Монголын гандболын эмэгтэйчүүдийн шигшээ багт “Мон-Алтиус” сургуулийн II дамжааны оюутан С.Цэвэлмаа тоглодог. Тэрбээр багийнхантайгаа Хонконгод өнгөрсөн жилийн долоодугаар сард зохион байгуулсан 17, 19 хүртэлх насныхны Зүүн Азийн “Tro¬phy-2023” цомын төлөөх тэмцээнд оролцож, эх орондоо хүрэл медальтай ирсэн билээ. Дасгалжуулагч Г.Амарсанаагийн удирдлагад бэлтгэл базаадаг тэд энэ жил оюутны гандболын УАШТ-д тэргүүн байрт шалгарч, дараа нь Монголын оюутны спортын VI наадамд МУИС-ийн багийг хожиж, аваргаар тодорсон юм.Тэднээс өмнө эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан мөн Хонконгод 2018 онд болсон 18, 20 хүртэлх насныхны Олон улсын гандболын холбооны цомын төлөө тэмцээнд ур чадвараа сорьж хүрэл медаль анх удаа гардсанаар Монголын гандболын спортод нэгэн шинэ хуудас нээсэн түүхтэй. Тус холбоо 2001 оноос эхлэн олон улсын чанартай тэмцээнд баг тамирчдаа сойсон ч хараахан медаль хүртээгүй байсан юм.
-Тамирчдын спортод хөл тавьсан түүхийг сонсох тун сонирхолтой санагддаг. Гандбол дэлхийн олон оронд өндөр хөгжсөн. Сагсан бөмбөг тоглодог охин үүгээр хичээллэсэн гэхээр сэтгэлийг нь хүчтэй татжээ дээ.
-Би өмнө нь ийм спорт байдгийг мэддэггүй байлаа. “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болж сурахаар ирэхдээ мэдэж, дасгалжуулагч Г.Амарсанаа багшийн удирдлагад анх хичээллэсэн. Тэрбээр намайг зүүн гараар тоглохыг хараад “Чамд давуу тал байна. Чи солгой тул гандболд амжилт гаргах боломжтой” гэв. Тухайн үед бөмбөгийг нь анх барьж үзээд яаж шиддэг юм бол гээд гайхаж зогссоноо мартдаггүй. Хэдэн сар бэлтгэл хийж, оюутны УАШТ-д оролцлоо. Ямар ч дүрэм мэдэхгүй нөхөр эхэндээ их сандарч багшдаа ч зэмлүүлсэн. Тэмцээний явцад тоглох арга барил, онцлогийг нь ойлгож билээ.
-Үзэгчдийн өмнө анх удаа тоглосон болохоор сандарч балмагдсандаа алдаа гаргасан байх.
-Тийм ээ. Хүмүүсийн “Ээ, энэ тоглож чаддаггүй юм байна шүү дээ. Тэмцээнд юунд оролцуулсан юм бэ” гэж хашхирахыг сонсоод сэтгэлээр их унасан. Багшид “Би тоглож чадахгүй нь ээ. Надад хэцүү санагдаж байна” гэхэд “Тэдний юу гэж хэлэхийг сонсох хэрэггүй. Өөрийнхөөрөө тогло. Хийж чаддаг бүхнээ одоо харуул” гэж зөвлөсөн. Түүнээс хойш нэг их удалгүй гандболын шигшээ багт дуудагдсанаар тамирчны гараагаа эхлүүлсэн юм. Шигшээ багт 39 тамирчин сонгогдсон ч шалгаруулалтад 12 нь тэнцсэний нэг нь би байв.
