“Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт хамгийн үр өгөөжтэйгөөр буцаж ирдэг. Гэхдээ энэ нь хамгийн шударга, оновчтой байж чадсан тохиолдолд ийм үр дүн үзүүлнэ. Харин чадахгүй аваас хэдэн арван жилээр нөхөж барамгүй гарз хохирол амсах уршигтай. Үүнийг дан ганц мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй” хэмээдэг юм билээ. Боловсролын хамгийн сайн тогтолцоо, сургалтын арга зүйтэй хэмээн дэлхий дахинд үнэлэгддэг Австрали, Америк, Британи, Герман тэргүүтэй орон энэ чиглэлд гойд анхаардаг гэнэ. Тодруулбал, боловсролын салбарт хуваарилж буй хөрөнгө, нөөц хамгийн үр дүнтэй, оновчтой байх ёстой гэсэн зарчмыг чанд баримталдаг аж.
Харин манай улс үүний эсрэг бодлого баримталж байна уу гэлтэй үрэлгэн, хөнгөн хуумгай хандсаар иржээ. Өдгөө ч хамаг нөөц бололцоо, хөрөнгө мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулж, хүчээ тарамдсан хэвээр байна. Үүнийг ганц жишээгээр тодруулъя.
Манай улс хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээг хангах, ур чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1997 оноос гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт монгол залуусыг тэтгэлгээр сургаж эхэлсэн. 1997-2022 оны хооронд давхардсан тоогоор 4972 суралцагчид 185.7, 2016-2022 онд 968 оюутанд 33.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, тэтгэлгээр сургасан байна. Ийм боломж эдлэн гадаадад суралцсан залуусын 40-50 орчим хувь нь бакалаврын тэтгэлэгт хамрагджээ. Үндсэндээ сурагчийн ширээнээсээ дөнгөж салаад буй хүүхдүүдэд харь оронд суралцах боломж олгосон гэсэн үг. Эндээс харахад Монгол Улс бүрэн дунд боловсролын дараагийн түвшний сургалт буюу бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн “санаа тавьж”, хөрөнгө хүч зарцуулсан нь тодорхой байна. Гэтэл энэ нь манайх шиг боловсролын тогтвортой системгүй, эдийн засгийн потенциал сул, хөгжиж буй орны хувьд тийм ч үнэ цэнтэй, оновчтой хөрөнгө оруулалт болж чадахгүйг судлаач, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Ерөөс хөгжингүй, хөрөнгө чинээтэй улс орнууд ч бакалаврын түвшний оюутнуудыг харж үзэхээс илүү магистр, докторын хөтөлбөрт хамрагдагчдад тэтгэлэг олгож, дэмжихийг гол бодлогоо болгодог гэнэ. Энэ нь жинхэнэ утгаараа дээд боловсролд оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалтад тооцогддог байна.
Бакалаврын хөтөлбөрт хамрагдагчдад тэтгэлэг олгохыг яагаад үнэ цэн багатай гэж үздэг вэ. Нэгдүгээрт, бакалавр нь бүрэн дунд боловсролын дараагийн, дээд боловсролын зэрэг олгох анхан шатны сургалт учир нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх шууд ач холбогдол багатайд тооцогддог аж. Хоёрдугаарт, суралцагчдын сурах арга барил, мэргэжлийн чиг баримжаа бүрэн тогтоогүй байдаг тул хамгийн тогтворгүй, эргэлзээтэй үе нь гэж үздэг. Харин магистр, докторын зэрэг горилогчдын зорилго нь илүү тодорхой байдгаас гадна нийгэм дэх байр суурь, нөлөөлөл нь өргөн хүрээг хамардаг гэнэ. Тиймээс ахисан түвшний сургалт, хөтөлбөрт хамрагдагчдыг тэтгэлэгт хамруулахыг чухалчилдаг ажээ.
Хүртээмжтэй боловсрол, тэгш гарааны асуудлыг сүүлийн үед хөндөх болсон судлаач Б.Ганжигүүр “Гадаадад сурч буй хүн бүр үнэ цэнтэй мэргэжилтэн болж чаддаггүй. Энэ нь тухайн сургуулийн чанар чансаа гэхээсээ илүү суралцагчийн идэвх, дасан зохицох, бие даах чадвар, хичээл зүтгэл, хувийн зохион байгуулалт зэрэг олон зүйлээс шууд хамаардаг. Угаасаа шинээр оюутан болж буй хүүхдүүд буюу бакалаврын түвшний суралцагчдад энэ чадвар сул, гүйцэд хөгжөөгүй байдаг. Тэд оюутан болсон эхний дөрвөн жилд ерөнхий эрдмийн хичээлүүд үзэж, бие даах арга барилд суралцан, цаашид хэрхэх, ирээдүйд хэн болохоо шийддэг юм. Энэ үедээ гадаадад сурч буй хүүхдүүд эх орондоо байгаа оюутнуудаас хоёр дахин их хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог. Зарим нь бууж өгдөг, замынхаа талаас буцдаг. Учраа олохгүй явсаар үеийнхнээсээ хоцорч, цаг хугацаа алдах нь ч бий. Бакалаврын хөтөлбөрт олон оюутан гадаадад сургах гэж тэгтлээ зүтгэх хэрэггүй, тэднийг эх орондоо бойжуулах нь үр дүнтэй” гэсэн юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Даваадулам мөн ийм байр суурь илэрхийлэв. Тэрбээр “Тэтгэлэг олгох нь зүйн хэрэг. Гэхдээ бакалаврын сургалтад шаардлагагүй. Багадаа дөрөв болон түүнээс дээш жил сурдаг учир нэг хүүхдэд ногдох зардал мөнгө, гарз ихтэй. Хүүхэд хэн болох нь ч энэ үед тодорхой бус байдаг. Амжилттай сурахгүй, сурчхаад ирэхгүй байх магадлал өндөр. Тэгээд ч бид бакалаврын түвшинд залуусыг Монголдоо сургаж, бэлтгэж чадаж байгаа. Улсынхаа их, дээд сургуулиудыг ч дэмжих хэрэгтэй. Докторын зэрэг горилогчдод гадаадын тэтгэлэг элбэг олддог, өөрсдөө учраа олох боломжтой тул төсвөөс хөрөнгө зарцуулахгүй байсан ч болно. Харин гол анхаарлаа хандуулах ёстой нь магистрын тэтгэлэг. Цөөн жил суралцдаг тул төлбөр бага. Бакалаврт сурчихсан залуусыг хамруулдаг учир тодорхой бэлтгэлтэй байдаг. Ид залуу хүмүүс явна. Нарийн мэргэжил эзэмшинэ” хэмээв.
Хачирхалтай нь, манай улс бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийг улам дэмжиж, баяжуулж, илүү их хөрөнгө мөнгө зарцуулсаар байна. Олон улсын байгууллагаас зэрэглэл тогтоосончлон тухайн жилийнхээ шилдэг 50-д багтсан их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах эрх, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан суралцагчдад Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг олгох журам өдгөө үйлчилж буй. Үүн дээр нэмээд олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан, ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр, бакалаврын хөтөлбөрт гадаадад сургах болсон. Үүний хүрээнд 2021 оноос хойш жил бүр 300 гаруй хүүхэд шалгаруулж, болзол, шалгуур хангасныг нь гадаад руу явуулж буй. Өдгөө 500 гаруй оюутан ийм шугамаар гадаадад суралцаж байна. Монгол залуусын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой гэх эл тэтгэлэг нь залууст тэгш боломж бус, гарааны ялгаатай нөхцөлийг тулгадаг, сонгон шалгаруулалт нь хууль бус болдог, дүрэм, журмаа зөрчдөг гээд олон асуудал сөхөгддөг. Хамгийн гол нь энэ нь улсын төсөвт их хэмжээний дарамт учруулж, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлж байгаа үр ашиггүй хөрөнгө оруулалтын жишээ болж, шүүмжлэл дагуулсаар өдий хүрсэн юм. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт гэхэд нэг жилд 1.4 тэрбум төгрөг зарцуулсан баримт бий.
