн түрүүлж, Б.Гүндаваа багш III, С.Билгүүн ах IV, С.Ган-Эрдэнэ V байрт шалгарч байв. Биднээс өмнө эмэгтэй шатарчид 2014 онд B категорид багийн дүнгээр тэргүүлж алт, 2018 онд эрэгтэйчүүд C категорид багийн дүнгээр удаалж, мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Шатрын олимпиадад Монголоос эмэгтэй шатарчид сайн өрсөлдөж, дээгүүр чансаанд эрэмбэлэгддэг. Эрэгтэйчүүд одоогоор тэдний хэмжээнд хараахан хүрээгүй. Гэхдээ удахгүй хүрнэ гэдэгт итгэдэг.
-Зөвхөн шатрын олимпиад ч гэлтгүй Азийн орнуудаас Узбекистан, Энэтхэг, БНХАУ, Ираны тамирчид дэлхийн хэмжээнд хүч түрэн өрсөлдөх болжээ.
-Шатрын 44 дэх удаагийн олимпиадад Узбекистан, Энэтхэг, Арменийн баг эхний гурван байрт шалгарсан. Узбекистан, Энэтхэгийн баг залуу тоглогчидтой. Тэр дундаа Энэтхэг шилдэг тамирчидтай. Тухайн жил энэтхэгчүүд дээрх олимпиадад ач холбогдол өгч өрсөлдсөн ч Узбекистаны тамирчдад тэргүүн байраа алдаж байлаа. Арменийн баг ч туршлагатай дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийсэн нь тэмцээний явцад анзаарагдсан. Энэтхэгийн тамирчид багийн бүрэлдэхүүнтэй оролцдог. Арын албанд ажилладаг мэргэжилтнүүд нь тамирчдынхаа тоглолтод анхаарал хандуулж, аюулгүй байдлыг нь бүрэн хангадаг. Тэмцээний үед хэнийг ч дөхүүлэхгүй. Анхаарлыг нь өөр зүйлд сатааруулахгүйг хичээж, бүх талаас нь ажиглан харна. Монголын багаас Д.Батсүрэн, С.Ган-Эрдэнэ бид гурав анх удаа оролцсон болохоор туршлагагүйтсэн тал бий. Бид эхний хоёр өрөгт Африкийн орны тамирчидтай, дараагийнхад нь Норвег, Хорват, Унгар, Чех гээд Европын хүчирхэг багтай таарсан. Д.Батсүрэн Норвегийнихмастер, дэлхийн таван удаагийн аварга Магнус Карлсентай тоглосон нь ховор тохиол байв. Шатрын 45 дахь олимпиад Унгарын Будапешт хотод есдүгээр сард болно.
-Шатрын тэмцээнд өрөг өгсөх тусам хариуцлагатай няхуур тоглох үүрэг нэмэгддэг биз?
-Тийм шүү. Тэр хэрээр алдаа гаргахгүй няхуур тоглох, хожигдохгүй урагшлах үүрэг хариуцлага нэмэгддэг. Би Энэтхэгээс ирсний дараа Азийн АШТ-д оролцсон ч өөрийнхөө хүссэн хэмжээнд хүртэл тоглоогүй. Харин Сербид болсон олон улсын нээлттэй тэмцээнд өрсөлдөж, олон улсын мастер цолны болзол хангасан. Тэгвэл шатрын 44 дэх удаагийн олимпиадад оролцохдоо олон улсын мастер цол хүртсэн юм. Энэ цолыг авахын тулд гурван болзол биелүүлдэг. Чансаа нь олон улсын мастерын хэмжээнд хүрсэн байх ёстой гэсэн шалгуур тавина. Хоёр жилийн өмнөх шигшээ тэмцээний сүүлийн өрөгт олон улсын мастер Ү.Агьбилэг ахыг хожиж, дээрх цолны сүүлийн болзлыг хангаж, рейтингээ 50 оноогоор ахиулснаар цол хүртэх чансаанд хүрсэн юм. Миний гадаад чансаа 2426 боллоо. Их мастер цол хүртэхийн тулд гадаад чансаа 2500 байх ёстой. Тиймээс зун зохион байгуулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, их мастер цол хүртэхээр зорьж байна.
-Өнгөрсөн жил Азербайжан улсыг зорьж, шатрын “Дэлхийн цом”-д өрсөлдсөн. Баку хотоос ямар бодол тээж ирснийг тань сонсъё.
-Тус тэмцээнд их мастер С.Билгүүн ах, Б.Мөнгөнтуул эгч, Т.Мөнхзул бид дөрөв оролцсон. Б.Мөнгөнтуул эгч Азийн АШТ, С.Билгүүн ах Индонезийн Жакарта хотод болсон 3х3 Азийн бүсийн АШТ, Т.Мөнхзул, бид хоёр Монголд болсон тэмцээний сонгон шалгаруулалтад түрүүлж эрх авч байв. “Дэлхийн цом” шатрын үндсэн тэмцээнээс арай өөр болдог. Бусад тэмцээнд ес, 11 өрөг швейцар системээр тоглодог бол “Дэлхийн цом”-ынх хасагдах шатаар явагдана. Хожих тусам бооцооны мөнгө өсдөг. Тэр тэмцээний бүх зүйл миний сонирхлыг татсан болохоор сэтгэлд хоногшиж үлджээ. Ирэх жил эх орноо төлөөлж оролцохыг зорьж буй. Өмнө нь Монголоос “Дэлхийн цом”-д оролцсон тамирчин байгаагүй. Тэндээс “Би энэ тэмцээнд дахиж заавал оролцоно” гэх бодол өвөртөлж ирсэн.
