Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахад чирэгдэл үүсэх нь хэрээс хэтэрснийг иргэд шүүмжлэх болов. Эмнэлэгт үзүүлэх цаг авах гэж хэдэн сар хүлээж, арайхийж эмчийн бараа хартал цахим систем гацах явдал сүүлийн үед байнгын үзэгдэл болжээ. Өнөөх систем нь бүр бүтэн өдөр гацаж, эмч, сувилагч нар нь хийцгүйрч суусан тохиолдол ч бий. Үүний горыг иргэд л амсаж байна. Өчигдөр өглөө гэхэд улсын хэд хэдэн эмнэлгийн цахим систем гацаж, өвчтөн, эмч нарын дунд маргаан үүсгэж, бухимдуулжээ. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд эмч, ажилтнууд, өвчтөнийг тамлалаа. Программаа нэгмөсөн өөрчилж, шинэчилсний дараа ажиллуулж болдоггүй юм уу. Өчнөөн хэллээ, бичиг илгээлээ. Одоо болоогүй юу. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ хамрагдаж, эмчдээ үзүүлэх гээд бөөн хэл ам болж байна. Ажлын эхний өглөөг бухимдал дүүрэн эхлүүллээ” хэмээн цахим орчинд хуваалцсан байв. Үүнтэй холбоотойгоор “Бид эмч үү, эсвэл бичээч юм уу. Бичиг цаасны ажилтай зууралдсаар хамаг цагаа үрж байна. Систем нь гацна, холболт нь удаан” гэж бухимдлаа илэрхийлсэн эмч цөөнгүй байлаа.
Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг хувийн эмнэлэгт ч систем гацах зовлон ижил. Нэг үйлчлүүлэгчээс хэд хэдэн удаа хурууны хээ даруулж, тэр бүрд систем нь ачаална. Хурууны хээ авах гэж зууралдаж суухын оронд нэг ч гэсэн хүнээ үзмээр байна гэж эмч нар халаглах. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхнаас лавлахад “Манай цахим программ хэвийн ажиллаж байгаа. ХУР системээс иргэний мэдээлэл авахад л гацдаг. “E-Mongolia” систем шинэчлэгдсэнтэй холбоотой болов уу” гэж бурууг бусдаас хайсан юм. “Монголчууд цахим үндэстэн боллоо” гэж салбарын яамнаас нь байнга л сурталчилдаг. Гэтэл бодит нөхцөл байдал нь ийм л аж. Ядаж эрүүл мэндийн байгууллагын цахим системийг гацдаггүй болгож, иргэдийг чирэгдүүлэхээ зогсоогоосой. Эмчдээ үзүүлж чадалгүй өвчнөө хүндрүүлж, цаашлаад амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ.