Хүүхэд, залуучуудын театрыг 27 жилийн дараа сэргээн байгуулаад буй билээ. Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан“Гэгээн хүсэл” үзэсгэлэнг тус театрт нээгээд байна. Хүүхэд насны гэгээхэн өнгө төрхийг харуулж, дурсамжийг тань сэргээх эл үзэсгэлэнг Уран зургийн галерейнхан зохион байгуулж байгаа юм. Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдээс 20 гаруйг нь эл үзэсгэлэнгээр толилуулж байна. “Уг үзэсгэлэнд хүүхэд насны гэрэл гэгээт өнгө төрхийг харуулсан бүтээлүүдийг дэлгэсэн. Хүүхдийн ертөнц, хүсэл маш гэгээн. Гэтэл өнөөгийн нийгэм, томчуудын зохисгүй үлгэрлэл тэдний гэгээн ертөнцийг харлуулж буй. Үүнийг л хүмүүст сануулахыг зорьсон юм” гэж зохион байгуулагчид хэллээ. Үзэсгэлэнгийн танхимд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондогийн “Өглөө”, Э.Лхамжавын“Миний хар нүдэн” зэрэг бүтээлийг дэлгэсэн байна.
Бэлтгэсэн А.Дөлгөөн