Монголын триатлоны холбоо, “Road Mongolia” клубийн тамирчин, спортын мастер Л.Баярцэнгэлийг дугуйтай нөхөрлөсөн цагаас нь спорт сонирхогчид мэднэ. Тэрбээр триатлоноор ч бас хичээллэдэг. Өмнөд хөршийн Харбинд өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан өвлийн триатлоны “Дэлхийн цом”-д оролцож, VI байрт шалгарсан. Дэлхийн триатлоны холбооноос тамирчдын амжилтын чансааг өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд шинэчлэн зарлахад тэрбээр XII байрт жагсаж, олон улсад шилдгүүдтэй мөр зэрэгцсэн билээ. Дээрх тэмцээний дараахан МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар түүнийг триатлоны тамирчин Н.Алтаншагай, дасгалжуулагч Ц.Баярхүүгийн хамт хүлээн авч уулзан МҮОХ-ны алтан медалиар шагнасан юм. Тэгвэл тус тэмцээнээс өмнө холбоодын нэгдсэн УАШТ болоход тэрбээр өрсөлдөж, виртуал дугуйн тэмцээний 35-49 насныхны ангилалд түрүүлж, хошой аваргаар шалгарч байв.
-Дугуйн спортынхон зун бэлтгэл хийхээс гадна уралдаанд оролцож, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх юм аа.
-Тийм ээ. Бидний хувьд хамгийн үр дүнтэй өнгөрүүлдэг улирал бол зун. Өмнө нь зөвхөн урин дулаанд бэлтгэл хийдэг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд базаадаг боллоо. “Smartstore” компани Монголд гурван жилийн өмнө ухаалаг дугуй нэвтрүүлснээр тамирчдад улирлын байдал харгалзахгүйгээр тэмцээнд оролцох боломж бүрдсэн. Гэртээ дугуйгаа суурилуулж бэлтгэл хийх нь биатлон, триатлоноор хичээллэдэг хүүхэд, залууст ч давуу тал болж байна. Манайх эрс тэс уур амьсгалтай. Хүндхэн орчин нөхцөлд дугуйгаар хичээллэж, амжилт гаргахад амаргүй. Тиймээс залуус ухаалаг дугуйн төхөөрөмжийн дэлгэцээс ур чадварынхаа үзүүлэлтийг харж, гадаадын тамирчидтай холбогдон, уралдаанд оролцдог болсон. Би хамгийн сүүлд дасгалжуулагч Ц.Баярхүүтэй хамтран зохион байгуулсан “Smartstore” дэлгүүрийн нэрэмжит Монголын анхны виртауль дугуйн олон өдрийн тэмцээнд оролцлоо. Дэлхийн аль ч улсад амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ нэг замд хурд сорих таатай байлаа. Ингэж өрсөлдөх нь бодитоор уралдахаас ялгаагүй мэдрэмж төрүүлдэг.
-Таныг тамирчны замналд хөл тавихад хүргэсэн зүйл юу байдаг юм бол оо?
-Багадаа дугуйг зүгээр л сонирхож унадаг байлаа. Харин 2016 оноос илүүдэл жингээсээ салах зорилгоор идэвхтэй хичээллэсэн. Өмнө нь уралдаанд оролцохоос илүү найзуудтайгаа дугуйгаар аялж, цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг байв. Тухайн үед өөрийн хүссэн газраа хэзээ ч хамаагүй дугуйтай зориод очих сонирхолтой санагддаг сан. Дугуйтай нөхөрлөснөөр танилын хүрээ тэлж, олон найзтай болов. Спортоор хичээллэсэн хүмүүс нэгнээ сайн ойлгодог. Дугуй намайг олон талаар нээн, хөгжүүлэх үеэс өөрийгөө сорих бодол төрж, уралдаанд оролцдог болсон юм. 2017 оноос хойш “Road Mongolia” клубт сайн дураар нэгдэж, бэлтгэл хийж эхэлсэн. Биднийг зорилго минь нэгтгэж, нэг гэр бүл шиг болгосон доо. Би үеийнхнээсээ хожуу спортод хөл тавьсан. Хүнийг хүсэл сонирхол нь зөв замд залж, амжилт руу хөтлөн өөрийгөө олоход, хэн бэ гэдгээ танихад тусалдаг гэж боддог. Би эхэндээ энгийн нэг сонирхогч байсан бол 2019 онд спортын I зэрэг, дараа жил нь спортын мастер цол хүртэж байлаа.