МУИС-ийн багш асан, NRC компанийн судлаач Б.Энхбат зэрэг эдийн засагч “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр зарим оюутанд жилийн 140 мянга гаруй ам.долларын төлбөртэй (Колумбын) сургуульд суралцах боломж олгож, заримд нь 1000 хүрэх ч үгүй ам.долларын дэмжлэг үзүүлж буй нь шударга бус гэдгийг баримт, судалгаатайгаар удаа дараа хөндөж байв. Монгол шиг эдийн засгийн чадамж сул орон 400 гаруй хүний нэг жилийн цалинтай дүйцэхүйц хэмжээний хөрөнгийг ганц оюутны сургалтын төлбөрт, тэр дундаа бакалаврын хөтөлбөрт суралцагчдад зориулна гэдэг нь дэндүү бодлогогүй явдал болохыг тэрбээр дурдаад, эдийн засгийн чадамж өндөр, иргэдийнх нь орлогын түвшин өндөр улсууд ч ингэж баярхдаггүйг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Даанч түүний үг хүрэх ёстой газартаа, сонсвол зохих эздэдээ хүрээгүй юм.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ерөнхий боловсролын сургуулиа дөнгөж төгссөн, хилийн дээс ч алхаж үзээгүй хүүхдүүдэд тодорхой мэдээлэл, чиг баримжаа өгөлгүй гадаад руу явуулснаас үл ойлголцлын бөөн асуудал үүссэн талаар тэтгэлэгт хамрагдсан оюутнууд ярьж байлаа. Энэ тохиолдолд тэднээс үүрэг хариуцлага, үр дүн нэхнэ гэдэг бэрх. Тэдний хэд нь сургуулиа амжилттай төгсөж, хэчнээн нь мэргэжлээрээ ажиллаж, улсаас тэтгэлэг хүртсэнийхээ хэргийг гаргах бол. Үүнийг тооцоолж, таамаглахын аргагүй. Магадгүй магистр, докторын суралцагчидтай бол арай өөр түвшинд ярьж, ойлголцох байсан болов уу.
Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа “Магистр, докторт суралцагсдад олгох зээлийн хэмжээг 32-48 мянган ам.доллароос хэтрүүлэлгүй барьсаар ирсэн. Харин дэлхийн шилдэг их сургуульд бакалаврт суралцагсад хэдийг нэхэмжилнэ, түүнийг нь өгдөг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн шилдэг сургуульд сурсан хүмүүсийн дунд 200-гаас дээш мянган ам.долларын зээл авсан 30 хүн бий” гэж ярьсныг энд эшилье. Монгол Улс дэлхийн шилдэг их, дээд сургуульд залуусаа сургах, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нэрийдлээр бакалаврын хөтөлбөрт хайр гамгүй их мөнгө урсгаж ирснийг эндээс баримжаалж болно.
Манай улс дээд боловсрол эзэмшигчдийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт “давхидаг”. Улсын хэмжээнд өдгөө 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа нь ч хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Гэсэн ч ажилгүйдлийн түвшин өндөр, ур чадвартай мэргэжилтнээр дутмаг орны тоонд багтсаар буй нь биднийг дээд боловсролын тогтолцоогоо эргэн харж, хөрөнгө оруулалтаа илүү ухаалаг болгоход анхаарах шаардлагатайг баталж байна. Оксфордын их сургуулийн докторант залуугийн хэлсэнчлэн Монголын төр улсынхаа их, дээд сургуулиудыг гадаадад сургах оюутан бэлтгэдэг дамжлага бааз гэж хардаг хандлагаа өөрчилж, бакалаврын түвшний сургалтыг дотоодынхоо эрдэмтэн, багш нарт даатгах цаг болжээ.