Улсын мөнгө уйлдаггүй л гэдэг. Гэхдээ хүүхэд рүү чиглэсэн ажлаа чанартай яв цав гүйцэтгүүлмээр байна аа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нараа. “Бид ажил гүйцэтгэдэггүй” хэмээн ам таглах гэж байна уу. Үгүй шүү, мөнгө шилжүүлдэг, тендер зарладаг юм чинь хянаж, шалгах үүрэг та нарынх. Та нар хянаагүй, хараагүй болохоор өнөөдөр мянга мянган хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ашиг хөсөр хаягдчихлаа. Эргэн сануулъя. “Эрдэнэт” үйлдвэр 819 сургууль, дотуур байр, цэцэрлэгийн нүхэн жорлонг солих ажлыг 100 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Энэ мөнгө салхинд хийссэнээс ялгаагүй нөхцөл байдал үүссэн талаар бичээд байгаа юм. Өнөө жил нэмж 60 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн гаргах юм гэсэн. Нэмэлт санхүүжилтээ царцаа, зогсоо гэж хүсье. Дахиад л үргүй зардал болж мэдэхээр байна шүү дээ. УИХ-аас 2021 онд 39 дугаар тогтоол батлахдаа “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” тухай заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, сургууль, дотуур байр, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, боловсон ариун цэврийн байгууламж барих нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан ажил. Өнгөрсөн өдрүүдэд УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Завхан аймгийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэлийг шалгалаа. Гүйцэтгэл муу, үр дүн хангалтгүй байгааг ажлын хэсэгт багтсан инженерүүд онцлов. Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн референт, Боловсрол, шинжлэх ухааны яамны ахлах шинжээч, Боловсролын ерөнхий газрын болон Барилгын хөгжлийн төвийн инженерүүд багтсан. Мөн аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүдийг хяналт шалгалтдаа татан оруулсан юм.
ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих I, II ээлжийн ажлыг эхлүүлэхдээ наад зах нь зураг төсөлгүй, зүгээр л түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэжээ. Тодорхой хэлбэл, нэгэнт барьсан байгууламж дээр нөхөж зураг төсөл хийсэн. Шанд нь ашиглаад нэг, хоёрхон жил болж буй ариун цэврийн байгууламжууд эвдэрч, хөлдөж, хэрэглэгдэхгүй болохдоо тулаад буй.
Уг нь эхнээсээ зураг төслөө гаргаж, хөрсний шинжилгээ хийсэнсэн бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байв. Хөрсний шинжилгээ хийх нь хамгийн чухал. Тухайн хөрс элсэрхэг, намгархаг, цэвдэгтэйгээс шалтгаалж, тохирсон тоног төхөөрөмж суурилуулах учиртай. Харин зураг төсөлгүй, хөрсөө шинжлээгүй компаниуд бүгд шахуу “Эколос” бага оврын цэвэрлэх байгууламжийг ихэнх сургууль, дотуур байр, цэцэрлэгт суурилуулжээ. Энэ хамгийн том асуудал нь. Завханы цөөнгүй сум цэвдэгтэй бөгөөд "Эколос" төхөөрөмж үүнд тохиромжгүй гэсэн үг. Нэгэнт зураг төсөлгүй ажлаа эхлүүлсэн, магадлалын шатандаа ч алдаагаа засаагүй учир ариун цэврийн байгууламжийг ямар ч сайн компани хийж гүйцэтгэсэн дараа нь гарах хор уршиг их ажээ.
Одоо дараагийн асуудал руу оръё. Тендерт шалгарсан ихэнх компани ариун цэврийн байгууламжийг хамгийн чанаргүй, хамгийн муу материал ашиглаж барьсан. ЕБС, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжуудын ОО-ын усны татуурга нь эхнээсээ хугараад уначихсан, хагарчихсан, үүд хаалга нь салчихсан, бойлерууд нь шатчихсан, зарим нь бүр хөлдчихсөн байсан. Тухайлбал, Завхан аймгийн Яруу сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны “ОО”, шүршүүр, угаалтуур гээд ариун цэврийн байгууламжийг “Сепа медиа” компани гүйцэтгэсэн. Шалгалтынхан очиход хөлдчихсөн нөхцөл байдалтай л угтана лээ. Сургуулийн захирал “Сепа медиа” компанийнхныг утсаар дуудаж, засахыг шаардсан ч “Дулаарахаар очно” гэсэн хариу өгөөд таг болжээ. Үүнээс гадна “Сепа медиа”-гийнхан Баянхайрхан, Отгон, Ургамал сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барьсан. Чанар нь Яруу сумынхтай ижил гэсэн үг. Дээр дурдсанчлан Яруу сум цэвдэгтэй бөгөөд "Эколос" төхөөрөмж тохиромжгүйг Боловсролын ерөнхий газрын зөвлөх инженер Г.Цэрмаа хэлсэн. “Сепа медиа” компани тендер авч, дөрвөн сумд ажил гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүн нь 1.6 тэрбум төгрөг юм билээ. Отгон сумынхан сургууль, дотуур байрныхан өдгөө ариун цэврийн байгууламж нь хөлдсөн учраас бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Дотуур байр нь хэтэрхий хүйтэн учраас баруун жигүүрийг нь хааж, зөвхөн зүүн хэсэгтээ хүүхдүүдээ авчээ. Байрны доторх градус 22 хэм байх ёстой атал энд 11 градус л байв. Тиймээс хүүхдүүд өөрийн гэр орон болсон дотуур байрандаа подволктой биш, зузаан цамц, малгайнаасаа салж чадахгүй зутруухан өвөлжиж буй.
“Сепа медиа” компани ариун цэврийн байгууламжийг барьсан. Харин “Сэрүүн овоот” гэх компанийнхан тус сумын нэгдсэн шугамыг барьсан юм билээ. Бас л чанаргүй барьсан гэдгийг нутгийнхан хэлсэн. Тендерт шалгараагүй байхдаа л уг “Сэрүүн овоот” компани газар шорооны ажлаа эхлүүлсэн гэдгийг ахин дахин онцолж байлаа. Өдгөө компанийнхан бүх бурууг цэвдэгт чихэж суугаа аж. Тиймээс инженерүүд ажлаа чанаргүй хийсэн компаниудыг Сангийн яамны хар жагсаалтад оруулах саналаа гаргах ажээ.
Чадамжгүй, бүтээмжгүй, сэтгэлгүй компани үүгээр дуусахгүй. Цагаанхайрхан, Түдэвтэй, Дөрвөлжин сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламж барьсан “Хатан түнгэл” компанийнхны гүйцэтгэсэн ажилд инженерүүд муу үнэлгээ өглөө. Жишээ нь, Түдэвтэй сумын сургууль, дотуур байрны бохир усны шугам хөлдсөн байв. Тиймээс “ОО” нь ажиллахгүй. Сурагчид гадаа гарч баас, шээсээ “тольдох” шаардлага гарна. Нэг охин гадаа жорлонд утсаа унагасан, авах боломжгүй хэмээн санааширч сууна лээ. Ер нь шөнө орой гадна жорлон руу гүйхэд даарч, хөрөхөөс авхуулаад айж ичдэг болохоор үнэхээр хэцүү гэдгийг дотуур байрны хүүхдүүд ам уралдан ярина лээ. Харин хөдөөгийн малчин аав, ээжүүд нь хүүхдүүдээ халаалттай дотуур байранд, паалантай жорлонд бие засаж, хананаасаа халуун ус аваад жаргаж байгаа хэмээн итгэж сэтгэл амар суугаа болов уу.
Энд дахиад л нөгөө бага оврын цэвэрлэх байгууламж болох "Эколос"-ын асуудал сөхөгдсөн. Товчхондоо Түдэвтэй сум хөрсний ус ихтэй газар тул "Эколос" тохиромжгүй ажээ. Мөн сургуулийн агааржуулалтыг буруу суурилуулснаас сургуулийн коридорт таагүй үнэр үнэртэж байлаа. Зураг төсөл ч тэр, гүйцэтгэж компани ч тэр хоёулаа асуудалтай аж. Барилгын ажил гүйцэтгэгч компани ашиглалтын нэг жил, болон баталгааны гурван жилийн хугацаанд хийсэн ажлаа эргэж, тойрч, тордож байх үүрэгтэй, хуультай. Харамсалтай нь, компаниуд энэ үүргээ дорвитой биелүүлэхгүй, гурван жилийг аргацааж өнгөрүүлье гэсэн шиг нүд хуурсан байдалтайгаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Завханы Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Отгон, Ургамал, Яруу, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино гэсэн 13 сумын 12 цэцэрлэг, 18 сургууль, 13 дотуур байр буюу нийт 43 объектыг I,II дахь ээлжээр ариун цэврийн байгууламжтай болгосон. Гэвч бодит байдалд үр дүн муу, хэрэгжилт, ашиглалт хангалтгүй байгаа аж. Уг нь эл ажилд хяналт тавих үүрэгтэй гурван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гэж байв. Гэвч үүнийгээ татан буулгаж, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байранд орчин ариун цэврийн байгууламж суурилуулахад хяналт тавих дэд ажлын хэсэг байгуулж, даргаар нь Т.Ням-Очирыг томилжээ. Т.Ням-Очир нь Боловсролын ерөнхий газрын дарга бөгөөд 100 тэрбум төгрөгийн өртөг бүхий Завхан, Архангай, Говь-Алтай, Төв зэрэг аймгуудад хэрэгжүүлж буй дээрх төслийн зураг төсөл болон гүйцэтгэх ажлын тендерийг зарлах, эргээд хяналт тавих эрх бүхий хүн. Гэвч тендер зарладаг, хяналт тавих үүрэг бүхий эл байгууллага, том дарга нь ажлаа хангалтгүй хийснээс хөдөөгийн хүүхдүүд ийн хохирч байна.
Үргэлжлэл бий