Ирж буй хавар
Соёлын яам, Монголын урчуудын эвлэлийнхэн хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar” арга хэмжээ дөрөв дэх жилдээ үргэлжилж буй билээ. Үүний хүрээнд уран бүтээлч Ц.Ариунбайгаль, Р.Сэнгүм, М.Цасчихэр нарын “Үзэгдэл” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэгчдийн хүртээл болгож байна. Эл үзэсгэлэнг ирэх 15 хүртэл толилуулна. Дотогш ороход чимээ аниргүй, бүүдгэр орчин угтана. Багахан саарал утаа, цайвар цагаан капрон дээр тусгасан анимейшн, танхимын дөрвөн булангаас цацрах гэрэл тэнд буй бүтээлүүдийг амилуулах мэт мэдрэмж төрүүлнэ. “Үзэгдэл” хэмээх нэр нь бодитой бус, хүний оюун ухаан дахь оршихуйн мөн чанар, түүнээс урган гарах уран бүтээлчдийн сэтгэлгээний илэрхийлэл аж.
Уран бүтээлчид дотоод мөн чанар, арга барилаараа байгалийн өнгө аясыг дүрслэн илэрхийлэхийг зорьжээ. Үүний сацуу хүн ба байгалийн зүй тогтол хийгээд тухайн цаг хугацаанаас үл хамааран дахин давтагдашгүй мэдрэмжийг дүрслэхийг хичээжээ. Мөн тэдний бүтээлүүд нэг нэгнээ орлохуйц, хоорондоо ууссан мэт байх нь сонирхолтой. Бидний тэр бүр олж хараад байдаггүй сонин содон зохиомж, өнгөний “тоглолт”, бийрийн бичилтийг эндээс л харах боломжтой. Үзэгчид ч бүтээлийнх нь нэг хэсэг байхаар зохион байгуулжээ. Жишээ нь, капрон дээр анимейшн гаргах гэх мэтээр үзэгчид тухайн орчиндоо уусаж, бодит мэт мэдрэх боломж олгосноороо онцгойрч байв.
Эл үзэсгэлэнгээс Монголын урчуудын эвлэлийн гишүүн Ц.Ариунбайгалийн “Ирж буй хавар” бүтээлийг онцоллоо. Тэрбээр “Энэхүү уран бүтээлээрээ хавар цагийг урин дуудаж, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг байгалийн сүнслэг шинж чанартай хослуулахыг хичээлээ. Энэ нь бодит бус, хийсвэр, сүнслэг оршихуйг илэрхийлсэн бүтээл” гэв. Мөн “Зураач тухайн бүтээлийнхээ санааг олох гэж маш их хугацаа зарцуулдаг. Үүнийхээ дараа бодож буй санаагаа эскиз зурагт буулгадаг. Ингэхдээ ямар дүр, дүрслэлтэй байхыг нь давхар төлөвлөнө. Дараа нь өнгөний судалгаа хийдэг. Үүний дараа л үндсэн ажилдаа ордог. “Ирж буй хавар”-ыг сар орчмын хугацаанд дуусгасан” гэлээ.
Түүнчлэн тэрбээр үзэсгэлэнгийн бичвэр, дэглэлт зэрэг зохион байгуулалтын бүх ажлыг гардан гүйцэтгэжээ. Уран бүтээлч Р.Сэнгүм “Энд буй бүтээлүүд харах, таашаах, мэдрэхүйд хүрэх бөгөөд юмсыг бодит ертөнцөөс өөрөөр хүлээн авахад чиглэнэ. Түүнчлэн үзэгч өөрөө байгалийн нэг хэсэг төдийгүй зүүд зэрэглээн дунд аялж буй мэт мэдрэмж төрүүлэхээрээ онцлогтой” хэмээн тодотголоо. Тэд байгалийн бодит дүрслэлийг өөр өөрсдийн өнцгөөс илэрхийлж, дотоод сэтгэл дэх мэдрэмжийг бүтээл болгохоор зорьсон аж.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн