“Ковид-19” цар тахлын дараагаас хүү минь уушгины хатгалгаа ойр ойрхон тусаж, эмнэлэгт хэдэн удаа хэвтсэн юм. Цагийн тариа хүү, бид хоёрын зүрхэнд орсон доо. Уян зүү тавих гэж хүүгийн минь судсыг олохгүй маш олон удаа хатгаж уйлуулсан . Арай гэж олсон судас нь хөхрөөд хагарчихна. Умгар өрөөгөөр дүүрэн хүүхдүүдийн уйлаан майлаан. Энэ дунд амсхийх завгүй, хөлс нь бурзайсан сувилагч. Ажилдаа гаршаагүй сувилагчид бухимдавч 30-40 хүүхдэд ганцаараа үйлчилж байгааг нь хараад хэлээ хазаад өнгөрсөн. Улсын аль ч эмнэлэгт ийм нийтлэг төрх ажиглагдана. Урдах ажилдаа түүртсэн сувилагч алдаа гаргахаас эхлээд шантарч, мэргэжлээ солиход ч хүрэх болсон.
Монгол Улс сувилагчийн хомсдолд ороод удаж буй ч бодлогын түвшинд дорвитой өөрчлөлт шинэчлэл хийлгүй өдий хүрэв. Ази-Номхон далайн бүсийн улс орнуудын хувьд 1000 хүн амд ногдох сувилагчийн тоо ихээхэн ялгаатай. Өндөр орлоготой орнуудад 1000 хүн амд 10 сувилагч ногддог байна. Тухайлбал, Японд 12.2, Шинэ Зеландад 11.9, Австралид11.7 сувилагч ногдож буй. Харин манай улсын хувьд өнгөрсөн оны байдлаар 1000 хүн амд ногдох сувилагчийн тоо 4.3 байна. Энэ нь нэг сувилагчид ойролцоогоор 233 хүн ногдож буй гэсэн үг. Мөн олон улсад нэг эмчид гурван сувилагч ногддог. Харин манайд нэг эмчид нэг сувилагч ногдож байгаа нь хомсдол үүссэнийг харуулж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүнд хүчрийг сувилагчид үүрдэг ч алдар гавьяаг нь удирдах албаныхан хүртэж ирсэн нь нууц биш. Нэр хүнд муутай, цалин хангамж тааруу хэрнээ ачаалал ихтэйгээс сувилагчид Монголд биш, гадаад улсад ажиллахыг илүүд үзэх болжээ.
Олон улсын сувилагчдын өдөр нөгөөдөр тохионо. Өнгөрсөн оны эл өдөр Ерөнхийлөгчийн ивээл доор 1100 гаруй сувилагчийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулсан гэж салбарынхан нь сайрхах. Гэвч нөхцөл байдал бахь байдгаараа. Ганц өдөр цэцэг өгч, алга ташаад өнгөрөх биш, сувилагчдын ачааллыг бууруулах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх бодлого, шийдвэр хэрэгтэй байна. Энэ удаа мөн л уламжлал ёсоор баярлаад өнгөрөх бололтой. Тэр бүү хэл, “Сувилагч тандаа баярлалаа” дууг хэн сайн дуулах вэ гэх мэт олон уралдаан зарлаж, завгүй хүмүүст чирэгдэл учруулж буйд ундууцах сувилагч цөөнгүй байна.
“Сувилагч авна” гэсэн зар хаа сайгүй. “Зааж сургаад ажиллуулна” гэж эерүүлж хэлээд ч ирэх хүн олдохгүй байгааг эмнэлгийн удирдлагууд хэлэв. Ялангуяа шинэхэн төгсөгч, залуу сувилагч нар ачааллаас халширч, ажлаас гарах тохиолдол олон болжээ. Сувилагч нараа тогтоон барих нь эмнэлгийн даргын толгойны гол өвчин. Ямар сайндаа орон сууцын урьдчилгаа төлбөрөөр “барьцаалж”, тэтгэвэрт гартлаа өөр газар ажиллахгүй гэсэн гэрээ байгуулж байх вэ. Ингэж сувилагчдыг хүчээр шахам“хүлж” байгууллагадаа үлдээхгүй бол өөр эмнэлэг, цаашлаад гадаад улс руу дүрвэх болж. Эрүүл мэндийн зарим байгууллагынхан төгсөх ангийн оюутнуудыг нэг удаагийн тэтгэлэг нэрээр бэлэн мөнгөөр “хахуульдаж”, эмнэлэгтээ дадлага хийлгэх, цаашлаад ажилтнаа болгохоор урьж буй гэнэ. Олон жилийн турш дунд шатны мэргэжилтэн хэмээгдэж, эрүүл мэндийн салбарын сүүдэрт үлддэг байсан сувилагчид ийн “үнэд оржээ”. Гэвч үүнийг сувилагчид чамлаж буй бололтой. Тэдний олонх нь Монголдоо бус, гадаадад ажиллах сонирхолтой байна. Улсын эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн нэгэн сувилагч “Энд бага цалингаар их ажил хийж биеэ зовоохын оронд хөгжилтэй улсад асрагчаар ажиллаад өндөр цалин авах нь амьдралд минь хэрэгтэй” хэмээсэн. Түүний зөв биз.
Хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд сувилагчаар сурах оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх болсон. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хомсдол үүссэний дараа эрх баригчид ийм “мэргэн” санаа олсон юм. Гэвч бэлтгэгдсэн сувилагчдын хэчнээн нь мэргэжлийн ажлаа хийхгүй байгааг хэлэх боломжгүй нь харамсалтай. Энэ талаарх судалгаа, мэдээлэл ч алга. Сувилагчийг үнэгүй сургах бус, цалин хангамжийг нь нэмэгдүүлж, ажиллах орчныг нь сайжруулах, ачааллыг бууруулах нь гол шийдэл хэмээн үзэх хүн цөөнгүй. Улсаас ийнхүү зорилготойгоор сургасан сувилагчид гадаад улсад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудыг асарч, зарим нь зочид буудалд цэвэрлэгээ хийж явна хэмээн халаглах нэгэн ч байна. Сувилагчийн хомсдол зөвхөн Монголд бус, дэлхий нийтэд нүүрлэсэн тул туршлагатай мэргэжилтнийг наашаа гэх орон цөөнгүй. Тухайлбал, ХБНГУ, БНСУ зэрэг улс сувилагчийн визийн нөхцөлийг хөнгөлж, бодлогоор өөрийн улс руу татах болжээ.
Өнгөрсөн оны байдлаар АШУҮИС, “Этүгэн”, “Глобал удирдагч”, “Ач” зэрэг 14 их, дээд сургуульд 4217 оюутан сувилагчаар сурч байна. Тэдгээрээс хамгийн олон буюу 1396 нь АШУҮИС-д суралцдаг. Харин “Их засаг” олон улсын их сургуульд 32, “Оточ манрамба”-д 27 хүүхэд сурч буй нь хамгийн цөөн элсэгчтэйд тооцогдож байна. 2020 оноос олгож эхэлсэн сургалтын тэтгэлгийг давхардсан тоогоор нийт 14 897 оюутан авчээ. Үүнд 15 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр сурсан оюутнууд төгсөөд иргэдэд үйлчлэх, эсэх нь ч эргэлзээтэй. Учир нь сувилагчдын цөөнгүй нь 2-3 жил ажиллаад хэл сурах, мэргэжлээ дээшлүүлэх нэрээр гадаад улсыг зорьж, тэндээ “шингэдэг” гэх юм билээ.
Сувилагчийн хомсдолыг арилгах зорилгоор сургалтын төлбөрөөс чөлөөлсөн нь талаар болсон тул эрх баригчид дараагийн “мэргэн” санаагаа олжээ. Энэ нь сувилагч мэргэжлээр үнэ төлбөргүй сурсан оюутнууд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод тав, орон нутагт гурван жил заавал ажиллах шаардлага тавьж байгаа гэнэ. Ингэж хэдэн жил ч болов торгоохгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэдэн тэрбумаараа салхинд хийссээр. Бодлогын түвшинд ямар ажил хийж буйг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаагаас тодруулахад “Эрүүл мэндийн салбарын тархи нь эмч, зүрх нь сувилагч гэж ярьдаг. Сувилагч мэргэжил өөрийн гэсэн онцлогтой. Хүнд хүрч үйлчилдэг. Сувилагчийн асаргаа сувилгаа, үг, харилцаагаар өвчтөн эдгэрдэг юм. Технологи хөгжиж, зарим мэргэжлийг робот, хиймэл оюун ухаан орлож байна. Гэвч сувилахуйн тусламж, үйлчилгээг роботоор орлуулах боломжгүй. Сувилагч хоногийн 24 цаг тасралтгүй хүний дэргэд байж, асарч сувилж, сэтгэл зүйг нь ойлгож, биеийн байдлыг нь үнэлж, яг л эмч шиг ажилладаг. Эмчтэй адил дээд боловсрол эзэмшиж байна. Ахлах, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй болсон. Боловсролын тухайд магистр, доктор, бакалавр, дипломын туслах сувилагч гэсэн шатлалаар бэлдэж байгаа. Сувилагчийг зөвхөн тариа хийдэг хүн гэж ойлгож болохгүй. 2019 оныхтой харьцуулахад сувилагчийн үндсэн цалин 83 хувиар нэмэгдсэн. Үүн дээр ажилласан жил, зэрэг, ур чадварын нэмэгдлийг бодож олгож байна. Эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр сувилагч нартаа ихээхэн анхаарах болсон. Түүнчлэн эмнэлгүүд сувилахуй эрхэлсэн дэд захиралтай болж байна. Ингэснээр сувилагчид шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй юм. Хязгаарлагдмал нөөцөөр яаж чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгт яам бодлогоор анхаарч байгаа. Сувилагчийн нэг хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор туслах сувилагчтай болгосон. 28 төрөлжсөн мэргэжлээр сувилагч бэлтгэж ирлээ. Хүний нөөц дутмагаас үүдээд сувилагчийг төрөлжсөн гэхээс илүүтэй хөрвөх чадвартай байх шаардлага тавих болсон. Үүнтэй холбоотойгоор Сувилахуйн албаны үлгэрчилсэн дүрмийг шинэчилж байна” гэв.
Улсын хэмжээнд ажиллаж буй сувилагчдын 56 хувь нь 30-39 насныхан байна. Залуу сувилагчид тогтвортой ажиллахгүй байгаагийн нэг илрэл нь цалингаас гадуурх урамшуулал байж мэдэх. Ажилласан жил цөөн, зэрэг цолгүй, ур чадварын туршлага хуримтлуулж амжаагүй байхад нь бага цалингаар зүтгүүлэх нь тэднийг дайжихад нөлөөлж буйг салбар дотроо ярьдаг юм билээ. Улсын эмнэлгийнхэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хүртэл мэргэжил сонголтын өдөрлөгт урьж, сувилагчийн ажлыг сурталчлан таниулах зэргээр ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Орон нутгийнхан ч ялгаагүй хүүхдийг нь цэцэрлэгт хамруулах, их, дээд сургуульд явуулах, зэргээр сувилагчаа алдахгүйг хичээж байна. Энэ мэт хичээл зүтгэл нь сувилагчдыг торгоож чадах уу.