-Дугуйгаар шаргуу хичээллэхэд найзууд тань тэмцээнд оролцохыг зөвлөдөг болсон уу?
-Тэр үед байр эзлэхээс илүү мэргэжлийн тамирчидтай уралдаж үзэхийг хүсдэг байв. Сүүлдээ ана мана өрсөлдөж, түрүүлэхийг хичээдэг болсон. Тамирчдын хувьд анхны тэмцээн нь мартахааргүй дурсамж болж үлддэг. “MN-25 дугаар суваг” телевизийн 25 жилийн ойн баяр тохиож, уулын дугуйн тэмцээн зохион байгуулахад оролцож, замаа амжилттай дуусгасан. Тэр үед Богд уулыг тойрч, 24 цагт багтан 240 км зам туулж уралддаг тэмцээн болдог байлаа. Дөрвөн тамирчин нэг баг болж уралдахдаа барианд цуварч бус, хамтдаа орох ёстой. Уралдааны замд усаа хувааж уун, нэгнээ зоригжуулах нь надад таатай бодол төрүүлсэн юм. Өрсөлдөөн дунд тэмцээний уур амьсгалыг мэдрэх мөч үнэхээр сайхан. Тамирчид өглөө гараанаас гарч, шөнө барианд орж ирсэн. Зарим баг үүр цайлгасан удаа бий. Сүүлийн үед ийм тэмцээн зохион байгуулсангүй.
-Саяхан Хүй долоон худагт болсон “Морь хурдан уу, дугуй хурдан уу” тэмцээнд та түрүүлсэн байна билээ.
-Тус тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулахад 30 байгууллагын 236 дугуйчин 20 насны ангилалд өрсөлдсөн. Миний хувьд 40-49 насныхны ангилалд түрүүллээ. Элит ангиллынхнаас Азийн аварга, “Team Oggi” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ тэргүүн байрт шалгарсан. “Road Mongolia” клубт үеийн тамирчин цөөнгүй бий. Энгийн үед сайхан нөхөрлөдөг тэдэнтэйгээ тэмцээнд ана мана өрсөлддөг. Би тус тэмцээнээс гурван түрүүтэй. Сонирхож оролцогчдын хүрээ жилээс жилд тэлсэн үед дээрх тэмцээнд цойлж, түрүүлнэ гэдэг улам л амаргүй болж байна.
-Та дугуйн лигийн тэмцээнд элит, мастер ангиллын шилдэг 27 тамирчинтай хурд сорьсон санагдах юм.
-Монголд 2019 онд дугуйн лигийн тэмцээн зохион байгуулахад элит, мастер ангиллын шилдэг 27 тамирчин гурван багт хуваагдаж, гурван өдөр хурд сорьсон юм. Дугуйн тэмцээнүүдээс олон өдрийн уралдаан илүү сонирхолтой. Тамирчдаас ухаан, ур чадвар, туршлага их шаарддаг. Элит ангиллын дугуйчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөнө шүү дээ. Дугуйгаар хичээллээд удаагүй байхдаа мэргэжлийн тамирчидтай өрсөлдөж, бүхнээ шавхан гаргаж, багийнхантайгаа II байрт шалгарч билээ. Намайг олон талаар сорьсон болохоор тэр тэмцээн сэтгэлд үргэлж бодогддог юм. Тэр үед эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргаж хөдөлмөрлөсөн минь нэг л өдөр амжилт болж ирснийг ойлгосон доо.
-“Ханжоу-2022” Азийн наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Парисын олимпын дугуйн тэмцээний бөөн гараатай уралдаанд оролцох эрх авсан. Та тэр тэмцээнийг сонирхож үзсэн үү?