-Дээрх тэмцээнд их мастер цолтой дэлхийн шилдгүүдтэй ч “тулалдсан” санагдах юм.
-Миний хувьд Испанийн их мастер Итурризага Бонелитай таарсан. Харж байгаагүй ч нэрийг нь цөөнгүй сонссон түүнтэй сарын өмнө оноолт таарсан тул гараа, өргүүдийг нь судлан бэлтгэл хийж оролцсон. Хар, цагаанаар стандарт цагаар тоглоход би хараас эхэлсэн л дээ. Миний зорилго хар талаас тэнцэж, цагаан талаас хожлын төлөө тоглохоор төвлөсөн байв. Хар талаас хожсон надад маш том давуу боломж ирсэн ч маргааш нь цагаан талаас хожигдсон. Тус бүр нэг хожилтой бид нэмэлт тоглолт өрнүүлсэн. Цагаа багасгаад рапид төрлөөр тоглоход би ялагдсан юм. Тэрбээр намайг хожсон ч дараагийн шатанд Украины их мастер Антон Коробовт ялагдсан юм.
-Үргэлж ялна гэж юу байх вэ, хааяа алдаа гаргаж, хожигдоод шантарсан удаа бий юү?
-Бий бий. Би 2018 онд болсон УАШТ-д оролцохдоо 13 настай байлаа. Тухайн жил хичээлийнхээ II улирлаас чөлөө авч, өглөөнөөс орой хүртэл зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Тэгтэл УАШТ-д санасандаа хүртэл тоглолгүй VI байр эзэллээ. Хэрвээ эхний гурван байрт шалгарсан бол дэлхийн шатрын 43 дахь олимпиадын багт багтах байв. Түүнээс хойш нэг хэсэг завсарлаж, намар болтол шатар тоглоогүй. Амжилттай оролцоно гэж бүхнээ зориулж бэлтгэл хийсэн минь талаар болоход сэтгэлээр их унадаг юм билээ. Надад амралт хэрэгтэй байсан болохоор чөлөөт цагаа найзуудтайгаа өнгөрүүлж, тэмцээний талаар аль болох бодохгүйг хичээсэн.
-Хэсэгхэн хугацаанд холдсон ч шатраа их үгүйлсэн биз.
-Шатрын хөлөг дээр эргэж ирэхдээ эрч хүчээр дүүрсэн байсан. Намайг тоглоогүй хугацаанд зарим тамирчин ур чадвар, чансаагаа ахиулсан байв. Их амралтын дараа бэлтгэлээ шаргуу хийж, арванхоёрдугаар сард болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д С.Билгүүн ахтай хамт оролцохдоо олон улсын мастер цолны эхний болзлыг биелүүлсэн. Надад тивийн тэмцээн үр өгөөжөө харамгүй хайрласан шүү. Дараа нь 20 хүртэлх насныхны дэлхийн залуучуудын АШТ-д өрсөлдөж, дээрх цолны хоёр дахь болзлыг биелүүлж байлаа.
-Тамирчид өөртөө зорилго тавиад түүндээ хүрэхээр зогсолтгүй тэмүүлдэг. Нууц биш бол төлөвлөсөн зүйлүүдээсээ сонирхуулаач.
-Надад зорьж буй зүйл олон бий. Дэлхийн шатрын 45 дахь удаагийн шатрын олимпиадад улсынхаа нэрийг гаргахыг хүсэж байна. Өмнөх олимпиадад Узбекистаны тамирчдыг түрүүлээд шагналын тавцанд зогсохыг нь хараад “Бид яагаад тэдэнд шиг байж, амжилт гаргаж болохгүй гэж” гэх бодол төрсөн. Тиймээс энэ жилийн олимпиадад амжилттай оролцохоор хичээж байгаа. Олимпиадын тоглолтод ур чадвартай, чансаа өндөр, туршлага хуримтлуулсан шилдгүүдтэй таарна. Гэсэн ч бэлтгэлээ сайн базааж, өөрт байгаа бүхнээ дайчлан гаргаж тоглоно доо. Узбекистаны багийг энэ удаа хэрхэн өрсөлдөхийг олон орны үзэгчид харна. Тэдэнд тэргүүн байраа булаалгасан Энэтхэг, Хятадын тамирчид дахиж алдахгүйн төлөө хүчтэй өрсөлдөх болов уу.
-Аав, ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж, баярлуулсан гэж боддог уу?
-Манайхан таван настай байхаас минь дэмжиж, өнөөг хүргэлээ. Тэр цагаас намайг зорьсондоо хүрч, их мастер цол хүртчихээсэй гэж их хүссэн. Аав, ээж минь санхүүгийн боломжгүй байсан ч зардал олоод гадаадын тэмцээнүүдэд оролцуулдаг. Тэднийхээ хүслийг хэзээ нэгэн цагт биелүүлж баярлуулна гэж боддог. Гэрийнхэн минь ямар ч тэмцээнд надтай хамт сэтгэлээрээ тоглодог. Миний хувьд хийх ёстой зүйлээ амжилттай гүйцэтгэж, ойр дотнын хүмүүсийнхээ итгэл найдварыг дааж, түрүүллээ. Үе тэнгийнхэн минь хичээлээ тараад дуртай зүйлээ хийхээр явдаг бол би бэлтгэлээ хийхээр клуб рүүгээ яардаг. Шатар намайг өөрийгөө зөв залж, удирдахад сургалаа. Өмнөхөөсөө илүү төлөвлөж, төвлөрөхөд ч сургасан.