-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход түүхий тос бэлэн үү-
Шатахууны хараат байдлаас гарах зорилгоор Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж буй. БНЭУ-ын 1.6 тэрбум ам.долларын зээлээр босох энэхүү үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд хэрэгтэй. Гэтэл тус үйлдвэрт хэрэглэх түүхий тосыг хаанаас авах нь тодорхойгүй байна. Учир нь 2018 оноос дээрх асуудал сөхөгдөж, газрын тосоо хэрхэн гаргаж авах нь шүдний өвчин болсон билээ. Үүгээр ч тогтохгүй 333.7 сая тонн геологийн нөөцтэй хэрнээ үйлдвэр бариад түүхий эдээ ашиглах тооцоолол гаргасан ч соргүй газраас олборлолт хийхэд хүрэх нь. Тодорхой хэлбэл, “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI”-ээс үлдсэн “Давст XXXI” талбайгаас түүхий тос олборлоно гэнэ.
Энэ бол яалт ч үгүй чухал төсөл. Гэвч түүхий эдийг яах вэ гэдэг асуулт орхигдсон. Уг нь жилдээ 1.5 сая тонн газрын тосыг боловсруулж, дотоод хэрэгцээний 50 гаруй хувийг хангаж, гал алдахгүй байх амбицтай. Энэ тухай Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 болон 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Алсын хараа 2050-д тусгаж өгсөн. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2021 оны нэгдүгээр сарын 15-нд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Улмаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болохтой зэрэгцэн 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль баталсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс газрын тосныхоо 95 хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ, БНСУ-аас импортолж буй. Өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр ОХУ дотооддоо экспортын хориг тавьж, 20 хоног шатахуун нийлүүлээгүйгээс тасалдаж, иргэд бухимдаж хоёр сар шокноос гарч чадаагүй. Шатахууны импортын хараат байдал дээрх нөхцөлийг бий болгосон. Мөн нийт хэрэглээ жилээс жилд өсөж, 2022 онд 1.9 сая тонныг импортолсон бол 2023 онд 2.3 сая тоннд хүрчээ. Тиймээс тус хамаарлыг бууруулах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн билээ.
Монголд илрүүлсэн газрын тосны нөөц шавхагдаж буй
Сүүлийн 10 гаруй жил газрын тосны салбар зогсолтод орсон гэхэд хилсдэхгүй. 2021 онд “Матад XX” талбайн геологийн нөөцийг 1 300 000 тонн, үүнээс ашиглалтын нөөц 170 000 хэмээн тодорхойлов. Мөн 2023 онд “Галба XI” талбайн ашиглалтын нөөц 130 000 тонн аж. Цаашид энэ мэтээр нөөцөө өсгөх шаардлагатай ч хайгуул хийсэнгүй.
Тодруулбал, 2010, 2011, 2012 онуудад “Тосон-Уул XIX”, “Тамсаг XXI” талбайн нөөцийн тооцооны тайланг Эрдэс баялаг эрчим хүчний яам /хуучин нэрээр/-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, тус зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн салбарын сайдын тушаалаар газрын тосны геологийн нөөцийг 306.6 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 41.2 сая тонноор Монгол Улсын ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэсэн. Харин “Матад XX” талбайн нөөцийг 2021 онд Уул уурхай, хүнд үйлвэрийн сайдын А/36 дугаар тушаалаар нэмж хүлээн авсан. Ингээд Монгол Улсын хэмжээнд газрын тосны геологийн нийт нөөц 333,79 сая.тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц 43.4 сая тонн болж Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ.
Хамгийн анхаарал татах асуудал нь дэлхийн жишгээр газрын тосны ашиглалтын нөөцийн 30 орчим хувийг авч чаддаг байна. Бусад ашигт малтмалын илрүүлсэн нөөцийг бүрэн авах боломжтой ч газрын тос онцлогтой. Тиймээс ашиглалтын баталгаат нөөц болох 43.4 сая тонноос 10 гаруй саяыг нь олборлох юм. Гэвч аль хэдийнэ олборлох боломжтой нөөцөө экспортолж, илрүүлсэн газрын тосны нөөц дуусаж буй. Юун жил бүр 1.5 сая тонн газрын тос боловсруулах түүхий эд гарган авах. Эргээд л ОХУ-аас түүхий тос авах уу гэдэг асуулт урган гарч ирнэ. Харин энэ асуултад ямар ч хариулт үгүй. “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсаны дагуу "Газрын тосны баталгаат нөөцийг өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэх замаар дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах” зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй ч үр дүн гарахгүй байна.
Жил бүр боловсруулах 1.5 сая тонн газрын тосоо хаанаас нийлүүлэх вэ
Зүүнбаянгаас олборлож буй “Доншен газрын тос (Монгол)” ХХК жилд 60 мянган тонныг тогтвортой гарган авдаг. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ны “Тосон-Уул XIX”, “Тамсаг XXI” талбайгаас хийж буй олборлолт жил ирэх бүр буурч буй. 2015 онд 1.1 сая тонныг олборлож түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч үүнээс хойш багассаар 2023 онд 580 мянган тонн болжээ. Уг нь анхны баталсан төлөвлөгөөгөөр 2030 онд 1.6 сая тонныг олборлох байсан бол 2027 онд 400 мянган тонн газрын тос олборлох нь. Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцээд манай улсын газрын тосны олборлолт хэрэгцээгээ хангахгүй нь ээ. Дээрх хоёр компанийн жилдээ олборлож буй газрын тосыг үйлдвэрт нийлүүлээд, үлдсэн нэг сая тонн түүхий тосыг хаанаас авах асуудал гарч ирнэ. Тиймээс нэн даруй газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол үйлдвэрийг 1.6 тэрбум ам.доллараар бариад ч үр өгөөжөө өгөхгүй. Түүнчлэн нөөц илрүүлж, олборлолтын шатанд хүрэхэд дор хаяж 5-10 жил орно. Гэтэл үйлдвэр ашиглалтад ороход гуравхан жил үлджээ. Өнөөдрийг хүртэл дээрх газрын тос олборлож буй компаниудтай худалдан авах гэрээ хэлэлцээр огт хийгээгүй.
БНХАУ жилдээ 400-500 сая тонн газрын тос олборлодог, импортоор 400-500 сая тонныг авдаг. Ийм тохиолдолд манайд газрын тос нийлүүлнэ гэдэг үлгэр. Тэгвэл ОХУ-аас түүхий тос авах уу. Ялгаагүй л ОХУ-аас хараат хэвээр үлдэнэ. Цаашлаад тус улсаас түүхий тос аваад, үйлдвэрлээд ашиг гарах уу. Бас л явцгүй хувилбар. Харин Засгийн газарт нөөц хувилбар байна уу. Бодит байдал дээр нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд төр засгийн дээд түвшний эрх мэдэлтнүүдээс авхуулаад орон нутгийн захиргаа ч хөдөлдөггүй. Иргэд бүр ч мэдээлэлгүй.
Бүтээгдэхүүн хуваах найман гэрээ хүчин төгөлдөр байна
Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 34 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 28 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Үүнээс бүтээгдэхүүн хуваах найман гэрээ хүчин төгөлдөр байна. Дээрх наймаас 2023 оны статистикаар хоёр нь идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ.
30 жилийн хугацаанд 2.5 орчим их наяд төгрөгийн орлого олжээ
Монгол Улсын хэмжээнд 1996-2023 оны хооронд нийт 71.1 сая баррель буюу 16.80 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолжээ. Газрын тосны орлогоос нийт 2.5 орчим их наяд төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн. Тамсагийн сав газраас олборлож буй түүхий тосыг Сингапурын бирж дээр Платсын Дачин 33 маркийн тосны үнээс 1 ам.доллараар хямд үнээр борлуулдаг. 2024 оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар Дачин 33 маркийн тосны үнэ 80.11 ам.доллар байна.
13 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахад дөрвөн санал иржээ
2023 онд 13 талбайд газрын тосны олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Дөрвөн талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах санал иржээ. Гэвч Засгийн газрын хэмжээнд яригдах ёстой уг асуудал салбар яаман дээр гацсан.
