Монгол туургатны бүжгийн “Хүн домог” наадам ирэх сарын сүүлчээр болно. “Сарны танго” төрийн бус байгууллагын санаачилгаар нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах тус наадмын бүртгэлийг эхлүүлээд буй бөгөөд ирэх сарын 17 хүртэл үргэлжлүүлэх нь. Наадмын тухайд ирэх сарын 28-31-нд буюу дөрвөн өдөр болох аж. Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг наадам төрөл, ангиллын хувьд нэлээд өргөн хүрээг хамруулдгаараа онцлогтой. Тухайлбал, энэ удаад латин, стандарт, шугаман, хип хоп, ардын, үндэсний нийтийн цэнгээнт, орчин цагийн нийтийн цэнгээнт бүжиг гэсэн долоон төрлөөр тэмцээн зохион байгуулна. Төрөл тус бүр нь бага, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны ангилалтай байх нь. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд суралцагчид, бүжгийн клубийнхэн, төрийн болон төрийн бус байгууллагынхан гээд эл спортыг сонирхдог хүн бүхэн дээрх наадамд оролцох боломжтойг зохион байгуулагчид нь онцолжээ.
Бэлтгэсэн Ч.Мөнх