Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсныг Тамгын газрынх нь дарга УИХ-д уламжлаад байна. Үүнээс өмнө Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг парламентад өргөн барьсныг хууль тогтоогчид хэлэлцэж буй.
Төрийн тэргүүний санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нь батлан, хэрэгжүүлж байгаа. Хууль санаачлах эрхтэй гуравхан субъектийн нэг болохын хувьд тэрбээр тангараг өргөснөөс хойших гурван жил орчимд ийн ажиллажээ.
Тэгвэл өнгөрсөн оны эхээр ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан хориг одоогоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд эл бүрэн эрхээ хэрэгжүүлсэн цор ганц тохиолдол юм. Харин Засгийн газарт чиглэл өгсөн хэд хэдэн зарлиг гаргаад байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох шалгуур, нөхцөлийг тогтоох, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх, Хархорум хотыг сэргээн байгуулах зэрэг агуулга бүхий зарлиг гаргасныг нь Засгийн газрын ажилтай зууралдлаа гэх мэтээр шүүмжилсэн нь ч бий. Түүнчлэн Тайландаас бусад улсад өнөөгийн Төрийн тэргүүний томилж, илгээсэн Элчин сайд нар ажиллаж байна. Манай орноос 34 улс, байнгын төлөөлөгчийн хоёр газарт Элчин сайд томилоод буй. Үүнээс гадна улсын болон цэргийн дээд цол, төрийн одон, медалиар шагнах бүрэн эрхээ тултал ашиглаж байгаа гэхэд болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “томилолт”-ын зургаан жил дундаа орж буй энэ цаг үед түүний хийсэн ажлыг товч тоочиход ийм аж.
Харин Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчилж, Төрийн тэргүүнд өөр бусад хуулиар олгосон бүрэн эрхтэй холбоотой харилцааг цэгцэлж, тодорхой болгон, зааглах ажлаа эрх баригчид, хууль тогтоогчид хийлгүй халаагаа өгөх нь. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн нэлээд олон хуулийг засаж, сайжруулах үүрэг одоогийн парламентад ногдсон. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн тухай хууль бөгөөд Төрийн тэргүүнд нэр дэвших насны босго 45 байсныг 50, бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байсныг зургаа болгон өөрчилсныг уг хуульд тусгах байв. Гэтэл эл хууль одоо ч хуучнаараа, эдгээр өөрчлөлтийг хийсэнгүй. Хамгийн гол нь Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуульд заасан хүрээнд тодорхой бүрэн эрх олгож байхаар зохицуулахын тулд хуулийг нь шинэчлэх гээд буй. Тодруулбал, нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тусгасны дагуу хүрээ, хязгаарыг нь хумих шаардлагатайг хэн хүнгүй хэлж ирснийг ажил хэрэг болгох ёстой. Харамсалтай нь, эрх баригчид намаас нь дэвшиж сонгогдсон хүнээс бэргэж, Ерөнхийлөгч хэмээх институц бус, У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг багасгана гэдэг үүднээс хандаж, халширсаар энэ ажлыг хөдөлгөсөнгүй. Сүүлийн дөрвөн жилийн турш УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд дэмий л оруулахаас хэтэрсэнгүй.
Ерөнхийлөгчийн тухай хуулийг 1993 оны зургаадугаар сарын 5-нд баталж. Үүнээс хойш есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсны нэг нь л Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дараах аж. Ингэхдээ 2021 онд буюу шүүхийн шинэчлэлтэй холбоотойгоор баталсан багц хуулийг дагалдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байсныг болиулсан юм. Энэ мэтээр өнгөрсөн 30 гаруй жилд өөр бусад хуулиар Төрийн тэргүүний бүрэн эрхийг нэмэх хөшүүрэг болсон зохицуулалт нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.5-д “Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэх заалт юм. Судалгаагаар нийт 69 хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаар зохицуулсан байна. Эдгээрийн 23-т нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг тусгажээ.
