Монголчууд баярлаж цэнгэхдээ хүүхэд золиосолдог гэхэд хилсдэхгүй. Баяр наадмаараа хурдан морь уралдуулахдаа хүүхдээр унуулдаг. Үүний золиосонд хүүхдүүд эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол гардгийг хэн хүнгүй мэддэг ч эртнээс нааш уламжилсан хэмээн үл ойшоосоор буй билээ. Аргаа ядсандаа холбогдох байгууллагаас өвлийн морин уралдааныг хориглож, хахир хатуу цагаар морь, хүүхэд зовоохын эсрэг шийдвэр гаргасан. Гэвч хөрөнгөлөг нөхөд хөхөө өвлийн хахирган цагаар хүүхдээр морь унуулан уралдуулж, өөрсдөө дулаан машиндаа суун хойноос нь хөөрцөглөн дагах явдал гарсаар байгаа. Тухайлбал, Цагаан сарын дараахан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг зөрчиж Төв аймгийн Сэргэлэн сумд өвлийн морин уралдаан нууцаар зохион байгуулсан. Хэдийгээр энэ уралдааны үеэр хүүхдийн амь, эрүүл мэнд хохирсон гэх мэдээлэл байхгүй ч үүнээс өмнөх жилүүдэд буюу 1996-2019 оны өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 гаруй хүүхэд амиа алдсан гэдэг. Харин 2019 онд Засгийн газраас тогтоол гаргаснаас хойш зургаан хүүхэд ийм уралдааны үеэр нас барсан гэх мэдээллийг холбогдох байгууллагуудаас танилцуулсан билээ.
Аливаа баяр ёслолыг далимдуулж монголчууд архидах явдал хавтгайрсны уршиг нь хүүхэд багачуудад тусдаг гэхэд хилсдэхгүй. Үндэсний их баяр наадмаар ч хүүхдүүд хурдан мориноос унаж, эрүүл мэнд, амиараа хохирох явдал бий. Сунгаа, үсэргээний үеэр ч хүүхэд мориноос унасныг тооцолгүй өнгөрдөг байхыг ч үгүйсгэхгүй. Түүнчлэн энэ үеэр хүүхэд гадаа тоглож байгаад гэрийнхээ гадаа байсан машины дугуйны завсар нуугдахад нь халамцуу эр анзааралгүй хөдөлж, нэг балчир нас барсан, согтуудаа мотоциклдоо хүүхдээ сундалж давхихдаа онхолдож амийг нь эрсдүүлсэн тохиолдол ч бий.
Тэгвэл саяхан Монгол цэргийн өдрийг эрчүүдийн баяр хэмээн далимдуулан нийтээрээ шахам тэмдэглэсэн. Энэ үедээ архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс хоёр ч хүүхдийг золиосолчхов. Нэг нь амиа алдаж, нөгөө нь үхэл, амьдралтай тэмцэн, эмчилгээ хийлгэж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгаас нийслэлд ирж цэргийн баяр тэмдэглэхээр явахдаа найзындаа ээж нь хүүхдээ үлдээсэн. Улмаар архи хэтрүүлэн хэрэглэж найзынхаа машинд унтаад өглөө нь хүүхдээ үлдээсэн айлд очиход нэг настай балчир нь гэрийн гадаа осгочихсон хэрэг Баянзүрх дүүрэгт энэ сарын 15-нд гарав.
Өдгөө тэр хүүхэд үхэл, амьдралтай тэмцэн, амийг нь аврахын тулд эмч нар боломжит бүх эмчилгээг хийж буй юм. Үүний дараа, энэ сарын 18-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж, гурван настай хүүхэд нас барлаа. Уг харамсалтай явдал болох үед ээж нь эзгүй, нөхөр нь найзтайгаа хамт гэртээ согтууруулах ундаа хэрэглэж байсан гэх мэдээлэл бий. Энэ үедээ хайхраагүйгээс хүүхэд амиа алдчихаад байна. Дээр дурдсан хоёр тохиолдлоос үзэхэд эцэг, эхчүүд нь 28-30 орчим насны залуус бөгөөд хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэлд өртсөн гэж мэргэжлийн хүмүүс үзэж буй юм. Цагдаагийн байгууллагынхан Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэх заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Монголчууд бид энэ мэтээр хүүхдээ үл хайхарч баяр тэмдэглэн амь, эрүүл мэндийг нь эрсдүүлэх явдал гарсаар буйгаа хэзээ засах вэ.