-Би ч гэсэн уралдахыг нь зурагтаар хараад огшиж суусан. С.Жамбалжамц тус наадмаас Парисын олимпын наадмын дугуйн бөөн гараат уралдаанд оролцох эрх гардаж монголчуудыг баярлуулсан. Тэрбээр одоо Узбекистанд эхэлсэн “Тоur of Bos-tonlig” олон өдрийн тэмцээний ганцаарчилсан төрөлд Б.Тэгшбаяртай хамт уралдаж байна. Манай залуу тамирчид гадаадын дугуйчдаас дутахааргүй ур чадвартай. Тэднээс зургаа нь гадаадын зургаан багтай гэрээ байгуулсан. Тухайлбал, дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр Тайландын мэргэжлийн дугуйн “Roojai online insurance”, Азийн аварга Б.Марал-Эрдэнэ Индонезийн “Nusantara cycling team”, С.Жамбалжамц Испанийн “Burgos BH”, ОУХМ Э.Болор-Эрдэнэ Японы “Levante Fuji Shizuoka”, Б.Идэрболд БНХАУ-ын “Scom pardus” багт уралдаж байна. Монголын үндэсний шигшээ багийнхан Монгол, БНХАУ-ын хамтарсан “Ferei quick-panda podium Mongolia” багт хурд сорьж буй. Би насаар ах ч гэлээ тэдэнтэй ойр дотно нөхөрлөдөг. Үүнээс гадна Монголын дугуйчид Тажикистаны Душанбе хотод 2022 онд болсон засмал замын дугуйн Азийн АШТ-д оролцож, багаараа мөнгөн медаль хүртсэн нь тэр жилийн онцлох үйл явдал байлаа. 41 дэх удаагийн тэмцээнээс С.Жамбалжамц, А.Даваажаргал, Ц.Солонго нар хүрэл, мастер ангилалд Г.Жаргалсайхан мөнгөн медальтай ирснийг спорт сонирхогчид одоо ч ярих дуртай.
-Өмнөд хөршийн Харбинд өнгөрсөн хоёрдугаар сард болсон өвлийн триатлоны “Дэлхийн цом”-д оролцохдоо өрсөлдөгчдөөсөө олон зүйлийг харж, ажигласан байх.
-Монголоос оролцсон хоёр тамирчин гадаадын 200 гаруй триатлончтой өрсөлдсөн. Дэлхийн шилдгүүдээс эхэндээ сүрдэж, өөрийгөө хэрхэн амжилт гаргах бол гэж их бодож байлаа. Триатлончид өвлийн тэмцээнд цана, дугуй, гүйлт гэсэн спортын гурван төрлөөр өрсөлддөг. Миний хувьд дугуй, гүйлтийн цанаар уралдахад нэг их санаа зовоогүй. Хүүхэд байхдаа гүйлтийн цанаар хичээллэсэн минь их хэрэг болсон шүү. Тэмцээний товлосон хугацаа дөхсөн ч бид богино хугацаанд бэлтгэл хийж оролцсон. Би Германы тамирчдаас Себастьян Нээфийн ур чадвар, туршлагаар маш их бахархсан. Тэмцээний үед сэтгэл зүйгээс гадна нойр, хооллолт чухал. Тиймээс гадаадын тамирчдын өглөө, өдөр, орой хэрхэн хооллож буйг анзаарч харсан юм. Дасгалжуулагч Ц.Баярхүү багш энэ талаар багагүй зөвлөсний ачаар амжилт гаргасан гэж боддог. “Дэлхийн цом”-д Н.Алтаншагай V, би VI байр эзэлсэн. Бид одоогоор дэлхийд чансаагаараа IX, XII байрт жагсаж байна.
-Өвлийн триатлоны тэмцээн тамирчдаас хурд, овсгоо самбаа их шаарддаг биз?
-Тамирчид триатлоны тэмцээнд минут, секундтэй уралдаж бүх зүйлийг амжилттай гүйцэтгэх ёстой. Гутал, хувцсаа сольж өмсөхдөө хүртэл цагийг сайтар тооцоолдог. Тухайлбал, гүйлтийн гутлаа солиод дугуйныхыг өмсөхөд, дугуйны гутлаа солиод цанынх руу шилжихэд хүртэл секунд, долиор хэмжигдэнэ. Энэ спортод нас хязгаарладаггүй. Тухайн тамирчин амжилт гаргах боломжтой бол үргэлжлүүлж болно. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д Италийн тамирчин бид хоёроос бусад нь залуучууд байсан. Монголын триатлоны холбооны тамирчин болж, дээрх тэмцээнд оролцсондоо талархдаг. Биднээс хойш энэ спортод олон тамирчин бэлтгэгдэж, амжилт гаргах байх аа.
