Эрх баригчид сонгуулийн сурталчилгаа хийхэд зориулсан сонсгол хэмээх “хэрэгсэлтэй” болжээ. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол гэх сүржин нэртэй шоуны гурав дахь “анги”-ийг бид саяхан үзээд дуусгалаа. Тэгвэл сонгууль угтаад дахиад гурван “анги” нь үргэлжлэх төлөвтэй байгаа. Олон нийтийн анхаарлыг татсан, ахуй амьдралтай нь шууд холбоотой асуудал, ялангуяа хэрэг, зөрчлийг сонгон хэлэлцүүлж, тэдгээрийг шийдсэн мэтээр жүжиглэх, цаашлаад хэн нэгнийг мандуулах, эсвэл “намнах” нь сонсгол хэмээх шоуны гол зорилго бололтой. Сүүлийн найман жил төрийн эрх барихдаа дурсагдахаар гавьяа байгуулаагүй дарга нар саяхнаас л сонсголоор “бөмбөгдөх” болсныг үүнээс өөрөөр хэрхэн ойлгох билээ.
УИХ-ын түр хороодоос зохион байгуулаад буй гурван шоуны эхнийх нь Хөгжлийн банкны, удаах нь нүүрсний гэх хэргийн, гурав дахь нь эмийн хэмээх сонсгол байв. Энэ бүхний дараа ямар үр дүн гарав, асуудал яаж цэгцрэв, гэм буруутнууд хариуцлагаа хүлээж, иргэдийг, улсыг хохиролгүй болгов уу гээд харахаар хэлэх тоймтой зүйл төдийлөн үгүй. Тийм учраас л сонсгол нэртэй сүржигнэлүүдийг шоу гэж нэрлэхээс өөр аргагүй байгаа юм. Бас улирсан баларсан, урдах ажлаа хийж амжаагүй улстөрчдийг “урлагийн тайз”-нд гаргах “энтертайнмент” болж байгаа нь ч ийнхүү дүгнэхэд хүргэж буй.
ТАВАН ШАТ, 775 ГЭРЧ
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар түр хороо нь нотлох баримтыг нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх эрхтэй. Үүний дагуу манай парламентын түүхэнд анх удаа хэмээн тодотгосон, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг өнгөрсөн оны эхээр Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор зохион байгуулсан. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан уг сонсголыг гурван үе шаттайгаар явуулж, тэр болгонд нь Төрийн ордонд өчнөөн хүн цуглуулж, нэлээд ажил болсон юм. Тухайлбал, гурван шатны сонсгол 13 өдөр үргэлжилж, нийт 356 гэрч оролцож байлаа.
Нүүрсний хулгайн гэх сонсголын тухайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан нэртэй. Бас 419 гэрч оролцуулсан байна. “УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн сонсгол нь шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоох, хариуцлага тооцох, Монголын ард түмний өмч, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зөв зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ” гэж түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдэж байлаа. Эл сонсголоос хойш хэдийн таван сар өнгөрсөн атал хэлсэн үр дүнгийнх нь “хэлтэрхий”-г ч олж хараагүй л байна. Улмаар тэрбээр саяхан “Нүүрсний хулгай”-г илчлэн сонсгол хийж, түүний дагуу гаргасан УИХ-ын тогтоолыг гурван сарын турш хэрэгжүүлэхгүй, Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна” гэж жиргэсэн. Эл асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдвэрлэх сураг алга л байна. Сонсгол нь үнэхээр шоу биш л юм бол үр дүнг нь Засгийн газар хэлэлцэж, цаг алдалгүй арга хэмжээ авах байсан биз ээ.
Ийм хоёр сонсгол нийт таван шатаар үргэлжилж, 775 гэрчийг “байцаажээ”. Үр дүнд нь олон нийтийн дунд худал, үнэн нь ойлгогдохгүй мэдээллийн цунами үүсэж, хулгай хийгээгүй албан тушаалтан, эрх мэдэлтэн Монголд бараг үлдээгүйг бид сонссон. Гэтэл одоо бидний “гар дээр” ямар ч үр дүн алга. Сонсголын үеэр яригдсан зүйлс бараг мартагдаж, тэнд нэр дурдагдсан хүмүүс юу ч болоогүй мэт, сонгуулийнхаа ажилд ханцуй шамлан орчихсон яваа нь ой гутам. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ саяхан чуулганы танхимд “Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой хүмүүст хариуцлага тооцоогүй, хамт сууж л байна” гэж ярих жишээтэй. Хоёуланг нь даргалсны хувьд гишүүн Б.Энхбаяр л олон нийтэд жаахан танигдсанаас өөр “үр дүн” гарсангүй.
“Бүтэн найман жил хулгай хийчхээд гэнэт ухаан орж, элдэв янзын сонсгол хийж сүржигнэх болж. “Нүүрсний хулгай”-н асуудлаар хэд хэдэн сонсгол хийсэн. Хэнийг яллаж, хулгайн хэдэн төгрөг илрүүлж, татвар төлөгчдийн санд оруулав. Эмийн сонсгол ч хийж байх шиг. Үр дүн нь мэдээж тэг” гэж эдийн засагч, доктор Р.Даваадорж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.
ЭХ, АДАГ НЬ МЭДЭГДЭХГҮЙ БУЖИГНААН
Сүүлийн буюу эмийн сонсголын тухайд бүр ч утга учир нь алдагдаж, эх, адаг нь мэдэгдэхгүй, ойлгогдохгүй, ямар ч логик дараалалгүй, асуудлыг энд тэндээс нь өм цөм ярьсан бужигнаан боллоо. “Би бүх Монголоо эмчилнэ” гэж шоудсаар УИХ-д нэг удаа сонгогдсон гишүүн Ж.Чинбүрэн сонсголыг даргалсан. Тэрбээр үүгээр дамжуулан парламентад дахин сонгогдох замаа засахыг санаархсан байх. Гэсэн ч түүний гол дүрд нь тоглосон “жүжиг” олон нийтийн таашаалд нэг их нийцсэнгүй. Харин ч иргэд, мэргэжлийн байгууллагынхан нь үүний дараа “Эмийн асуудалд сонсгол хийх хэрэггүй байсныг харлаа. Харин хяналт, шинжилгээг сайжруулах гэх мэт суурь асуудлаа л шийдэх ёстой” гэж ярьж, мэдэгдсээр байна.
УИХ-аас байгуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооныхон нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг өнгөрсөн сарын 15-17-нд гурван өдөр зохион байгуулж, 100 орчим гэрчийг олон нийтийн өмнө “байцаасан”. “Гурав хоногийн хугацаанд маш шахуу ажиллалаа. Бид танил тал, сайд, дарга гэлгүй эм хангамжийн тогтолцооны идээ бээрийг шахаж, нөхцөл байдал ямар байгааг ард иргэддээ ойлгуулж, болохгүй, бүтэхгүй бүхний үүдийг хаахын төлөө зүтгэсэн. Монголдоо өвчин зовлонгоо эмчилж чаддаг, эм нь чанартай байж ард иргэд өвчнөөс болж ядуурахгүй байх тогтолцоог бүрдүүлэх том алхмын эхлэлийг тавьж, энэ үйл хэргийн гэрчүүд боллоо” гэж түр хорооны дарга Ж.Чинбүрэн сонсгол хаах үеэр хэлсэн нь өөрсдийгөө арай л өндөрт “шидсэн”, хийсэн ажлаа хэтийдүүлэн үнэлсэн хэрэг байв.
ЭМИЙН МАФИ ОЛДСОНГҮЙ
Үнэндээ бол эмийн сонсгол гээч нь “тулууд”-ыг нь бус, “жараахайнууд”-ыг олны өмнө бүлтэлзүүлсэн арга хэмжээ болсон гэж иргэд дүн тавьж байгаа. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооныхон “Монголд эмийн мафи байна” гэж ярьсаар улиг болгосон. Гэтэл өнөөх эмийн мафийнх нь талаар сонсголын үеэр сонсож чадсангүй. Тэр байтугай мафи илрүүлэх нь битгий хэл, сонсголоор яригдсан өчнөөн баримтад нэр холбогдогчид нь үгүйсгэсэн мэдэгдэл гаргаад, бүгд шахам л гэм буруугүй болчихлоо.
Хэдхэн бус, олон хүн, бүр салбарынх нь сайдаас авхуулаад ЭМЯ-ны албан тушаалтнууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, жирийн иргэд хүртэл “Сонсголоор ор үндэсгүй мэдээлэл тараалаа” гэж одоо хүртэл шуугьсаар байгаа. Жишээ нь, “Эм холбоо” төрийн бус байгууллагаас “Шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэх зүйл ч байна. Бас дутуу дулимаг ажилласан, асуудлыг тодруулж чадаагүй зүйл ч их байлаа. Эрүүл мэндийн салбар бол шинжлэх ухаанч байдал, нотолгоо, судалгаанд тулгуурладаг. Буруу ташаа мэдээлэл нь эргээд ноцтой үр дагавар дагуулах эрсдэлтэй. Үүнийг арилгахад их хугацаа, хүч шаарддаг” гэж мэдэгдсэн. Бас ЭХЭМҮТ-ийнхөн “Манай байгууллага хугацаа нь дууссан эм худалдан авдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа манай хамт олны нэр хүндэд ийнхүү халдсанд харамсаж буйгаа илэрхийлье” гэжээ.
Үүнээс гадна ЭМЯ-ны хэлтсийн дарга асан Т.Бямбасүрэн “Эмийн сонсголоор надтай хамааралтай гэж зарласан “Баршим”, “Баян улаан рөүд” компанитай ямар ч хамааралгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Ийм компанитай хамаарал бүхий гэдгийг бусдын адил сонсголоос л олж мэдсэн. Яаруу сандруу, дутуу дулимаг, бүрэн гүйцэд нягтлаагүй мэдээллийг олон нийтэд шууд түгээж, гэм зэмгүй олон хүний нэр төрд халдаж, харлуулж, гүтгэлээ. Үнэн мөнийг олж тогтооно гэж итгэж байна” гэж мэдэгдсэн юм. Мөн ШУА-ийн харьяа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор Ч.Чимэдрагчаа “Эмийн сонсголд намайг “Юникстоун констракшн” гэдэг компанитай холбоотой гэжээ. Би ийм компанийн нэрийг анх удаа сонсож байна. Энэ компанийг opendatalab.mn цахим хуудаснаас шүүж үзлээ. Барилга засвар, зоогийн газар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байх юм. Залруулга хийнэ гэж найдаж байна” гэжээ.
Тэд ор үндэслэлгүйгээр гүтгүүлсэн, эсэхийг мэдэхгүй. Хамгийн гол асуудал нь сонсгол зохион байгуулахаар хөөрцөглөсөн гишүүд сайн бэлдээгүй, ул суурьтай хандаагүй, баримтуудыг хангалттай гаргаж тавьж чадаагүйг нь дээрх мэдээллүүд илэрхийлнэ. Тиймээс л олон нийт “Эмийн сонсголыг яаруу сандруу хийлээ” хэмээн бухимдахад хүрсэн юм. Тэр байтугай сонсголын үеэр шинжээчид нь хүртэл “Мэдээллээ нягтлах зав байсангүй” гэж ярьсан билээ.
ДАРААГИЙН ГУРВАН “АНГИ”
Үр дүн гаргадаггүй сонсголууд үүгээр дуусахгүй. Мэдээж хэлэлцэх зүйлс нь олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудлууд. Эхнийх нь Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны сонсгол. Эл сонсголыг уг нь өнгөрсөн сарын 10, 11, 12-нд зохион байгуулахаар товлосон ч хойшлуулсан. Хугацааг нь одоохондоо хараахан зарлаагүй ч тун удахгүй биднийг худал, үнэн нь мэдэгдэхгүй өчнөөн мэдээллээр “бөмбөгдөж”, бужигнаан үүсгэх нь ойлгомжтой байна.
Үүнээс гадна “алдарт” ногоон автобустай холбоотой сонсгол удахгүй болно. Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх
шаардлагын дагуу автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хорооныхон уг сонсголыг зохион байгуулна. Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард багтаан сонсгол хийхээ мэдэгдээд байсан. Гэсэн ч тавдугаар сар гарч, товлосон хугацаа нь өнгөрчихлөө. Ямартай ч удахгүй болох сонгуулийг угтан ногоон автобусаар шоу хийж, асуудлыг шийдсэн мэтээр аяглах замаар МАН-ынхан олны итгэлийг олж авахыг санаархах нь маргаангүй биз.
Дараагийн “анги” нь ашигт малтмалтай холбоотой. Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооныхон уг нээлттэй сонсголыг зохион байгуулах юм. Түр хорооны дарга нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг. Ашиг сонирхлын зөрчилтэй буюу уул уурхайн бизнестэй гишүүн сонсголыг даргалах нь гээд олон нийт хэдийн шүүмжлэх болсон. Тэгэхээр мордохын хазгай гэдэг шиг эл сонсгол амжилт олохгүй нь эхлээгүй байхдаа л ойлгомжтой болчихсон.
Энэ гурван “анги”-ийн товыг одоохондоо гаргаагүй нь эрх баригчид сонгуулийн өмнө хэнийг мандуулж, хэнийг “намнах”-аа хараахан шийдээгүй байгаагийнх юм болов уу.
Бэлтгэсэн М.Оч