-Монголын гандболын холбоо сүүлийн жилүүдэд баг тамирчдаа олон улсын тэмцээнд амжилттай сойх болсон. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
-Намайг шигшээ багт хөл тавьсны дараахан багш “Багаараа гадаадад болох олон улсын тэмцээнд оролцоно” гэхэд нь их баярласан. Гэсэн ч сэтгэлд “Тоглож чадахгүй багийнхандаа гологдох вий. Тэмцээнд алдаа гаргаж шүүмжлүүлэх болов уу. Охидын зан аашинд яаж дасна даа” гэх бодол төрж, эмээж байлаа. Багш нар өөртөө итгэлгүй байгааг минь анзаарч “Бид чамд заагаад өгнө. Багийн тань гишүүд өмнө нь яг чам шиг ирээд л бүхнийг сурсан” гэв. Монголд гандболын бэлтгэл хийх зориулалтын заал байдаггүй. Өвлийн хүйтэнд өглөө эрт бэлтгэл хийхээр явахад, орой тараад харих гэхээр унаа олдохгүй даараад л алхдаг сан. Тухайн үед хэцүү санагддаг бүхэн ард үлдэж, одоо дурсамж болж үлджээ. Хонконгод болсон тэмцээний өмнө бид Замын- Үүдэд нэг сар бэлтгэл хийхдээ нэгийнхээ зан чанарыг таньж, ойр дотно нөхөрлөсөн. Багш нар ч “Та нар зорилгынхоо төлөө нэгдэж, нэг хүн шиг байгаарай” гэдэг болохоор эвтэй байхыг хичээдэг байв. Охид л болсон хойно эхэндээ нэгнийхээ хэлсэн хатуухан үгэнд гомдож уйлахаар багш нар минь аргыг нь олж, эвлэрүүлэх гэж багагүй хичээдэг сэн. Тэд сүүлдээ хэн нь ямар ааштайг мэддэг болсон тул зан чанарынх нь онцлогт тохируулан зөвлөнө.
-Дасгалжуулагч бүрд тамирчдаа бэлтгэл хийл гэдэг өөрийн гэсэн арга барил бий. Багш нар тань та нарыг хэрхэн хурцалж, зоригжуулдаг байв?
-Тэд нэгэнд нь урам хайрлаж, нөгөөгийнх нь шарыг малтана. Шавь нартаа амжилт гаргах давуу талыг нь ойлгуулж, хурцалдаг байлаа. Намайг талбайд гарахын өмнө “Чи одоо л сурсан бүхнээ харуулдаг юм шүү. Чамайг сайн тогловол багш нар нь ч гэсэн хожно. Хэрвээ муу тогловол бид ч бас ялагдана. Тиймээс хамгийн сүүлчийн удаа гэж бодоод сайн тоглоорой” гэдэг юм. Тэмцээнд оноо авбал “Миний шавь сайн байна. Дараагийн тоглолтод үүн шигээ байгаарай” гээд сэтгэлийн дэм өгдөг.
-Та шартай байх аа. Тоглолтоос тань амархан бууж өгөхийг хүсдэггүй зан цухалзаад байдаг юм.
-Шартай, шартай. Нөхдөө эсрэг багийнханд оноо алдаад эхэлбэл өөрийн эрхгүй бухимдана. Багш “Цэвэлмаа уурлаж болохгүй шүү. Тайван байж, чаддаг бүхнээ дайчилж гарга. Чи “шатвал” багийнхан чинь тоглож чадахгүй болно” гэнэ. Бид оюутны УАШТ-д аваргын төлөө МУИС-ийн багтай тоглосон. Монголын оюутны спортын VI их наадамд дахин таарсан ч хожиж, тэргүүн байрт шалгарлаа.
-Оюутны спортын VI их наадмын гандболын тэмцээнийг зурагтаар шууд дамжуулсан. Гэрийнхэн тань таныг дэмжиж үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Дорноговь аймгийн Сайншанд сум миний төрсөн нутаг. Зуны амралт эхлэхээр дүү нараа гандболоор хичээллүүлэхийг хүсдэг. Үеийнхээ найзуудад ч санал тавина. Гандбол сонирхолтой спорт. Утаснаас бичлэг үзэх, үзэгчийн суудлаас харах, өөрөө тоглох өөр шүү дээ. Манайхан гандболын тэмцээнд намайг оролцохыг үзээд “Хөөх, хүн гэмтээхээр спорт байна. Нэгийгээ яасан хүчтэй түлхэж унагадаг юм бэ” гээд гайхаж билээ. Анх харснаараа хүлээж авсан болоод ч тэр үү “Бэртэж гэмтвэл яана. Чи ингэхэд юугаар хичээллээд байна вэ. Одоо боль. Хичээлдээ анхаарал хандуул” гээд дургүйцдэг байлаа. Харин УАШТ-ээс алт, Хонконгод зохион байгуулсан олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд аажмаар ойлгох болсон. Оюутны спортын VI их наадмын гандболын тэмцээний медалийн төлөөх тоглолтыг зурагтаар үзээд “Чи сайн тоглодог юм байна. Багийнхаа ихэнх оноог түүлээ. Одоо ямар тэмцээнд оролцох вэ” гээд дэмжиж байгаа нь сайхан санагдсан.