-Харбинд танилцсан тамирчидтай холбогдож, мэдээлэл солилцов уу?
-Тэдний цахим хуудас, инстаграмаар зочилж, “Дэлхийн цом”-оос хойш бэлтгэл хэрхэн хийж, ямар тэмцээнд оролцсоныг нь сонирхож харсан. Монголд Н.Алтаншагай бид хоёр долоо хоногт гурван удаа бэлтгэл хийдэг юм. Би одоо “Smartstore” компанид санхүү хариуцсан захирлаар ажилладаг. Спорттой нөхөрлөсөн цагаасаа ажил, амьдралын бүтээмж өндөр болсныг өдөр бүр мэдэрдэг. Намайг хэрхэн хөгжиж, өөрчлөгдсөнийг хараад хамт олон, найзууд минь дугуйгаар хичээллэдэг боллоо. Дугуй намайг өмнөхөөс минь өөрчилж, шинэ хүн болгосон. Хүмүүс надаас “Чи энэ их ажлыг яаж амжуулаад байна вэ” гэж асуудаг юм. Хүн завгүй байх тусмаа их ажил амжуулдаг. Өглөө босож, хоёр цаг бэлтгэл хийгээд ажилдаа очихдоо ядардаггүй. Харин ч өдрийг эрч хүчтэй, аз жаргалтай, үр дүнтэй өнгөрүүлдэг. Спортоор хичээллэхийн давуу тал хамт олонтойгоо харилцах харилцаа, хандлага, биеэ авч яваа байдлаас мэдрэгддэг юм.
-Та амжилтаа бусадтай хуваалцах хэр дуртай вэ?
-Дуртай. Сонирхдог спортдоо олныг уриалж, урам өгөх сайхан шүү дээ. Ойр дотнын найзууд “Чиний хөдөлмөрч зан, тууштай байдлаас үлгэр дуурайл авдаг шүү” гэдэг. Тэмцээнд оролцохдоо сандарч, догдолдог байсан үеэ бодвол одоо тайван, өөртөө итгэлтэй уралддаг болсон. Ганцаараа хөдөлмөрлөөд амжилт гаргадаг тамирчин хаана ч байдаггүй. Энэ бүхний ард гэр бүл, найз нөхөд, хамт олон, дасгалжуулагч багшийн минь дэм тус их байсан юм шүү. Тамирчин хүний ар тал байна гэдэг амаргүй. Маш их тэвчээр шаарддаг. Зорьсондоо хүрэхээр тэмүүлэхэд гэр бүлийнхэн нь хамгийн их нөлөөлдөг. Жаргал, зовлонг хамтдаа хуваалцаж, бүх талаар дэмжин тусална гэдэг амжилтад хөтөлснөөс ялгаагүй. Манайх хоёр хүүхэдтэй. Бага хүү дугуйгаар хичээллэх сонирхолтой. Монголын дугуйн холбооноос зохион байгуулсан бага насныхны тэмцээнд оролцож, медаль цөөнгүй хүртсэн шүү.
-“Парис-2024” зуны олимпын наадам удахгүй хөшгөө нээх нь. Та спортын төрлүүдээс ямар тэмцээн сонирхож үзэх вэ?
-Би зөвхөн дугуй гэлтгүй спортын бүх төрлийн тэмцээн сонирхож үзэх дуртай. Парисын олимпын наадамд дугуйн шигшээ багийнхнаас С.Жамбалжамц эх орноо төлөөлж, анх удаа хурд сорино. Монголчууд түүнийг Францад тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, хэрхэн уралдахыг нь харахаар тэсэн ядан хүлээж байгаа.
Энэ ташрамд, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооны удирдлага, дасгалжуулагч Ц.Баярхүү багш, мөн “Road Mongolia” клуб, “Smartstore” компанийнхаа хамт олон, найз нөхөд, ямар ч үед найдвартай ар тал, түшиг тулгуур минь болж ирсэн аав ээж, гэр бүлдээ талархаж явдгаа илэрхийлье.