Зураач Р.Батцэнгэл одоогоос бараг зургаан жилийн өмнө зөөлөн эдийн хорт хавдраар өвдөж, БНСУ-д эмчлүүлж байсан. Харамсалтай нь, хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан тэрбээр өнөөдөр бурхны орныг зорилоо.
Зураач Р.Батцэнгэл нь "Монголын нууц товчоо түгээмэл эх" цуврал зурагт (illustration) номыг бүтээсэн анхны зураач бөгөөд 1995 онд Дүрслэх урлагийн Соёл сургуулийг зураачийн мэргэжлээр төгсөж нууц товчоо, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн групп хөрөг зурагийн чиглэлээр “Тусгаар тогтнолын төлөө 70 жил”, “Ардчиллын түүчээ- МоАх” зэрэг бүтээлийг туурвисан алдартан билээ.