Цаашлаад Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болоход нь хориг, хязгаарлалт тавьсан байлаа. Энэ мэт эрс өөрчлөлт бүхий заалттай төсөл боловсруулчихсан атлаа УИХ-ын босго давуулж ч чадалгүй бүрэн эрхээ дуусгаж байгаа эрх баригчдын эс үйлдэхүй хүчтэй аж.
Ийнхүү засаглалын салаа, мөчрүүдтэй эрх, үүргийг нь булаацалдаж, давхардуулж ирсэн Ерөнхийлөгч цаашид хэрхэн ажиллах нь тодорхойгүй хэвээр үлдэв. Цаашлаад хүссэн хуулиа санаачилдаг байсныг нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” хэмээн шинэчилсэн. Эл хуулиар Төрийн тэргүүн ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгөх ёстой ч огт гар хүрээгүй учир хэрхэх нь тодорхойгүй байна. Ний нуугүй хэлэхэд, өмнөх Ерөнхийлөгч нар ямар ч асуудлаар хууль санаачлах эрхээрээ түрээ барьж өөр бусад хуулиар бүрэн эрхээ ийн нэмчихсэн гэдэг шүү дээ.
Уг нь Үндсэн хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Ерөнхийлөгчийн тухай хуулийг Засгийн газар 2021 оны зургаадугаар сард хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа дуулгаснаас хойш хэдийн гурван жилийн нүүр үзэв. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдохтой хамт танилцуулсан төсөл гэсэн үг. Эл төслийг боловсруулсан, тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар 70 орчим хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлахаа мэдэгдэж байв. Тэр ч бүү хэл, “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өмнөх Төрийн тэргүүнүүдээс эрх мэдлийн хувьд харьцангуй бага байх нь нэгэнт тодорхой. Харин хуулийг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлахгүй байсаар нэг жилийн бүрэн эрхийн хугацааг өнгөрүүлэх нь. Шинэ Ерөнхийлөгч хуучин хуулийн дагуу ажилласаар өөрөө ч хуучирлаа” хэмээж байж.
Бараа, сураг нь алдарсан дээрх төсөлд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлөх тухай заалт бий. Мөн Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд оролцох, зохион байгуулах төлөвлөгөөг Тамгын газар нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны дотор Засгийн газарт уламжилж батлуулахаар тусгажээ. Түүнчлэн Ерөнхийлөгч гадаад бодлогын асуудлаар санал, санаачилга гаргах бол Гадаад харилцааны яаманд хүргүүлж, Засгийн газраар шийдвэрлүүлэхээр заасан юм. Цаашлаад Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай зөвшилцөх саналаа УИХ-д оруулах бөгөөд парламент татгалзвал өөр хүнийг санал болгохоор төслөө боловсруулжээ. Мөн Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавихыг нь хязгаарлах зохицуулалт тус төсөлд байсан юм. Бас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан болон улс төрийн албан тушаалтныг томилох тухай шийдвэрт хориг тавихгүй байхаар заажээ.
Үүний сацуу Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй холбоотой заалт оруулсан нь Монголын улс төрийн амьдралаас урган гарсан зохицуулалт болохыг тухайн үед онцолж байлаа. Жишээ нь, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл нам байгуулах, намын гишүүнээр элсэхийг хориглохоор тусгасан. Мөн Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд хилийн чанадад байнга амьдрах, оршин суух эрхгүй болохоор байв. Тэд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглох заалт тус төсөлд бий. Цаашлаад Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болоход нь хориг, хязгаарлалт тавьсан байлаа. Энэ мэт эрс өөрчлөлт бүхий заалттай төсөл боловсруулчихсан атлаа УИХ-ын босго давуулж ч чадалгүй бүрэн эрхээ дуусгаж байгаа эрх баригчдын эс үйлдэхүй хүчтэй аж.