Өнгөрөгч бямба гарагт болсон “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг анхаарал татав. Тэрбээр “Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг. Эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь архийг сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэх, хоол боловсруулах замын болон зүрх, судасны эмгэг эрэгтэйчүүдийн дунд түгээмэл болжээ. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна” гэсэн юм.
Эрчүүд амьдралын хатууг туулж, тэнхээ зааж, өөрийгөө умартан явсаар эрт нас бардаг нь айл бүрийн жишиг боллоо. Өвөө, аав нь 60 нас хүрэлгүй нас барсныг нүдээр үзсэн хүү өөрийгөө өндөр насалснаар төсөөлдөггүй хэмээх. Энэ нь нийгэмд, ялангуяа эрчүүдэд үлгэр болохуйц зөв хандлага үгүйлэгдэж буйг илтгэх шиг. Насны эцэст эмээ нар л үлдсэн байдаг гэж ярих нь ч нийгэмд энгийн үзэгдэл. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насжилт, эрүүл мэнд, сэтгэл зүйн асар ялгаатай судалгааны дүн дээр дурдсанчлан хөвөрч өгнө. Үүнд ч олон нийт дөжирснөөр, далд дохио нь улам бүдгэрсээр байна.
Халамжтай, мөнгө их олдог, эхнэрээ л ойлгож, тэдний үгэнд орж, яаж ч аашилсан тэвчих ёстой эр хүний дүр аанай л эмэгтэй хүн бүрийн хүсэл, шаардлага болсон гэлтэй. Нэг хүйсийнхэнд зориулсан давуу эрх гэж хаана ч үгүй. Хүний эрх гэх ойлголт л бий. Манай улс гуравдугаар сарын 18 буюу Монгол цэргийн өдрийг “Эрэгтэйчүүдийн баяр” болгон албан бусаар тэмдэглэдэг. Энэ өдөр л эрчүүдийг тойрсон асуудлыг хөндсөн болоод өнгөрдөг талтай. Жендерийн тэгш байдлын талаар ярихдаа эмэгтэйчүүдийн асуудлыг голчлон хөнддөг нь нэг хүйсийн давамгайлал үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Хэдийгээр боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд шууд ялгаварлан гадуурхдаггүй ч статистикийн дүн мэдээллээр бүх шатны боловсролоор эрчүүд эмэгтэйчүүдээс хоцорч явааг харж болно. Тухайлбал, их, дээд сургуульд боловсрол эзэмших байдал, насжилтын хувьд бодит ялгаа бий болсон. Жендерийн хүрээнд эмэгтэй хүйсийг голчилж ярих нь туйлшрал. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд хэт их ялгаа үүсэх болсон суурь шалтгаан нь нийгэм дэх хүйсийн ялгаварлал юм. Тийм ч учраас Дэлхийн эдийн засгийн форумаас тодорхойлдог Жендерийн тэгш байдлын индексээр манай улс 80 дугаар байрт явна.
МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ж.Даваадулам цахим хуудсандаа “Монголд хамгийн шоовдорлогдсон хүмүүс нь хөвгүүд. Эцэг, эх, багш, төр, төрийн бус байгууллагууд ч тоохгүй. Насанд хүрээгүй байхад нь хар бор ажил хийлгэнэ. Цэрэгт дэглэнэ. Нэг л их хөвгүүдээс хайр хүссэн улс. Худалч хүнд хөлд оров уу үгүй юү ээжийгээ, эгч дүүгээ, айлын охиныг хайрла, гэр орноо авч яв гэж тулгана. Зүтгэнэ, залхана, шантарна, зугтана, архинд орно. Тэгээд л арчаагүй эрчүүд гэнэ. Хөвгүүдээ хайрлацгаая, эрүүл мэндэд нь анхааръя. Монгол оронд чинь эр хүн хэрэгтэй биз дээ” гэжээ. Хүйсийн ялгаварлал нь гэр бүлийн зүгээс охид, хөвгүүдээ хүмүүжүүлэх, боловсрол олгох байдлын зөрүүнээс эхлэлтэй. Эрэгтэй хүүхдийг барилгын ажил хийгээд ч хамаагүй өөрийгөө аваад явчихна гэх бол охиноо хүнд дээрэлхүүлэхгүй гэсэн хандлагаар сургууль бараадуулдаг нь үнэн. Сэтгэлийн тэнхээтэй бай гэх нэрийдлээр бүхнийг тэвчихийг хөвгүүддээ сургасан. Гэхдээ хүний сэтгэл зүй дааж болох, эс болох ачаа, зөрчиж болохгүй хэм хэмжээтэй.
Одоогоос хоёр жилийн өмнө нэгэн эрэгтэй эмнэлэгт үзүүлэх үед түүнд эмчийн зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн мэдээллийн хэрэгслүүдээр ярихад олон нийт түүнийг шоолж, элдэвлэсэн тохиолдол бий. “Эрэгтэй хүнд өгөх хямдхан бэлэг байна уу” гэх зэргээр цахим сүлжээнд хэлэлцэж, нийтийн зүгээс хошигнож, доромжлох нь ч элбэг. Архи, тамхи хольж боосон бэлгээ “Эрчүүдийн баярын сэт” гэж нэрлээд, хүний эрхийн мэдрэмжгүй маркетинг хийх тохиолдол одоо ч байна. Эмэгтэйчүүд л гадуурхал, хүчирхийлэлд өртдөг гэх ойлголт өөрчлөгдөж байгаа ч үүнийг мэдэхгүй, ойлгохгүй хүмүүс байсаар л буй.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” чуулганы үеэр анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан эрчүүдийн эрүүл мэндийн талаар сонирхолтой баримтуудыг дурдсан юм. Тэрбээр “Монголчуудын дундаж наслалт 70.7 байна. Харин эрэгтэйчүүдийн дундаж наслалт бусад оронтой харьцуулахад 5-7 жилээр бага. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нэмэгдэж байгаа нь эрчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарах болсны дохио. Эрчүүдийн нас баралтад зүрх, судасны өвчин, гэмтэл, хордлого, гаднын шалтгаан давамгайлж буй бөгөөд 65 хүртэлх насандаа нас барах тохиолдол түгээмэл байна. Эдгээр суурь шалтгааныг арилгах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн юм.
Манай улсад хуульд заасны дагуу эрэгтэй хүн 60, эмэгтэйчүүд 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. НҮБ-ын Хүн амын сангийн тайланд монгол эрэгтэйчүүд дунджаар 66.5, эмэгтэйчүүд 75.7 насалдаг хэмээжээ. Харин эрэгтэйчүүд нь Монголтой ижил 60 насандаа тэтгэвэрт гардаг ч дундаж наслалт нь 80.6-г заадаг орон бол Өмнөд Солонгос. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Монголчууд дунджаар 25 жил нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Үүнээс эмэгтэй хүн дунджаар 22, эрэгтэйчүүд 16 жил тэтгэвэр авч байна” хэмээсэн юм. Гэхдээ энгийн логикоор бодвол бүх эрчүүд 60 настайдаа тэтгэвэрт гараад 16 жил тэтгэвэр авч байгаа, эсэх нь эргэлзээтэй. Монгол эрчүүдийн 52 хувь нь 60 насалж чадахгүй байгаа тухай судалгааг Жендерийн үндэсний хороо өнгөрөгч оны тайландаа дурдсан шүү дээ.
“Гэр бүлийн боловсрол” төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд нэгэн ярилцлагадаа “Асуудлаа бодитоор тодорхойлохгүй, “Болно доо, бүтнэ дээ” гээд яваад байж болохгүй. “Эр хүн ийм л байх ёстой” гэж ойлгох нь өрөөсгөл. Эрчүүд гэхээр л гэр бүлийнхнийхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, эхнэрийнхээ хэлсэн бүхнийг гүйцэлдүүлэх ёстой гэж ойлгож болохгүй. Эрчүүд боловсролтой болох хэрэгтэй. Боловсролыг нь дэмжихгүйгээр “Та нар эмэгтэйчүүдийг ойлгох ёстой, эр хүн ийм байх хэрэгтэй” гэсэн дүрэм журам тогтоогоод нэмэргүй” гэсэн юм. Тэгвэл Жендерийн үндэсний хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг “Эрэгтэйчүүд яагаад богино насалж буйг тогтоож, хамгийн зөв, шинжлэх ухаанч шийдлийг олох нь зүйтэй. Эцэг, эхчүүд охид, хөвгүүдээ боловсролын үйлчилгээнд хамруулахдаа ялгаатай хандах нь хүүхдүүдийн цаашдын амьдралд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс жендерийн хэвшмэл ойлголтоос ангижрах ёстой. Эрэгтэй хүүхдүүдээ бид төдийлөн анзаардаггүй. Харин эмэгтэй хүүхдүүдийг бүдрээд унахад нь хүртэл аргадаж байна. Гэтэл эрэгтэй хүүхдэд энэ тохиолдолд мэдрэмжийг нь хорьдог. Тиймээс эрчүүд хатуу чанга байх ёстой гэсэн хэвшмэл дүрдээ сайн тоглоод, бие эрхтэн нь өвдөж, дохио өгч байгааг тоодоггүй” гэжээ.
Манай нийгмийн эрчүүдийн төлөөлөл Ж.Батзаяа хэрхэн хүйсийн талаарх нийгмийн хэвшмэл ойлголтоос ангижирч, сэтгэл зүйн асуудлаа даван туулснаа нээлттэй хуваалцлаа. Тэрбээр “Сэтгэл зүйн боловсролгүй эцэг, эхчүүд хүүхэд өсгөдөгт гол асуудал байна. Монголчууд хүүхдийг багаас нь бусдаас илүү байлгаж, муугаа үзүүлэхгүй байхыг сургадаг. Хэрвээ чи хичээлээ хийхгүй бол багшдаа загнуулна, хүний дор орно гэх зэргээр хүүхдээ айдсаар удирддаг. Энэ нь хуримтлагдсаар сэтгэл зүйн асуудал болдог юм шиг. Стресст орчихсон байгаагаа мэддэггүй нь харамсалтай. Эрчүүд өөрийгөө илэрхийлж, бухимдлаа гадагшлуулахыг сураагүй учраас тэрхүү дарамтыг архи, тамхиар тайлж байна. Үүнээс болж алсдаа энгийн зүйлийг ч хүчирхийллээр шийдэх гээд байдаг талтай болчихдог. Би долоон жилийн өмнө цус харвах өвчинд өртсөн. Түүнээс шалтгаалж орлогогүй болсноор гэр бүлийн байдал муудсан л даа. Тэрхүү сэтгэл зүйн хямралаа давахын тулд нэг хэсэг маш их архи ууж, амиа хорлох тухай ч бодсон. Яг тэр үед танил маань багахан мөнгө зарцуулаад сэтгэл зүйчид хандахыг зөвлөсөн юм. Түүнээс хойш өөр лүүгээ өнгийж, бясалгал хийж эхэлсэн. Багаас суусан, ирээдүйгээс айх айдсаа бясалгалын аргаар давсан. Эр хүн эх орноо, эхнэрээ хайрлах ёстой гэдгээс биш, эхлээд өөрийгөө хайрлах ёстой гэдэг үг байна уу. Би ажил хийж, ар гэрээ орлоготой байлгаснаа хайрлаж байна гэж ойлгодог байсан. Гэхдээ хамгийн үнэт зүйл нь миний эрүүл мэнд, капитал, гэр бүл минь. Би маш их эргэлзээ дунд байсаар 35 нас хүрсэн. Харин айдсаас ангижирч, бүхнийг эрүүлээр хардаг болсноор 50 наснаас миний амьдрал шинээр эхэлсэн шиг санагддаг. Ядаж л хүн бүтэн нойртой байвал эрүүл сэтгэнэ. Насжилт сэтгэл зүйтэй шууд холбоотой” хэмээсэн юм.
