Манай улсад анх удаа зохион байгуулсан “World ballet and dance grand prix Mongolia-2024” олон улсын бүжгийн уралдаан өчигдөр өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь балетын төдийгүй бүжгийн урлагтай амьдралаа холбосон оюутан, залууст өөрсдийн чансааг тодорхойлоход тусалж, дэлхийн тавцанд өрсөлдөх боломжоор хангаснаараа онцлог байв.
Тус уралдааны этник болон контемпорари бүжгийн төрлийн бага насны ганцаарчилсан ангилалд Н.Хулан, Г.Энгүүн нар тэргүүлжээ. Өсвөр насны ангилалд Б.Намуунзаяа, Ц.Анхбаяр, Ц.Энхсаран, Г.Төгөлдөр нар тэргүүн байр эзэлсэн. Хамтлаг бүжгийн төрөлд Консерваторын хамт олон нэгдүгээр байр эзлээд буй юм. Харин мэргэжлийн ганцаарчилсан төрөлд Г.Саранцэцэг, А.Эрдэнэбаяр, Г.Билгүүндалай, Б.Золжаргал нар тэргүүн байрын шагнал хүртжээ. Мөн мэргэжлийн хамтлаг бүжгийн ангилалд “Хатан чуулган” хамтлагийнхан онцгойрсон байна.
Дээрх уралдааны контемпорари бүжгийн эмэгтэйчүүдийн мэргэжлийн ганцаарчилсан төрөлд Филиппин улсын уран бүтээлч Бианка Барие тэргүүллээ. Харин эрэгтэйчүүдийн ангилалд манай улсын бүжигчин Х.Одхүү нэгдүгээр байр эзэлсэн аж.
Олон улсын А зэрэглэлд зүй ёсоор багтсан “World ballet and dance grand prix Mongolia” уралдааныг “G river ballet” студийнхэн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулснаараа онцлогтой.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн