Ес дэх удаагийн “Улаанбаатар” медиа урлагийн наадмыг өчигдөр Уран зургийн галерейд нээлээ. Уг наадмыг “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор энэ сарын 19 хүртэл Уран зургийн болон “Улаан гэр” галерейд зохион байгуулна. Герман, Тайвань, Словени, Франц, Америк, Испани болон манай улсын 14 уран бүтээлч уг наадамд оролцож, дэлхий ертөнцтэй харилцахад дижитал технологийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг харуулах аж. “Улаан гэр” галерейд Словени улсын уран бүтээлч Анже Секелийн урлаг, технологийн хослолыг толилуулах юм байна. Бусад бүтээлийг Уран зургийн галерейгаас сонирхох боломжтой.
Энэхүү наадамд оролцож буй Тайванийн уран бүтээлч Ван Бо Янь 3D компьютер график ашиглан кино зургийн орчныг бүтээж, дотно харилцаа, эрх мэдэл, бие мах бод ба оршин буй ертөнцийн хоорондын харилцан уялдааг бүтээлдээ тусгажээ. Мөн Тайваниас оролцогч Чю Чи Сэн, Францын уран бүтээлч Марго Гийемо нар хамтран уран баримал, дижитал зураг зэрэг олон төрлийг хослуулсан бүтээлээ сонирхуулна. Монголоос оролцогч Э.Цагаанцоож гурван хэмжээст орон зай дахь үйл хөдлөл, хэмнэлийг харуулахыг зорьжээ.
Бэлтгэсэн А.Тэлмэн