Дээр өгүүлсэн бүхэн өнөөгийн нийгмийн эрчүүдийн өнгө төрх. Тэгвэл уг асуудлын шийдэл юу вэ, хэрхэн өөрчлөх вэ.
Насжилт, эрүүл мэнд сэтгэл зүйгээс шууд хамааралтай. Хүн сэтгэл зүйн асуудалд орсон тохиолдолд тусламж авах, ярилцах нь чухал гэдгийг сэтгэл зүйчид зөвлөдөг. Жишээлбэл, өнгөрөгч нэгдүгээр сард нээгдсэн “Чөлөө” сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төвийн үүсгэн байгуулагч Б.Тэгшжаргал “Хүн дотоод мэдрэмжээ илэрхийлэхээс үргэлж зугтдаг. Аливаа хүрээлэлд дотоод руу чиглэсэн яриа өрнүүлэхийг хичээх үед өөртөө итгэлтэй, эерэг байх хандлагад автсан хүмүүс сөрөг, муу зүйл ярих гээд байна гэж ойлгодог. Энэ нь буруу. Хүн дотоод мэдрэмжээ илэрхийлэхийн тулд энд зорьж ирдэг нь хамгийн гоё” хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Энэ мэтчилэн сэтгэл зүйн асуудлаа хуваалцах, ярилцах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр буй өнөө үед ийм төрлийн төв, хөтөлбөр чухал нөлөөтэй аж.
Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүртээмжтэй байх нь хувь хүн асуудлаа оношилж, эдгэхэд дөхөм болох юм. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар нийт оролцогчийн 29 хувь нь уг үйлчилгээний үнийг төлж чаддаггүй нь тусламж авахгүй байх гол шалтгаан гэж үзжээ. Нэг ёсондоо сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ өндөр үнэтэй байгаа нь хүмүүсийн татгалзах шалтгаан болдог. АНУ, Канад, Британи, Австрали, Герман, Нидерланд зэрэг улс сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн тогтолцооныхоо нэг хэсэг болгож, тодорхой хөнгөлөлт үзүүлдэг аж. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр манай улсад ч сэтгэцийн эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг байна. Гэсэн ч энэ төрлийн үйлчилгээг иргэд хангалттай авч чадахгүй байгаа нь хүртээмж хангалтгүй, эмч, мэргэжилтэн дутмаг байдагтай холбоотой.
“Урьдчилан сэргийлэх үзлэг нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга” хэмээн эмч нар зөвлөдөг. Харин манай улсад эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт тэр бүр хамрагддаггүй гэсэн харамсалтай үзүүлэлт байдаг. Нас барсан 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй. Энэ нь эрүүл амьдрах, аж төрөх, урьдчилан сэргийлэх, чанартай урт наслах талаар мэдлэг ойлголт дутмаг байдалтай холбоотой. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар болзошгүй өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой аж.
Хүний ирээдүй эзэмшсэн мэдлэг чадвар, боловсролоос нь хамааралтай. Харин манай нийгэм дэх хүйсийн хэвшмэл ойлголт нь хөвгүүдийг боловсролоос хоцроох шалтгаан болж буй нь алсдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн асуудалд ч нөлөөлж буй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан хүн бүр сурч боловсрох эрхтэй. Таны хөвгүүн боловсрол эзэмшиж, хүйсээсээ шалтгаалж нийгэмд ялгаварлан гадуурхагдахгүй байх ёстой. Эрэгтэй хүн жендерийн туйлширсан хандлагаас ангид сурч боловсрон, эрүүл байж, хүсэл мөрөөдлөөрөө амьдрах эрхтэй.
Бэлтгэсэн: А.Хүслэн