Газрын тосны салбарт 2023 онд 2-3 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэвч хоёр компани хоёр өрөм тавиад хоосон. Нэг өрөм тавихад 3 сая ам.доллар буюу нэг талбайд 10-20 өрөм тавьж байж нөөц тогтоодог аж. Тиймээс дор хаяж 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дараа газрын тосны бассейн илрүүлдэг байна. Харин 2024 онд хоёр компани үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөөт төсөв батлуулжээ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон татварын хууль хоорондоо зөрчилддөг
“Тосон-Уул XIX”, “Тамсаг XXI” талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/ нь 1993, 1995, 1997 онд байгуулагдаж байсан. Уг гэрээний үндсэн зарчим нь гэрээлэгч бүх зардал, эрсдэлээ бүрэн хариуцах бөгөөд газрын тос илэрч, олборлолтын үйл ажиллагааг явуулсан тохиолдолд бүтээгдэхүүнээ хуваадаг зохицуулалттай. Мөн дээрх талбайнуудын бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээлэгч нь орлогын бүх төрлийн татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгдөх заалт тусгасан байдаг. Гэвч Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үеийн хууль болон одоогийн хүчин төгөлдөр ААНОАТ, НӨАТ, ХХОАТ зэрэг хууль тогтоомж ялгаатай. Тодруулбал хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээний зөрчилтэй заалтуудаас шалтгаалан татварын маргаан үүсэж, татварын акт тавьж, дансыг нь битүүмжилсэн. Хөрөнгө оруулагч талаас БХГ-г үндэслэн ТЕГ, НДЕГ, ҮАГ-аас тавьсан актуудыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас ийнхүү хөрөнгө оруулалт эрс буурчээ.
Засгийн газрын тэмдэглэлийг Засаг дарга нар үл ойшоов
Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны хуралдааны 25 дугаар тэмдэглэлээр газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд дэмжиж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан. Дорнод аймгаар жишээ авахад, тус аймгийн ИТХ-аар есөн удаа хэлэлцээд газрын тостой холбоотой асуудал унажээ. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад орон нутгийн удирдлага хөндлөнгөөс оролцдог, иргэдийн хөдөлгөөнүүд хууль бус шаардлага тавих зэрэг асуудал үүсдэг байна.
Тиймээс газрын тосны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх шаардлага бий. Мөн Засгийн газрын 2022 оны 25 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бүх шатны Засаг даргад Засгийн газар хариуцлага тооцдог болох асуудал ч сөхөгдөнө.
Газрын тосны нөөц тогтоогдох боломжтой зургаан талбай бий
Одоогийн байдлаар газрын тосны хайгуулын үр дүнгээр хэтийн төлөвтэй байж болохуйц дараах талбайнууд байна. Үүнд:
- “Галба XI” талбайд өрөмдсөн 14 цооногт тос илэрч, 6 цооногт туршилт хийж, туршилтаар 1517 м3 тос олборлосон.
- “Хөхнуур XVIII” талбайд өрөмдсөн 4 цооногт тос илэрч, 3 цооногт туршилт хийж, туршилтаар 30 тн газрын тос олборлосон.
- “Баянтүмэн XVII” талбайд 7832 км2 талбайд соронзон хайгуул, 3000 физик цэгт хүндийн хүчний судалгаа, 1073.3 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж 4,2 сая ам.доллар зарцуулсан.
- “Тариач-XV” талбайд хайгуулын 21 цооног өрөмдөж, 4 цооногт туршилт хийсэн, 5 цооногт тосны, 2 цооногт хийн шинж тэмдэг илэрсэн ч үр ашигтай нээлт одоогоор тогтоогоогүй.
- “Арбулаг-XXIX” талбайн нэг цооногт газрын тосны шинж тэмдэг илэрчээ. Тус талбайн зэргэлдээ орших Дорнод Монголын дархан цаазат газрын үргэлжлэлд Хятадын талд газрын тосны олборлолт хийж байна.
- “Давст-XXXI” талбайн 90 хувьд хүндийн хүчний болон соронзон хайгуул хийсэн, 4250 тууш км 2 хэмжээст, 3700км2 талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгааны ажил хийгдэж, 69 хайгуулын цооног өрөмдсөн.
Дээрх зургаан талбайн хайгуул, судалгааны ажлыг эхлүүлж, газрын тосны нөөцийг тогтооход 3-5 жил шаардлагатай. Газрын тосны нөөц тогтоох эрлийг эрчимжүүлэхгүй бол оройтох нь ээ. Эс бөгөөс түүхий тосгүй үйлдвэр цаашид хэрхэх вэ.