-“Мон-Алтиус” сургуулийн гандболын тамирчид сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож харагддаг. Спортын хоёр өөр төрөлд бэлтгэл хийх амаргүй биз?
-Бид гандболоос гадна сагсан бөмбөг тоглодог. Оюутны спортын өмнөх наадмуудад тамирчид спортын хэдэн төрөлд ч оролцож болдог байв. Харин энэ удаа нэг төрөлд өрсөлдөхийг зөвшөөрсөн. Тиймээс багш нар ярилцаад амжилт түлхүү гаргах спортынхоо төрөлд анхаарал хандуулж, бэлтгэл хийлгэсэн юм. Сагсан бөмбөгийн гараанд гардаг таван тамирчин гандболынход ч бас тоглодог. Сагсан бөмбөг, гандболын техник их ялгаатай. Сагсан бөмбөгийн бэлтгэл хийж байгаад гандболын бөмбөг барихаар нэг л дасахгүй, алдаж унагаад сонин санагддаг. Одоо бол аль алинаар нь тоглож сурсан байна.
-Таныг багадаа уран нугардаг байсан гэж сонслоо. Урлагаар явах хэцүү санагдсан уу. Спортоор замнахад тань олон хүн гайхсан байх даа.
-Би наймдугаар ангиа төгстлөө бүжиг, уран нугаралтаар хичээллэсэн. Багадаа дотоод, гадаадын тэмцээнд цөөнгүй оролцдог байв. “Яргуй” наадмаас хүртсэн медаль олон бий. Нутгийнхан намайг бүжиглэж, нугардаг болохоор урлагийн зам сонгоно гэж боддог байсан юм билээ. Тэд спорттой нөхөрлөнө гэж огт төсөөлөөгүй. Сагсан бөмбөгийн тамирчид эрч хүчтэй, цоглог санагддаг байсан тул нэг өдөр л хичээллэх шийдвэр гаргасан. Багш нууцаар бэлтгэл хийж байгааг минь мэдээд ээжид “Охин тань сагсан бөмбөг тоглох боллоо. Бэртэж гэмтээд, гарынх нь хуруунууд тулах вий дээ” гэж хэлснээр гэрт бөөн хэрэг мандсан. Ангийн багш, гэрийнхнийгээ хориглох тусам шаргуу хичээллэсэн. Багийнхантайгаа тэмцээнд оролцож түрүүлсэн, бас өөрөө шилдэг тоглогчоор шалгарсан тэр өдөр спортод эргэж буцахааргүй дурласан даа. Ээж тэр үед “Чи уран нугаралтаа орхиогүй бол бие чинь уян хатан, гоё харагдах байлаа” гэж билээ.
-Монголд 2016 онд 350 уран нугараач оролцсон “Уул, усны домог” тоглолт зохион байгуулахад та оролцсон юм билээ.
-Тиймээ. Тэр жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 350 уран нугараач оролцсон “Уул, усны домог” тоглолтыг зохион байгуулсан юм. Зохион байгуулагчид Монголын уран нугараачдыг дэлхийд таниулахын тулд Гиннесийн номд оруулахыг зорьсон юм билээ. Тоглолтод оролцох нугараачдыг маш нарийн шалгуураар сонгосон. Шалгаруулалтыг Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ (Хөтөл), Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт явуулсан. Аймаг тус бүрээс шилдэг нугараачдыг сонгож, циркийн томоохон цогц бүтээл толилуулахын тулд Улаанбаатарт нэг сар бэлтгэл хийлгэсэн. Нугараач бүр өөрийн гэсэн элемент үзүүлбэрээ толилуулсныхаа дараа нэгдэж, цогц бүтээл туурвин Гиннесийн амжилт тогтоосон. Тус тоглолтын дараа “Монголын 350 уран нугараачийн Гиннесийн амжилт” хэмээх ном хэвлэгдсэн шүү дээ.
-Уран нугаралтын багш тань таныг спортод урвуулахгүй гэж их харамласан болов уу?
-Уран нугаралтын Н.Чулуунцэцэг багш намайг спортоос их харамласан даа. Сагсан бөмбөгөөр хичээллэхийг таатай хүлээж аваагүй. Аймгийнхаа V сургууль руу шилжихэд явуулахыг хүсээгүй. Надад “Чи уран нугаралтаа л давт. Үзүүлбэрээ толилуулахын тулд бэлтгэлээ сайн хий” гэдэг сэн. Миний хувьд багшийн заасан бүхнийг хурдан сурдаг байсан. V сургуульд шилжиж очоод урлагийн үзлэгт оролцох бүрдээ уран нугаралтаас гадна чөлөөт, хип хоп, үндэсний бүжиг гээд тоглолтынх нь ихэнх үзүүлбэрийг гүйцэтгэдэг байлаа. Би уран нугаралтынхаа хувцсанд хайртай. Хааяа харахаар хүүхэд насны дурсамжууд бодогддог. Спортоор хичээллэхэд уян хатан байхыг шаарддаг. Уран нугардаг байсан минь их нөлөөлсөн шүү.
-Хааяа шантарсан үедээ сагсан бөмбөг, гандболын тэмцээнээс хүртсэн медалиудаа харж, эрч хүч авдаг биз?
-Өөрийгөө уран нугаралтаас илүү спортоор олонд танигдсан гэж боддог. Тэмцээнд түрүүлж, медаль хүртэх сайхан ч аваргаа хамгаалах амаргүй. Аварга болсон багийнханд амжилтаа бууруулах эрх байхгүй. Спортын хоёр төрлөөр хичээллэж, бэлтгэл хийх хэцүү санагддаггүй. Харин ч сонирхолтой. Шантарсан ч буцаад босох сэтгэлийн тэнхээ хайрладаг. Би Хонконгод болсон олон улсын тэмцээнд оролцохын өмнө “Багийнхаа тамирчдын амжилтаас хойш чангаах вий дээ” гэсэндээ тоглохоос халширсан. Хилийн дээс алхаж, газар үзнэ гэж догдолж байсан ч ялагдах вий гэсэн айдас намайг шантрахад хүргэсэн. Бидний Макаогийн багийнхантай хүрэл медалийн төлөө өрсөлдсөн тоглолт сэтгэлд үргэлж бодогддог. Тэр тэмцээнд хожигдвол хоосон буцах тул бүгд өөртөө байгаа бүхнээ гаргаж тоглосон.
-Та спортын зам сонгосондоо сэтгэл хангалуун байдаг бололтой. Амжилт руу тэмүүлэхэд тань хэн зөв замд залав?
-Эгч минь. Тэрбээр үндэсний сур харваагаар хичээллэдэг. Намайг спорттой нөхөрлөхөд маш их дэмжсэн. Ээж МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд урилгаар сургана гэхэд эгч маргалдаж “Үгүй ээ, дүүгээ “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд сургана” гээд хөтлөөд авчирч байлаа. Намайг тэмцээнээс медаль хүртэх бүрдэгч баярлаж, гэрийнхэнд “Би Цэвэлмааг тамирчин болгосон шүү дээ” гэж “томордог” юм. Энэ ташрамд, ямар спортоор хичээллэхээ хараахан сонгоогүй байгаа хүүхэд, залууст “Спортоор хичээллэх гэж байгаа бол сэтгэл хөдлөлөөр битгий хандаарай. Эхлээд өөрийн биеийн онцлог, зан чанарт тохирох, эсэхийг нь сайтар судлах хэрэгтэй. Нэг төрлийг бус, бусдыг нь ч гэсэн туршиж үзээд амжилт гаргах боломжтойг нь сонго. Багийн спортын тамирчид нэг хүн шиг зорилготой байж амжилт гаргадаг. Тиймээс багийнхаа тамирчдад “Та нарынхаа авьяас, ур чадвараар их бахархдаг. Ирэх жилийн УАШТ-д, мөн 2026 онд болох Монголын оюутны спортын VII их наадмын гандболын тэмцээнд аварга цолоо хамгаалж өрсөлдөнө шүү” гэж уриалъя.