Монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг болох уран бичлэгийг олон нийтэд таниулах зорилготой “Шинэ цас-2024” үзэсгэлэнг өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Энэхүү үзэсгэлэнг энэ сарын 9 хүртэл олны хүртээл болгох нь. Ингэхдээ өдөр бүр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах аж. Мөн “Шивээс Монголд хөгжихийн төлөө” нийгэмлэгийнхэн бүтэн өдрийн үйл ажиллагаа ч бэлдсэн байна. Энэхүү арга хэмжээг 1993 онд “Тусгал” хамтлагийнхан санаачилж байжээ. “Уг үйл ажиллагаа маань одоо ч үнэ цэнээ хадгалсаар буйд баяртай байна. Бид 31 жилийн өмнө олны хүртээл болгосон 50 орчим бүтээлээ үзэсгэлэнгийн танхимд дахин заллаа. Бийрэн бичлэг өндөр түвшинд хөгжсөнийг эдгээр бүтээлээс харлаа” хэмээн “Тусгал” хамтлагийн гишүүн Ч.Одгэрэл хэллээ.
“Terra сotta lab” клубийн уран бичээч Т.Жамъяансүрэн “Үсгийн зохиомжоос эхлээд калиграфф нь нарийн арга техник шаарддаг. Үүнийг мэргэжлийн хүмүүс л утга санаа, үндсэн ёс журмыг нь алдагдуулахгүйгээр бичиж чадна. Мэргэжлийн үүднээс нь суралцаагүй бол сонирхогч. Байрлал, хэлбэр, дүрслэл зэрэг нь маш чухал. 1990-ээд оны мэргэжлийн хүмүүс яаж ажилладаг, бичдэг болохыг энэхүү үзэсгэлэн харуулна. Мөн үүнийг мэргэжлийн урлаг болгож, төрийн түвшинд анхаарах хэрэгтэй” гэлээ.
Энэхүү үзэсгэлэнгээс уран бичлэг гэдэг нь ямар нарийн хийцлэл, зохиомж, агуулгатайг харах боломжтой. Тэнд монгол бичгээр амьтад болон хүнийг, байгалийг ч дүрсэлсэн нь бий. Зарим зураг нь ганцхан үг юм шиг хэрнээ сайн ажиглаад харвал амьтан байх нь ч сонирхолтой. Зарим уран бичлэг нь тайлбаргүй. Мэргэжлийн хүн бол хэний бүтээл, ямар агуулгатай зэргийг ч хялбар ойлгодог юм билээ. Д.Нацагдоржийн “Монгол хэл” шүлгийг уран бичлэгт буулгасан У.Самтангийн бүтээл ч байлаа. Мөн Д.Болдгаравын “Монгол” бүтээлд монголчуудын үхэр тэргээр нүүдэллэн, түүний эргэн тойронд үхэр мал нь багшран явааг дүрслэн үзүүлжээ. Ийнхүү зохиомжлохдоо “Монгол” гэдэг үгийг бүтээлийнхээ дунд шигтгэсэн байв.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн