“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нь сайжруулах судалгааг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт хариуцсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа энэ талаар танилцуулж, талууд зөвшилцсөн гэх. Энэхүү судалгаа, тооцооллыг ирэх сараас эхлүүлж, 2024 оны нэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал байгуулах талаар яриад, газар шорооных нь ажлыг эхлүүлээд 10 орчим жил болсон. Улмаар ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр Японы талтай удаа дараа яриа хэлэлцээ хийж байж хоёр жил гаруйн хугацаанд бариулан, 2021 оны долоодугаар сард сард ашиглалтад хүлээн авсан билээ. Гэтэл үүнээс хойш гурван жилийн нүүр ч үзээгүй байхад өргөтгөх талаар ярьж эхэлсэн нь эмгэнэлтэй.
Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал байгуулсан гол шалтгаан нь “Буянт-Ухаа”-г олон улсын жишигт нийцүүлж, өргөтгөх байсан билээ. Харамсалтай нь, өмнөх буудлаас ялгаагүй давчуу орон зай, хүчин чадал муутай байгууламж барьсан нь өдгөө судалгаа хийх, өргөтгөх нэрээр дахин зардал гаргахад хүрч байна. Агааржуулалт муу, ачаа тээшийн эргэлт удаан, олон нислэг давхцсан үед ачааллаа дийлдэггүй, ажилтнуудынх нь харилцаа, хандлага тааруу, нийтийн тээвэр тогтмол явдаггүй зэрэг гомдол, шүүмжлэл ар араасаа хөвөрсөөр буй. Агаарын тээврийн либералчлалын хүрээнд олон улс, орон нутгийн нислэгийг нэмэгдүүлсэн энэ цаг үед эл алдаа дутагдлууд улам тод анзаарагдах болсон. “Чингис хаан” нисэх буудлыг олон улсын жишигт нийцүүлж, байгуулж чадаагүй гэх шүүмжлэлийг үгүйсгэсээр ирсэн албаны хүмүүс ч үнэнд гүйцэгдэж, арга буюу өргөтгөх талаар ярьж эхэллээ. Шинэ нисэх буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус улсын компани, мэргэжилтнүүд байгуулсан ч Монголын тал захиалагчийн хувиар зураг төсөл боловсруулах, батлах гээд бүх үйл ажиллагаанд нь хяналт тавьж, оролцсон. Өдгөө нисэх буудлын менежментийг ч Монгол, Японы хамтарсан дээрх компани хариуцаж байгаа. Тэгэхээр үүнийг эхнээс нь тооцоо, судалгаагүй барьсан нь гүйцэтгэгч бус, захиалагч талд илүү хамаатай юм. Хуумгай хүн хоёр хийдэг гэдгийн бодит жишээ нь энэ ажгуу.