Орон нутгийн иргэд нийслэлд машинтайгаа ирээд, хоёроос олон хоновол өдөр тутам 5000 төгрөг төлөхөө мэдсэн болов уу. Хотын замын түгжрэлийг бууруулахын тулд хөдөөнийхний “хөлийг хорих” ийм тогтоолын төслийг Засаг дарга Х.Нямбаатар санаачлан боловсруулж, улмаар нийслэлийн ИТХ-аар амжилттай батлуулаад байна. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатарт 48 цаг хэвийн зорчуулна. Түүнээс хэтэрвэл зам ашигласны төлбөрт хоногийн 5000 төгрөг хураан авахаар болсон. Энэ нь бага мөнгө юм шиг санагдаж мэднэ. Гэхдээ үүний цаана иргэдийн эрх ашиг олон талаар хөндөгдөж, ялгаварлан гадуурхагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Товчхондоо, Улаанбаатарын түгжрэлийн төлөө дарга нар бус, хөдөөний иргэд “хариуцлага хүлээнэ” гэсэн үг.
ИРГЭД МЭДЭХ ЭРХТЭЙ
Цагаан сарын шинийн нэгэн өнгөрсөн сарын 10-нд тохиосон. Үндэсний баяртаа бэлдэх гээд иргэдийн анхаарал ид сарниж, дарга нарын үйлдлийг анзаарах сөхөөгүй болсон үед буюу өнгөрсөн сарын 8-нд, битүүний өмнөх өдөр нийслэлийн ИТХ-аар хэд хэдэн журам, тогтоол “бөөндөн”, нууцаар шахам баталсны дотор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэх тухай төсөл багтсан юм. Тэр дундаас хөдөөний иргэдийг ялгаварласан тогтоолыг онцолж анхаарсан хүн ч байсангүй, дарга нар ч дорвитой мэдээлэл өгөлгүй өнгөрсөн. Иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй шийдвэрийг хотын удирдлага сайн танилцуулалгүйгээр батлаад, хэрэгжүүлээд эхэлдгийн нэг жишээ нь энэ. Тиймээс орон нутгийн иргэдийн олонх нь хотод ирэхдээ “өртэй болох”-оо одоо ч мэдээгүй яваа гэдэгт эргэлзэхгүй байна.
Иргэд байтугай тухайн үед хуралдааны танхимд сууж байсан төлөөлөгчид ч “бөөндөн” оруулж ирсэн тогтоол, журмуудынх нь талаар сайн мэдээлэл авч чадаагүйгээ дурдсан. Тухайлбал, төлөөлөгч Д.Пүрэвдаваа “Иргэдийнхээ төлөө ажиллаач ээ. Та бүхний гаргасан шийдвэрийн дагуу иргэдийн амьдралын хэв маяг, явдаг маршрут өөрчлөгдөнө. Иргэддээ ядаж тайлбарлах байлгүй дээ. Өнөөдөр ямар ч хүн мэдээлэл авах бололцоогүйгээр хуралдаж байна” хэмээж байв.
Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болонгуутаа “түгжрэлийн” хэмээн тодотгож болох хуулийг УИХ-аар “гэрлийн хурд”-аар батлуулсан билээ. Албан ёсны нэр нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль. Уг хуулийг дагалдуулан Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолыг нийслэлийн ИТХ маш шуурхай баталсан нь энэ.
ТОГТООЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ҮҮ
Тогтоолыг баталснаас хойш сар гаруйн хугацаа хэдийн өнгөрсөн ч нийслэлийнхэн олон нийтэд одоо ч дорвитой мэдээлэл өгсөнгүй. Тэр байтугай тухайн тогтоолыг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх нь ч нууц хэвээрээ аж. Уг нь тогтоолын төслийг батлах үед холбогдох албаныхан нь “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа шууд хэрэгжүүлж эхэлнэ” гэж мэдээлж байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамныхнаас энэ талаар лавлахад “Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна” гэсэн мэдээлэл өгөв. Өөрөөр хэлбэл, тогтоолыг хэрэгжүүлэх “тоолуур” гүйж эхэлсэн гэсэн үг.
Үүний дагуу холбогдох байгууллагуудаас нь орон нутгийн иргэдийг хэдийнээс “торгож” эхлэхийг тодруулахад мэддэг хүн олдсонгүй. Нийслэлийн холбогдох байгууллагынхан нь “Зам, тээврийн хөгжлийн яамныхан мэднэ” гэв. Харин тус яамныхан нь “Улаанбаатар хотын замыг л ашиглах тухай асуудал шүү дээ. Тэгэхээр нийслэлийнхэн өөрсдөө л мэднэ. Манайх улс, орон нутгийн чанартай замыг хариуцдаг” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Энэ мэтээс нөхцөл байдлыг ерөнхийд нь харвал, нийслэлийн холбогдох албаныхан иргэдэд мэдээлэл өгөх нь байтугай өөрсдөө юу ч мэдэхгүй явна. Хотын дарга Х.Нямбаатар иргэдэд гэнэтийн бэлэг барих “дуртай”-г нь бид зөндөө харсан. Тэрбээр нэг өдөр л “гарч ирээд”, тогтоолыг хэрэгжүүлж эхэлснээ зарлах юм болов уу, бүү мэд.
ОРОН НУТГИЙНХНЫ ТУРШЛАГА
Ер нь хотын түгжрэлийг бууруулахын тулд яагаад хөдөөний иргэдийг “шийтгэх”-ээр болчхов гэдэг асуулт эндээс урган гарна. Эл асуултад нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригийн хэлсэн хариулт, дээрх шийдвэрийн үндэслэл, тайлбар нь үнэхээр хачирхалтай. Тэрбээр “Ийм практик өдгөө Хөвсгөл, Ховд, Төв, Хэнтий гэсэн дөрвөн аймагт байна. Тэдгээрт бусад аймаг, Улаанбаатарын тээврийн хэрэгсэл нэвтрэхэд зам ашигласны төлбөрийг арай өндөр тарифаар авдаг” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, манай хотын удирдлага дээрх шийдвэрийг гаргахдаа олон улсаас бус, орон нутгаасаа туршлага судалжээ. Улаанбаатар бол улсын нийслэл бөгөөд бусад аймаг, сумд бүх талаараа сайнаар нөлөөлөгч байх ёстой. Гэтэл үлгэрлэх бус, харин ч болохгүй, бүтэхгүй шийдвэр, шийдлүүдийг нь орон нутгаасаа хуулбарладаг болж.
Нөгөө талаар орон нутгийн иргэд зугаалах гэж бус, ихэвчлэн яаралтай, аминд тулсан ажил, өвдөж зовсон үедээ, эсвэл амьжиргаагаа залгуулах зорилгоор нийслэлд ирдэг нь бодит үнэн. Ийм тохиолдолд тэднээс төлбөр нэмж авах нь хүнлэг бус шийдвэр гэж зарим аймгийн удирдлага байр сууриа илэрхийлж байна лээ. Тухайлбал, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Орон нутгийн машин Улаанбаатарт олон хоновол татвар авдаг болно гэснийг эсэргүүцэж байна. Орон нутгийн иргэд хотод зугаацах, аялах гэж ирдэггүй. Голчлон эмчилгээ хийлгэх, үйлчилгээ авах, хүүхдээ сургуульд нь хүргэх гэж, эсвэл хурал, цуглаанд дуудагдаж ирдэг. Гэтэл тэдний зовлон бэрхшээлийг далимдуулаад хот руу орж ирснийх нь төлөө татвар авна гэдэг нь дэндүү хүнлэг бус шийдвэр. Зөвхөн орон нутгийнхнаас татвар авна гэдэг нь Үндсэн хуулийг зөрчсөн, ард иргэдээ хөдөө, хотоор нь ялгаварласан буруу шийдэл” хэмээсэн байв.
МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ “ТОРГУУЛЬ”
Орон нутгийн иргэдээс төлбөр нэмж авлаа гээд түгжрэл буурахгүй. Учир нь нийслэлд заавал машинтай зорчих, яаралтай, чухал ажилтай хүмүүс бол яаж ийгээд л төлбөрөө өгөөд, түгжрээд ч хамаагүй явна. Тэгэхээр эцсийн дүндээ Х.Нямбаатарын шийдвэр нь түгжрэлийг бууруулах бус, харин нийслэлийн төсвийн орлогыг зузаатгах гэсэн л арга бололтой. Авто зам ашигласны төлбөрөөс жилд 77 орчим тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрдөг юм билээ. Үүнийг хэдэн дахин нэмэгдүүлэх санаархал л хотын удирдлагын шийдвэрийн цаана “нуугдсан” ч юм бил үү, хэн мэдлээ.
Эрх баригчид, ялангуяа хотын удирдлага байсхийгээд л иргэдийнхээ халаасанд гар дүрдэг болсон. Татвар, төлбөр нэмэх аргыг яаж ийгээд л олж, элдэв “цоорхой”, далимыг маш овжин ашиглаж байгаа. Тухайлбал, хотын албан татварыг энэ оноос хоёр дахин нэмсэн. Үүний “үргэлжлэл” нь хөдөөний иргэдээс татвар авах байлаа. Түгжрэлээр далимдуулаад иргэдээ торгож чадаж байна. Уг нь аливаа асуудлыг шийдэх нь иргэдийн бус, эрх баригчдын хийх ажил байх ёстой.
СОЦИАЛИЗМ “ЭРГЭН ИРЖ” БАЙНА
Социализмын үед хөдөөний иргэд хот руу явахдаа даргаасаа зөвшөөрөл авдаг байсан гэдэг. Улмаар хотод ирээд хэний зөвшөөрлөөр хэд хонож буйгаа цагдаад шалгуулдаг, хугацаа нь хэтэрвэл торгуулдаг байж. Яг ийм захиргаадалтын аргыг Х.Нямбаатар социализмын үеэс “чирэн ирж” буйг нийгмийн сүлжээнд иргэд шүүмжилсээр байгаа. Тэрбээр товчоодоор нэвтэрсэн, орон нутгийн дугаартай автомашинд ямар нэгэн тэмдэглэгээ нааж, улмаар хотод байх хугацаанд нь хянаж шалгаад, хугацаа хэтэрвэл захиргаадалтын аргаар төлбөр заавал авах тухай дурдаж байв. Хөдөөнийхөн хотод хэн нэгэнд мөрдөгдөж таарна гэсэн үг. Уг нь Үндсэн хуульд зааснаар иргэд “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан билээ.
Харамсалтай нь, хөдөөнийхнийг ялгаварлаж, хотоос “хөөх” шийдвэр Улаанбаатарын хувьд шинэ биш. Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд 2017 оны нэгдүгээр сарын 10-нд захирамж гаргаж, нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэг жилийн хугацаагаар зогсоож байсан юм. Энэхүү хүч түрсэн шийдвэрээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэгтэй холбон тайлбарласан билээ. Улмаар түүний эл шийдвэрийг Засгийн газрын түвшинд хүртэл дэмжиж, 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны хуралдаанаараа орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр зогсоосон юм. Гэтэл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар бүр давраад, Улаанбаатарыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг таван жилээр зогсоох саналыг 2022 онд гаргаж байв. Гэсэн ч иргэд үүнийг дэмжээгүй.
Хөдөөнийхнийг ялгаварлан гадуурхдаг ийм жишиг машинтай иргэдийг “торгох” шийдлээр үргэлжилж байна. Эрх баригчид захиргаадалтын шинжтэй шийдвэрүүдээ дандаа л “Иргэдээ сайн сайхан амьдруулахын төлөө” гэж өөрсдийгөө дөвийлгөж, өрөөлийг буруутгадаг. Ямар ч асуудал байсан дарга нар ажиллаж, зүтгэж, гар, хөлөө хөдөлгөн байж шийдэх л үүрэгтэй. Үүнийг л хийх гэж худал, үнэн амлалтаар энэ суудалд тухалсан гэдгээ байнга санах учиртай. Харин иргэдийнхээ эрх, эрх чөлөөг нь хумьснаа шийдэл олсон гэж эндүүрч болохгүй.
Бэлтгэсэн: М.Оч