16 дугаар сургуулийн хүүхдүүд ийм замаар хичээлдээ явдаг. “Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, аюулгүй орчин дамьдрах боломж бүрдүүлж байна” гэж албаныхан байнга ярьдаг. Гэтэл яг үнэндээ хүүхдүүд сургуульдаа явах замыг нь ч аюулгүй болгочхож ч чадсангүй. Хамгийн харамсалтай зүйл бол ганцхан 16 дугаар сургууль хүрэх зам л ийм өрөвдөлтэй биш. Нийслэлийн хэмжээнд ийм жишээ өчнөөн бий. Тус сургууль Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу хотын төвийн хэсэгт байрладаг. Төв талбайгаас ердөө хоёр хүрэхгүй км-ийн зайтай. Хотын төвийн сургуулийн ойр орчим ийм байхаар анхаарлын гадна үргэлж үлддэг захын хорооллын орчин нөхцөлийг төсөөлж ядах зүйлгүй мэт.
Жишээ дурдахад, нийслэлийн Хотын стандарт, хяналтын газрынхны өнгөрсөн онд хийсэн судалгаагаар нийслэл дэх ерөнхий боловсролын 305 сургуулиас 231, 241 цэцэрлэгээс 131-ийнх нь гадна орчны стандарт алдагдаж, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ. Мөн Улаанбаатар хот дахь сургуулиуд авто замын хөдөлгөөн, гадаад орчны гэрэлтүүлэг, ногоон байгууламж, сургуульд хүрэх замд тулгарах бэрхшээл, аюулгүй байдлаас шалтгаалсан эрсдэлээрээ орон нутгийнхтай харьцуулахад өндөр гэж дүгнэсэн байна. Түүнчлэн ХЭҮК-оос гаргасан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д “2023 оны байдлаар нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган хүний замын 77.9 хувь нь стандартад нийцээгүй байна” гэж дурджээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Энэ өдөр бид голчлон хүүхдээ баярлуулахад төвлөрч, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэх, эрхийг нь хамгаалахад төдийлөн анхаардаггүй гэхэд болно. Мэдээж хүүхдүүдээ баярлуулалгүй яах вэ. Гэхдээ тэдэнд тулгамдсан асуудлыг нь ч анхаарч, шийдэх ёстой. Сонгууль дөхмөгц эрх баригч намаас хотын замуудыг хэдхэн өдөрт багтаан засаж эхэлсэн. Харин хүүхдүүд эрсдэл дүүрэн, бартаат замаар хичээлдээ явсаар байгааг “харсангүй”. Энэ нь ажил хийсэнмэт харагдах, санал авахадл төвлөрч буйг нь илтгэнэ. Үнэхээр л ажил хиймээр байгаа юм бол ядаж сургууль хүрэх замыг аюулгүй болгоод, хүүхдийн сурах эрхийг нь хангачихвал илүү оноо авах биш үү.
Бэлтгэсэн: М.оч